Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/20

 

                                                                                              Ч.Э-д холбогдох эрүүгийн

                                                                                                    хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                     Б.С

          Шүүгдэгч                                                                     Ч.Э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Д.Э

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Г.А

          Хохирогчийн өмгөөлөгч                                          Б.Э    

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлоор Ч.Э-д холбогдох 2423000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн ....... сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ..... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт Ч-ийн Э, /регистрийн дугаар: ............../

Шүүгдэгч Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ..... сумын ......... багийн нутаг дэвсгэр “..............” гэх газарт зусаж байсан иргэн Т.М-ийн гэрийн гадна 2024 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед “хохирогч Р.Э-ийн хөл дээр нь гишгэхэд шорон пизда чинь” гэж хэлснээс шалтгаалан маргалдаж түүний амь бие, эрх чөлөөнд халдаж нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ... овогт Ч-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч.Э-д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-аас оршуулахтай холбогдон гарсан зардалд 2,262,895 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 99,000,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн саравчтай малгай, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн хулдаасны хэсэг, пивоны хуванцар сав 1 ширхэг, 0,75 л архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ч.Э-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч оршуулахтай холбогдон гарсан зардалд 8,000,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

2. Шүүгдэгч Ч.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч овогтой Э миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээс 8-н жилийн хорих ял шийтгүүлсэн. Миний хувьд 53 насандаа гэмт хэрэгт холбогдож хохирогчийн ар гэр болон өөрийн ар гэрийн хүмүүсийн өмнө, би буруутайдаа маш их харамсаж байна. Энэ өргөдлөөр дамжуулан хохирогчийн ар гэр болон өөрийн ар гэрийн хүмүүсээс дахин уучлалт гуйж байна. Миний бие төрөөс бас уучлалт хүсэж, давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна гэжээ.

3. Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хууль зүйн туслалцааны төвийн ….. аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Д.Э би Ч.Э-д холбогдох эрүүгийн 2423000000083 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Ч.Э нь хохирогчийн нүүр, толгой хэсэгт хэд, хэдэн удаа цохисон үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж, яллагдагчаар татсан шийдвэр танилцуулах, яллах дүгнэлт гардуулах, шүүхийн хэлэлцүүлэг зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол барагдуулж, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлагын хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн "Ч.Э-ын ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4-т заасныг анхан шатны шүүх хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбарыг хэлэлцээгүй орхигдуулжээ. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

4. Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э-ын тухайд гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Харин ял шийтгэлийн тухайд хөнгөрүүлэх нөхцөл байдалтай оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж, шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан ялыг тухайн оногдуулсан ялаас нь доогуур хэмжээгээр оногдуулах боломжтой байна. Ч.Э-ын тухайд анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчид учирсан хохирлоос  8.000.000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. Шүүхийн тогтоосон хэмжээний дагуу хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй байгаа. Ч.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. ... Хохирогчийн өмгөөлөгч, прокурорын дүгнэлтэд тайлбар хэлье. Сэтгэцэд учирсан хор уршиг арилаагүй байна, хохирол нөхөн төлөгдөөгүй гэж үзэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх журам байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирол нөхөн төлсөн байхыг шаардсан байдаг. Тэгэхээр бодит хохирлыг шүүх 10.262.000 төгрөг гэж тодорхойлж өгсөн. Энэ хохирлыг шүүгдэгчийн ар гэр, хохирогч талд төлж барагдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хохирол төлсөн байх гэдэг шаардлагыг гэм хорын хохиролд хамааруулж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм хорын хохирол нь шүүхийн тогтоосноор 99.000.000 төгрөг гарсан байгаа. 99.000.000 төгрөгийг барагдуулж байж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэнэ гэвэл хуульд заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлаж байгаа үндэслэл болж байна. Яллагдагчаар татсан үеэс, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт цуглуулах хүсэлт гаргасан талаар яриад байна. Мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт цуглуулах нь яллагдагчийн эрх байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх журам маань, яллагдагчийн энэ эрхийг боох зорилготой заалт биш гэж үзэж байна. Бид нар өдөр болгон энэ төрлийн гэмт хэрэгт өмгөөлөгчөөр орж байгаа. Ямар тохиолдолд хүний амь нас эрсдэх боломжтой вэ?, гэдгийг практикийн хувьд мэднэ. Монголчууд хоорондоо зодолдож нэг нэгнийгээ цохих асуудал гарч л байдаг. Энэ хүн гараараа 2-3 удаа цохисон гэдэг. Харилцан цохилцсон, энэ хүн доор нь хэвтэж байгаа, талийгаач дээр нь гараад харилцан цохилцсон асуудал байгаа. Энэ үйлдлийн улмаас талийгаач нас барна, хохирно гэдгийг бодитой ухамсарлан ойлгох боломж, ангаахын шинжлэх ухааны хувьд ч, хуулийн шинж чанартай, эрх зүйн шинжлэх ухааны хувьд ч хүн болгонд байх боломжгүй. Тэгэхээр миний цохисон 1-2 цохилтын улмаас талийгаач үнэхээр нас барсан уу?, ямар гэмтэл учирчхав, тухайн үед ийм үйл явдал болж байсан юм даа гэдгийг эргэн санаж, шалгуулах хүсэлт гаргуулсантай нь холбогдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг нь хөнгөрүүлэх нөхцөлийг нь хаах боломжгүй гэж үзэж байна. Энэ байдал нь яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дараа нь анхан шатны шүүх дээр өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж байна. Шүүх хурал дээр би энэ хүнийг 2-3 удаа цохисон үнэн, цохисон үйлдлээс болж хохирогч нас барсан шалтгаан болсон байж магадгүй гэдгийг хэлсэн. Би цохихдоо хохирогчид ийм хэмжээний хохирол учирч, хохирогч нас барна гэдгийг санаандгүй болсон гэдэг нөхцөл байдлыг үндэслэсэн гэж хэлж байсан. Өмгөөлөгчийн бодлыг, шүүгдэгчийн бодол оюун руу холбож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй, өмгөөлөгч өөр байдлаар хэргийн зүйлчлэл дээр маргасан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг Ч.Э-ын хувьд хэрэглэх боломжтой гэж харж байна. Хуульд заасан обьектив талын шалгуур энэ хүн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо 53 настай, ардаа 4 хүүхэдтэй, эхнэр нь группт байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаад ял шийтгэл хөнгөлөх боломж байдаг бол, энэ боломжийг эдэлмээр байна гэдэг хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Ч.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл нь юу байгаа юм гэдгийг анхан шатны шүүх тайлбарлах ёстой байсан. Ижилхэн хэрэг дээр хүмүүс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл байдлыг эдэлсэн байхад, нэгэнд нь хэрэглэчхээд, нөгөөд нь хэрэглэхгүй байгааг шүүх өөрөө тайлбарлахгүй бол энэ байдал дур зоргын асуудал болж хувирна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ч гэсэн, яг тухайн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хуульд заасан шалгуур шаардлагыг хангасан бол яагаад хэрэглэж болохгүй байгаа юм гэдгийг шууд дурдаж өгөхгүй бол шүүхийн тэгш, шударга ёсны зарчим алдагдана. Шударга шүүхээр шүүлгэх эрх ч алдагдана. Өнөөдөр Ч.Э, С.Н 2 нэг өрөөнд байгаа. Тэгэхэд энэ 2 яг ижилхэн хэрэгтэй, ижилхэн нөхцөл байдалд байгаа. Алинд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд, алинд нь хэрэглэхгүй байгаа вэ? гэдгийг шүүх тайлбарлахгүй бол, Ч.Э-д тэгш эрхийн бус, хүн хүнд өөр, өөр хууль хэрэглэж шударга шүүх байна уу? гэдэгт эргэлзэх ийм үндэслэл болж хувирна гэж бодож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн хохирол хор уршгийн хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан заалтын дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч шинжээчийн дүгнэлтийг харгалзахгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж 99.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн байгаа. Энэ нь хуульд нийцсэн эсэхийг давж заалдах шатны шүүхээс хянаж өгнө үү гэсэн хүсэлтийг давхар гаргаж байна гэв.

5. Шүүгдэгч Ч.Э давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч талын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх ёстой. Оршуулгын зардлыг төлж барагдуулсан гэж үзэж байх шиг байна. Анхан шатны шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршиг арилаагүй байгаа. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд энэ заалтыг хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Улсын Дээд шүүхээс өөрөөр шийдсэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн учраас, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаж байна гэж хохирогч тал ойлгож байгаа. Тухайлбал, мөрдөн байцаалтын явцад амь хохирогчийн аав нь амьд сэрүүн байхдаа шүүгдэгчийн гэр бүлээс хүн ирж уучлалт гуйх болов уу? гэдэг байдлаар нэг биш удаа харж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол, төлөхгүй байгаа нь гэм буруу дээрээ маргаж байгаа юм байна гэж ойлгосон. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан ...гэмт хэргийн хохирол, хор уршиг гэдэг зүйлийг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний амь нас амьд явах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, ийм үр дагаврын үр дүнд хохирол үүссэн байдаг. Хохирол, хор уршиг хоёрыг салгах хууль зүйн боломжгүй. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хохирол гэдэг зүйлийг оруулж өгсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Нэгт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Хоёрт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг эдгээр байдлуудыг харгалзан үзэх, нөгөө талаар хохирлоо нөхөн төлсөн байх шаардлагатай байгаа. Тийм учраас гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломж байхгүй гэж үзэж байна. Хохирлоо нөхөн төлсөн гэдэг асуудал яригдаж байна. Хохирогч талаас хохирлыг бүрэн барагдуулаагүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би юугаар ч нөхөж баршгүй эр нөхрөө алдсан. Үнэхээр гомдолтой байна гэв.

8. Прокурор Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байхгүй байгаа. Ч.Э-ын тухайд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, дэмжлэг үзүүлээд явсан нөхцөл байдал байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрч байна гэдэг асуудал ярьсан боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийг зарим нэг хүмүүстэй зодолдсон, маргалдсан гэж ярьдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал нь эхнээсээ хүлээн зөвшөөрөөд, мөрдөх байгууллагад дэмжлэг үзүүлээд, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд нөлөөлсөн нөхцөл байдал байх ёстой. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайд, анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарч байна гэдэг байдлаар мэтгэлцсэн. Ийм нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Мөн хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан үзнэ гэж байгаа. Энэ гэмт хэрэг дээр хүний амь нас хохирчихсон, хохирол нь тухайн хүний амь нас байгаа. Тэгэхээр хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх боломж байхгүй. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар оршуулгын зардалтай холбоотой зардлыг төлсөн гэж байгаа боловч, хор уршигтай холбогдуулаад, шинжээчийн дүгнэлтээр гарсан шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хор уршгийг төлж барагдуулаагүй байгаа. Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг шалгаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчийн эрхийг зөрчсөн хязгаарласан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээд, Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцоод тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл дээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, өөрөө гэм буруугаа хүлээсэнтэй уялдаа холбоотой учраас миний тухайд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үеэс гэдэг асуудлыг яриад байгаа. Хэрэгт авагдсан баримт, хүсэлтүүдээс харахад яллагдагчийн хүсэлт гаргах, эрхийн хязгаарлах үүднээс яриагүй байгаа. Энэ зохицуулалтаас үүдээд үүнтэй уялдаа хамааралтайгаар хүнийг цохисноор хүний амь нас хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд ойлгох боломжтой байдал байснаар тэр хүний амь насыг хохироочхоод, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүний амь насыг хохироогүй гэдэг ийм хандлагатайгаар оролцоод явсан нөхцөл байдал байдаг. Эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь энэ хүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнээд байгаа юм. Мөн хохирол, хор уршгийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол, хор уршгийн байдлыг харгалзан үзээд, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доош татаж ял оногдуулах боломжгүй байгаа. Тухайн хэрэгт хүний амь нас хохирсон. Хохирогч тал ярьж байна, хохирол барагдаагүй гээд, хохирогчийн яриад байгаа саналыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс С.Н-ийн хэргийг яриад байна. Хэрэг болгон өөр, өөр байдаг. Жишээ болгоод ярихад, С.Н-ийн хэрэгт тэр хүн анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Мөн тэр хүн анхнаасаа ямар нөхцөл байдалтай байсан бэ? гэдэг асуудал яригдана. Хэрэг болгон өөр байдаг. С.Н-ийн ямар ахуй нөхцөлд амьдарч ирсэн бэ? гэдэг асуудал нь Ч.Э-ын нэг удаа хүнтэй архи уугаад хүн зодоод байгаа, энэ 2 тохиолдол тус тусдаа өөр асуудал юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч, тэр хэрэг дээр ингэж оногдуулсан юм чинь, үүн дээр адилхан оногдуулах ёстой гэж ярих боломжгүй. Хуульд заасан хамгийн доод хэмжээгээр хорих ялыг оногдуулсан байхад, тэрнээс доош татаад ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас өмнөх санал дүгнэлтээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.  

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Ч.Э нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ..... сумын ......... багийн нутаг дэвсгэр “............” гэх газарт зусаж байсан иргэн Т.М-ийн гэрт хохирогч Р.Э-ийн хамт орсон бөгөөд  Т.М-ийн гэрээс гарахдаа хохирогч  Р.Э-г  “хөл дээр нь гишгэлээ шорон пизда чинь” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй маргалдаж, гэрийн гадна хохирогчийн нүүр, толгой, цээж хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт бүхий хүнд гэмтэл үүсгэж, хүнийг алсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар, Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-ийн  “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд бид нар найранд сууж байхдаа Э-г нас барсан болохыг мэдсэн бөгөөд Улаанбаатар хотоос ......... аймгийн чиглэлд гарцгаасан. ...Талийгаач нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл уучихсан бололтой байсан. Надтай утсаар ярихдаа хаана ямар хүмүүстэй байгаа талаараа хэлээгүй, би ч түүнээс асуугаагүй. Утсаар ярьж байхад нь цаана нь хүмүүс шуугиж дуугарч мэдэгдэхгүй байсан. ...Би талийгаачийн амь насыг бусдын гарт алдсандаа маш их харамсаж байна. Миний зүгээс маш их гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардал, хүүхдийн тэтгэлэг, сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулж авна..” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Д-ын “...2024 оны 06 дугаар сарын 25-ны орой нар жаргаж байхад буюу 19 цагийн орчимд анх уулзаж Б бид гурав тэдний гэрт очиж архи ууж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчимд М гэх айлын гэрт хамт очсон, ... Б гэж Э-ыг манай нутгийн хүмүүс дууддаг. ...Намайг М-ийн гэрт байж байгаад гараад ирэхэд гэрийнх нь урд талд Р.Э, Б-ийн дээр нь гараад суучихсан, доод талаас нь Б цохиод байгаа бололтой байсан. Би Э, Б хоёр бие биенийгээ хэдэн удаа хаана, хаана нь юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Би талийгаач Р.Э, Ч.Э хоёртой ер нь маргалдаж муудалцаагүй. Тэр хоёрыг зодолдож байгааг нь хараад та хоёр нэг нутгийн хүмүүс байж хоорондоо ингэж муудалцаад ямар хэрэг байна гэж хэлээд салгаад Б-ийн дээрээс Э-г татсан хажуу тийш болоод тухайн газартаа суусан. Харин би Б-г аваад тэндээс шууд гэрт нь хүргэж өгчихөөд өөрийнхөө гэр рүү явсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч П.М-ийн “...Намайг үхрээ хурааж байхад Н.Д, Р.Э, Ч.Э нар саарал өнгийн машинтай манай гэр лүү чиглээд нилээн ойрхон ирж байсан. Би тэр машиных нь маркийг нь мэдэхгүй байна. ...Машин манай гадаа ирээд Ч.Э гэр лүү орж харчхаад хүнгүй болохоор нь буцаад гараад ирсэн. Н.Д, Р.Э 2 машинаас бууж ирэлгүй байж байгаад нэг нь машины цаанаас бууж толгой нь машины дээгүүр харагдаж байгаад буцаад суусан. Манай гэрийн гадаа 30 орчим минут болох үед нь би хувинтай сүүгээ аваад гэр лүүгээ явж байхад саарал машин буцаж байсан. ...Тэгсэн гэрийн зүүн талд гэрээс 10 орчим метр зайд Р.Э өөрийнхөө машиныхаа урд толгой нь зүүн тийш чиглэлтэй, 1 гараа дэрлэсэн байдалтай доош харсан байрлалтай хэвтэж байхаар нь “архи уугаад тасраад унтаж байгаа юм байна” гэж ойлгоод очиж харалгүй зэл рүүгээ явсан. ...11 цагийн үед гэртээ ирэхэд Р.Э байрандаа хэвтэж байсан. Р.Э бөөлжих гээд байгаа юм шиг нуруу нь оволзоод байхаар нь явж очоод мөрний хэсгээс нь татаж үзтэл амнаасаа хүрэн улаан өнгийн зүйлээр бөөлжсөн байдалтай, намайг татаж байгааг мэдрэхгүй байгаа шинжтэй байхаар нь сумын цагдаад очиж хэлсэн. Би Р.Э-ийн мөрнөөс нь татаж үзэхэд ам, хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь айгаад эмч дуудах гээд явсан. Нүүрний хэсэгт ямар гэмтэл шарх байсанг тогтож харж чадаагүй. Толгойдоо саарал өнгийн саравчтай малгай өмссөн байсан нь хажуу талд нь байсан. Толгойны зүүн тал хэсэгт бага зэрэг шалбарчихсан юм уу гэмээр зүйл харагдсан. Яг ямар шарх байна гэдгийг харж чадаагүй. ...Б гэж Н.Д-ийг хэлж байгаа юм. Н.Д-ийн гэрийнхэн нь Б гэж дууддаг болохоор Б гэчихээд байгаа юм. Ч.Э-ыг Б гэж дууддаг....” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Н-ийн “...Үхэр сааж байгаад гэр рүүгээ харахад манай гэрийн гадаа Э, Э болон бас нэг хүн гурав ирчихсэн харагдсан бөгөөд би үхэр сааж байсан учраас анзаарч хараагүй. 08 цаг өнгөрч байхад үхрээ сааж дуусгачхаад гэр рүүгээ явах замд манай саахалт айлын залуу манай гэрийн урд талд хэвтчихсэн байхлаар нь би согтуу хүн унтаж л байгаа юм байлгүй гэж бодоод гэртээ орж сүүгээ гал дээр тавьсан. ...Манай нөхөр ...11 цагийн үед буцаж ирсэн бөгөөд гэрийн гадаа ирмэгцээ буцаад Сонгуулийн хэсгийн хорооны гэр рүү явчихаар нь би гарч ирээд харсан чинь манай урд хэвтэж байсан залуу их сонин болчихсон харагдахаар нь би багийн эмч рүү залгаж дуудах гэсэн боловч утас нь холбогдоогүй. Удаа ч үгүй манай нөхөр хойноос нэг цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд нөгөө саахалтын залууг нас барчихсан байна гээд аймгийн төв рүү цагдаад мэдэгдсэн. ...Талийгаач манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Г.Б-ын “... Намайг Э-ийн хотноос хөдлөхөд Э, Э,  Б гурав Э-ийн гэр рүү орж байсан. ...Би жирэмсэн эхийн биеийг үзчихээд 15 цагийн үед ...ирэхэд талийгаач Э нас барсан байдалтай М-ийн гэрийн гадаа байсан. ...Намайг очиж үзлэг хийхэд Р.Э-ийн хамар, амнаас цус гараад нөжирч тогтсон байсан. Дээд уруул жаахан хавдартай харагдсан. Намайг Э-ийн хотноос салах үед Э-ийн нүүр, ам, уруул хэсэгт ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Намайг Э-тэй хамгийн сүүлд уулзахад Э малгайгүй толгой нүцгэн байсан. Ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлэг,

 гэрч С.О-ын “...Э-ээс ...хонь авахаар 07 цагийн орчимд очсон. ...Э ...хонин дотроосоо надад нэг хонь барьж өгчхөөд байж байтал тэднийд цагаан саарал өнгийн жижиг машинтай 2 согтуу хүн ирсэн. Э гэх залуу архи уучихсан бололтой нэлээн согтуу байсан. ...Түүний биед ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Завхан аймгийн ..... газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

Завхан аймгийн ..... газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Завхан аймгийн шүүх шинжилгээний шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0000000037 дугаартай “…Амь хохирогч Р.Э-ийн цогцост тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт хуйхан доорх цус хуралт, доод уруулын дунд хэсэгт шарх хаван, толгойн оройн зүүн хэсэгт ташуу шарх, баруун мөрний урд хэсэгт, баруун тохойн үений хэсэгт, тохойн үений дотор хэсэгт, баруун бугалганы гадна доод хэсэгт, баруун эрхий хурууны урд үений гадна хэсэгт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн толгойн оройн зүүн хэсэгт ташуу шарх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг, доод уруулын дунд хэсэгт шарх хаван, толгойн оройн зүүн хэсэгт ташуу шарх гэмтлүүд нь хохирлын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа хохирлын зэрэг тогтоогдохгүй. Амь хохирогчийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост үүссэн тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа. Зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт. Зүүн чамархайн дээд хэсэгт хуйхан доорх цус хуралт гэмтлүүд нь нас бархад хүргэсэн байна. Бусад гэмтлүүд нь нас бархад нөлөөлөхгүй. Амь хохирогч Р.Э нь тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хуульд заасан ял оногдуулсан байна.

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс ...шүүгдэгч Ч.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлоо барагдуулж, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 т заасныг анхан шатны шүүх хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй энэ талаар өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбарыг хэлэлцээгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Э нь хохирогчийг “хөл дээр нь гишгэлээ шорон пизда чинь” гэж хэлсэн гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хир хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын “шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөн ял оногдуулахыг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

                                                                             ШҮҮГЧИД                   Ч.ЭНХТӨР

                                                                                                                  Б.АРИУНБАЯР