| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03182/И |
| Дугаар | 307/ШШ2025/02178 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/02178
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, Ч******* овогт Д*******ийн Т******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт Х*******ын Б******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д******* овогтой Т******* нь Х******* овогтой Б*******тай Оюу толгой ХХК-д хамт ажилдаг бөгөөд Х.Б******* нь надаас 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөгийг тус тус зээлсэн. Миний бие Х.Б*******ыг хамт ажилладаг, таньдаг найдвартай хүн гэж итгэн ямар нэг барьцаагүйгээр эргэн төлөх нөхцөлтэйгээр аман хэлцэл хийж дээрх мөнгийг шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл Х.Б******* нь дээрх 25,500,000 төгрөгөөс нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа юм. Иргэний хуулийн 283.1-т "... зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ" гэж заасан. Хариуцагч нь зээл олгосноос хойш 6 сарын дотор цалингаасаа төлөх нөхцөлтэйгээр амаар хэлэлцэн тохирсон бөгөөд хамт ажиллаж байсан учраас удаа дараа харилцан тохиролцож нэмж зээлсэн. Хариуцагч Х.Б*******аас 25,500,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд өмнө нь гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж, ХУР системээс хаягийг тодруулж баталгаажуулсан болно.
Иймд Х.Б*******аас зээлийн гэрээний үүрэгт 25,500,000 /Хорин таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д******* овогтой Т*******өөс нийт 25,500,000 төгрөг зээлсэн нь үнэн. Д.Т*******өөс зээлсэн 25,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн цалин дээр эргэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагч Х.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 25,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Х.Б*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Х.Б******* нь нэхэмжлэгч Д.Т*******ийн нэхэмжилсэн 25,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Б*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,500 төгрөгөөс 142,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 142,750 төгрөгийг, хариуцагч Х.Б*******аас 142,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Т*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ