| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2524000020020 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
Н.О-т холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Б.Ч /цахимаар/
Шүүгдэгч Н.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдлоор Н.О-т холбогдох 2425000020020 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ... аймгийн ..... сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...-ын .... .... дугаар хорооны ....-н ... дүгээр гудамжны ....тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт ...-ын О, /регистрийн дугаар: .........../
Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө ……. аймгийн ……….. сумын ……….. багийн нутаг ……….. гэдэг газарт байрлах Б-н гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А-ын хэвлийн тус газар хутгалж, улмаар С.А-ын эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч …….. овгийн Н-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.О-ийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч Н.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тэмдэглэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ээс 11,042,981 /арван нэгэн сая дөчин хоёр мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэжээ.
2. Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Э.М нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/39 тоот тогтоолыг эс зөвшөөрч ЭХХШ тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8-д заасан болон шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд. Хэргийн үйл баримтаар хохирогч С.А өөрөө эхлэн шүүгдэгч Н.О-ийг зодсон тухай мэдүүлдэг. Гэрч Ч.Л мэдүүлэхдээ" хоёр залуу хоорондоо зодолдоод байсан ба хүргэнийх нь хамраас цус гарсан байсан" гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч С.А, Н.О-ийн эрх чөлөөнд халдсан, түүнээс шалтгаалж шүүгдэгч Н.О хүнс бэлдэх гэж авч явсан хутгаар хохирогчийг хутгалсан гэх үйл баримт байхад санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэж үзэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоныг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч С.А шүүгдэгч Н.О-ийг зодож гадагшаа чирч гулдарч гаргаж зодон хамраас нь цус гаргасан учраас санаа сэтгэл нь цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал ч байхыг үгүйсгэхгүй нөхцөл бий болжээ.
Түүнчлэн эхнээсээ хохирогчийн эрүүл мэндэд үзлэг хийсэн эмчийн оношилгоо, эмчилгээ зөв байсан эсэх нь эргэлзээтэй байдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хохирогч С.А нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бөгөөд тухайн үед гэрч Ц.Т-ын “Тэр үед эмнэлэг дээр А-ын эгч С гэдэг хүн ирсэн байсан ба тэр эгч нь А-ын архийг гаргаар ирье гээд аваад явсан. Тэгээд буцаж ирэхгүй болохоор нь залгаад дуудахад хүрээд ирсэн. Тэгээд эргэж ирэхдээ архи нь гарсан, шокийн байдалтай ирсэн. Тэгэхээр нь би эмчилгээ хийж эхлээд эхо-д хараад сул шингэн их байсан тул аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн. Цус гоожиж урсаад хатсан байсан" гэж мэдүүлсэн байдаг. Тухайн шок нь хутганы шархнаас болсон уу, эсхүл нойр булчирхайны хурц өвдөлтөөс болж өвдөлтийн шок байсан уу гэдгийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл хэвлийн хөндийгөөс цус гарснаас шалтгаалж шокийн байдалд орсон бол хохирогч буцаж явах, ирэхгүй байх, цус нь гоожиж хатсан байх нөхцөл бий болох уу гэдгийг анхан шатны шүүх тодруулж байж шүүгдэгчийг гэм буруутайд тооцох байжээ. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь зайлшгүй мэс засал хийхгүй бол амь насанд аюултай үр дагавар бий болж болзошгүй байдал нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж юм. Нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас өвдөлтийн шоконд орсон хүнийг хутганы шархны улмаас шоконд орсон гэж оношлон, хагалгаа хийх, хагалгааны үеэр хохирогчийн нарийн гэдэсний цоорол, тасрал үүссэн байж ч магадгүй нөхцөл байгааг хохирогч, түүний гэр бүл дурссаныг шалгаж тогтоох ёстой. Түүнчлэн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтэд хэвлийн хөндийн перитонит" буюу халдвар авсан гэсэн дүгнэлт хийснийг ч тодруулах шаардлагатай байжээ. Хэзээ хаанаас авсан халдвар болох түүнээс шалтгаалж мэс засал хийгдсэн үү үгүй юу гэдгийг нэг мөр тогтоож байж гэм буруутайд тооцох ёстой. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм. Гэтэл эргэлзээтэй нөхцөл байдлууд байхад анхан шатны шүүх хангалттай нотлогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсоныг хууль бус үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд
1/ Гэмт буруугийн шууд ба шууд бус санааны нөлөө нь уг гэмт хэргийн зүйлчлэл болоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх гол нөхцөл мөн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т "ухамсарлах" шинжийг авч үзсэн байна. Хүсэл зоригийн шинж нь субъект оюун ухаандаа хүний эрүүл мэндэд халдах гэмт хэргийг хийхээр хүсч буй хүсэл, дотоод санаа зорилгыг агуулахаас гадна үр дүнг буюу хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахаар тууштай шийдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл субъектэд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах үйл, түүний улмаас бий болох үр дүнд хүрэхийг хүссэн хүсэл сонирхол байхыг хууль шаардсан гэсэн агуулга юм. Хохирол, хор уршгийг хүсч буй болгох нь субъектийн үйлдлийн зорилго болсон, энэ зорилгоо хэрэгжүүлж зорьсон үр дүндээ хүрэх нь зайлшгүй чухал шинж нь болж байдаг. Ийм учраас шүүгдэгч Н.О-ийн уйлдлийг санаатайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэх субъектив шинж үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шалтгаан үр дагавар хоёрын объектив хамаарлыг авч үзэх ёстой. Тэнцүү чанарын онолоор энэ нь субъектын үйлдийг нарийн шалгах үндсийг бий болгох бөгөөд зөвхөн өөрийн гэм буруутай үйлдийн болгосон үр дагаварт эрүүгийн хариуцлага хүлээх зарчмыг нөхцөлдүүлдэг. Үйлдэл ба үр дагаврын хоорондох объектив холбоо байгаа эсэхийг нотолсны дараа гэм буруугийн хэлбэрийг тогтооно. Объектив хамаарлаар гарсан үр дагаврыг яг тухайн субъектын үйлийн үр дагавар уу, эсхүл өөр гуравдагч этгээдийн үр дагавар уу, гадны өөр хүчин зүйл нөлөөлсөн үү, жам ёсны асуудал байсан уу гэдгийг ялгаж байж шалтгаант холбоотой эсэхийг шийдвэрлэх ёстой.
2/ Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно. Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүнд шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм. Тухайн үед үүссэн шархнаас шалтгаалж хүнд гэмтэл үүсч үүсч үү, эсхүл хөндлөнгийн шалтгаан байна уу гэдгийг дахин шинжилгээ хийж байж нэг мөр шийдвэрлэх байжээ. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд:
1/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Ингэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөруутэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад анхаарч узэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-д заасныг буюу 36.2, 36.6, 36.7. 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл: "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч..." гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ. 1.2."... гэм буруутай эсэхэд..." гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна гэж заасныг анхан шатны шүүх анхааралгүй шийдвэрлэсэн.
2/. Улсын дээд шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гаргасан ба уг тайлбарт зааснаар "Хуулийн 16.5 дугаар зүйлд заасан "шинжээчийн дүгнэлт" гэдэг нь "Шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу шинжлэх ухаан, техник, урлаг, үйлдвэрлэлийн салбарт эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага, этгээдээс томилсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй үнэлэмж"-ийг ойлгоно. Тусгай мэдлэгийг иргэдийн ерөнхий боловсрол, ахуйн хүрээнээс хальж зөвхөн тусгай бэлтгэл, мэргэжлийн дадалд тулгуурлан олж авч чадах мэдээ, мэдээлэл гэж үзнэ. Шүүх, прокурор, мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулахаас бусад бүх асуудлаар шинжилгээ хийлгэж болно. Шинжээчийн дугнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан узсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь үнэлнэ. Шинжээчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтийг тайлбарлах, тодруулах зорилгоор авагддаг тул дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шинжээчийн дүгнэлттэй харилцан хамааралтайгаар нотлох баримтын эх сурвалжийн нэг төрөл болно. "гэж зааснаас анхан шатны шүүх ЭХХШ тухай хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. 2. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйл/ 2.4. Шинжээчийн анхны дүгнэлт тодорхой бус буюу бүрэн биш болсон, эсхүл өмнөх дүгнэлтийн хүрээнд шинээр тодруулах нөхцөл байдал бий болсон бол түүнийг нөхөн гүйцэлдүүлэх, дүнг бүрэн гаргах зорилгоор нэмэлт шинжилгээ хийнэ. Өмнөх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй, ноцтой зөрүүтэй бол тухайн асуудлаар дахин шинжилгээ хийлгэж болно. Энэ тохиолдолд дахин шинжилгээ хийх шинжээч, бүрэлдэхүүнийг илүү мэргэшсэн, туршлагатай шинжээчийг оролцуулан шинээр томилно. 2.5. Шинжилгээ нарийн төвөгтэй, цар хүрээ өргөн, хэрэгт шийдвэрлэх ач холбогдолтой байвал бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар хийлгэнэ. Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан", мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан "эргэлзэх үндэслэл"-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасантай тус тус зааснаас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/39 тоот тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь анхан шатны шүүхийн 39 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8 дах хэсэгт заасан заалтуудад шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Мөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч С.А өөрөө эхэлж шүүгдэгч Н.О-ийг зодсон тухай мэдүүлдэг. Гэрч Л бас энэ талаар мэдүүлдэг. Хоёр залуу хоорондоо зодолдоод хүргэний хамраас цус гарсан ийм нөхцөл байдалтай байсан гэсэн гэрчийн мэдүүлэг, мөн хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг нь байна. Хохирогч анх Н.О-ийг эрх чөлөөнд халдаад санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас Н.О хүнс бэлтгэх гэж авч явсан хутгаараа хохирогчийг хутгалсан гэсэн үйл баримт бол хавтаст хэргийн хүрээнд бол нотлогдож байна. Сэтгэл санаа нь цочрон давчидсан байх үндэслэл яагаад байна гэхээр Улсын Дээд шүүхийн 2008 оны 14 тоот тогтоолоор санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэдэгт юуг ойлгох вэ? гэдгийг тайлбарласан байдаг. Хохирогчийн хууль бус үйлдэл байсан уу?, гэвэл байсан. Хохирогч С.А эхэлж шүүгдэгчийг зодож хамраас нь цус гаргасан нөхцөл байдлыг бий болгосон, ийм нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад Н.О өөрийн гэнэтийн сэтгэл санааны цочролд хоромхон зуур автсан байна. Сэтгэхүйн хувийн байдал алдагдсан учраас хамгийн ойр гутлынхаа түрийнд байсан хутгаар хохирогчийг хутгалсан ийм үйл баримт байна гэж үзээд байна. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд санаа сэтгэл цочрон давчдах гол үндэслэл байх ёстой талаар тайлбарласан. Мөн гэмт хэргийн сэдэлт санаа нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх нөхцөлийг Дээд Шүүхийн тогтоолоос санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан байна гэдгийг тогтоох юм шүү гэдгийг хуулиар тайлбарлаад байна гэж үзээд байгаа. Нөгөө талаар хэргийн бодит байдалтай яагаад нийцээгүй байна гэхээр тухайн 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны шөнө болсон үйл явдлын гол гэрч нь .... сумын эмнэлгийн эмч Т байгаа. Эмч үзлэг хийхэд хохирогч С.А согтуу байсан учраас орилж, хашхираад тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тийм учраас эмнэлгийн тусламж аваагүй С.А яваад өгсөн байгаа. Яваад өгсөн энэ нөхцөл байдал нь юуг харуулаад байна гэхээр амь насанд нь аюултай нөхцөл байдал байхгүй байсан байна гэсэн үйл явц нотлогдож байгаа. Тэр хооронд ямар байдал үүссэн байна вэ?, гэхээр тухайн хутгалуулсан шарх халдвар авсан байгаа. Хохирогчийн хутгуулсан шарх нь халдвар авсан учраас гэмтлийн хүнд зэрэг үүсэх ийм нөхцөл бий болсон байх гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал байгаа. ..... сумын эмнэлэгт хагалгаа хийсэн гэх үйл баримт байдаг. Тэгэхдээ энэ үйл баримт нь халдвараас болоод гэдэс нь бохирдоод хагалгаа хийх нөхцөл байдал бий болчхож уу?, үгүй юу? гэдэг энэ нөхцөл байдалд шинжээчид хангалттай дүгнэлт өгөөгүй байна. Энэ нь шүүгдэгчийн гэмт хэргийн үйл баримтад нь шүүх тохирсон ял шийтгэл өгөх, Үндсэн хуулиар олгогдсон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шударга шүүхээр шүүлгэх энэ эрхийг нь хамгаалахад нөлөөлжээ гэж үзээд байгаа.
Дараагийн үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ухамсарлах шинжийг тод авч үзсэн. Ингэж авч үзэхдээ хүсэл зоригийн шинж нь ухамсарласан байх юм уу?, үгүй юм уу?, үнэхээр Н.О, С.А-д санаатайгаар хүнд гэмтэл учруулъя гэж зорьж гэмт хэрэг үйлдсэн юм уу?, гэдэгт анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хүчээр дарамт бий болсон учраас Н.О тухайн дарамтыг салгах үүднээс өөрийгөө хамгаалах зорилгоор хүсэл зориг байсан учраас хутгыг авч зүссэн үйл баримт байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ухамсарлах шинжид анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй хэргийг шийдсэн гэж үзэж байна. Хуулийн энэ зорилго бол тухайн үйлдлээс бий болох үр дагаврыг өөрөө хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байхыг шаардаад байна. Гэтэл Н.О-ийн үйлдэл шууд санаатайгаар хүнд гэмтэл учруулъя гэдэг үйл баримт байхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэнцүү чанарын онол гэж эрүүгийн шинжлэх ухаанд байдаг. Тэнцүү чанарын онол нь юуг хэлээд байна гэхээр үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шууд гадны ямар нэгэн нөлөөгүйгээр хүргэсэн байхыг шаардаад байдаг. Гэтэл объектив аргаар гарсан үр дагаврыг тухайн субъектийн үр дагавар уу, эсхүл гадны ямар нэгэн тусгай шалтгаан байж уу?, гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна гэж үзээд байна. Яагаад гэвэл халдвар авсан байхаас эхлээд хагалгаа хийх эрсдэл үүссэн байгаа учраас үүнийг тэнцүү чанарынхаа онолын хувьд авч үзэх боломжтой байна. Үйлдэл болоод хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоог зөв тогтоох нь гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээг ялгамжтай сонгох, хохирогчийн шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, нөхөн төлүүлэх зэрэг онцгой ач холбогдолтой учраас энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх зайлшгүй харгалзан үзэж байж гэм буруутайд тооцох асуудлыг шийдэх ёстой байсан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа. Энэ юуг хэлээд байна вэ?, гэхээр хэрэгт авагдсан нотлох баримт зөрүүтэй эргэлзээтэй байхад яг халдвар авсан хүнд гэмтэл авахад нөлөөлсөн юм уу?, гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл нотлох баримтын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг огт заагаагүй байна. Энэ нь хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн нөхцөл байдал бий болно гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нь тогтоож байж гэм буруутай эсэхэд эргэлзээ байна уу?, үгүй юу?, гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үндэслэл бүхий эргэлзээ байна уу?, үгүй юу? гэдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзчихээд гэм буруутайд тооцох байсан гэж үзэж байгаа. Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний 14 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийг тайлбарласан. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит нөхцөл байдалтай таарч байна уу?, үгүй юу?, гэдгийг сайн шалгаж тогтоох ёстой гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Яагаад ингээд шинжээчийн дүгнэлтийг яриад байгаа гэхээр хэргийн үйл баримт болоод хавсаргасан нотлох баримт хохирогч С.А-ын эмчлүүлсэн түүхээс нь харахаар мэс заслын өмнөх эмчийн дүгнэлтээр нарийн гэдэс цоорсон, тасарсан гэсэн баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, мэс засал хийх болсон гол шалтгаан юу байсан гэдгийг дүгнэхдээ гэдэсний ил гарсан хэсгийг цааш хийе, гэдэс дотрыг цэвэрлэе гэдэг ийм 2 үндэслэлээр мэс засал хийх ёстой байна гэдэг үйл баримт харагдаад байгаа. Гэтэл хэзээ нарийн гэдэс нь цоороод, тасарсан үйл явдал яагаад болчихов гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Н.О-ийг санаатайгаар С.А-д хүнд гэмтэл учруулсан байна уу?, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд үндэслэл бүхий эргэлзээ байна уу?, үгүй юу? гэдгийг анхан шатны шүүх сайн хянаж үзэх ёстой гэж хэлээд байна. Өмгөөлөгчийн хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан гэж харж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Улсын Дээд шүүхээс тайлбарласан. Тайлбарт дурдахдаа, хэргийн бодит байдлыг прокурор шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хамааралтай баримт нэг бүрийг, бусад нотлох баримттай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар хянах үүрэгтэй. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийгээд шүүх шийдвэрийн үйл баримт үндэслэл тодорхойгүй байхад, гэм буруутайд тооцож болохгүй гэдгийг тайлбартаа хэлсэн байгаа. Шүүхээс гэм бурууг тогтоох ажиллагааны явцад шударга ёсны зарчмыг хангах хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөнд халдах зэрэг шаардлагын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тайлбарласан байгаа. Энэ зарчимд эргэлзээ байна уу гэдгийг юу гэж ойлгох юм бэ? гэдгийг Дээд Шүүхийн тайлбараар тогтоосон. Хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулаад үзэхэд Эрүүгийн хуулийн зүйлчлэл хийх эргэлзээг хуульд хамааруулж үзнэ. Н.О-ийн тухайд Эрүүгийн хуулийг хэрэглэх, гэм буруутай эсэхэд эргэлзээ байна гэж үзээд байгаа. Гэм буруутай эсэх гэдэг нь миний дурдаад байгаа сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр нь ямар байна вэ?, гэмт хэрэг, хэзээ, хаана ямар нөхцөлийн улмаас бий болов, шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай хүрэлцэхүйц эргэлзээгүй үнэн зөв байх шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм буруутай эсэхэд эргэлзээ байна уу?, үгүй юу?, гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр сэтгэл санаа нь цочрон давчдаад энэ гэмт хэргийг үйлдэж үү, үгүй юу?, гэдгийг шалгаж шийдэхдээ шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар цочрон давчидсан юм уу?, эсхүл санаатайгаар үйлдсэн үү, гэдэг ийм 2 эргэлзээ байхад, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэдэг нь цочрон давчидсаны улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан юм байна гэдгийг Улсын Дээд шүүхээс тайлбарлаад байгаа. Н.О-ийг гэм буруутайд тооцсон энэ зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайн үед гэрт байж байгаад явна, явахгүй гэдгээс маргаан үүсээд, эхлээд С.А нь Н.О-ийг зодсон гэдэг асуудлыг гэрч Л хамраас нь цус гарсан талаар ярьдаг, хохирогч мөн адилхан энэ талаар ярьдаг. Хоолойг нь шахаж боогоод, хүчээр дарагдсан нөхцөл байсан байна. С.А нь Н.О-ийн хадам ах нь байгаа. С.А-ын хамгийн бага дүүтэй нь Н.О гэрлэсэн, одоо эхнэр нь жирэмсэн байгаа. Одоо эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, хохирогч, гомдол саналгүй, Н.О хохирлоо төлж барагдуулсан ийм нөхцөл байдлуудыг харгалзаж, мөн эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөөд, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч ээ гэдэг саналыг гаргаж байна гэв.
4. Шүүгдэгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Миний тухайд хуулийн мэдлэггүй учир хадам ахынхаа амаар намайг дагаж хэл гэхээр нь түүний хэлсний дагуу мэдүүлэг өгсөн. Мөрдөгч байцаалт авъя гэхээр нь хот руу явах болчхоод өмгөөлөгчгүй байцаалт өгчхөөд хот руу явсан. ... Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Намайг машинаас хутга авчирсан гэж яриад байгаа, надад гутлын түрүүнд нэг хутга, машинд нэг хутга байсан. Ах бид хоёр хоорондоо зодолдоод, би доор нь ороод мултарч чадахгүй байсан учраас тийм зүйл болсон гэв.
5. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Өмгөөлөгчийн тухайд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас, мөн хохирогчийн буруутай үйлдэл байсны улмаас Н.О-ийн тухайд хутга мэс ашиглаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэсэн санал гаргаж байна гэж ойлголоо. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг зүйл нь өөрт нь ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, нэр хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаардана гэсэн байгаа. Тэгэхээр тухайн үед болсон асуудлыг сэргээн дүрслэхийн бол Н.О гэдэг хүн хадамтайгаа хамт идэшний цагийн үеэр хамтдаа айл хэсээд архи уугаад яваад байсан. Хамгийн сүүлд очсон айлдаа хоёулаа нэлээн согтуу ирээд тэр айлд архи уусан байдаг. Тэр айлаас хоёулаа явах гээд гараад, гадаа маргалдсан харилцан зодолдсон гэдгийг Л гэдэг гэрч харсан байдаг. Би болиоч гэж хэлээд гэрийнхэн рүү нь залгасан, утсаа авахгүй байсан. Тэгээд гараад боль гэхэд С.А гэдэг хүн намайг хутгалчихлаа гээд өөдөөс хүрээд ирсэн гэж мэдүүлэгдэг. Тэгэхээр энэ үйл явдал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 хүний харилцан зодолдсон үйлдэл байхаас, хэн нэгнийгээ дарамталсан, хэн нэгэнд давуу байдал бий болгож, сэтгэл санаа цочрон давчидсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн асуудлууд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудад хэргийн юу болсон талаар санахгүй, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Мөрдөгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ажиллагаагаар дээрх үйл явц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж харилцан зодолдож, Н.О-ийн тухайд гутлынхаа түрийндээ байсан хутгаар, хохирогчийн хэвлийн тус газарт нь хутгалж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэвлийн хөндийг нэвт хутгалсан, шарх нь нарийн гэдэсний цооролт тасралт, хэвлийн халдварын гэмтлийг учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл дээрээ маргаагүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаан, мөн шийтгэх тогтоолд энэ талаар дурдсан байдаг. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно гэдэг хуулийн үндэслэлийг анхан шатны шүүхэд хэлсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Н.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ашиглаад аль болох хуульд заасан боломжийг шүүгдэгчид олгож 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд хутганаас үүссэн шарх нь нарийн гэдэсний цооролт, тасралт нь хутгалагдсанаас үүссэн шарх гэмтэл зэрэг байгаа. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас шууд хүний эрүүл мэндэд нарийн гэдэсний цооролт, тасралтыг үүсгэсэн байна гэж дүгнэсэн байгаа. Мөн давж заалдах гомдолд хохирогч С.А-г нойр булчирхайн үрэвсэлтэй гэж дүгнэсэн байдаг. Дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтэд нойр булчирхайг шалгахад эмгэг, өөрчлөлтгүй гэсэн хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар нойр булчирхайн үрэвсэл байхгүй байсан нь тогтоогдож байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Э.М нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Прокуророос шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө …. аймгийн …….. сумын ……….. багийн нутаг ………. гэдэг газарт байрлах Б-ийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А-ын хэвлийн тус газар хутгалж, түүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.О-т 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.О-ийн хохирогч С.А-ыг хутгалах гэсэн санаа, сэдэлт, шалтгаан нөхцөл нь хангалттай тогтоогдоогүй, шүүхэд эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, прокурор болон анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэгт буруутгаж байгаа гол нотлох баримт бол гэрч Ч.Л-ийн мэдүүлэг байдаг.
гэрч Ч.Л-ийн “…Тэр хоёр зодолдсон, хүргэн гээд байсан залуугийн хамарнаас цус гарсан байсан…” гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэдгийг “гэрч Ч.Л-ийн мэдүүлэг” шууд нотлоогүй. Өөрөөр хэлбэл, уг мэдүүлэгт шүүгдэгч, хохирогч нар нь хэн нь хэнийгээ, хэрхэн яаж зодсон гэх мэдээлэл байхгүй, ерөнхий мэдээлэл агуулсан байна.
Харин гэрч Ч.Л-ийн “…шүүгдэгчийн хамраас цус гарсан байсан…”, мөн хохирогч С.А-ын “…би шүүгдэгч Н.О-ийг эхэлж цохисон, барьж аваад дээрээс нь дарж, боож ухаан алдуулсан, би л эхэлсэн…” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан гэхэд эргэлзээ бий болгож байна.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “…санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдах гэдгийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тодорхойлжээ.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-г намайг цохиж, боож ухаан алдуулж гэж байна гэсэн бодол шүүгдэгчийн сэтгэхүйд хоромхон зуур бий болж, өөрт аюул тохиолдлоо гэдгийг түргэн зуур мэдэх явцдаа өвлийн идэш гаргахдаа хэрэглэж байсан хутгаар хохирогчийг хутгалж, хүнд хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан хохирогч С.А, гэрч Ю.С, Ч.Л, Ц.Т нарын мэдүүлгүүд, …. аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000000014 дугаартай …шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.О-ийн үйлдэл нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэнэт үүссэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.О-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй байна.
Харин хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-ын зодож, санаатай хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул прокуророос шүүгдэгч Н.О, хохирогч С.А нар нь харилцан зодолдох явцдаа шүүгдэгч нь хохирогчийг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч …… овогт Н-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учируулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг, “Шүүгдэгч ….. овогт Н-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж , хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийн 1 жил 06 сарын хугацаагаар “…….” нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй гэж, 3 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хурал хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 48 хоногийн ялыг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгчийн эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
3. Шүүгдэгч Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ