Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/02129

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байх, М******* к******* ГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт Ц*******гийн М******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,467,579.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан ******* дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Huawei P70,Pink төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-т заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 121,266.10 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 2,167,138.42 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 179,175 төгрөг, нийт 2,467,579.51 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ц******* овогтой М******* нь 2,467,579.51 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 617,329.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Ц******* овогтой М******* /*******/ нь 2,467,579.51 төгрөгийг 2026/02/28-ны дотор 4 хуваан төлөх хүсэлтийг авч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК нь хариуцагч Ц.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,467,579.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Ц.М******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.М******* нь 2,467,579.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 617,329.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. М******* к******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,467,579.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Ц.М******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.М******* нь 2,467,579.51 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 616,750 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 617,329.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ц.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,431 төгрөгөөс 27,215.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27,215.5 төгрөгийг, хариуцагч Ц.М*******гөөс 27,215.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* к******* ГХОХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ