Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/02253

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байх, С п ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** хаягт оршин суух, Г овогт Ж*******гийн Э******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,507,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С п ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С п ББСБ" ХХК нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "С п" аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч Ж.Э******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "С п" аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал,

- 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг,

- 500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг;

- 1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог.

Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.

Ж.Э******* нь "С п" аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1,340,000 төгрөгийн ******* дугаартай худалдан авалтыг (Zary.mn мерчинтын online)-с хийж төлбөрөө 45 хоногт 4 хуваах нөхцлөөр төлөхөөр, эхний төлөлт 335,000 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

*******

Авсан/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Худалдан авалт

1,340,000

335,000

1,005,000

Торгууль

60,000

 

60,000

Алданги

442,200

 

442,200

Нийт

1,842,200

335,000

1,507,200

Ж.Э*******аас С п аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 1,507,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ж.Э******* нь С п ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,507,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 502,400 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 502,400 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 502,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

С п ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж*******гийн Э******* /РД:*******/-аас С п аппликейшнээр дамжуулан хийсэн ******* тоот худалдан авалтын үнийн дүн нийт 1,507,200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,507,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн байна. Үүнд:

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 502,400 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 502,400 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 502,400 төгрөгийг төлнө гэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээр хуваарийг зөвшөөрч, эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С п ББСБ ХХК нь хариуцагч Ж.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,507,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С п ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинзаяа, хариуцагч Ж.Э******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ж.Э******* нь 1,507,200 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 502,400 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 502,400 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 502,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. С п ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Э*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,507,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Гэрэл ассемоур файн финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинзаяа, хариуцагч Ж.Э******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ж.Э******* нь 1,507,200 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 502,400 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 502,400 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 502,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,065 төгрөгөөс 19,532.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 19,532.5 төгрөгийг, хариуцагч Ж.Э*******аас 19,532.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С п ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ