| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2415002990057 |
| Дугаар | 2025/ДШМ/17 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/17
Б.Э*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Шижиртуяа
Шүүгдэгч Б.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Н*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э*******т холбогдох эрүүгийн 2415002990057 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б*******ын Э*******,
урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж, оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан6
Б.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2-р багт Ш*******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хохирогч Н.Н*******г нөхөртэйгөө маргалдлаа” гэх шалтгаанаар хохирогч Н.Н*******гийн “хамар, нүдний хэсэгт давтамжтай үйлдлээр цохиж зодон “...хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш мурийлт, хоёр нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, зүүн хамрын угалзны хажуу гадаргууд, хүзүүний урд дунд гадаргууд цус хуралт, зүүн хацрын дээд гадаргууд хүзүүний баруун дээд тал, зүүн завжны дотор салстад зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б******* овогт Б*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Б.Э*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Н******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Н******* нь давж заалдах гомдолдоо: “Миний бие нь 2024 оны 11 сарын 17-ны өдөр Б.Э*******т хамар, нүдний хэсэгт давтамжтайгаар зодуулж хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш мурийлттай яаралтай хагалгаанд орох заалттай боловч би 4 хүүхэдтэй ганц бие хүн учраас хагалгаанд орох мөнгө байхгүй. Б.Э*******тай 2025 оны 05 сарын 13-ны өдөр шүүх хурлаар ороод хагалгаанд орох зардал мөнгөө гаргуулна гээд шүүх хурлыг дуусгасан боловч Б.Э******* нь хагалгаа эмчилгээний зардал өгч чадахгүй гэж хэлээд өнөөг хүртэл холбоо байхгүй алга болсон тул Б.Э*******аас таславч мурийлт- 2,500,000 төгрөг 2 таславч нийлээд 5,000,000 төгрөг, хамар яс хугаралт цөмрөлт нь 3,500,000 төгрөгөөр нөхнө гэж эмнэлгээс үнэ тариф авсан. Хагалгаанд ороод 1 сар гам барьж ажил хийж болохгүй гэсэн тул миний сарын орлого 2,000,000 төгрөг, насанд хүрээгүй 4 хүүхдээ сар яаж юугаар тэжээх үү гэдгээ бодож үзээд 500,000 төгрөг 1 сарын хүнс, ингээд Н.Н******* би Б.Э*******аас 11,000,000 төгрөг нэхэмжилж давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Хагалгаанд орох зардлыг яаралтай Б.Э*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой холбоотой тайлбар байхгүй” гэв.
Прокурор П.Шижиртуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон. Учир нь хэдийгээр хохирогч гэмтэл авсан хэдий ч түүнтэй холбоотойгоор хуульд заасны дагуу нотлох баримт бүрдүүлж ирээгүй. Цаашид гарах эрүүл мэндийн зардлаа хуульд заасны дагуу баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шүүх шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх тул 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э*******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Б.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2-р багт Ш*******ын гэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хохирогч Н.Н*******тай нөхөртэйгөө маргалдлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогч Н.Н*******гийн “хамар, нүдний хэсэгт давтамжтай үйлдлээр цохиж зодон “...хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш мурийлт, хоёр нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, зүүн хамрын угалзны хажуу гадаргууд, хүзүүний урд дунд гадаргууд цус хуралт, зүүн хацрын дээд гадаргууд хүзүүний баруун дээд тал, зүүн завжны дотор салстад зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******, хохирогч Н.Н******* нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан хохирогч Н.Н*******, иргэний нэхэмжлэгч Б.А*******, гэрч П.Ү*******, Э.Б*******, П.О*******, яллагдагч Б.Э*******, шинжээч эмч Э.Д нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.Хохирогч нь “...миний бие 4 хүүхэдтэй ганц бие хүн учраас хагалгаанд орох мөнгө байхгүй... Б.Э*******аас хагалгааны үнэ, 1 сарын цалингийн орлого, хүүхдүүдээ хооллох 1 сарын хүнсний үнэ нийт 11,000,000 төгрөг нэхэмжилж байгаа зардлыг яаралтай гаргуулж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.
7.Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Н.Н******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр илэрхийлээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Э*******ыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Н.Н*******г цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө эрүүл мэндэд учирсан хохирол болох хамар ясны дотогш цөмөрсөн хугарал, хамрын таславчны баруун тийш мурийлтыг эмчлүүлсэн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эмчилгээний зардал нийт 8,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох боломжгүй. Мөн хуульд зааснаар хохирогч хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч хохирлын мөнгөн дүн нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байх ёстой.
8.Иргэний хуульд зааснаар хохирогч Н.Н******* нь шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахтай холбоотой зардал болох эмчилгээний төлбөрийг эмчилгээ хийлгэсний дараа холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол 11,000,000 гаргуулахаар өөрчлөлт оруулах нь хуульд нийцэхгүй болно.
9.Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР