Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/02320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин байх Т******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* тоот хаягт оршин суух, У******* овогт Х*******гийн Б******* /РД:*******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ****** тоот хаягт оршин суух, Ч******* овогт А*******ы Б******* /РД:/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,419,549.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ихэржаргал оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч Х.Б*******, А.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,419,549.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Х.Б*******, А.Б******* нар нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Т******* ХХК-тай дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан бичил бизнесийн зориулалтаар 25,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй зээлж авсан.

Банкны зүгээс Зээлийн гэрээ-ний 2.1.3 дахь заалтын дагуу 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Х.Б*******ийн Т******* дахь тоот дансанд 25,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн.

Хариуцагч нар нь дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2.2.1, 2.2.3 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т******* ХК-д ноцтой хохирол учруулж байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, талуудын байгуулсан дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,240,665.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,904,601.7 төгрөг, хуримтлагдсан хүү 238,505.97 төгрөг, нийт 17,419,549.23 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Манай ээж, аав хоёр нэг байгууллагатай гэрээ хийгээд одоо хүртэл мөнгөө авч чадаагүйн улмаас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ жилийн хувьд ногоонуудаа гайгүй хураагаад зооринд хийсэн. Нэг барьцаа хөрөнгө нь манай дүүгийн нэр дээр байгаа. Дүүдээ энэ талаар хэлэхэд Тийм зүйл байхгүй. Та зээлээ хурдан төлж дуусга. гэсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгө нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаагүй байсан. Харин зээлийн хүүгээс хасагдсан байсанд гомдолтой байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 254,047.75 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Т******* ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/60 тоот албан бичиг, Т******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгч Х.Б*******ийн гаргасан хүсэлт, дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, Х.Б*******, А.Б******* нарын гаргасан хүсэлт, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг, Орхон сум, ****** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай зоорийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 93 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, мемориалын баримт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг ирүүлсэн.

Хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар: Б.Ут олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х.Б*******, А.Б******* нар нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Т******* ХХК-тай дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан бичил бизнесийн зориулалтаар 25,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зөрчиж, гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл 15,240,665.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,904,601.7 төгрөг, хуримтлагдсан хүү 238,505.97 төгрөг, нийт 17,419,549.23 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгө нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаагүй, харин зээлийн хүүгээс хасагдсан байсанд гомдолтой байна. Зээлийн нэг барьцаа хөрөнгө нь манай дүүгийн нэр дээр байгаа. Дүүдээ энэ талаар хэлэхэд Тийм зүйл байхгүй. Та зээлээ хурдан төлж дуусга. гэсэн гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Т******* ХК, хариуцагч Х.Б*******, А.Б******* нар 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т******* ХК нь Х.Б*******, А.Б******* нарт 25,000,000 төгрөгийг газар тариалангийн зориулалтаар, 40 сарын хугацаатай, сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүгийн хүүг эргэн төлөлтийн дагуу хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тохиролцоотойгоор зээлүүлэх, зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төл*******р харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-8/

4.2. Улмаар, талууд харилцан тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн хугацааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгаж, зээлдэгч нь нэмэлт гэрээ байгуулах үед 21,300,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсныг баталгаажуулжээ. /хх-ийн 16/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй.

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Т******* ХК нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Х.Б*******т шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 17/

4.4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төл*******р гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч нараас үндсэн зээл 15,240,665.64 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,904,601.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,775.92 төгрөг, хуримтлагдсан хүү 35,775.92 төгрөг, нийт 17,419,549.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зээлийн тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.

Иймд шүүх, хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгаас хариуцагч нарын төлөх үүргийг тодорхойлоход зээлдэгч Х.Б*******, А.Б******* нар нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 21,300,000 төгрөг, зээлийн хүү 9,032,432.47 төгрөг, нийт 30,332,432.47 төгрөг төлөх үүрэгтэй байснаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 26,588,987.05 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т******* ХК нь зээлийн гэрээний 2.2.7-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ. гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг эхэлж төлүүлэх зарчмаар хариуцагч нарын төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүд суутгаж, хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 15,240,665.64 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

5. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. гэж тус тус заасан байна.

Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээнэ.

Харин гэрээний хугацаа дууссан 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хариуцагч нарын төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ., 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасны дагуу эхний ээлжинд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлүүлэх зарчим баримтална.

Гэрээний 2.2.7-д заасан Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ. гэх талуудын тохиролцоо нь гэрээний хугацаанд төлөгдвөл зохих төлбөрт үйлчлэх бөгөөд харин гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болсноос хойш бодогдох нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг төлсөн төлбөрөөс эхэлж хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4-т заасантай нийцэхгүй.

Харин нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлөлт бүрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү тооцож шаардах эрхтэй.

7. Хариуцагч Х.Б*******, А.Б******* нар нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 12,343,161.96 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг дээрх зарчмын дагуу 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 15,240,665.64 төгрөгөөс эхний ээлжинд үндсэн зээлийн төлбөрөөс хасаж, үлдэх төлбөрт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоход хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 5,462,301.48 төгрөг, зээлийн хүүд 2,908,898.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 581,779.26 төгрөг төлөх үүрэгтэй байна.

8. Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Б*******, А.Б******* нараас хуримтлагдсан хүүгийн төлбөрт 238,505.97 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч талуудын байгуулсан зээлийн гэрээнд хуримтлагдсан хүүгийн талаарх тохиролцоо тусгагдаагүй, Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд хуримтлагдсан хүү-гийн талаарх зохицуулалт байхгүй, нэхэмжлэгч нь уг хуримтлагдсан хүүг хэрхэн тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т******* ХК-ийн хариуцагч Х.Б*******, А.Б******* нараас нэхэмжилсэн 238,505.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр, хариуцагч Х.Б*******, А.Б******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5,462,301.48 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,908,898.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 581,779.26 төгрөг, нийт 8,952,979.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,466,570.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

10. Талууд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Х.Б*******, А.Б******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд:

- зээлдэгч Х.Б*******ийн өмчлөлийн, нэгж талбарын ******* дугаартай, гэрчилгээний ****** дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- зээлдэгч Х.Б*******, А.Б******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай, хувийн сууц,

- Б.Дын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, ****** тоот хаягт байрлах, ногоо хадгалах зориулалттай, 60-70 тонны зоорь зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-10, 73-75/

 

Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан.

11. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцаа хөрөнгө нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох боловч түүний зөвшөөрөл шаардлагатай.

Талуудын байгуулсан дугаартай барьцааны гэрээний барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* тоот хаягт байрлах, ногоо хадгалах зориулалттай, 60-70 тонны зоорийн өмчлөгч нь Б.Д болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Т******* ХК-ийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Дыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул Б.Дын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.

Харин хариуцагч Х.Б*******, А.Б******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Х.Б*******ийн өмчлөлийн, нэгж талбарын ******* дугаартай, гэрчилгээний ****** дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч Х.Б*******, А.Б******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Б.Дод холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдъя.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Б*******, А.Б******* нараас 8,952,979.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,466,570.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б*******, А.Б******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд хариуцагч хариуцагч Х.Б*******ийн өмчлөлийн, нэгж талбарын ******* дугаартай, гэрчилгээний ****** дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч Х.Б*******, А.Б******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.Б*******, А.Б******* нарт холбогдох, Б.Дын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* тоот хаягт байрлах, ногоо хадгалах зориулалттай, 60-70 тонны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Т******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,047.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 220,615 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ