Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2018/00032

 

М.*******ийн нэхэмжлэлтэй Г.*******өд холбогдох

 иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 131/ШШ2018/00541 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******ы *******ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч *******ын *******, *******ын ******* нарт холбогдох

 Мөнгөн хазаар 1.500.000 төгрөг, хос монетон бөгж 450.000 төгрөг, хос монетон ээмэг 290.000 төгрөг, мөнгөн бугуйвч 3 шүртэй 390.000 төгрөг, 2 нүдний дуран 450.000 төгрөг, чулуун толгойтой манан хөөрөг 310.000 төгрөг нийт 3.390.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон зээлийн гэрээний үүрэгт төлсөн хүү 700.000 төгрөг зэргийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Утасын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 7-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч *******ы *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр баг Итгэлт ломбардад нийт 3 удаа буюу мөнгөн хазаар, хос монетон бөгж, хос монетон ээмэг, мөнгөн бугуйвч, 2 нүдний дуран, чулуун толгойтой хөөрөг зэргийг тавьж хүү төлж байсан.

Дээрх ломбардад нийт 81.000 төгрөгийг сар бүр Г.*******ийн гэх 5225256156 тоот дансанд, буюу бэлнээр өгч байсан. Миний Итгэлт ломбарданд төлсөн мөнгөний хүү нь 709 000 төгрөг болсон. Би тус ломбардад хүүг нь төлөөгүй тасалдуулсан сар байхгүй, Сарын хугацаа нь болоогүй байхад миний эд зүйлийг зарсан байсан.

Би өөрийн ломбардад тавьсан эд зүйлийг байсан хэвээр авна. Иймд мөнгөн хазаар 1.500.000 төгрөг, хос монетон бөгж 450.000 төгрөг, хос монетон ээмэг 290.000 төгрөг, мөнгөн бугуйвч 3 шүртэй 390.000 төгрөг, 2 нүдний дуран 450.000 төгрөг, чулуун толгойтой манан хөөрөг 310.000 төгрөг, нийт 3.390.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаруулах, мөн ломбардад төлсөн хүү 700.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 10 дугаар сард мөнгөн хазаар 1 ширхэг, хос монетэн бөгж 2 ширхэг нийт 600.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хос монетон ээмэг 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг нийт 200.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөөрөг 1 ширхэг 100.000 төгрөг нийт 900.000 төгрөгийг зээлж аваад сард 81.000 төгрөгийн хүү төлж байсан. Үндсэн мөнгө болох 900.000 төгрөгийг төлөөгүй. Нийт 709.000 төгрөгийн хүү төлсөн. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр залгахад миний эд зүйлийг зарсан байсан. Удаа дараа Г.*******тай уулзаж байсан. Миний эд зүйлийг яах гэж зарсан бэ гэж асуухаар тодорхой зүйл хэлдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.******* нь Итгэл барьцаат зээлийн газарт 2015 оны 02 сараас 2016 оны 06 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд М.*******ийн зээлийг байнга утсаар ярьж сунгадаг байсан. М.*******ийн үлдсэн эд зүйлс нь хугацаа хэтрээд 2 сарын дараа зарагдсан би гэрээний дагуу ажиллаж байсан учир надад хамаагүй гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

М.******* нь 2014 оны 08 дугаар сарын 23 өдөр мөнгөн хазаар, 7.4 гр монетон бөгжийн хамт 550.000 төгрөгөөр 20 хоногийн хугацаатай 9 хувийн хүүтэй барьцаад тавьж гэрээр байгуулсан. Дараа нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн хүү болох 49.500 төгрөгийг төлөөлд үндсэн зээл дээрээ гуйж байгаад 50.000 төгрөгийг нэмж аваад 600.000 төгрөгийн зээлтэй болсон. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл сунгагдсан. Үүнээс хойш дахин хугацаа хэтрээд удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Ингээд 2 сарын дараа борлуулсан. Эдгээр эд зүйлс нь олон хоног хугацаа хэтэрсэн учраас зарагдсан. Гэнэт одоо миний эд зүйлийг хугацаанаас нь өмнө борлуулсан гэж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Утас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М.******* гуай 2015 оны 7 дугаар сарын сүүлээр гар утсаар ярихаар нь эд зүйлийг нь худалдан борлуулахаар Улаанбаатар хот руу явууллаа гэсэн чинь эгчийнхээ юмыг аваад үлдчих одоо мөнгийг шилжүүллээ гэхээр нь эд зүйлийг нь аваад үлдсэн. Тухайн өдөр утсаа аваагүй мөнгөө шилжүүлээгүй. Маргааш нь утсаар ярихад данс андуураад хийчихлээ гэсэн. Тухайн барьцааны эд зүйлүүдийг 2015 оны 8 дугаар сард болон 11 сард зарсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******өөс хөөрөг 1 ширхэг /310.000 төгрөг/, хоёр нүдний дуран 1 ширхэг/ 450.000 төгрөг/-ийн эд зүйл, мөн эд хөрөнгийн үнэ 1.730.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний дагуу төлсөн хүү 700.000 төгрөг гаргуулах болон эд зүйлийн үнэ 900.000 гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох 3.390.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон гэрээний дагуу төлсөн хүү 700.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.390 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******өөс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 54.790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Утас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Манай нөхөр Г.******* бид 2 нь Баянхонгор аймагт Тумбааш төвийн 2 дугаар давхарт 2013 оны оноос эхлэн Итгэл барьцаат зээлийн газрыг ажиллуулж эхэлсэн. Ингээд журмын дагуу бусдын эд хөрөнгийг барьцаалан хүүтэй зээл олгох замаар үйл ажиллагаа явуулдаг байсан. М.******* нь хүү төлөх хугацааг байнга хэтрүүлж араасаа байнга утасдуулдаг байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 09 ний өдөр дууссан бөгөөд гэрээний дагуу хүүгээ төлж эд зүйлээ авахгүй байсан учраас түүн рүү дахин дахин залгаж байж холбогдсон боловч сунгахгүй байсаар байгаад 2015 оны 6 дугаар сарын 18 ны өдөр 190.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авч барьцааны гэрээг 2015 оны 7 дугаар сарын 8 ны өдрийг хүртэл сунгасан. М.******* рүү залгахад одоо Баруун бүсийн худалдааны төвөөс хүүг нь шилжүүллээ гэж хэлээд алга болсон. Үүнээс хойш огт утсаа авахгүй бидэн рүү нэг ч ярихгүй байсан тул бид эд зүйлийг бараг 2 сарын дараа зарж борлуулсан. Ингэхдээ бид тухайн эд хөрөнгүүдээс нэг ч төгрөгний ашиг олоогүй ба М.*******т зээлдүүлсэн мөнгөний хэмжээнд л өөрсдийн мөнгийг гаргаж авсан. М.*******ийн барьцаанд тавьсан эд хөрөнгөнүүд нь нэхэмжлэлд дурьдсан шиг үнийн дүн бүхий эд хөрөнгүүд байгаагүй. Зах зээлийн ханшаас хэтэрхий өндрөөр тооцож биднээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21 ний өдрийн 00541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү гомдпыг гаргаж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ы *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөнгөн хазаар 1.500.000 төгрөг, хос монетон бөгж 450.000 төгрөг, хос монетон ээмэг 290.000 төгрөг, мөнгөн бугуйвч 3 шүртэй 390.000 төгрөг, 2 нүдний дуран 450.000 төгрөг, чулуун толгойтой манан хөөрөг 310.000 төгрөг нийт 3.390.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон зээлийн гэрээний үүрэгт төлсөн хүү 700.000 төгрөг зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч талаас тайлбарлахдаа барьцаат зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дууссан, үүнээс хойш М.******* нь холбоо барихгүй байсан тул дараа нь 2015 оны 8, 11 дүгээр сард эд зүйлүүдийг худалдсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг байна.

 Нэхэмжлэгч М.*******ээс тайлбарлахдаа 2015 онд хүү төлсөнөөс хойш нэг сарын хугацаа болоогүй байхад миний эд зүйлүүдийг зарсан байсан. Би өнгөрсөн хугацаанд байнга хөөцөлдөж байсан боловч Г.*******, Н.Алтан-Утас нарын хаяг, утасны дугаарийг мэдэхгүй тул холбоо барьж чадаагүй өдийн хүрсэн, утасны дугаарыг өгчих гэхээр Г.******* мэдэхгүй гэдэг байсан гэжээ.

Талуудын хооронд иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээ байгууллагдсан байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д зааснаар хариуцагч тал М.*******ээс барьцаалсан хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон талаараа зээлдэгч М.*******т бичгээр мэдэгдэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар барьцааны зүйлийг гэрээндээ өөрөөр заагаагүй бол дуудлага худалдаагаар худалдана гэсэн зохицуулалттай байхад энэ дагуу дуудлага худалдаа явуулаагүй байх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч талаас гаргасан давж заалдсан гомдолдоо зээлдэгч М.******* нь залгахад утсаа авахгүй, холбоо барихгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй алга болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа нотолж чадаагүй буюу энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, мөн барьцааны эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас өндөр үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа хэдий ч зохигч талууд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохоор шүүхэд хүсэлтээ гаргаагүй байна.

Хариуцагч Г.******* нь Итгэлт хэмээх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулах зөвшөөрөлтэй байсан эсэх мөн татварын албанд бүртгэлтэй эсэх, татвар төлдөг байсан эсэх нь тогтоогдоогүй бөгөөд иргэн М.*******ийн барьцаалсан зүйлүүдийг худалдан борлуулах болсон тухайгаа зээлдэгчид бичгээр мэдэгдээгүй, дуудлага худалдаагаар худалдах байтал дуудлага худалдаа явуулаагүй байх тул нэхэмжлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хариуцах үндэслэлтэй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлдэгч М.******* нь Г.*******өд төлөх ёстой зээлийн гэрээний 900.000 төгрөгийг барьцаалсан хөрөнгүүдийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь зөв байгаа боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэх буюу Г.*******д холбогдох 3.390.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл буюу 700.000 төгрөгийн хүү гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж бичсэн зэрэг нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Утасын гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г.*******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.790 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэстэй гэж үзнэ.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 131/ШШ2018/00541 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******өөс хөөрөг 1 ширхэг /310.000 төгрөг/, хоёр нүдний дуран 1 ширхэг/ 450.000 төгрөг/-ийн эд зүйл, мөн эд хөрөнгийн үнэ 1.730.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний дагуу төлсөн хүү 700.000 төгрөг гаргуулах болон эд зүйлийн үнэ 900.000 гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“…Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т зааснаар хариуцагч Г.*******өөс хөөрөг 1 ширхэг /310.000 төгрөг/, хоёр нүдний дуран 1 ширхэг/ 450.000 төгрөг/-ийн эд зүйл, мөн мөнгөн хазаар, хос монетон бөгж, монетон ээмэг, мөнгөн бугуйвч зэргийн үнэ 1.730.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний дагуу төлсөн хүү 700.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай…” гэж,

2 дугаар заалтын

“…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох 3.390.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон гэрээний дагуу төлсөн хүү 700.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай..” гэснийг

“…нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.*******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.790 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭ

 Г.УЛАМБАЯР