Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 64

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ат холбогдох эрүүгийн 1830000450040 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сүхбаатар эрчим ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,  М.А.

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч М.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “З” дэлгүүрийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд явган зорчигч Ж.Быг Аванте маркийн 80-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч М.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 25-ны өдөр би эхнэртэйгээ хамт найзынх руугаа явж байсан. Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад гэнэт зүүн талаас гуйвсан хүн гарч ирсэн. Би тормос дарсан боловч амжихгүй тэр хүнийг мөргөсөн. Хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан. Би хоёр тал руугаа харахад машин байхгүй байсан. Гэнэт л хүн гараад ирсэн. Эмчилгээний зардалд 2.600.000 төгрөг өгсөн, сая 250.000 төгрөг өгсөн. Байнга уулзаж туслалцаа үзүүлж өгч байгаа. Цаашид хохирогчтой байнга уулзаж тусалж дэмжинэ, гарах эмчилгээний зардлыг төлнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

- Яллагдагч М.Аын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Аванте маркын 80-05 сүа машиныг жолоодоод эхнэр Одончимэгийг хамт айл руу явсан юм. Тэгээд Баруун-Урт сумын 6 дугаар баг З дэлгүүрийн хойд талын 4 замын уулзварыг чиглээд урдаасаа хойшоо засмал замаар явж байтал гэнэт урд талаас нэг хүн гараад ирсэн. Би тормос дараад жолоогоо зүүн гар тал дарсан боловч тэр гуйваж байгаад мөргүүлсэн. Ингээд манай эхнэр эмнэлэг, цагдаа дуудсан. Тэр хүнийг эмнэлгийн машин ирж авсан. Тухайн үед машинаасаа би буугаад хархад явган хүний гарцтай газар байсан” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

 - Хохирогч Ж.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр өдөр буюу 2018 оны 01 сарын 25-ны өдөр багийн хуралд суучихаад харих замдаа гэрийнхээ зүүн талд байдаг З гэдэг дэлгүүрээс 0.75 литрийн пиво авч ганцаараа уучихаад гэр лүүгээ харих санаатай зам хөндлөн гарах гээд гарцаар баруун тийш гарч явтал урдаас цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Би мөргүүлсэнээ л санаж байна. Нэг сэргэхэд би эмнэлэг дээр байсан. Мөргүүлсэнээс болж би толгойдоо гэмтэл авч хоёр хөл хугарсан. Одоо байнгын хэвтэрт байна. Би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад дараа нь аймгийн эмнэлэгт ирж хэвтсэн. Тэр жолооч эмчилгээний зардалд 2 сая 300 мянган төгрөг өгсөн. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас тухайн үед нь хэдэн төгрөг нэхэмжлэхээ шийднэ” гэх мэдүүлэг /хх-15/,

 

            - Гэрч Г.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд найз залуу болох Аын Аванте маркын машинд суугаад З нэртэй дэлгүүрийн хажуу талын засмал замаар  ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү  явж байтал машин нь нэг юм мөргөх шиг болсон. Буугаад харсан чинь 50 орчим насны эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүний толгойноос цус гарсан байсан. А машинаа бариад 40-50 км/цагийн хурдтай явсан” гэх мэдүүлэг /хх-16/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №84 дугаартай дүгнэлтэд: 1.Ж.Бы биед хавсарсан гэмтэл: Гавлын зүүн чамархай болон суурь ясны далавчийн цууралт, зүүн талын чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины хүнд зэргийн няцралт, зүүн хөлний дунд чөмөгний болон баруун хөлний шилбэний ясны бяцарсан зөрөөтэй хугарал, нүүрний хэсгийн болон толгойн үстэй хэсгийн зулгаралт, зүсэгдсэн шарх, хуйхан доорх цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3-т заасан амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-20-21/

 

- Техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт: 1.Аванте маркийн 80-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган хүн гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөн байна. 2. Явган зорчигч Ж.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. /хх-23/,

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04/

 

  • Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-05/

 

  • Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал /хх-07/

 

           - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12/

 

  -  М.Аын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-30/

 

  -  М.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/

 

            -  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-38/

 

  - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн Засаг даргын 2018.01.26-ны өдрийн 1/626 тоот тодорхойлолт /хх-34 /

 

  • Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл.2018.01.25 /хх-44 /

 

            - М.Аын 925170 дугаартай А, В ангиллын жолоочийн үнэмлэх, №01564165 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-32/

 

  - Хохирогч Ж.Бы Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, хохирлын баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Шүүгдэгч М.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “З” дэлгүүрийн хойд талын засмал замаар Аванте маркийн 80-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зорчихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган хүн гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчиж, явган зорчигч Ж.Быг мөргөж эрүүл мэндэд “Гавлын зүүн чамархай болон суурь ясны далавчийн цууралт, зүүн талын чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины хүнд зэргийн няцралт, зүүн хөлний дунд чөмөгний болон баруун хөлний шилбэний ясны бяцарсан зөрөөтэй хугарал, нүүрний хэсгийн болон толгойн үстэй хэсгийн зулгаралт, зүсэгдсэн шарх, хуйхан доорх цус хуралт “ бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Тухайлбал, үүнд: Шүүгдэгч М.Аын “ 2018 оны 01 сарын 25-ны өдөр би эхнэртэйгээ хамт найзынх руугаа явж байсан. Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад гэнэт зүүн талаас гуйвсан хүн гарч ирсэн. Би тормос дарсан боловч амжихгүй тэр хүнийг мөргөсөн. Би хоёр тал руугаа харахад машин байхгүй байсан. Гэнэт л хүн гараад ирсэн “ гэх мэдүүлэг,

          - Хохирогч Ж.Бы “ 2018 оны 01 сарын 25-ны өдөр багийн хуралд суучихаад харих замдаа гэрийнхээ зүүн талд байдаг З гэдэг дэлгүүрээс 0.75 литрийн пиво авч ганцаараа уучихаад гэр лүүгээ харих санаатай зам хөндлөн гарах гээд гарцаар баруун тийш гарч явтал урдаас цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Би мөргүүлсэнээ л санаж байна. Нэг сэргэхэд би эмнэлэг дээр байсан. Мөргүүлсэнээс болж би толгойдоо гэмтэл авч хоёр хөл хугарсан”,

- Гэрч Г.Оийн “ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд найз залуу Аын Аванте маркын машинд суугаад З нэртэй дэлгүүрийн хажуу талын засмал замаар  ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү  явж байтал машин нь нэг юм мөргөх шиг болсон. Буугаад харсан чинь 50 орчим насны эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүний толгойноос цус гарсан байсан. А машинаа бариад 40-50 км/цагийн хурдтай явсан” гэх мэдүүлэг,

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 84 дугаартай “ 1.Ж.Бы биед хавсарсан гэмтэл: Гавлын зүүн чамархай болон суурь ясны далавчийн цууралт, зүүн талын чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины хүнд зэргийн няцралт, зүүн хөлний дунд чөмөгний болон баруун хөлний шилбэний ясны бяцарсан зөрөөтэй хугарал, нүүрний хэсгийн болон толгойн үстэй хэсгийн зулгаралт, зүсэгдсэн шарх, хуйхан доорх цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3-т заасан амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна ” гэх дүгнэлт,

- Техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт зэрэг хамаарна.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

           

            Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь М.Аын шөнийн цагт, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд засмал замаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал, болгоомжгүй явсантай холбоотой ба тэрээр гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

           Тодруулбал, М.А нь “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган хүн гарцаар явж байвал зам тавьж өгнө ” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд гарцаар гарч явсан явган зорчигчийг ажиглалгүй, анхаарал болгоомжгүй явснаас уг осол гарч, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирчээ.

 

            Шүүгдэгч М.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

           Иймд шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

  М.А гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд бэлнээр 1.850.000 төгрөг нөхөн төлсөн, эмчилгээ хийлгэсэн, хохирогч Ж.Б гомдолгүй, одоо нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ дурджээ.

    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

            Шүүгдэгч М.Аын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан  эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч М.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Бы эмчилгээний зардлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, энэ тогтоолоор хохирогч нь түүнтэй хохирлын маргаангүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулна.

            Харин М.А нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаа дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Ат энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялд, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдэх 8 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дүйцүүлэн хасах, хэрэгсэхгүй болгох талаар тухайлан зохицуулаагүй байх тул Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын үйлчлэлийг хэвээр үйлчлэнэ гэж үзэх үндэстэй байна.

             

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нь шүүгдэгчид хорих ял оногдуулсан болон дээрх ял нэмж нэгтгэсэн талаар “ Шинэ хуульд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг нэмж нэгтгэх гэсэн ойлголт байхгүй учраас М.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү “ гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний өмнө гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна “ гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

Мөн өмгөөлөгчийн ялыг нэмж нэгтгэсэн талаар маргаж буй нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэг ” Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэх зохицуулалтад хамааралтай хийгээд энэ зохицуулалтыг хэрэглэх эсэх асуудал нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж тогтоох шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч М.Ат холбогдох энэ хэргийн хувьд шүүх дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

 М.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч хохирогч Ж.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.

 

 Харин гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бд хүнд гэмтэл учирсан, тэрээр бүрэн эдгэрээгүй, эмчлүүлж байгаа тул хуульд заасны дагуу цаашид гарах эмчилгээний зардалыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч М. Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Ат энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялд, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдэх 8 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Ат оногдуулсан 1 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан М.Ат энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Ялтан М.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Б цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Ялтан М.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН