Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2018/00677

 

 

 

 

 

 

 

 

 

Сэрүүлэг констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 182/ШШ2018/00168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сэрүүлэг констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Этномир ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Авирмэд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 04 дүгээр 15-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, Сэрүүлэг констракшн ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 1 хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн төлөө 14201 тоот хаягт байрлах, Бизнес плаза 1 төвийн 3 давхар, 301 тоот, 42 м.кв тайлбайтай өрөөг сарын 1 176 000 төгрөгөөр Этномир ХХК-д түрээслэсэн. Түрээсийн төлбөрт 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 840 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-наас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд 588 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд 1 176 000 төгрөг төлсөн.

Түрээсийн байрыг 2016 оны 03 дугаар сарын 01-нд Этномир ХХК нь албан ёсоор суллаж өгсөн. Гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 1 сар 15 хоногийн өмнө хүлээлгэж өгсөн. Иймд 2015 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2016 оны 1, 2 дугаар сар буюу 2015 оны 04 дүгээр сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл нийт 10 сарын түрээсийн төлбөрт 11 760 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбар, нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлээс алданги 5 880 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Этномир ХХК-д 2015 оны 04 дүгээр сараас эхэлж нягтлан бодогчоор ажилласан. Удалгүй 10 000 ам.доллар олж өгөөч, ажилд урьдчилгаа хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн амьдардаг орон сууцыг хувь хүнд барьцаалан сарын 1 200 000 төгрөгийн хүүтэйгээр зээл авч өгсөн. Уг түрээсийн гэрээг өмнөх захирал Саяана Будаевна нэхэмжлэгч компанитай байгуулсан. 2016 оны намар захирал түр хугацаагаар миний компанийг нэр дээрээ авч бай, орос яваад ажлаа бүтээгээд ирье, тэгэхгүй бол намайг нийгмийн даатгалын өртэй гээд хилээр гаргахгүй байна гэхээр нь би тус компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Түрээсийн асуудал надад хамааралгүй. Компаниас сарын түрээсийн төлбөрт 1 176 000 төгрөг, барьцаа 840 000 төгрөг төлсөн байна. 588 000 төгрөг нь өмнө байсан 504 тоот өрөөний төлбөр юм, түүнд маргаан байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Этномир ХХК-иас 9 744 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэрүүлэг констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 016 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сэрүүлэг констракшн ХХК нь алдангид нэхэмжилсэн 5 880 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 246 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170 854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Гантуяа нь "Этномир" ХХК-н захирал Хасаранова Саяна Будаевнатай 2014 оны намар танилцаж байсан. Саяна будавна нь надад өөрийн Этномир компаниа түр зуур шилжүүлэхдээ өртэй компани шилжүүлсэн байдаг. Би өвчтэй эгчийгээ асран амьдардаг хүн бөгөөд нэг ажилтай боллоо гэсэн чинь бусдын их хэмжээний өр төлбөрийг төлөхөөр болсонд гомдолтой байна. н.Саяна Будаевна нь ажлын байр хайж байгаад "Сэрүүлэг" констракшны эзэмшлийн Бизнес плаза 1 төвд 301 тоот өрөөг түрээсэлсэн. Ажлын байрны түрээсийн гэрээгээ н.Саяна нь өөрийн биеэр байгуулсан бөгөөд энэ асуудал нь надад огт хамаагүй юм. Би нэг бүтэн өдөр тэр өрөөнд нь байж үзээгүй. н.Саяна нь мөн намайг хуурч миний өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавиулан надаас 10 000 амдоллар авсан бөгөөд би одоо зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Би Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт Саяна Будаевнад холбогдуулан 10 000 ам.доллар залилсан, өртэй компаниа хуурч мэхлэн шилжүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 12 сарын 11 ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор 17110152 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн. Миний бие эрүүгийн хэргийг шийдүүлсэний дараа иргэний хэргийг эцэслэн шийдүүлэх хүсэлтээ анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх шийдвэрээ гаргасан. Хэдийгээр би Этномир ХХК-г сайн нягталж үзээгүйгээр шилжүүлж авч төлбөртэй болж байгаа гэдгээ ойлгож байгаа боловч миний хувьд энэ ажлын байрны түрээсийн байрны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Сэрүүлэг констракш ХХК нь хариуцагч Этномир ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 11 760 000 төгрөг, алдангид 5 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11 760 000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч тус компанийн захирал байсан ОХУ-ын иргэн Хасаранова Саяна Будаевна өр төлбөртэй компанийг хуурч шилжүүлсэн, тус түрээсийн гэрээний тал болохгүй гэж маргажээ.

 

Сэрүүлэг констракшн ХХК, Этномир ХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01/04 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Бизнес плаза-1 төвийн 3 дугаар давхарт, 42 м.кв талбай бүхий 301 тоот өрөөг, 1 жилийн хугацаатай, сарын 1 176 000 төгрөгөөр түрээсийн эд зүйлийг түрээслэгчид шилжүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг харилцаж хүлээж, оффисийн зориулалтаар ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон ба талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, уг үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 4-7/

 

Талууд түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, улмаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн өрөөг хүлээлцсэн үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, анхан шатны шүүх дээрх гэрээний 5.13-т Гэрээний хугацаанд түрээсэлсэн байрыг ашигласан эсэхээс үл хамааран түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасныг баримтлан хариуцагч Этномир ХХК-иас түрээсийн төлбөрт 9 744 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэрүүлэг констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн байна.

 

Хариуцагч нь Этномир ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсон нь түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Сэрүүлэг констракшн ХХК нь түрээсийн төлбөр 17 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11 760 000 төгрөг болгон багасгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үнийн дүн 5 880 000 төгрөг нь алдангийн шаардлагатай холбоотой тул шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн алдангийн шаардах эрхийг зохицуулсан заалтыг хэрэглэх ёсгүй байтал хэрэглэсэн алдааг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 182/ШШ2018/00168 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг хасч,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 болгон дугаарласан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Гантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Этномир ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 854 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЦОГТСАЙХАН