Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2018/00042

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Засаг дарга,

******* ХХК нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, ******* ХХК нарт холбогдох,

Барилгын үнэ 271.818.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, Б.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80мкв, 85мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015.10.10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан. Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан. Захиргааны хэргийн шүүхийн 2016.03.02-ны өдрийн 147 тоот магадлал, УДШ-ийн 2016.05.16-ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашгийг хангаж хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож газрын эзэмшил хэвээр байгааг тогтоосон. Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр байсан хөрөнгийг Засаг дарга үнэлж буулгасан бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хохироосон хохирлоо барагдуулаагүй. Миний хөрөнгийг Засаг даргын захиалгаар Найдвар-Од Аудит ХХК 211.118.100 төгрөгөөр үнэлсэн. Дээрхи үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон. Иймд дараахь хохирлыг нэхэмжилж байна.

1.Миний эзэмшиж, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгө болох худалдааны зориулалттай барилгын үнэ 211.118.100 төгрөг гаргуулах, түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан орлого болох 2015.10.01-нээс өнөөдрийг хүртэл олох байсан орлого 60.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, замын зардал 200.000 төгрөг, нийт 271.818.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа бууруулахдаа:

Миний эзэмшиж, өмчилж байсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ 195.908.700 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах, Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэргийг шийдвэрлэхэд гарсан зардал болох замын зардал 200.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Худалдааны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгөө тус бүр 2.500.000 төгрөгөөр түрээслүүлэн ашиг орлого олж байсан ба хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгаснаас хойших хугацааны түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлого болох 2015.10.07-2016.10.07 хүртэлх 60.000.000 төгрөгийн түрээсийн орлогыг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах нийт 256.608.700 төгрөгийг нэхэмжилж байна.

2016.10.05 өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэл болох хууль бусаар барьж буй барилгыг буулгаж газрыг чөлөөлнө үү гэсэн шаардлагаа тодруулж, миний эзэмшилд хууль ёсоор одоо байгаа 80м 2,85 м2 газар дээр баригдсан барилга болох ЦАХ маркет хүнсний зах худалдааны төвийг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар Орхон аймгийн засаг дарга, Цагаан алтан Хүнс ХХК татаж байна. Найдвар Од ХХК-ийн үнэлгээчнээс үнэлсэн миний газрын үнэ болох 15.209.400 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 80мкв, 85мкв газрыг тус тус иргэн *******д худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг ба 80мкв газрыг эзэмших хугацаа 2017 онд, Ж.Янжмаа гэдэг хүнээс шилжүүлж авсан 85 мкв газрыг эзэмших хугацаа 2021 онд тус тус дуусна.Тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг. Газар эзэмшүүлэх гэрээний 2 дахь хэсэгт тусгайлсан зохицуулалт оруулж, газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн. Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлогоын 3.3.6-д Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна гэж заасны дагуу уг гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж санал солилцсон байдаг бөгөөд тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарсан байдаг. Ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ******* ХХК шалгарсан байдаг бөгөөд тус компани худалдааны төв барих ажлаа эхлүүлэхээс өмнө тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийсэн байдаг. Энэ тухай саналаа иргэн *******д удаа дараа албан бичгээр хүргүүлснээс гадна аман байдлаар олон удаа санал тавьсан байдаг ба одоо барилгын ажил хийгдэж 4 хүртэл давхар баригдаад байна.Гэвч иргэн ******* ямар нэг шалтгаангүйгээр энэ асуудалд хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хандаж байсан бөгөөд Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015.03.02-ны өдрийн 155 тоот, 2015.08.27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг. Улмаар павилоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ Засаг даргад мэдэгдсэн тул тухайн павилоныг төрийн зардлаар буулгасан ба үнэлгээг мөн төрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үнэлгээг Найдвар-Од аудит ХХК хийсэн бөгөөд Засаг дарга болон ГХБХБГ тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан байдаг.Иймд иргэн *******ын нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй, үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Цагаан-Алтан хүнс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагуудаас *******ь миний эзэмшил 80 кв.м, 85 кв.м газар дээр баригдсан ЦАХ маркет хүнсний худалдааны төвийг бүулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэсэн шаардлага нь "*******" ХХК-д шууд хамааралтай, павилионы үнэ, олох байсан орлого гаргуулах шаардлага нь шууд бус дамжмал хамааралтай гэж үзэж байна.

2014 онд Орхон аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дахь хавсралтад зааснаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт" зарласны дагуу Уурхайчин баг, Кувейтын гудамж, Хүлэг хүнсний захын ард 1400 кв.м газар эзэмших төслийг "*******" ХХК боловсруулан оролцож сонгон шалгаруултын болзол, журмыг ханган тэнцсэн байна. Энэ төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон, хүчингүйд тооцсон зүйл одоогоор байхгүй байна. Төсөл сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 22-нд А/502 дугаар захирамж гарган 1400 кв.м газрыг "*******" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн улмаар Газрын харилцаа, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан. Эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. "*******" ХХК-д дээрх байрлалд газар эзэмшүүлсэн энэ шийдвэр, гэрчилгээ ямар нэг байдлаар хүчингүй болоогүй байна.

Төсөл сонгон шалгаруулалт зарласан дээрх байршилд *******иас гадна Ц.Ойдов болон бусад нэр бүхий 15 иргэн газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байсан. Энэ талаар нэр бүхий иргэд шүүхэд гаргасан бие даасан шаардлага гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ өгсөн байгаа. Дээрх иргэд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 12 дугаар сарын 24-нд 03 тоот тогтоолоор баталсан 2014 онд Газрын харилцааны талаар баримтлах бодлогын 3.3.6-д заасан нэгдсэн бодлого шийдвэрийг хүндэтгэн Газрын албаны оролцоотойгоор төсөлд шалгарсан "*******" ХХК-тай тохиролцон газар, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж, улмаар шинээр баригдах тохилог худалдааны төвөөс газар, хөрөнгийн хэмжээтэй дүйцэх талбай, хэсгийг өмчлөхөөр гэрээ байгуулж, "*******" ХХК хөнгөлөлтэй нөхцлөөр барьж өгөхөөр тохиролцон хэрэгжүүлсэн. Дээрх байдлууд нь одоогийн "ЦАХ маркет" худалдааны төв баригдсан 900кв.м газар түүний орчны нийтийн эзэмиилийн 500 кв.м газрыг "*******" ХХК болон нэр бүхий бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шударгаар эзэмшиж байгааг харуулна. Нэхэмжлэгч *******ь газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Засаг даргаас шаардах эрхтэй болох талаар маргахгүй боловч "*******" ХХК-ийн эзэмшил газраас түүнд 165 кв.м газрыг шилжүүлэх замаар уг эрхийг сэргээх боломжгүй.

Энэхүү талбай нь баригдсан барилгын хаяавчаас тал тал тийшээ 5-10 метр талбайг хамрах бөгөөд энд *******ь барилга барих ямар ч боломжгүй. "ЦАХ маркет" худалдааны төвийн барилгатай тулган барилга барилаа ч энэ нь Барилгын тухай хуулийн 5,14 болон бусад зүйл заалт, "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30.01.04-ийн 'Заавал мөрдөх шаардлага"-ын 4 дүгээр хавсралт "Галын аюулаас хамгаалах шаардлага 13 дугаар хавсралт, "Олон нийт, иргэний барилгын эдэлбэр газрын доод хэмжээ", 16 дугаар хавсралт "Хотын тохижилтын норматив" гэсэн шаардлагуудыг зөрчинө.

ЦАХ маркет Худалдааны төвийг буулгах замаар газрыг чөлөөлж, *******ын эрхийг сэргээнэ гэвэл барилгын өртөг 1,314,479,580 төгрөгөөс гадна уг барилгын одоогийн үнэ цэнээр үнэлсэн үнэлгээ, хөрөнгө оруулсан нэр бүхий хүмүүүсийн ЦАХ маркетэд оруулсан 634,0 сая төгрөг, тэдний тэнд өмнө нь байсан хөрөнгийн үнэ, олох байсан орлого, буулгах зардал гээд дор хаяж 3-4 тэрбум төгрөгийн асуудал яригдана. Иймд иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан шаардлагадаа:

Энэ шаардлагыг гаргаж байгаа бид Хүлэг захын орчил тодорхой хэмжээний газар эзэмшин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөн худалдаа үйлчилгээ эрхлэн явуулж байсан хүмүүс юм. Аймгийн хурлаас худалдааны гудамжийг иж бүрэн тохижуулах, зах орчмыг орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч Засаг дарга, түүний тамгын газар хэрэгжүүлэх болсныг бидэнд мэдэгдсэн. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах Кувэйтийн гудамжны газрын эздийн холбоо ТББ-ыг байгуулж, улмаар уг газар дээр худалдаа, үйлчилгээний төв барихаар шалгарсан ******* ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. ******* ХХК газрын эрх авч худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нэгэнт барьсан, одоо зарим хэсгийг ашиглаж байна, гэрээ байгуулсан хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгийг оруулсан. Гэрээ байгуулсан хүмүүс дутуу мөнгөө гэрээний дагуу ******* ХХК-нд төлнө. Одоо барилга баригдсан ч газрын маргаантай гэдгээр улсын комисс ажиллахгүй байгаагаас бид өмчлөх ёстой хэсгээ өмчилж авч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Гэтэл энэ газарт хамаарах иргэн *******ын нэхэмжлэлээр худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлбөл 4 давхар барилгыг нураахаас өөр аргагүй юм байна. Ингэвэл бид оруулсан хөрөнгөөрөө хохирох төдийгүй, газрын эрхээ сэргээлгэх, өмнө чөлөөлсөн худалдаа үйлчилгээний павилонуудаа үнэлүүлж үнийг болон буулгах дахин барих зардлыг гаргуулах, энэ хугацаанд алдсан орлогоо буруутай этгээдүүдээс нэхэмжлэх шаардлага гарч байна. Энэ нь мэргэжлийн байгууллагын оролцоотой хийгдэх нарийн ажил учир бид одоогоор нарийвчилсан тооцоог гаргаж чадахгүй байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар зөвхөн өөр өөрсдийн эрх ашгийг хичээж учраа олж асуудлаа эв зохицлоор шийдэж чадахгүй байгаа нь бусад олно хүний эрх ашгийг шууд хохироож байгаа тул бид байгаа баримтаа өгч шинжээч томилуулах замаар дээр дурьдсан бүх хохирлоо тогтоолгон энэ хэрэгт нэгтгэн буруутай этгээдүүдээр төлүүлэх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,43 дугаар зүйлийн 43.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1,229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 195.908.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.700.000 төгрөг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг ******* ХХК-ны эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,43 дугаар зүйлийн 43.2, Иргэнийй хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 1.641.240 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.327.950 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргаас 1.137.493 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгоэ шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч *******ын газрыг чөлөөлүүлэх үндэслэлгүй учир газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо гэж шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ******* нь Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80м2,85 м2 газрыг худалдааны зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулан эзэмшиж, үл хөдлөх хөрөнгийг барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг 2015.10.10 өдөр Засаг даргын захирамжаар буулгасан. Тухайн газрыг 2021 он хүртэл хууль ёсоор эзэмшихээр гэрээ хийсэн. /1 хавтас 35-42хх / Уг газрыг эзэмших гэрээ, гэрчилгээ, Засаг даргын захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд түүнийг хүчингүй болгоогүй байгаа билээ. Харин уг газрыг Цагаан Алтан Хүнс ХХК нд олгож, *******ийн эрх ашгийг хохироосон гэж үзсэн захирамжид захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж , хууль бус захирамж гаргасан болохыг тогтоолгосон /1 хавтас 75 хх Орхон аймгийн захиргааны хэргийн 2016.03.02-ны өдрийн магадлал / Гэтэл анхан шатны шүүх Цагаан Алтан Хүнс ХХК хуулийн дагуу газар эзэмшиж байгаа гэж үзэж шийдвэрлэхдээ *******ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэх үндэслэлээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрийг дахин шийдвэрлэж, газар эзэмших эрх дуусгавар болсон гэх дүгнэлт хийсэн ба шийдвэрийн үндэслэл болгон баримталсан 2015.03.02-ны өдрийн 155 тоот албан тоот, 2015.08.27-ны өдрийн 808 тоот албан тоот гэгч нь *******д мэдэгдээгүй албан тоотууд болохыг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж шийдвэр гаргасан байхад түүнийг дахин шүүх үнэлж, /хэрэгт байхгүй баримт/ шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй.

Газрын эзэмших эрх дуусгавар болсон байна гэх дүгнэлтийг хийхдээ ******* нэгэнт үнийг төлүүлж, нөхөн төлбөр авахаар болсон тул гэх дүгнэлтийг хийсэн нь Газрын тухай хуулийн ямар заалтыг баримтлан дүгнэж байгаа нь тодорхойгүй ба өнөөдрийн хүртэл Газрын эзэмшлийг тусгай хэрэгцээнд авах тухай түүнд нөхөн олговор олгох тухай Засаг даргын ямар ч шийдвэр байхгүй бөгөөд Газар болон павилон гэх тус тусдаа хөрөнгүүдийг нийлүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 42 р зүйл 43 р зүйл заалтыг үндэслэн газрыг нөхөн олговор олгох заалт зохицуулагдсан ба энэхүү газрыг улсын хэрэгцээнд аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас буюу Цагаан Алтан Хүнс ХХК-д олгосон болох нь нотлогдсон байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр авахаар болсон гэх үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болох тухай Газрын тухай хуулийн 39-р зүйлд байхгүй ба хууль буруу тайлбарлан газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй. ******* өөр газарт газар авахаас татгалзсан гэж хариуцагч үндэслэлгүй тайлбар гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй. *******д хаана байрлалтай ямар газрыг санал болгосон талаар хариуцагч нотлоогүй, түүнчлэн хаана олгох газраас татгалзсан хариу хэзээ өгсөн болохыг хариуцагч нотлоогүй байхад хийсвэр дүгнэлт шүүх хийсэн.

Хариуцагч уг газрыг буцаан олгох боломжгүй гэх үндэслэлээ ямар нотлох баримтаар нотолж байгааг шүүх дүгнээгүй. Боломжгүй гэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд хариуцагч *******ын газрыг хууль ёсны дагуу сонгон ш ал гаруулалтаар авсан гэх үндэслэлээр буцаах боломжгүй гэх дүгнэлтийг хийх үндэслэлгүй бөгөөд олон этгээдтэй хамтран уг газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгч хууль ёсны газраа эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэл биш юм. Нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа газрыг хариуцагч нар хууль ёсны дагуу эзэмшин авсан гэх байдал нотлогдохгүй байхад хууль ёсны дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа газраасаа бусдын барилга байгууламжийг чөлөөлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалт гэх нэрийн дор эзэмшлийн хугацаа нь дуусаагүй байгаа газрыг авах эрхтэй эсэхэд шүүх дүгнэлт хийсэнгүй.Газрын тухай хуулийн 31 р зүйлийн 31.3 заалтыг анхаарч үзсэнгүй. Мөн Газрын тухай хуулийн газрын эзэмших эрх дуусгавар болгох тухай 39 р зүйлийг анхаарч хэргийг шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.Орхон аймгийн Засаг дарга газар болон павилонд нөхөн олговроор нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд төлөхгүй гэж маргалдаж байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Орхон аймгийн Засаг даргаас 195.908.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, О. Байгал нь Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 165 мкв бүхий 80м2,85 м2 газрыг худалдааны зориулалттай эзэмшиж байгаа газраас Цагаан Алтан хүнс ХХК ны Цах Худалдааны төвийн барилгыг газраас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдсан гомдолдоо:

Найдвар Од Аудит ХХК нь нэхэмжлэгч *******ын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2 удаа хийж 15/63 болон 15 дугаартай үнэлгээний тайлан гаргасан. 3 хавтаст хэргийн хх92, хх93-р талд Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлагын хороо 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 62/17 дугаартай дүгнэлтэд Үнэлгээний хүчин төгөлдөр бус стандартын дагуу үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний 15/63 тоот тайланг 2015 онд, 15 тоот залруулгын тайланг 2017 онд тус тус гүйцэтгэсэн хэдий ч үнэлгээний тайлангийн 10-р хуудсанд Зургаа. Нийцэлтийн мэдэгдэл бүлэгт ОУҮС 1, ҮОУСХ 1, ХЗ 8 дагуу мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг мөрдөн, хараат бусаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тайланг ОУҮС 3-ын дагуу бичсэн гэж дурджээ. Уг стандартууд нь ҮОУС-2011 гарснаас хойш хүчин төгөлдөр бус болсон хэмээн тодорхойлж Мэргэжлийн хариуцлагын хороо Найдвар Од Аудит ХХК-ийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 11/17 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний тайланд залруулга хийсэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Анхны тайлан болох Найдвар Од Аудит ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15/63 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангийн 10-р хуудсанд Зургаа. Нийцэлтийн мэдэгдэл бүлэгт ОУҮС 1, ҮОУСХ1, ХЗ 8 дагуу мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг мөрдөн, хараат бусаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тайланг ОУҮС 3-ын дагуу бичсэн хэмээн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 62/17 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн 15 дугаар тайланд үндэслэсэн эрх зүйн баримт бичгийг яг адилхан бүхэлд нь дурдсан байна. 2015 оны 08 сарын 19-ний өдрийн 15/63 болон 15 дугаар тайлангууд нь ҮОУС-2011 гарснаас хойш хүчин төгөлдөр бус болсон стандартуудын дагуу бичигдсэн болох нь тайлангийн Нийцэлтийн мэдэгдэл бүлэгт тодорхойлсноор тогтоогдож байх бөгөөд 2 тайлан хоёулаа хүчингүй болох үндэслэлтэй гэх эргэлзээ бүхий байдал үүссэн тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагадаа миний эзэмшиж байсан хөрөнгийг Найдвар Од Аудит ХХК 211.118.100 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон. Иймд барилгын үнэ болох 211.118.100 төгрөгийг гаргуулах хэмээн зөвхөн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэж хохирлоо тодорхойлж байгаа. Иймд Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *******ь миний эзэмшиж, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгө болох худалдааны зориулалттай барилгын үнэ 256.608.700 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд нар нь газрын эрхээ сэргээлгэх, өмнө чөлөөлсөн худалдаа үйлчилгээний павилонуудаа үнэлүүлж үнийг болон буулгах дахин барих зардлыг гаргуулах, энэ хугацаанд алдсан орлогоо буруутай этгээдүүдээс нэхэмжлэх тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Цагаан алт ХХК нар шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас 195.908.700 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ьд Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Хүлэг хүнсний захын ард байрлах 80 м/кв газрыг Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 422 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан боловч гэрээний хугацаа дууссан, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 85 м/кв газрыг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 498 дугаар захирамжаар 9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дараа газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулах болох нь тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь маргааны зүйл болж буй 80 м/кв талбай газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, 85 м/кв газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулаагүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох хуульд заасан үндэслэл бий болсон байх тул анхан шатны шүүхээс Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 165 м/кв /80,85 м/кв/ талбай бүхий газрыг ******* ХХКомпаний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм.

Харин шүүх нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ЦАХ худалдааны төвийн барилгыг буулгах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч *******д учирсан хохирол 195.908.700 төгрөгийг хариуцагч тус аймгийн Засаг даргаас гаргуулж, 60.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан ...нэхэмжлэгч зөвхөн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэж хохирлоо тодорхойлж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэх нэхэмжлэгч *******ын ...Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 165 мкв бүхий 80м2,85 м2 газрыг худалдааны зориулалттай эзэмшиж байгаа газраас Цагаан Алтан хүнс ХХК ны Цах Худалдааны төвийн барилгыг газраас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,43 дугаар зүйлийн 43.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1,229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 195.908.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.700.000 төгрөг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг ******* ХХК-ны эзэмшлээс чөлөөлүүлэх Цах маркет худалдааны төвийг буулгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ