Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ц,

Орчуулагч Б.Ө,

Шүүгдэгч Ш.Б, М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш.Б, М.Ш нарт холбогдох эрүүгийн 1720001750064 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Замын-Үүд сумаас Эрээн хотын чиглэлд хүн, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, урьд Багахангай Налайх дүүргийн шүүхийн 2006.09.21-ний 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, өршөөлийн хуулиар 3 жил хасч 2 жил 10 хоногийн хорих ялаарн, мөн шүүхийн 2008.02.12-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 9 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2010.02.19-ний өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 жил 2 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ш.Б,

БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Үзэмчин хошуунд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороонд авто засварын үйл ажиллагаа явуулдаг “Г М” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Үзэмчин хошуунд оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг  19 дүгээр хороонд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, М.Ш,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай будаг шингэлэгчийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн М.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай будаг шингэлэгчийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэснийг худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрээн хот ороод Б гэх хятадаас 76 хайрцаг будаг шингэлэгч ачиж хөлсөнд нь 1500 юань аваад МУ-ын хилээр орж ирж байхдаа хорио цээр дээр мэргэжлийн хяналтын байцаагчид баригдсан юм. Надад тийм ачаа ачих зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй байдаг гэдгийг сүүлд мэдсэн. Уг нь болох болохгүй ачаа байдаг гэдгийг мэднэ. Хэний ачаа гэдгийг нь мэдэхгүй. Хэнийх гэдгийг мэдэх ч шаардлага байдаггүй. Хайрцаг дээр нь өгөх ёстой хүнийхээ дугаарыг биччихдэг юм. Хайрцаг дээр нь ... гэж бичсэн байсан. Тэгэхээр би тэр ачааг Замын-Үүдээс каргонд хүргэж ачуулаад тэр хүн л тосож авах ёстой байсан юм. Дахиж ийм хууль бус ачаа ачихгүй гэж бодож байна. Хууль бус үйлдэл хийсэн гэдгээ ойлгож байна. Уг нь би хориотой бараа биш биз гэж асуухад болно би дандаа л ачуулдаг гэж хэлэхээр нь болох юм байх гэж бодсон. Хайрцаган дээрх бичгийг нь уншуулахад будаг шингэлэгч гэж байсан. Юм мэдэхгүйгээсээ болж ийм хэрэгт холбогдлоо...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 141-144/,

 - Шүүгдэгч М.Ш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ноднин зун буюу 2017 оны 06 сарын үед 2 удаа оруулж ирж байсан, энэ баригдсантайгаа нийлээд 3 удаа болж байгаа юм. Би өөрөө монголдоо байж байгаад урагшаа Эрээн рүү захиалаад каргоноос тосоод авчихдаг болохоор ямар машинаар яаж оруулж ирснийг нь мэдэхгүй байна. Эхнийх нь 6 сар хавьцаа ирэхдээ 20 хайрцаг буюу 400 литр ирээд будаг шингэлээд зараад дуусгасан. Дараагийнх нь 8 сард ирэхдээ 30 хайрцаг буюу 600 литр ирснийг бас зараад дуусгасан учраас одоо энэ баригдаад байгаа барааг 152 канистр буюу 76 хайрцаг оруулж ирж байгаад баригдсан юм. Тухайн үед би бас бараагаа захиалчихаад УБ хотод хүлээж байсан юм. Би Замын-Үүдийн хил боомтоор л оруулж ирсэн. Захиалсан компанийхаа нэрийг мэдэхгүй байна. БНХАУ-ын Эрээн хот руу залгаад захиалчихдаг юм. Энэ утсыг урд будаг зардаг хүнээс асууж олж авсан юм. Би Б болон Б гэх хүмүүсийг танихгүй. Нарантуул ОУХТ дээр хөлсний том оврын ачааны машинаар ирдэг байсан. Тээврийн хөлсийг бараагаа захиалахдаа тэр компанидаа шилжүүлчихээр ачаад явуулчихдаг юм.. Надад тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй байж оруулж ирдэг гэдгийг сая мэдлээ. Би энэ хэрэгт холбогдоод асууж лавлахад зөвшөөрөлтэй оруулж ирдэггүй гэсэн. Барааны шошго нь хайрцаган дотроо байдаг аваад наачихдаг юм. Хууль бус үйлдэл хийсэн гэдгээ ойлгож мэдсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 154-157/,

- Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ш.Б нь хятад улсын талаас ачиж тээвэрлэж Монгол улсад оруулж ирсэн ачаа бараа нь “Будаг шингэлэгч” гэсэн бөгөөд зүгээр ачаад оруулаад өгчих, хүн тосоод авчихна, ямар нэгэн асуудал байхгүй гэж хятад улсын талаас ачуулсан Өвөрмонгол хүн нь хэлсэн байсан. Тэгэхээр нь Ш.Б зүгээр юм байх гэж ойлгоод ачиж ирсэн бөгөөд Монгол улсын хил дээр саатуулагдсан байсан. Ачсан будаг шингэлэгч нь хуванцар савтай, гадна талдаа ямар нэгэн хаяг шошго байхгүй, тэмдэглэгээ байхгүй гэсэн. Б-н утас руу хүн яриагүй харин 2017 оны 11 дүгээр сарын 03 билүү 04-ний өдөр ... дугаараас миний ... дугаарын утас руу залгаж танай нөхөрт ачуулсан ачаа яасан гэж асуусан. Тэр үед би тухайн будаг шингэлэгч нь хор аюулын агууламж өндөртэй учир Гаалийн газрын мэргэжлийн хяналтын албанд хураагдсан талаар хэлсэн бөгөөд ярьсан хүн нь наадах чинь зүгээр оруулаад ирж болдог, автомашины кузов болон бусад зүйл өнгөлж будахад тухайн будагийг шингэлэх үүрэгтэй шингэн байгаа юм. Бид нар урьд нь зөндөө авч байсан гэж хэлсэн. Түүнээс хойш дахиад хоёр ч удаа дуудлага хийсэн. Залгасан хүн нэрээ хэлээгүй. УБ хотод автомашины засварын газар ажилладаг гэж хэлсэн. Надтай л яриад байсан. Б-н утсанд дуудлага хийгээгүй. Будаг шингэлэгч ачуулсан хятад талын иргэн нь дахин дахин залгаж тал мөнгийг нь чи төл гэж шахаж шаардаад байсан болохоор Б утсаа унтраачихсан. Зүгээр оруулчихдаг барааг чи хураалгасан учир тухайн будаг шингэлэгчийн мөнгөн дүнг хувааж төлөх ёстой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын баталсан хуваарийн дагуу хяналт шалгалт хийх явцад 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаас тухайн автомашины жолоочийн мэдүүлснээр “Будаг шингэлэгч” гэх 10 литрийн хуванцар саванд савласан 152 ширхэг нийт 1520 литр савны гадна талд ямар нэгэн хаяг, шошгоны тэмдэглэгээ хийгдээгүй шингэн зүйл илэрснийг зохих журмын дагуу автомашиныг автозамын шалган нэвтрүүлэх боомтын хашаанд саатуулж дараагийн хуваарийн байцаагч Ө.Т-д шилжүүлэн өгсөн. Автомашины жолоочийг Ш.Б гэсэн ба жолооч хэлэхдээ баригдсаны дараагаар бичиг баримт удахгүй араас ирнэ УБ-т компани нь байгаа, шаардлагатай бичиг баримтуудыг явуулчих гэж хэллээ гэсэн. Түүний тээвэрлэж байсан шингэн зүйл нь Байгаль аялал жуулчлалын яамнаас Тусгай зөвшөөрөл шаарддаг мөн Хятад улсын талаас чанарын сертификат, үйлдвэрлэгчийн хор аюулын лавлагаа зэрэг бичиг баримтууд шаардлагатай шингэн бодис юм. Харин тухайн бодис ямар ч бичиг баримтгүй ачаан доор нуусан байдалтай оруулж ирсэн. Ш.Б будаг шингэлэгчийг суудлын буюу зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж оруулж ирсэн нь тээвэрлэлтийн горим зөрчсөн, мөн будаг шингэлэгч бодис нь Монгол Улсын шадар сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар “Их эрсдэлтэй барааны жагсаалт”-нд хамаардаг ба импортоор оруулах тохиолдолд аж ахуйн нэгж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зайлшгүй тусгай зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Иргэнд бол зөвшөөрөхгүй. Ер нь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон бусад газраас иргэдэд зохих хууль тогтоомжоор сургалт байнга явуулж мэдээ мэдээлэл хийдэг болохоор энэ талаар тухайн иргэн нь мэдэж байгаа. Гэтэл өөрсдөө хэнэггүй байдлаасаа болж эсвэл тухайн ачааг цаанаас ачуулж байгаа тал суудлын автомашины үйлчилгээ нь түргэн шуурхай байдаг болохоор ачуулаад байдаг байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/,

- Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...бид нар Ш гэж дууддаг. Тэр Хятад улсын иргэний харъяалалтай, Монгол Улсад 10 гаран жил болж байгаа. Монгол Улсад хувиараа бизнес эрхэлдэг, би тэдний компанид 8 жилийн өмнө ажилд орсон. “Г М” ХХК нь автомашины төрөл бүрийн будаг зарж, борлуулах мөн тухайн автомашины будагны өнгийг кодолж гаргах, автомашиныг будахад хэрэглэдэг дагалдах бүтээгдэхүүн болох лак, зүлгүүр, замаск, будагны хамгаалалт, будаг шингэлэгч, машин өнгөлөгч зэргийг худалдан боруулах зэрэг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хятад улсаас компаний барааг авчирдаг. Жилд 4-5 удаа бараа бүтэгээдэхүүн татдаг бөгөөд бага хэмжээгээр авчирсан тохиолдолд олон удаа бараа татах тохиолдол байдаг. Ш захирал бараагаа Хятад улсаас экспортоор оруулж ирдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/,

-Гэрч L G мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 11 сард будаг шингэлэх бодис дуусчихсан байсан учир Хятад улсын талаас авах байсан гэдгийг мэдэж байсан. Гэхдээ ямар хэмжээгээр хэн гэдэг иргэний автомашинаар тээвэрлэж байсан талаар мэдэхгүй. Ерөнхийдөө Хятад улсын талаас будаг шингэлэгч бодисыг өгч явуулдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/,

- Гэрч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...тухайн бодисыг Гаалийн салбар лаборатор шинжилгээнд хүргүүлэхэд уг бодисын найрлага нь Methanol-methanylene chloride /0,810/ гэсэн байсан ба гарал үүслийн код нь органик уусгагч буюу 3814.00.00 ангилалд хамаарч байсан. Энэ нь будаг шингэлэгчийн ерөнхий бүлгийн код юм. Тэгэхээр тухайн бодис нь хортой бодис бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ... тусгай зөвшөөрлөөр оруулж ирэхийг зөвшөөрдөг. Монгол Улсад импортоор оруулж ирэхийг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтанд хамаарахгүй бөгөөд тухайлбал хориглож хязгаарлаагүй боловч аль нэг аж ахуйн нэгж химийн хортой бодис импортлох үед Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл зайлшгүй шаарддаг. Иргэнд химийн бодисыг тусгай зөвшөөрлөөр импортлох эрх байхгүй. Тухайн бодис хурц үнэртэй, өнгөгүй, тунгалаг шингэн бодис бөгөөд хэрвээ хүний арьсанд хүрвэл амьсгалын системийг цочроож гэмтээх аюултай. Харин бодисыг битүүмжлэл сайтай нөхцөлд хадгалах шаардлагатай. Тээвэрлэх стандартын хувьд химийн бодисыг их бага хэмжээнээс хамаарахгүй, битүүмжлэл сайтай ачааны автомашинаар, анхааруулах тэмдэглэгээ хийгдсэн тохиолдолд тээвэрлэх ёстой байдаг. Ш.Б нь суудлын автомашинаар тээвэрлэж байгаа нь журам зөрчсөн үйлдэл юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/,       

- Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 334/104 дугаартай “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын ерөнхий зүйлд 2.1.4.6 дахь хэсэгт “Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 500 мл эсхүл 500 граммаас бага хэмжээтэй уусгагч, мөн 2.1.4.11 дэх хэсэгт “Жижиглэн борлуулах зориулалтаар савалсан ахуйн болон гоо сайхны химийн бодис, шингэнүүдэд тусгай зөвшөөрөл шаардахгүй” байхаар тусгасан. Харин үүнээс их хэмжээгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол тусгай зөвшөөрөл шаардагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/, 

- Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Шинжилгээг 0002506 сорилын хуудсаар шинжээч гаалийн улсын байцаагч Ч.О явуулж дүгнэлтийг би өөрөө баталгаажуулсан. Органик уусгагч будаг шингэлэгч химийн бодис нь  ... Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Уг бодис нь төлөв байдлын хувьд хурц үнэртэй, өнгөгүй, тунгалаг шингэн бөгөөд органик уусгагч болгож будаг шингэлэх, арилгах зэргээр будгийн үйлдвэрүүдэд ашигладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/, 

- Тээврийн хэрэгсэлд буюу эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-32/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 33-38/, 

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 41-42, 197/,

- Автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 230/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 222/,  

-  Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 189-190/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн М.Ш нь хятад улсаас 1520 литр будаг шингэлэгч худалдан авсан, түүний худалдан авсан будаг шингэлэгчийг шүүгдэгч Ш.Б нь өөрийн 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар тээвэрлэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.

Нийслэлийн Прокуророос шүүгдэгч Ш.Б-г  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай будаг шингэлэгчийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн М.Ш-г 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай будаг шингэлэгчийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ш.Б нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, шүүгдэгч М.Ш нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдан авсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Ө “...Ш.Б нь хятад улсын талаас ачиж тээвэрлэж Монгол улсад оруулж ирсэн ачаа бараа нь “Будаг шингэлэгч” гэсэн бөгөөд зүгээр ачаад оруулаад өгчих, хүн тосоод авчихна, ямар нэгэн асуудал байхгүй гэж хятад улсын талаас ачуулсан Өвөрмонгол хүн нь хэлсэн байсан. Тэгэхээр нь Ш.Б зүгээр юм байх гэж ойлгоод ачиж ирсэн бөгөөд Монгол улсын хил дээр саатуулагдсан байсан. Ачсан будаг шингэлэгч нь хуванцар савтай, гадна талдаа ямар нэгэн хаяг шошго байхгүй, тэмдэглэгээ байхгүй...” гэсэн, гэрч Г.А “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын баталсан хуваарийн дагуу хяналт шалгалт хийх явцад 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаас тухайн автомашины жолоочийн мэдүүлснээр “Будаг шингэлэгч” гэх 10 литрийн хуванцар саванд савласан 152 ширхэг нийт 1520 литр савны гадна талд ямар нэгэн хаяг, шошгоны тэмдэглэгээ хийгдээгүй шингэн зүйл илэрснийг зохих журмын дагуу автомашиныг автозамын шалган нэвтрүүлэх боомтын хашаанд саатуулж дараагийн хуваарийн байцаагч Ө.Т-д шилжүүлэн өгсөн... будаг шингэлэгч бодис нь Монгол Улсын шадар сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар “Их эрсдэлтэй барааны жагсаалт”-нд хамаардаг ба импортоор оруулах тохиолдолд аж ахуйн нэгж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зайлшгүй тусгай зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Иргэнд бол зөвшөөрөхгүй...” гэсэн, гэрч Ө.Т “...тухайн бодисыг Гаалийн салбар лаборатор шинжилгээнд хүргүүлэхэд уг бодисын найрлага нь Methanol-methanylene chloride /0,810/ гэсэн байсан ба гарал үүслийн код нь органик уусгагч буюу 3814.00.00 ангилалд хамаарч байсан. Энэ нь будаг шингэлэгчийн ерөнхий бүлгийн код юм. Тэгэхээр тухайн бодис нь хортой бодис бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тусгай зөвшөөрлөөр оруулж ирэхийг зөвшөөрдөг... аж ахуйн нэгж химийн хортой бодис импортлох үед Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл зайлшгүй шаарддаг. Иргэнд химийн бодисыг тусгай зөвшөөрлөөр импортлох эрх байхгүй. Тухайн бодис хурц үнэртэй, өнгөгүй, тунгалаг шингэн бодис бөгөөд хэрвээ хүний арьсанд хүрвэл амьсгалын системийг цочроож гэмтээх аюултай...” гэсэн, гэрч Ч.О “...2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 334/104 дугаартай “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын ерөнхий зүйлд 2.1.4.6 дахь хэсэгт “Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 500 мл эсхүл 500 граммаас бага хэмжээтэй уусгагч, мөн 2.1.4.11 дэх хэсэгт “Жижиглэн борлуулах зориулалтаар савалсан ахуйн болон гоо сайхны химийн бодис, шингэнүүдэд тусгай зөвшөөрөл шаардахгүй” байхаар тусгасан. Харин үүнээс их хэмжээгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол тусгай зөвшөөрөл шаардагддаг...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.Б, М.Ш нарын улсын хилээр нэвтрүүлсэн будаг шингэлэгч нь Монгол Улсын шадар сайдын 2014 оны 07 сарын 30-ны өдрийн 60 дугаар тушаалын “их эрсдэлтэй импортын бараа”-ны жагсаалтанд ордог ба Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл заавал авч улсын хилээр нэвтрүүлэх атал тусгай зөвшөөрөл авалгүйгээр шүүгдэгч нар нь нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, худалдан авсан байна. Шүүгдэгч нарын уг үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ш.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, шүүгдэгч М.Ш-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Б, М.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Б, М.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай шингэн бодисыг устгаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/11 дугаар тогтоолоор 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч Ш.Б-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх ба шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Ш-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдан авсан гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Ш.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-г 8000 /найман мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгийн торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Ш-д оногдуулсан 8,000,000 /найман сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Ш нь 8,000,000 /найман сая/ төгрөгийн нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч М.Ш, Ш.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай шингэн бодисыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 1,800,000 төгрөгийн үнэ бүхий 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш, Ш.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.Н