Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/67

 


                                  О.*******т холбогдох
                                  эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан,  
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр О.*******т холбогдох эрүүгийн 2431004230015 дугаартай, 316/2025/0039/Э/208/2025/0049 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.


******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын *****-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, ****эгтэй, ****** боловсролтой, ******** мэргэжилтэй, *************, **************** ажилтай, ам бүл ******** хамт Сэлэнгэ аймаг ******** сумын ******* баг ***** хэсэг, ****** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай (РД: *******) 
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Коллектив" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна зогсоолын хэсэгт байсан Я.*******гийн эзэмшлийн Лексус РХ-450 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хаалганы шилийг согтуурсан үедээ гараараа цохиж хагалсны улмаас 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.


Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 
Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн хэрэглэж, 
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №16 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 
...Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. 
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг сонгон оногдуулж, түүнийг эдлэхээс чөлөөлж байгаа ойлголт юм. 
Гэтэл анхан шатны шүүх ...шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ тухайн зүйл хэсэгт заасан ял албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахгүйгээр чөлөөлсөн нь буруу юм. 
Шүүх шүүгдэгч О.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Шүүгдэгч ялаас чөлөөлөгдсөн бол энэ тухай заана" гэж хуульчилсан байх бөгөөд шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон оногдуулахгүйгээр шууд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд эсэргүүцлээ шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 
Шүүгдэгчийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг ойлгосон. Энэ тухай өмгөөлөгчтэйгөө ярилцсан” гэв.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.*******т холбогдох эрүүгийн 2431004230015 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.


2.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтүүдэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журам болдог ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд “Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэх үндэслэл болно. 


3.Прокурорын газраас шүүгдэгч О.******* нь бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д  заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулалгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ“ гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ“ гэж, 
Дээрх хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,
1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан. 
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч О.*******т холбогдох хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, мөн зүйл хэсгийн 2-д заасныг зөрчиж түүнд тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас сонгож оногдуулсны дараа түүний хувийн байдал хохирлоо нөхөн төлсөн эсэх зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх байтал ял шийтгэл оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуулийг буруу ойлгож тайлбарласан төдийгүй, логикийн хувьд зөрчилдөөнтэй, хүлээлгээгүй хариуцлагаас чөлөөлөх боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах боломжгүй, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдсон. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.


4.Иймд прокуророос гаргасан “...Анхан шатны шүүх шүүгдэгч О.*******т хуулийг буруу хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүйгээр чөлөөлсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2,  39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/66  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай. 
2.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.


                             
         ДАРГАЛАГЧ,
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН 

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ 
                                   
                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ