Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/16

 

Ц.Г*******, Б.Ц******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Анх-Ирээдүй

Яллагдагч Ц.Г*******, Б.Ц*******

Яллагдагчийн өмгөөлөгч М.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэний даргалж хийсэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/174 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Г*******, Б.Ц******* нарт холбогдох эрүүгийн 2515000000009 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн Х******* овогт Ц*******гийн Г*******, 

 

Монгол улсын иргэн,

Урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар,

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Т******* овогт Б*******рын Ц*******.

 

Яллагдагч Ц.Г******* нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчимд Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н******* ” гэх газарт бэлчиж байсан адуун дээрээ очиход адуун сүрэгт нь нийлсэн байсан тус сумын иргэн Ц.Агийн 1 тооны хээр зүсмийн, шүдлэн насны байдсыг идшиндээ хэрэглэх зорилгоор хулгайлж, өөрийн түр амьдарч байгаа гэх Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутагт орших “С” гэх газарт нутаглах иргэн П.Б*******рын өвөлжөөн дээр адуугаа авчирч, мөн өдрийн 14-15 цагийн орчимд Б.Ц*******тай бүлэглэн, түүнтэй хамтран махалж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Б.Ц******* нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14-15 цагийн орчимд Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “С” гэх газарт нутаглах өөрийн төрсөн эцэг П.Б*******рын өвөлжөөн дээр Ц.Г*******гийн хулгайлж авчран махалж идшиндээ хэрэглэх гэж байсан 1 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж түүнтэй бүлэглэн адууг махлахад тусалж дэмжин хамжигчаар хамтран оролцож хохирогч Ц.Ад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Яллагдагч Ц.Г*******, Б.Ц******* нарт холбогдох эрүүгийн 2515000000009 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр   Булган аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Г*******, Б.Ц******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан толгой хэгсийг нь 6 сураар сүлжиж хийсэн, төмөр амгаатай, мяндсан жолоотой хазаар 1 ширхгийг прокурорын газарт хүргүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Мөнхтуяа нь бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ." гэж заасан ба анхан шатны шүүх “А-" ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/01/26 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл нэмэлт ба дахин шинжээч томилох эрхтэй байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хууль 5.2.8. дугаар зүйлд "шинжээч дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцна. ..." гэж заасан байх тул шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан түүний дүгнэлтийн үндэслэлийг өөрөөр нь тайлбарлуулах боломжтой юм.

2.Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “.. Тодруулбал яллагдагч Б.Цыг яллагдагч Ц.Г*******гийн нэг адууг хулгайлсны дараа гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлажээ. Хэрэгт цугларсан баримтуудаар яллагдагч Б.Ц******* нь урьдчилан амлаж Ц.Г*******г гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. ..." гэж шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарын гэм буруутайд эсэхэд урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэснийг зөрчсөн байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/Ш3/174 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Прокурор Г.Анх-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн байхад 11.1 дүгээр зүйл гэж бичиж хүндрүүлсэн гэх нөхцөл байдал яригдаж байна. Үүнийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар эсэргүүцэлдээ дурдаагүй. Учир нь техникийн шинжтэй алдаа гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүгчийн захирамжид ч мөн адил яллагдагчийн нэрийг Ц гэж буруу бичсэн буюу техникийн шинжтэй алдаа гаргасан нөхцөл байдлууд гарсан.

Техникийн шинжтэй алдаа гаргасан нөхцөл байдлаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр тайлбарласан. Харин шүүхээс Ц.Г*******гийн хулгайлж авчран махалж идшиндээ хэрэглэх гэж байсан 1 тооны адууг мэдсээр байж  түүнтэй бүлэглэн адууг махлахад тусалж дэмжин хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна гэж үзсэн байдаг. Прокурорын яллах дүгнэлт гэдэг нь уг гэмт хэргийг үйлдсэн байна гэдэг саналыг шүүхэд гаргаж байгаа нэг хэлбэр юм. Үүнд дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эсвэл хэрэг бүртгэлтийн шатанд хэрэг нээхэд үл холбогдох нотлох баримтуудыг шалгаж, шийдвэрлэсэн. Прокурорын гаргасан алдааг зөвтгөх боломжтой. Иргэний баримтаар тооцсон тогтоолыг хүчингүй болгож, тухайн нотлох баримтыг эзэмшигчид нь буцаан олгох шаардлагатай. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нотлох баримтаас шүүх хасаж тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаас хасуулах саналаа гаргаж, шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой нөхцөл байдлыг тусгасан байна. Уг нотлох баримтыг цаашдаа гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө биш, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө биш. Зөвхөн өөрийнх нь унаж явсан шүдлэн үрээний хазаар учраас Ц.Г*******д уг хазаарыг буцаан олгох эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэх шаардлагатай байна.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

Яллагдагч Ц.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч Б.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч М.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд 3 үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх шаардлага байна гэж үзсэн. Үүнд яллагдагч Б.Ц*******ын хувийн байдлыг тогтоохдоо хүндрүүлэн шийдсэн байсан. Үүнийг прокурор хүлээн зөвшөөрч байсан. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болоход прокурорын зүгээс хувийн байдлыг тогтоосон нөхцөл байдлаа өөрчилсөн учраас яллах дүгнэлтэд бичигдсэнийг шүүх өөрчлөх боломжгүй гэдэг байдлаар шүүгчийн захирамж гаргасан. Ц.Г*******гийн унаж явсан морийг хазаарласан хазаарын үнэлгээ хэрэгт ач холбогдолгүй байсан бол холбогдогчоор мөнгө төлүүлж шинжилгээ хийлгэх ямар шаардлага байсан юм гэдэг асуудал гарч ирсэн. Тухайн хазаар хэрэгт ач холбогдолтой гэж үзээд мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заагдсан ажиллагаануудыг хийсэн учраас зөрүүтэй байна гэх байдлаар хандсан... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн бодит үйл баримтыг тогтоох нөхцөл байдал алдагдах ёсгүй гэх үүднээс шүүх үнэлж, эргэлзээгүй байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан гэж үзэж байна. Шүүхээс яллагдагч Б.Ц*******ыг Ц.Г*******тай 1 адуу хулгайлсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн атлаа хамжигчаар буюу Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйл 1 дэх хэсгийг журамласан байгаа нь буруу байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Гэм буруугийн асуудлыг огт яриагүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан.

 

4.Анхан шатны шүүх “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  мөрдөгч, прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буц.

 

Харин яллагдагч Ц.Г*******гийн унаж явсан хүрэн үрээний хазаар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл биш бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд  хамаарахгүй  тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Г*******, Б.Ц******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх хуралдаанд прокурор Г.Анх-Ирээдүйн гаргасан “нотлох баримтаар хураагдсан хазаар нь гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө биш, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө биш. Зөвхөн өөрийнх нь унаж явсан шүдлэн үрээний хазаар учраас Ц.Г*******д уг хазаарыг буцаан олгох эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэх боломжтой” гэх тайлбар үндэслэлтэй байх тул дээрх хазаарт үнэлгээ дахин хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.Иймээс прокурор О.Мөнхтуяагийн бичсэн “шүүх А- ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/01/26 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл нэмэлт ба дахин шинжээч томилох эрхтэй гэх эсэргүүцэл үндэслэл бүхий болоогүй байна.

 

7.Прокурорын эсэргүүцэлд мөн анхан шатны шүүх ... Хэрэгт цугларсан баримтуудаар яллагдагч Б.Ц******* нь урьдчилан амлаж Ц.Г*******г гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. ..." гэж шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарын гэм буруутай  эсэхэд урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.

 

Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Тодруулбал яллагдагчийн ... биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэхийг үнэн зөв тодорхойлсон байх ёстой. Үг, үсэг, тоо бүр техникийн шинжтэй алдаа биш болохыг Прокурор анхаарвал зохистой.

 

Цаашид прокурор болон анхан шатны шүүхээс аливаа техникийн шинжтэй алдааг давтан гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

 

8.Иймд давж заалдах шатны шүүхээс прокурор О.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокурор О.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/174 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ц.Г*******, Б.Ц******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧИД                                Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                               Л.ХИШИГДЭЛГЭР