Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2018/00676

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Дөлгөөнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29ий өдрийн 101/ШШ2018/00391 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг хүчингүй болгуулж, уг ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ундармаа

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эрдэнэ-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ах Г.Цэнгүүнбаяр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 тоот шийдвэрээр Б.Эрдэнэ-Очирт 71 968 549 төгрөг төлөхөөр болсон байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон дээрх 7895 тоот шийдвэрт надаас хөрөнгө мөнгө гаргуулах, миний өмч болох орон сууцанд халдах ямар нэгэн заалт байхгүй байхад миний өмч хөрөнгөнд халдсан. Шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлж чадахгүй байсан тул Г.Цэнгүүнбаяр, Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 101 тоотод оршин суух, улсын бүртгэлийн Ү-220406580 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар төлбөр барагдуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээр ажиллагаа хийгдэж байгааг нүүлгэн гаргах мэдэгдэл өгснөөс хойш мэдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцны өмчлөгчийн хувьд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд огт оролцуулаагүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүрэг хариуцсан 160 дугаар тойрог шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа миний 3 өрөө орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр битүүмжлэх тогтоол үйлдэж, маргааш нь буюу 1 өдрийн дараа 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хураах тогтоол үйлдэж миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан ба энэ талаар надад огт мэдэгдээгүй. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тогтоол гарган албадан дуудлага худалдаанд оруулахдаа надаас зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, үнийн санал аваагүй. 2 дахь дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн ба улмаар Үндсэн хуулиар хамгаалагдсан миний орон сууцны халдашгүй эрхэд халдсан.

Мөн Баянзүрх дүүрэг хариуцсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга Д.Анхтуяа, шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа мэдэгдэх хуудас гардуулах, дуудлага худалдааны үнийн санал, үнэлгээ хийсэн дүгнэлтүүдийн талаар огт танилцуулалгүйгээр, шүүхийн шийдвэр гараагүй байхад миний эрхэд ноцтойгоор халдаж хохироож байна.

Миний ах Г.Цэнгүүнбаяр нь ээж Д.Энэбишийн хамт уг орон сууцанд амьдардаг. Тасгийн дарга Д.Анхтуяа, шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.6, 68 дугаар зүйл, 68.6 дахь заалтад заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01 хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх тухай болон орон сууц өмчлөгч нараас үнийн санал авах тогтоол протоколтой танилцах, хамтран өмчлөгч нараас санал авах болон түүнд мэдэгдэх тухай хүсэлт гаргасан байна. Гэвч НШГА-ны тасгийн дарга Д.Анхтуяа нь хариу мэдэгдэх хуудсандаа ...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгосон, мөн хуулийн 68.6-д жилийн аль ч улиралд албадан нүүлгэж гүйцэтгэж болно... хэмээн дурдаж татгалзсан хариу өгсөн байдаг. Би энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгааг мэдээд дээрх шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад хандсан боловч хүлээн аваагүй. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 101 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-220406580 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд явагдаж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хуулийн дагуу явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7895 дугаар шийдвэрээр Г.Цэнгүүнбаяраас 71 968 600 төгрөг гаргуулж Б.Эрдэнэ-Очирт олгохоор шийдвэрлэсний дагуу ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006580 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 101 тоот хаягтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяраас хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад 260 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлтээ төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяр, өмчлөгч Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нар нотариатаар баталгаажуулан ирүүлснийг төлбөр авагч Б.Эрдэнэ-Очир зөвшөөрснөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/14902 дугаар албан бичгээр үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

Барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч нар төлбөрт тооцуулан төлбөр авагчид шилжүүлэх тухай хүсэлтээ нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт санал болгож байна гэж үзэн төлбөр авагч барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л шатанд холбогдох ажиллагааны талаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлж байсан нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хэргийн оролцогчдын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж байсан гэж нотолгоо болно. Мөн нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргал нь урьд нь ижил утга бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүхийн 2017 оны 03 дугаар 14-ний өдрийн 181/ШШ2017/00730 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хугацаа хожиж, төлбөр авагчид хохирол учруулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эрдэнэ-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 удаагийн хурлаар орж барьцаагаар хангуулах шийдвэр гарсан ч удаа дараа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд янз бүрийн шалтгаан тоочиж өдий хүртэл ажил амьдралд минь цаг хугацааны хохирол гаргаж байна. Хамгийн сүүлд Г.Дөлгөөнжаргалын нэхэмжлэл надад ирсэн тул дээрх асуудлыг дахин шүүхэд гомдол гаргахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 101 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-220406580 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хураахтай холбоотой Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 03 дугар сарын 17-ны өдрийн 03/17 тоот эд хөрөнгийг хураасан тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/210 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/193 тоот тогтоол, Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа, шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нарын дуудлага худалдаанд оруулсан болон үнэлгээ хийлгэсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/21374 тоот мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27621 тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болохыг тогтоолгон уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргалын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энэбиш давж заалдах гомдолдоо: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа, 16-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нарын 2016 оны 03 дугаар сарын 16-наас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй талаарх Нийсэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга хошууч Р.Энхтайваны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр тогтоол, мөн төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяр, уг байрны хамтран өмчлөгч Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нарын гаргасан гомдол хүсэлтүүд нь хууль зөрчсөн байгааг бүрэн тодорхой нотлож байхад анхан шатны шүүх үйл явдлыг бодит байдал, хууль эрх зүйн талаас нь зөв дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагч талын тайлбараар дүгнэлээ гэж үзлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт болон гуравдугаар бүлэг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3, 20, 34, 43, 47, 48, 52 дугаар зүйлүүдийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргал нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 101 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-220406580 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцтай холбоотой Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/17 тоот эд хөрөнгийг хураасан тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/210 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/193 тоот тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа, шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нарын дуудлага худалдаанд оруулсан болон үнэлгээ хийлгэсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/21374 тоот мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27621 тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болохыг тогтоолгон уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэрт 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1066 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн ба дээр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх 58/

 

Дээрх шүүхийн шийдвэрээр Г.Цэнгүүнбаяраас 71 453 333 төгрөг гаргуулж Б.Эрдэнэ-Очирт олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт шийдвэрт тусгаагүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 37 дугаар хэсэгт заасан дарааллаар ажиллагааг явуулах журамтай.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь гэр бүлийн гишүүний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцны төлбөр төлөгч болох Г.Цэнгүүнбаярт ногдох хэсэгт явагдаж буй тул гуравдагч этгээд Г.Дөлгөөнжаргал нь уг орон сууцны хамтран өмчлөгч тул Иргэний хуулийн өмчийн эрхийн зохицуулалтыг үндэслэл болгож шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Г.Дөлгөөнжаргал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээдийн хувиар гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-д заасан журмыг баримтална.

 

Тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/17 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу буюу ажиллагаа явагдсанаас хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, уг хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооход Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар саналаа 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн тул энэ хүртэлх ажиллагааг хүлээн зөвшөөрч байжээ.

 

Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг тогтоох ажиллагааг явуулж улмаар үнэ тогтоосон мэдэгдэл уг хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 5/210 дугаар тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдааны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/193 дугаар тогтоол зэргийг Г.Дөлгөөнжаргалд хүргүүлсэн байна.

 

Дээрх тогтоол, мэдэгдлийг хүргүүлэхэд Г.Энэбиш, Г.Цэнгүүнбаяр, Г.Дөлгөөнжаргал нарт гэж хаягласан, гэр бүлийн гишүүд нь хүлээн авсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн бөгөөд гэр бүлийн гишүүдээс Г.Дөлгөөнжаргалд уг мэдэгдэл, тогтоолын талаар түүнд мэдэгдээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явагдсан гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргал нь дээрх хуулийн хугацаанд гомдол гаргаж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхийг алдсан гэх дүгнэлт хийсэн тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29ий өдрийн 101/ШШ2018/00391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.1 гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргалын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЦОГТСАЙХАН