| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0847/Э |
| Дугаар | 916 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Д,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Энхбуйр /ҮД:0970/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, өсвөр насны Б.Б нарт холбогдох 1806 01655 0885 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.Д /РД:
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 20 оны 0 сарын 0-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 41 дүгээр байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б /РД:ДЮ
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Д, өсвөр насны Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны урд талын Түргэн үйлчилгээний цэгт насанд хүрээгүй Б.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвдоржийн өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 21:00 цагаас 22:00 цагийн хооронд эцэг эхийн ажиллуулдаг ТҮЦ-нд ганцаараа сууж байхад гаднаас гурван хүүхэд ороод ирсэн. Гаднаас орж ирсэн 3 хүүхдийн 2-ынх нь зүсийг би танина. Нэг залууг нь харж байсан гэхдээ нэрийг нь мэдэхгүй. Тэр гурав орж ирээд надтай мэндлээд шууд лангуу тойрч орж ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохиод үсдэж унагаагаад доош дараад элэг рүү цохисон. Намайг тэндээс үсдэж босгоод дэлгүүрийн үүд рүү гаргаад дэлгүүрийн хойд тал руу үсдээд явж байхад миний эгч Баясгалан таксинаас буугаад намайг хараад орилсон чинь намайг зодож байсан хүүхдүүд гурван тийшээ салаад зугатаасан... Билэгсайхан орж ирээд шууд намайг үсдэж дараад миний нүүр лүү гараараа 2 удаа цохиод үсдэж чирээд намайг газар унагаасан. Билэгсайхан анх ТҮЦ-ний үүдэнд орж ирэхэд араас нь Дөлбаяр болон үл таних хүүхэд 2 араас нь орж ирсэн байсан. Намайг Билэгсайхан шалан дээр унагаасан. Дөлбаяр, Билэгсайхан нар миний дээрээс дэвссэн. Дэвсэж байгаад Билэгсайхан, Дөлбаяр 2 хоорондоо намайг авч гараад ТҮЦ-ний ард талд зодъё гэж ярилцаж хоёулаа намайг үсдэж босгосон. Тэгээд намайг үсдсэн чигээр гадагшаа гархад би хажуу талын ТҮЦ-ийн цагаан өнгийн хаалганаас зуураад дагаж явахгүй гэж хэлээд тэмцэлдэж байхад миний ах, эгч 2 хүрээд ирсэн. Тэд нар гурван тийшээ зугатаасан... Дөлбаяр, Билэгсайхан 2 гэмтэл учруулсан. Үл таних хүүхэд зодоонд оролцоогүй... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10,77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баясгалангийн өгсөн: “... миний ээжийн ажиллуулдаг... ТҮЦ-ний гадаа зодоон болж байсан... дүү Пүрэвдорж зодуулж байгааг харсан. Би шууд таксигаа зогсоогоод буугаад хөөе гээд дуудтал миний дүү Пүрэвдоржийг зодож байсан 2 хүүхэд, бас хажууд нь хараад зогсож байсан 1 хүүхэд 3 тийшээ зугатаагаад яваад өгсөн. Би дүү дээрээ очоод дүүгээ дагуулаад ТҮЦ-рүү ороход эд хогшил нурсан, эмх замбараагүй байсан. Миний дүү Пүрэвдоржийн толгой, нүүр, гар хувцас гээд бүх зүйл нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2792 дугаартай дүгнэлтэд: “... Б.Пүрэвдоржийн биед зүүн чигчий хурууны алга ясны далд зөрөөгүй хугарал, хамар, зүүн хацарт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дын яллагдагчаар өгсөн: “... нүүр номны чаатаар чааталж байхдаа Билэгсайхан, Пүрэвдорж 2 маргалдсан. Маргалдаж байгаад Билэгсайхан Пүрэвдоржтой уулзах уу гэж асуусан. Пүрэвдорж уулзахгүй гэж хэлээд хэл амаар доромжилсон. Тэр үед Билэгсайхан надаас Пүрэвдоржийн байгаа газар очих уу гэж асуухад би зөвшөөрөөд бид 2 Билэгсайханы гэрээс гараад явсан. Бид 2 Пүрэвдоржийн байгаа газар болох 14 дүгээр байрны урд байрлах Орос хүнс нэртэй ТҮЦ-рүү явж байгаад замдаа Чинбаяртай тааралдсан..., Бид 3 Орос хүнс нэртэй ТҮЦ дээр ирээд эхлээд Чинбаяр, Билэгсайхан 2 орсон. Би гаднаас цонхоор харж байсан ба Билэгсайхан, Пүрэвдорж 2 зодолдож эхлэхээр нь би шууд гүйж ороод Билэгсайхантай нийлж байгаад Пүрэвдоржийг зодсон...” гэх мэдүүлэг /хх.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Бы яллагдагчаар өгсөн: “... Би ТҮЦ-нд түрүүлж ороод Пүрэвдоржтой түрүүлж мэндлээд хүний араар яагаад муулаад байгаа юм бэ гэж хэлээд лангууны араар орсон. Би лангууны араар ороод шууд Пүрэвдоржийн хөл рүү өшиглөсөн. Энэ үед Пүрэвдорж босож ирээд миний хацар руу цохисон. Тэр үед хамт явж байсан Дөлбаяр хажуу талаар орж ирээд Пүрэвдоржийн нүүр рүү цохисон. Бид нар хоорондоо барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Энэ үед гаднаас Чинбаяр орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.71- 72/,
Шүүгдэгч Б.Бы төрсөний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл /хх.35-36/,
Шүүгдэгч нарын урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.38,45/,
Улаанбааатар их сургуулийн тодорхойлолт /хх.52/,
Хөгжилийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар /хх.57-58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Б.Д, өсвөр насны Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны урд талын түргэн үйлчилгээний цэгт насанд хүрээгүй Б.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвдоржийн өгсөн: “... Билэгсайхан орж ирээд шууд намайг үсдэж дараад миний нүүр лүү гараараа 2 удаа цохиод үсдэж чирээд намайг газар унагаасан. Билэгсайхан анх ТҮЦ-ний үүдэнд орж ирэхэд араас нь Дөлбаяр болон үл таних хүүхэд 2 араас нь орж ирсэн байсан. Намайг Билэгсайхан шалан дээр унагаасан. Дөлбаяр, Билэгсайхан нар миний дээрээс дэвссэн. Дэвсэж байгаад Билэгсайхан, Дөлбаяр 2 хоорондоо намайг авч гараад ТҮЦ-ний ард талд зодъё гэж ярилцаж хоёулаа намайг үсдэж босгосон. Тэгээд намайг үсэдсэн чигээр гадагшаа гарахад би хажуу талын ТҮЦ-ийн цагаан өнгийн хаалганаас зуураад дагаж явахгүй гэж хэлээд тэмцэлдэж байхад миний ах, эгч 2 хүрээд ирсэн. Тэд нар гурван тийшээ зугатаасан... Дөлбаяр, Билэгсайхан 2 гэмтэл учруулсан. Үл таних хүүхэд зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баясгалангийн өгсөн: “... дүү Пүрэвдорж зодуулж байгааг харсан. Би шууд таксигаа зогсоогоод буугаад хөөе гээд дуудтал миний дүү Пүрэвдоржийг зодож байсан 2 хүүхэд, бас хажууд нь хараад зогсож байсан 1 хүүхэд 3 тийшээ зугатаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2792 дугаартай дүгнэлт /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дын яллагдагчаар өгсөн: “... Би гаднаас цонхоор харж байсан ба Билэгсайхан, Пүрэвдорж 2 зодолдож эхлэхээр нь би шууд гүйж ороод Билэгсайхантай нийлж байгаад Пүрэвдоржийг зодсон...” гэх мэдүүлэг /хх.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Бы яллагдагчаар өгсөн: “... Би лангууны араар ороод шууд Пүрэвдоржийн хөл рүү өшиглөсөн. Энэ үед Пүрэвдорж босож ирээд миний хацар руу цохисон. Тэр үед хамт явж байсан Дөлбаяр хажуу талаар орж ирээд Пүрэвдоржийн нүүр рүү цохисон. Бид нар хоорондоо барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Энэ үед гаднаас Чинбаяр орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.71- 72/,
Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Д, өсвөр насны Б.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Д, өсвөр насны Б.Б нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Д, өсвөр насны Б.Б Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцсон болно.
Б.Д, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь хохиролд 100,000 төгрөгийг хувь тэнцүүлж нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Пүрэвдорж нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Д, өсвөр насны Б.Б нарын “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Д, өсвөр насны Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтан оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Д, өсвөр насны Б.Б нарт зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
Б.Д, өсвөр насны Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Б.Д, өсвөр насны Б.Б нарыг тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, өсвөр насны Б.Бд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжилийн төвд, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Баттулга, эх Г.Хандмаа, хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэл нарт даалгах нь зүйтэй.
Б.Д, өсвөр насны Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус сануулж байна.
Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Д, өсвөр насны Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Д, өсвөр насны Б.Б нарт зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Д, өсвөр насны Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар, Б.Д, өсвөр насны Б.Б нарыг тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны Б.Бд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжилийн төвд, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Баттулга, эх Г.Хандмаа, хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэл нарт тус тус даалгасугай.
5. Б.Д, өсвөр насны Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 100,000 төгрөгийг хувь тэнцүүлж нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Пүрэвдорж нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Д, өсвөр насны Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР