| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01991/И |
| Дугаар | 307/ШШ2025/02316 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2025/02316
2025 11 28 307/ШШ2025/02316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, ****** тоот хаягт оршин суух, Ж******* овогт Н*******ийн Э******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Ж******* овогт Н*******ийн Э******* /РД:ЛЮ69062121/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Э*******,
Хариуцагч: Н.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнгөншүр оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э******* нь хариуцагч Н.Э*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Э******* би Дархан-Уул аймагт 1 өрөө байранд амьдарч байгаад уг байраа 3 өрөө байраар сольсон. Улмаар уг 3 өрөө байрандаа амьдарч байгаад зарж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах 2 өрөө байр худалдаж авсан.
Би энэ байраа түрээсэлж байгаад 2001 оноос дүү Н.Э*******ыг тухайн ү?д ажилгүй байсан учраас түрээс төлөхгүй амьдраг гэж бодоод байрандаа суулгаж, өөрөө нөхрийн хамт аав, ээждээ туслахаар хөдөө мал дээр гарсан. Би Н.Э*******аас байраа суллаж өгөхийг шаардахад Та байрныхаа төлбөрт аав, ээжээс мал авсан. гэж хэлээд гарахгүй байгаа. Намайг хөдөө очиход аав, ээж маань мал өгсөн. Гэхдээ уг малыг байрны оронд өгч байгаа гэж хэлээгүй. Миний хувьд 20 жилийн турш ээж, аав болон ах, дүү нарынхаа малыг малласан. Аав, ээжээс 2 дахь удаагаа мал өгөхөд нөхөр Сэлэнгэ аймгийнх учраас Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Тухайн өгсөн малыг нь худалдаж, байшингийн материал худалдан авч, аав, ээждээ байшин барьж өгсөн байдаг.
Би тухайн үед Н.Э*******ыг Энэ байранд суувал суу гэж хэлснээс биш түүний ярьсан шиг дуудсан зүйл байхгүй. Ирэхгүй гэсэн бол би тухайн үед түрээслээд явж болох байсан.
Мөн Н.Э******* нь миний байрны гэрчилгээг авчихаад өгөхгүй, өөрийн нэр дээрээ болгох гээд явж байсныг би мэдээд шүүхээр явж байж хуучин гэрчилгээг нь хүчингүй болгож, шинээр өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан.
Иймд хариуцагч Н.Э*******аас Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2001 оны 6 дугаар сард Улсын багшийн их сургуулийг математикийн багшаар төгсөөд хөдөө аав, ээж дээрээ байж байхад эгч Н.Э******* надад Чи Дарханд байгаа манай 2 өрөө байрыг ав. Би хөдөө аав, ээжээс мал авна. гэж хэлсэн. Улмаар би 2001 оны 8 дугаар сард Дархан-Уул аймагт ирсэн. Намайг Дарханд ирэхэд эгч Н.Э*******, хүргэн ах Тайванхүү нар Байрыг чиний нэр дээр шилжүүлэхэд чиний паспорт байхгүй байгаа болохоор Н.Э******* эгчийн нэр дээр шилжүүлсэн. гэж хэлсэн.
Н.Э******* нь хөдөө очоод Дүүдээ байраа өгчихлөө. Оронд нь мал авъя. гээд 2001 оны мал тооллогоор хүссэн мал, хөрөнгөө авсан. Н.Э*******ыг 2001 онд хөдөө очиход манай хүргэн Содном-Иш, өөрийн аав, ээж, 1 ах, 4 дүүгийн хамт аав ээжтэй хамт малаа маллаж байсан учраас ямар нэгэн малчны хэрэгцээ байгаагүй.
Н.Э******* нь хөдөө очоод ямар ч зарлагагүй, бүх юмаа аав ээжээр бэлдүүлээд өөрийн малаа маллаж байгаад хэдэн жилийн дараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу шилжсэн. Тэндээ 2-3 жил болоод Сэлэнгэ аймаг руу малаа туугаад ирцгээсэн. Сэлэнгэд бас 2-3 жил болсон байх. Буцаад мал хөрөнгөө дуусгаад Сүхбаатар аймгийн Наран сум руу очсон. Бас л миний нэрийг бариад мал хөрөнгө авсан. Мөн Н.Э******* нь хүүгээ Япон явахад Одоо байраа Н.Э*******ын нэр дээр шилжүүлнэ. гэж худал хэлээд 5,000,000 төгрөг авсан байдаг. Ээж, аав маань үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдлэг, мэдээлэл муу байдаг. Би ч шилжүүлчихнэ гэж тайван бодож явсан.
Миний хувьд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхэд их мөнгө ордог гэж боддог байсан учраас дараа нь шилжүүлнэ гэж бодож байсан.
Би Байраа өөрийн нэр дээр шилжүүлье. гэхэд Н.Э******* Миний нэр байгаа тохиолдолд чи санаа зовох юмгүй. гэдэг байсан. Н.Э******* эгчийг 2015 онд манайд ирэхэд нь би Байраа нэр рүүгээ шилжүүлж авах талаар ярихад эгч Э*******ы нэр рүү шилжүүлсэн гэж хэлсэн.
Анхнаасаа миний бичиг баримт энд байсан бол ямар ч асуудалгүй миний нэр дээр шилжигдэж ирэх, нөгөө талаасаа аав ээж хоёр маань намайг байртай болгох гэж мал хөрөнгөө өгсөн учраас энэ байр бол миний худалдаж авсан байр юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, нэмэлт тайлбар ирүүлсэн.
3.2. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар ирүүлсэн.
3.3. Хариуцагчийн хүсэлтээр гэрч Н.Э*******аас мэдүүлэг авч, бичлэгт үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцанд дүү Н.Э*******ыг түр хугацаанд түрээсийн төлбөр авахгүйгээр амьдруулсан боловч Н.Э******* нь уг байрыг худалдан авсан гээд өгөхгүй байгаа тул орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уг байрыг эгч Н.Э*******аас худалдаж авсан. Байр худалдаж авсан төлбөрийг эцэг, эх маань малаар төлсөн. Тухайн үед байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх гэтэл бичиг баримт байхгүй байсан тул эгч Н.Э*******ы нэр дээр шилжүүлсэн. Түүнээс хойш би ажил ихтэй, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд мөнгө их ордог гэж бодож байсан учраас шилжүүлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууц нь 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Н.Э*******ы өмчлөлд худалдах худалдан авах гэрээгээр, 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Н.Э*******аас Т.Б*******, Н.Э*******, Э.Ж******* нарын өмчлөлд бэлэглэлийн гэрээний дагуу шилжин бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, орон сууцны бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
4.2. Хариуцагч Н.Э******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцанд 2001 оноос хойш амьдарч байгаа үйл баримтад талууд маргаагүй.
5. Талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Н.Э******* бөгөөд хариуцагч Н.Э******* нь тус байранд 2001 оноос хойш амьдарч байгаа үйл баримтад маргаагүй.
Харин талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчаас уг орон сууцаа буцаан шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана." гэж заасан.
Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109 болон 110 дугаар зүйлд заасанчлан хөрөнгө олж авч байгаа этгээд өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууц нь 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Н.Э*******ы өмчлөлд, 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т.Б*******, Н.Э*******, Э.Ж******* нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Н.Э*******, хариуцагч Н.Э******* нарын хооронд хуулийн дээрх шаардлагад нийцсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсонгүй.
7. Түүнчлэн, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үздэг.
Худалдах-худалдан авах гэрээний хувьд худалдагдаж байгаа эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба энэ төрлийн гэрээний үнийг гэрээний талууд шууд тодорхой тохиролцож тогтоох эсхүл үнэ тодорхойлох арга, хэрэгслийн талаар хэлэлцэн тогтоох буюу эдгээр хоёр замаар үнэ тодорхойлогдоно.
Харин үнийг тогтоож тохиролцоогүй, эсхүл үнэ тогтоох арга хэрэгслийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй гэж үзэх ба энэ тохиолдолд тухайн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан, орон сууцны төлбөрийг миний эцэг эх төлсөн гэж тайлбарласан боловч тухайн орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь тодорхойгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хэдийгээр гэрч Н.Э******* мэдүүлэгтээ ...Н.Э******* би дүүдээ байраа өгнө гээд аав, ээжээс мал авч байсан. 2000 онд 100 гаруй тооны мал, 2006 онд 40 гаруй тооны мал өгсөн, 2015 онд 4-5 сая төгрөг өгсөн... гэж мэдүүлсэн боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11.-т зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдана. Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан сиди-нд үзлэг хийхэд Н.Э*******тай утсаар ярьж буй хүнийх нь яриа сонсогдохгүй байсан тул уг үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодроогүй.
Иймд шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч Н.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцаа буцаан авах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тодорхойлоход Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг үндэслэн хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Уг зохицуулалтыг үндэслэл болгож шаардах эрх хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн байх учиртай.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Э******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд хариуцагч Н.Э******* нь эзэмшлээ хууль ёсны болохыг нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч Н.Э*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ