| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0584/э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П.Э-т холбогдох эрүүгийн 1711013830312 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х овогт П.Э, Монгол Улсын иргэн, 1989 оны 9 сарын 7-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг 3-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............. /.
Шүүгдэгч П.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамжинд иргэн Л.Цэндийн биед хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гар цүнх, Самсунг эс-7 маркийн гар утас цахим үнэмлэх банкны карт, монетон бөгж 4 ширхэг, ээмэг 2 ширхэг, гинж, кулан зэрэг нийт 1.128.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлс болон 5.095.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 6.223.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч П.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 2/60 айлын 43 тоотод оршин суух иргэн Б.Энхнасангийн гэрийн цонхоор нэвтэрч Самсунг Жи-7 маркийн 2 ширхэг гар утас, бэлэн 30.000 төгрөг хулгайлж бусдад 830.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…гэр хороолол дундуур явж байтал давхар цагаан өнгийн байшингийн давхарын айлын цонх онгорхой байхаар нь хүн байхгүй байгаа байх орж хулгай хийе гээд цонхон доор байсан сандал дээр зогсоод нөгөө цонхоор нь ортол өрөөнд орон дээр нэг эрэгтэй хүн унтаж байсан. Наад талд нь гар утас түрийвч харагдахаар нь аваад буцаад цонхоороо гадаа цааш ганцаараа явж байтал араас нэг эрэгтэй хүн ирээд барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Самсунг маркийн 2 ширхэг гар утас бэлэн 30.000 төгрөг бүгдийг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /2хх-40-42х/,
Шүүгдэгч П.Э-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хэргийн талаар ярих зүйл байхгүй. Уг хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна. Цагдан хоригдох хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарсан. Дахин гэмт хэрэг хийхгүй, бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж байна” гэв.
Хохирогч Л.Цэндээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…би одоо дутуу байгаа 1.750.000 төгрөгөө төлүүлж авмаар байна. Өөрийн эд хөрөнгөө алдсандаа гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна ...” гэсэн мэдүүлэг /1хх-47-48х/,
Гэрч Б.Сэргэлэнбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Давааням гэдэг хүнтэй андуураад тэгээд Давааням гэж дууддаг болсон юм. Өөрөө анх танилцахдаа Эрдэнэ-Очир гэж танилцуулж байсан. Тэгэхдээ би анхнаасаа Давааням гээд дуудаад сурсан юм. Надтай хамт баригдсан эрэгтэйн нэр нь Эрдэнэ-Очир юм. 7 цагийн үед Давааням бага зэрэг халамцуу орж ирээд найз охин Мөнхцолмон бид хоёрыг сэрээгээд босоо явъя гэсэн. Тэгэхээр нь хаашаа явах вэ гэж асуухад явъя Нарантуул зах оръё гэсэн. Тэгээд би найз охиныхоо хамт босоод гарахдаа Давааням найз Бэхбат руу 300.000-400.000 орчим мянган төгрөгийг 5000 төгрөгийн болон 1000 төгрөгийн дэвсгэртээр халааснаасаа гаргаж шидчихээд гараад явахдаа гадаа гарч ирснээ халааснаасаа ягаан өнгийн мэдрэгчтэй гар утас болон нэлээд зузаан их хэмжээний 5000, 10.000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд надад болон манай найз охин хоёрт харуулахаар нь би наадах чинь юун мөнгө вэ гэж асуухад зүгээр мань чинь чадна эд нараас гуйхгүй гэж хэлээд буцаагаад халаасандаа хийгээд бид гурав цагаан байрны буудал дээрээс такси бариад Их дэлгүүрийн хажууд байх цайны газарт орж хоол идээд тэндээсээ гараад зам дээрээс такси бариад шууд Нарантуул зах ороод Давааням өөртөө куртик 70.000 төгрөгөөр аваад ...тэгээд 4 замын цагдаа дээр баригдаад ирсэн сууж байхдаа согтуу хүнээс дээрэмдсэн юм гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-56-57х/,
Гэрчээр Б.Энхтайванаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...урд өдөр нь ээж мөнгөө тоолж байхдаа 5.095.000 төгрөг байна гэж хэлж байсан. Манай ээж өөрөө өглөө эрт Хүчит Шонхор зах дээрээс мах худалдаж аваад зардаг. Өөрийнх нь гарт бэлнээр эргэлтэнд ордог 6.000.000 орчим төгрөг бол байнга байж байдаг. Би өөрөө уг мөнгийг нь бол тоолоогүй. Тухайн үед ээж өөрөө тоолчихоод 5.095.000 төгрөг байгаа талаар хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-62х/,
Хохирогч Б.Энхнасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би тухайн үед гэртээ байсан ба манай гэрийн цонх онгорхой байсан. Тэгтэл гэнэт цонхны хавьд чимээ гарангуут очоод хартал 2 ширхэг гар утас байсан алга болсон байсан. Тэгээд цонхоор хартал нэг хүн явангуут гэрээсээ гараад очоод барьж аваад цагдаад дуудлага өгч бариулсан. Тэгээд цагдаад бариулсныхаа дараа алдсан эд зүйлээ бүртгэж авсан гэсэн” мэдүүлэг /хх-161-162х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-15х/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-20х/,
Эд зүйл бичиг баримт, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл,
Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-27-28х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан /1хх-35-38х/ “ ...Л.Цэнд нь 4 дугаартай Пүрэвдоржийн Эрдэнэ-Очирыг зааж энэ эрэгтэй мөн байна, би царайг нь хараад шууд таньж байна, биеийн харьцаа болон дүр төрх нь мөн байна ...” гэсэн тэмдэглэл,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-39-41х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-42х/ цүнх 2 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр, карт, үнэмлэх, гар утасны гэр, арц, үрэл, бөгж 4 ширхэг, ээмэг, кулон, гинж, гар утас нийт 1.128.000 төгрөг,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-172-173х/,
Эд зүйлийн үнэлгээ /1хх-175х/,
Шүүгдэгч П.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-3х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-4х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч П.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамжинд иргэн Л.Цэндийн биед хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гар цүнх, Самсунг эс-7 маркийн гар утас цахим үнэмлэх банкны карт, монетон бөгж 4 ширхэг, ээмэг 2 ширхэг, гинж, кулан зэрэг нийт 1.128.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлс болон 5.095.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 6.223.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч П.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 2/60 айлын 43 тоотод оршин суух иргэн Б.Энхнасангийн гэрийн цонхоор нэвтэрч Самсунг Жи-7 маркийн 2 ширхэг гар утас, бэлэн 30.000 төгрөг хулгайлж бусдад 830.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тус тус нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Э нь нийт 248 хоног цагдан хоригдсон бөгөөд үүнээс 51 хоногийг нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9.792.000 төгрөгийн торгох ялыг цагдан хоригдсон 51 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн /51х192.000=9.792.000/ түүнийг ял эдэлсэнд тооцов.
Шүүх шүүгдэгч П.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хохирогч Б.Энхнасанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ...саарал өнгийн Жи-7 маркийн гар утас 1 ширхэг, бор шаргал өнгийн Жи-7 маркийн гар утас 1 ширхэг/ дараах эд зүйлсийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 2/60-43 тоотод оршин суух, Батхуяг овогтой Энхнасан /ТЕ92032022/-д 2017 оны 4 дүгээр сарын 01-ний 0646 цагт хүлээлгэн өгөв” гэсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Энхнасанд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч П.Э нь шүүхийн шатанд хохирогч Л.Цэндэд 900.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 850.200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дуулга баарны 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 03:00-05:00 цагийн САМ 4 дугаартай камерын бичлэгийг хуулбарласан СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хар өнгийн гутал 1 хос, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, цагаан өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч нь нийт 248 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,
/2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
/2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 9.792.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгийн торгох ялыг цагдан хоригдсон 51 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн /51х192.000=9.792.000/ түүнийг ял эдэлсэнд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 2 жилийн илийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ын цагдан хоригдсон нийт 197 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-оос хохирлын 850.200 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Цэндэд олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гутал 1 хос, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, цагаан өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН