Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 155

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х аймгийн Мэргэжлийн хяналтын

газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн

хяналтын улсын байцаагч  Ш.Д-д холбогдох

захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

       Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                            Д.Мөнхтуяа

                                           П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар “Үйлдвэрлэлийн хурц хордлогын тухай” дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д-д холбогдуулан гаргасан “Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Р.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч улсын байцаагч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

4. Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг /Засгийн газрын баталсан дүрмийг/ буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэхийг улсын байцаагч судлан бүртгэдэггүй. Энэ эрхийг ажил олгогчоос томилсон орон тооны бус байнгын комисс хэрэгжүүлдэг. Ингэхдээ тухайн комисс Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ажиллах аргачилсан зааврынхаа дагуу, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан ажиллагааг хийж, нотлох баримтуудыг бүрдүүлж, нягталсны эцэст шийдвэрээ гаргадаг.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг өөрөө судлан бүртгэх эрхтэй хэмээн дүгнэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг /түүнчлэн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг/ илт буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох, акт, дүгнэлт гаргах үүргийг ажил олгогчид буюу түүний орон тооны бус байнгын комисст ногдуулсан.

6. Үүнийхээ дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана” гэж, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн зохицуулалтуудыг хуульчилсан. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр  тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн” 1.6-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна, 3.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс /цаашид комисс гэх/-ыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна, Комиссын даргыг ажил олгогч томилно”, 3.9-д “Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ”, 3.10-д “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна”, 4.1-д “Комисс нь дараах эрхтэй” гэсэн зохицуулалтуудыг тус тус хуульчилсан. Хууль болон дүрмийн дээрх бүх агуулгаар улсын байцаагчид зөвхөн гарсан актыг хянах эрх хэмжээ олгогдсоноос бус өөрөө бие даан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, тогтоох эрх хэмжээ олгогдоогүй байна.

7. Гэтэл давж заалдах шатны шүүх улсын байцаагч өөрөө үйлдвэрлэлийн осол мөн, биш гэж тогтоох, судлан бүртгэх эрхтэй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэл болон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг ийм агуулгаар тайлбарлаж хэрэглэвэл тухайн хуулийн зохицуулалт, тэр дундаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед ямар шат дараатайгаар, хэн, ямар арга хэмжээ авах талаарх хууль, дүрмийн бүх зохицуулалт зөрчигдөнө. Тодруулбал, улсын байцаагчийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг өөрөө тогтоох эрхтэй гэж үзвэл; осол, хурц хордлогыг судлан бүртгэх талаар ажил олгогчид үүрэг хүлээлгэсэн хууль, дүрмийн бүх зохицуулалт, акт, дүгнэлт гаргах эрх, үүргийг орон тооны бус байнгын комисст хариуцуулсан хууль дүрмийн бүх зохицуулалт, ерөөсөө орон тооны бус байнгын комисс гэдэг эрх, үүрэг бүхий этгээдийг бий болгоод, түүний эрх хэмжээг тогтоогоод байгаа хууль, дүрмийн бүх зохицуулалт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэн, хэрхэн тогтоох, ямар ажиллагаа хийх, ямар нотлох баримт бүрдүүлэх талаарх хууль, дүрмийн бүх зохицуулалт, улмаар хянах ажлыг улсын байцаагчид ногдуулсан хуулийн зохицуулалтууд бүгд ямар ч хэрэгцээ шаардлагагүй, утга учиргүй болно.

8. Үүгээр ч зогсохгүй хэрэв улсын байцаагчийг өөрөө үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох эрхтэй гэж тайлбарлавал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогч, орон тооны бус байнгын комиссын талаар заах, зохицуулах, тэдэнд эрх, үүрэг ногдуулах огт шаардлагагүй бөгөөд осол, хурц хордлогын тохиолдол гарвал улсын байцаагч эхнээс нь дуустал өөрөө бүх ажиллагааг нь хийгээд, хянаад, шийдвэрээ гаргаад, түүнийгээ өөрөө баталгаажуулаад явах агуулгаар хууль тогтоогч хуулийг батлах байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

9. Хоёр. Ажил олгогч үүргээ хэрхэн биелүүлсэн талаар: Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Засгийн газрын баталсан дүрэмд заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд ингэхдээ мөн л Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7, 3.1.10, 3.1.20 дахь зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг буруутгасан шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн

- 3.1.5-д “үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг ойлгоно,

- 3.1.7-д “ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг ойлгоно,

- 3.1.10-д “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно,

- 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж тус тус хуульчилсан. Хуулийн эдгээр бүх агуулгаар бол тухайн болсон тохиолдлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэж үзэх эсэх хамгийн эхний шалгуур нь үйлдвэрийн хүчин зүйлтэй холбоотой байх явдал юм.

10. Хуулийн тодорхойлолтын дагуу эсрэгээрээ тухайн хүний хувийн эрүүл мэнд, хувийн эрүүл мэндийн сахилга баттай холбоотой асуудал тооцогдохгүй гэсэн агуулгатай. Тэгвэл улсын байцаагчийн дүгнэлт гаргасан хурц хордлого гэдгийг цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно гэж хуульчилсан. Задалбал, цацраг идэвхт бодис, биологийн идэвхт бодис, химийн хорт бодис гэсэн 3 төрөлд ангилсан.

11. Хуулийн ойлголтуудыг дурдаж байгаагийн шалтгаан нь, болсон явдлын тухайд ажилтан Р.Н биеийн байдал нь муудаж эмнэлэгт очсон бөгөөд эмнэлгийн байгууллага хүлээн авсан мөчөөсөө тархины цус харвалт гэсэн онош тавьж, эмчилгээ хийсэн. Эмнэлэг хордсон байна гэж оношлоогүй. Ажил олгогч нь  Р.Н-н талаарх мэдээлэл хүлээн авсан даруйд судалгаа хийж, материал цуглуулж, тэр бүү хэл ажилтан томилон эмнэлэгт сахиур хийлгэн ажилласан. Гэтэл эмнэлгээс Р.Н-д “АДИӨ, III зэрэг, тархины цус харвалт, тархины ком” гэсэн оношийг албан ёсоор 2 удаа гаргасан, улмаар артерийн даралт ихсэх өвчтэй, байнга даралт өндөр явдаг, даралтын эмээ тогтмол уудаггүй зэрэг шалтгаантай холбон тайлбарлагдсан. Архи, тамхины зүй бус хэрэглээ, таргалалт, илүүдэл жин, гэр бүлийн түүх, давс, өөх тосны хэрэглээ, хөдөлгөөний идэвхгүй байдал чухам юу нөлөөлснийг бид мэдэх боломжгүй. Болсон асуудал үйлдвэрлэлийн хүчин зүйлтэй холбоогүй, тухайн хүний хувийн эрүүл мэндийн байдалтай холбоотой болох нь тогтоогдсон тул ажил олгогчийн тухайд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх ажиллагаагаа зогсоож, энэ талаараа ажилтны ар гэр болоод Мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдсэн. Энд давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа шиг ажил олгогч үүргээ биелүүлээгүй, зайлсхийсэн асуудал огт болоогүй бөгөөд ажил олгогчийн тухайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх ойлголт, тодорхойлолтыг ягштал баримталж асуудалд хандсан. Хуулийн ойлголт, тодорхойлолтыг мөрдөн, болсон асуудалд бодитоор хандсаныхаа төлөө буруутгагдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй байна.

12. Гурав. Ажил олгогчийг үүргээ биелүүлээгүй гэж үзвэл тухайн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээс бус өмнөөс нь улсын байцаагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж болохгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж хуульчилсан.

13. Мөн Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч /осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл/ зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийг үүргээ биелүүлэхгүй, акт, дүгнэлтээ гаргахгүй байна гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх гарцыг хуульд тодорхой заасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан зохицуулалтаар ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол түүнийг нь шалгаж тогтоогоод үүргээ биелүүлэхийг даалгадаг ч юм уу, хугацаатай үүрэг даалгавар өгдөг ч юм уу, хуулийн дагуу цааш явах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилчихаад байхад ингэж явахгүйгээр улсын байцаагч өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн өөрөө үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн явдал нь хуулийн ноцтой зөрчил болсон.

14. Дөрөв. Хурц хордлого үүссэн эсэх: Дээр дурдсанчлан улсын байцаагч акт, дүгнэлт гаргах эрхтэй эсэх бол эхний асуудал. Гэтэл эрхтэй эсэхээс үл шалтгаалаад үүссэн хамгийн том маргаан бол улсын байцаагчийн актын үндэслэл буюу ажилтан хурц хордлогод өртсөн эсэх асуудал юм. Тэгвэл “М” ХХК-ийн тухайд ажилтан Р.Н-д тохиолдсон үйл явдлыг үйлдвэрлэлийн осол, эсхүл хурц хордлого гэж үзэх эсэхэд дараах нөхцөл байдал нөлөөлсөн.

15. Р.Н ямар оношоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тухайд:  Р.Н нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн биеэр Х аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд очиж үзүүлсэн байдаг. Түүнийг хүлээн авч үзлэг хийсэн эмч Яаралтай тусламжийн хуудаст гол зовиурыг “Зүүн гар, хөл бадайрна” гэж бичсэнээс гадна “Артерийн даралт 200/140” гэж тэмдэглэсэн, анхнаасаа буюу ирсэн тэр үеэс оношийг Тархины харвалттай гэж оношилсон байдаг /хэргийн 1-р хавтасны 196-197-р хуудас/. Тэгвэл хүний даралтыг;

-120/80 - Хэвийн

-130/85 - Бага зэрэг ихэссэн

-139/89 - Ихэссэн

-140/90 - Эмгэг гэж эрүүл мэндийн шинжлэх ухаанд үздэг байна.

16. Үүнтэй холбогдуулан тайлбарлахад, Р.Н-н эхнэр Б.Х Улсын 1-р төв эмнэлэгт өгсөн асуумждаа /хэргийн 1-р хавтас, 91-р хуудаст/ Р.Н-г ...даралт ихэсдэг болоод 3-4 жил болж байгаа, ихэвчлэн 160 байдаг, даралт бууруулах эм уудаггүй байсан, хааяа loserdenk 50мг уудаг байсан болохыг тодорхойлсон. Ажил олгогчийн тухайд Р.Н-н талаар мэдээлэл ирсэн даруйд судалгаа хийж эхэлсэн боловч Р.Н-г хүлээн авсан, эмчилгээ хийсэн эмнэлгийн байгууллага болох Х аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв цус харвалт гэсэн урьдчилсан онош тавьсан, улмаар “АДИӨ, III зэрэг тархины цус харвалт тархины ком” гэсэн оношийг албан ёсоор гаргасан. Энэ нь үйлдвэрлэлийн хүчин зүйлтэй хамааралгүй ердийн өвчин эмгэг байсан тул ажил олгогч үйлдвэрлэлийн осол, эсхүл хурц хордлого гэж үзэх боломжгүйд хүрч судалгааны ажлыг зогсоосон болно.

17. Х аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь Р.Н-д 2019 оны 12 дугаар сарын 09-25-ны өдрийн хооронд эмчилгээ хийхдээ Аалзан хальсны доорх цус харвалт оношоор эмчилгээ хийсэн талаар шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1/307 тоот албан бичгээр тодорхойлолт ирүүлсэн нь хэргийн 155 дугаар хуудаст хадгалагдаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг Р.Н-д 2018.12.25-2019.01.15-ны өдрийн хооронд 161 буюу тархины цус харвалт оношоор эмчилгээ хийсэн талаарх тус эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2/1240 тоот тодорхойлолт, нотлох баримтууд хэргийн 89-92  дугаар хуудсуудад хадгалагдаж байна. Р.Н нь 2019.01.15-2019.01.23-ны өдрийн хооронд үүсгэгч нь тодорхойгүй пневмони /J18-Хатгаа, уушгины үрэвсэл/ оношоор, 2019.01.25-2019.02.11-ний өдрийн хооронд “Тархины цус харвалт оношоор” тус тус хэвтэн эмчлүүлсэн талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №01/898 тоот тодорхойлолт, баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь хэргийн 132-147-р хуудаст хадгалагдаж байна.

18. Р.Н нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019.04.04-ний өдрийн шийдвэрээр 163 буюу Тархины шигдээс оношоор, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан: Ердийн өвчин гэж тогтоогдсон талаарх Х аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №687 тоот тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0163539 тоот акт хэргийн 187-188-р хуудаст хадгалагдаж байна. Р.Н нь 2019.04.17-2019.04.26-ны хооронд 1-61.1 буюу Тархины цус харвалтын үлдэц оношоор хэвтэн эмчлүүлсэн талаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1/286 тоот тодорхойлолт, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь хэргийн 168-171-р хуудаст хадгалагдаж байна.

19. Р.Н-н эхнэр Б.Х-гийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “...Р.Н-н биеийн байдал сайжирсан, өөрөө бие даан бүх зүйлийг хийж, ярьж, явж байгаа, бие сайжраад нутаг буцах болсон...” талаарх тодорхойлолт хүсэлт, хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн баримтуудын хамт хэргийн 1-р хавтасны төгсгөл, 2-р хавтасны эхэнд хадгалагдаж байна. Эдгээрийг зориуд, цаг хугацааны дарааллаар дурдаж байгаагийн шалтгаан нь Р.Н хувийн эрүүл мэндийн шалтгаанаар буюу үйлдвэрлэлийн хүчин зүйлтэй хамааралгүй байдлаар өвдөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, ийм л бодит нөхцөл байдал байсан. Дээрх төрийн болоод хувийн хэвшлийн мэргэжлийн бүх том эмнэлгүүд ажилтан Р.Н-г хордсон байна гэж нэг нь ч дүгнээгүй. Нэгэнт хордсон гэж дүгнээгүй, хордоогүй тул хордлогын ямар нэг эмчилгээ хийгээгүй бөгөөд тархины цус харвалт гэсэн оношдоо тохирох эмчилгээг бүгд хийсэн. Онош зөв байсан, түүндээ таарсан эмчилгээ хийсний нотолгоо нь өнөөдөр ажилтан Р.Н-н биеийн байдал сайжраад, хэвийн байдалд орчихоод явж байгаа явдал бол үүний хамгийн том нотолгоо. Гэтэл давж заалдах шатны шүүх улсын байцаагчийн хурц хордлого гэж үзсэнийг зөв гэж дүгнэсэн.

20. Өөрөөр хэлбэл Улсын 1-р төв эмнэлэг, 3-р төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс зэрэг нарийн мэргэжлийн олон байгууллагуудын онош, дүгнэлт, эмчилгээг үгүйсгэсэн, тэс хөндлөн шийдвэр гаргасан. Нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх, асуудалд хандах үүрэгтэй шүүгч, шүүх маань тэр ч бүү хэл “эмч, эмнэлгийн байгууллага хордлогыг тогтоож чадахгүй, хордлогыг тогтоох багаж байхгүй болохоор л тархины цус харвалт гэж дүгнэсэн байна” гэхчлэн уран сэтгэмж давамгайлсан, хэт мушгин гуйвуулсан дүгнэлт хийж мэргэжлийн бус, хариуцлагагүй байдлаар асуудалд хандсан.

21. Монгол Улсын бүх том эмнэлгүүд хордсон хүнийг хордсон гэж оношилж, тухайн оношдоо тохируулж буюу хордсон хүнд хордлого тайлах, хордлогын эсрэг эмчилгээ хийхээс бус давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаачлан хордсон хүнд тархины гэсэн онош тавьж эмчилгээ хийнэ гэдэгт би огт итгэхгүй байна. Анхнаасаа тархинд цус харвасан гэж оношилж, түүндээ тохирсон эмчилгээ хийсэн бөгөөд хордсон гэж оношлоогүй, хордлогын эмчилгээ хийгээгүй эмнэлгүүдийн онош зөв байсан гэдэг нь өнөөдөр гарсан үр дүнгээр нь нотлогдоно. Түүнээс биш давж заалдах шатны шүүхийн тайлбарласанчлан хордсон хүнд бүх эмнэлгүүд буруу эмчилгээ хийсэн бол өнөөдөр ямар үр дүн гарчихсан байхыг мэргэжлийн 1 шүүгч хүн ойлгохгүй гэдэгт би итгэхгүй байна. Эцэст нь ирсэн өвчтөнийг оношлох асуудал бол эмч хүний, эмнэлгийн байгууллагын хамгийн түрүүний үндсэн эрх, үүрэг. Гэтэл нарийн мэргэжлийн мэдлэг шаардагдах асуудал, эмч, эмнэлгийн тавьсан онош, хийсэн эмчилгээг шүүгч, шүүх байгууллага дүгнэж, бүр өөрчилж, өөрийн дураар тайлбарлаж байгааг хэзээ ч зөвтгөж болохгүй бүдүүлэг алдаа тул үүнийг хяналтын шатны шүүх залруулна гэдэгт итгэлтэй байна.

22. Тав. Үйлдвэрлэлийн хурц хордлого тогтоосон дүгнэлт, магадлалын хууль зүйн алдаа, зөрчил: Дээр дурдсанчлан Р.Н нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд артерийн даралт ихсэх өвчин, тархины цус харвалт  гэсэн оношуудаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан боловч Х аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцох тухай дүгнэлт гаргасан, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлал, улсын байцаагчийн дүгнэлт аль аль нь албан ёсны бүх нотлох баримтуудаас зөрүүтэй, хууль зөрчиж, үндэслэлгүй байдлаар гарсан.

23. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг хэлнэ гэж хуульчилсан. Хурц хордлого гэж юуг хэлэх талаарх хуулийн энэ зохицуулалтаас харвал хурц хордлого нь:

- Цацраг идэвхт бодис,

- Биологийн идэвхт бодис,

- Химийн хорт бодис гэсэн 3 төрөлд хуваагдаж байх бөгөөд эдгээр төрөл тус бүр нь цааш хэдэн мянга, хэдэн сая нэршил, бүлэг, нэгдэл, төрөл болон задарч байна. Тэгвэл хуулийн шаардлага ёсоор хүнийг хурц хордсон гэж үзэж байгаа бол улсын байцаагч цацраг идэвхт бодис, биологийн идэвхт бодис, химийн хорт бодисуудын алинаас нь, тэдгээр дотроо юу гэж нэрлэгддэг, ямар бодист, хэр хэмжээгээр, хэрхэн хордсон бүх шалтгаан нөхцөл, нөхцөл байдлыг тодорхойлсон байх ёстой боловч ийм хариултыг дүгнэлтдээ ч, шүүхэд ч өгч чадаагүй болно. Нөгөө талаас Р.Н бүхий л эмнэлгүүдэд Артерийн даралт ихсэх өвчин, тархины цус харвалт оношуудаар хэвтэн эмчлүүлсэн бөгөөд, аль ч шатны эмнэлэг түүнийг хордсон, хурц хордсон гэж оношлоогүй байхад зөвхөн улсын байцаагч, давж заалдах шатны шүүх хоёр л ийм дүгнэлт хийсэн.

24. Давж заалдах шатны шүүх болон улсын байцаагч нар асуудалд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №201 тоот Үзлэгийн хамтарсан шийдвэрийг үндэслэсэн талаар дурдсан ч тухайн нотлох баримтыг агуулгынх нь эсрэг ашиглан дүгнэлтийн үндэслэл болгосон.

- Тухайн хүний хийж байгаа ажил болон бохирын машины жолооч нь гадаа орчинд ажилладаг буюу байгалийн хүчил төрөгчтэй орчинд ажилладаг учраас мэргэжлээс шалтгаалах угаарын хийн өвчин үүсэх мэргэжил биш юм...,

- Мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын архаг хордлого гэж үзэх боломжгүй... гэж, түүнчлэн

- Улсын байцаагчийн карбоксигемоглобин 17,3% илэрсэн гэж ашигласан хэсэгт 0-20% хооронд байхыг хэвийн хэмжээ гэж,

- Угаартсан даруйд 24 цагийн дотор угаарын хийн шинжилгээ хийгдэх нь угаарын хийн хурц хордлогыг илрүүлэх оношийн ач холбогдолтой байдаг гэж тус тус дүгнэсэн.

25. Түүнчлэн Р.Н-д эмчилгээ хийсэн Х аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч Т.Э-ийг шүүх дуудан гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд тухайн гэрч:

- даралтыг нь үзэхэд 200/120-той байсан,

- цус харвалт гэж урьдчилсан онош тавьсан,

- эмчилгээний явцад компьютер томографийн шинжилгээ, нугасны усны шинжилгээ, бусад лабораторийн шинжилгээгээр аалзан хальсан доорх цус харвалт гэдэг нь тогтоогдсон,

- Аалзан хальсны доорх цус харвалтын үндсэн шалтгаан нь байнгын даралт ихсэлттэй явдаг, даралтын эмээ зааврын дагуу хэрэглэдэггүйтэй холбоотой гэхчлэн мэдүүлгүүд өгсөн.

26. Дээрх бүх нөхцөл байдал нь Р.Н-г хурц хордлогод өртсөн гэх улсын байцаагчийн дүгнэлт, түүнийг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгэж байгааг анхаар ч үзэхийг хүсье. Тэр бүү хэл давж заалдах шатны шүүх дүгнэлт хэсэгтээ “...ажилтан Р.Н-н цусанд карбогсигемоглобин 17,3 хувь илэрсэн байх бөгөөд энэхүү хэмжээ тухайн үед /хордлогод орох үед/ үүнээс хэд дахин их байх боломжтой байжээ...” гэж дүгнэснийг онцгойлон анхаарч өгнө үү.

27. Давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр карбогсигемоглобин 17,3 хувь байгаа нь тохиолдол болох үед буюу 4 сар буюу 120 хоногийн өмнө ямар хэмжээтэй байсныг яаж мэдээд байгааг ойлгохгүй байна. 120 хоногийн өмнө 50 байсан юм уу, 100 байсан юм уу гэдгийг яаж мэдээд байгаа юм. 120 хоногийн өмнө эсрэгээрээ харин ч бага 0,0 байсан ч юм уу, бүр хасах утгатай буюу -0,10 байсан ч юм уу, 10 байсан ч юм уу давж заалдах шатны шүүх далдыг хардаг мэт яаж ингэж дүгнээд байна вэ. Магадгүй 2018.12.09-нд 0,00 байсан карбогсигемоглобин 120 хоногийн дараа буюу 2019.04.08-нд:

-  өвлийн улирал,

- аймгийн төв, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлоос болоод 17,3 болсон юм уу

- энэ олон сарын хугацаанд олон удаагийн ЭХО болон РЕНТГЕН, МRI аппаратад орсноос болж үүссэн юм уу,

- олон төрлийн эмчилгээ, антибиотик хэрэглэснээс болж үүссэн юм уу яаж мэдээд байгаа юм. Тэр бүү хэл мэргэжлийн эмнэлгийн байгууллага үүн дээр хариулт өгч чадаагүй байхад шүүх үүнийг дүгнэнэ гэдэг яав ч байж боломгүй явдал юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон энэ асуудлыг тодруулж болох боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад ийм ажиллагаа хийгдээгүй.

28. Карбогсигемоглобин гэдэг нь биологийн идэвхт бодис, цацраг идэвхт бодис, химийн хорт бодисуудын алинд хамаарах, тэр нь юунаас болоод үүссэн, одоо ямар хэмжээтэй байгаа, өмнө хэмжээтэй байх боломжтой зэргийг нотлох баримтаар тогтоогоогүй байхад шүүх хэрэгт ямар ч эх сурвалж байхгүй, нотлох баримт байхгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг буруутгаж байгааг зөвшөөрөх боломжгүй юм.

29. Зургаа. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого тогтоох эрхийг хэн хэрэгжүүлэх талаар практик: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл, холбогдох дүрмээр хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх эрхийг осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисст олгосон. Улсын байцаагчид зөвхөн гарсан дүгнэлтийг хянах эрх хэмжээг олгосон байтал Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь өөрөө бие даан хурц хордлого гэж тогтоосон нь хууль зөрчсөн юм. Энэ талаар компани урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан гомдол гаргахад: “...өвчний оношийг тодруулах замаар хурц хордлогод тооцох эсэхийг ...танай байгууллагын орон тооны бус комисс судалж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн хариулт өгч, агуулгаараа анхан шатны улсын байцаагчийн үйлдлийг буруутгасан болно.

30. Гэвч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхээс гадна хууль тогтоомжийн зохицуулалтыг хэрэглэх буруу жишиг тогтоох нөхцөл байдал үүссэнийг залруулж өгнө үү. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

31. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, мөн холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс болж шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

32. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3.“Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах; 29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь хурц хордлогын дүгнэлтийг огт гаргах эрхгүй гэж үзэхээргүй байна.

33. Учир нь, дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-ийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргахаар байгаа нь агуулгын хувьд өөрөө “бие даасан” дүгнэлт гаргах эрхтэй байна.

34. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг “...дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалт хийж хурц хордлогын дүгнэлт гаргах эрхтэй албан тушаалтан биш...” гэж дүгнэн маргаан бүхий актыг бүхэлд нь үгүйсгэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

35. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээний талаар зохицуулахдаа 29.3-т үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянахаар тусгайлан зохицуулсан байхад анхан шатны шүүх уг хуулийн 33 дугаар зүйл буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт” гэсэн ерөнхий зохицуулалт /33 дугаар зүйлийн 33.2.5, 33.3.9/-ыг үндэслэн “хурц хордлогын дүгнэлт гаргах бүрэн эрхийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид олгоогүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5. “... хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх” зарчмыг зөрчсөн байна.

36. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

37. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг зассан боловч “...Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн 101 тоот албан бичигт дурдсанаар “М” ХХК-ийн бохирын машины жолооч ажилтай Р.Н-ийн цусанд карбоксигемоглобин 17.3 хувь илэрсэн нь байх бөгөөд энэхүү хэмжээ тухайн үед /хордлогод орох үед/ үүнээс хэд дахин их байх боломжтой байжээ. Нөгөө талаар цусанд агуулагдах карбоксигемоглобины хэмжээг шинжлэн тогтоох багаж төхөөрөмж Ховд аймагт байхгүй тул зөвхөн тархины цус харвалт гэсэн шалтгаанаар хордоогүй байсан гэж үзэх боломжгүй...” гэх зэргээр шүүхийн шалган шийдвэрлэх боломжгүй тусгай мэдлэг, мэргэжил шаардсан асуудлаар “мэргэжлийн байгууллагын өмнөөс” дүгнэлт хийсэн нь буруу, энэ утгаараа уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 24-28-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

38. Тухайлбал, маргаан бүхий актын үндэслэл болсон /мөн давж заалдах шатны шүүхийн үнэлсэн нотлох баримт болох/ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 201 тоот /үүнийг маргаан бүхий акт болон давж заалдах шатны шүүхийн магадлалд 101 гэж буруу бичсэн/ “Үзлэгийн хамтарсан шийдвэр хүргүүлэх тухай” албан бичигт “... Тухайн хүний хийж байгаа ажил болон бохирын машины жолооч нь гадаа орчинд ажилладаг буюу байгалийн хүчил төрөгчтэй орчинд ажилладаг учраас мэргэжлээс шалтгаалах угаарын хийн өвчин үүсэх мэргэжил биш юм. Хүнд хортой нөхцөлд ажилласан хугацаа цөөн буюу 2 жил, 1 сар байгаа нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын архаг хордлого гэж үзэх боломжгүй байна. Карбоксигемоглобин 17% /хэвийн 0-20%/ гарсан нь угаартсанаас 2 сарын дараа хийгдсэн. Угаартсан даруйд 24 цагийн дотор угаарын хийн шинжилгээ хийгдэх нь угаарын хийн хурц хордлогыг илрүүлэх оношийн ач холбогдолтой юм... цаашид үйлдвэрийн осол буюу угаарын хийн хурц хордлогыг судалж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэсэн байхад хариуцагч яагаад “цусанд карбоксигемоглобин 17% илэрсэн учир хурц хордлогод тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

39. Иймээс хариуцагчаас маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон 201 тоот албан бичигт цусан дахь карбоксигемоглобин /0-20% хэвийн/ гэсэн байхад 17.3 хувь илэрснийг хэвийн хэмжээнээс хэтэрсэн буюу хурц хордлогод хүргэсэн гэж дүгнэсэн үндэслэлийг тодруулах, карбоксигемоглобин 0-20% бол хэвийн гэж тооцдог ямар нэгэн стандарт, хэм хэмжээ байдаг эсэх, угаартсанаас хойш 2 сарын дараа карбоксигемоглобин 17% байгаа нь угаартах үед түүнээс их буюу хурц хордлогод хүргэх боломжтой гэж үзэх шинжлэх ухааны үндэслэл зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй.

40. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт болох гуравдагч этгээд Р.Н-н Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт буюу /1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал/ уг үйл баримтын талаар “...гуравдагч этгээд “ердийн өвчин” гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох болсон нь “М” ХХК-иас өөрөөс нь шалтгаалсан байна. Ямар нэгэн үйлдвэрлэлийн осол мөн эсхүл биш талаар тогтоосон ямар ч акт гараагүй нөхцөлд тухайн хүн ердийн өвчнөөр л хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд хэмжээгээ тогтоолгосныг буруутгах боломжгүй” гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй ч, гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаачлан “хэрэв маргаан бүхий акт буюу байцаагчийн дүгнэлт хэвээр үлдвэл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээг тогтоолгохоор дахин акт гаргуулах боломжтой” гэх тайлбарыг тодруулах, өөрөөр хэлбэл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хэмээх мэргэжлийн байгууллага нь хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлтийг үндэслэн өмнө нь гаргасан актаа өөрчлөх, дахин акт гаргах боломжтой эсэх, эсхүл байцаагчийн дүгнэлт байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, түүний хувь хэмжээг мэргэжлийн үндсэн дээр /тухайн хүний биеийн байдал, эмч, эмнэлгийн онош, шинжилгээг үндэслэн/ бие даан гаргадаг эсэхийг тодруулах нь зүйтэй.

41. Хяналтын шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ч.ТУНГАЛАГ

         ШҮҮГЧ                                                                         Г.БАНЗРАГЧ