Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Өд холбогдох 1803 00488 0270 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, У   19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын халаалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, С дүүргийн  дугаар хороо,  дүгээр гудамжны А тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Ц.Өд /РД:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Ө нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Асем Велла хотхоны баруун замд 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 45 минутын үед Мазда Демо маркийн 17-41 УБР улсын дугаартай автомашиныг жолооодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч 2 настай Ө.Төгстөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Холбоо трэйд ХХК-д 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Өсөхсарангийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ургах наран хороололд Шагдар гэх ахынхаа гэрт нөхөр Өлзийжаргал, дүү Өсөх-Оргил болон 2 хүүхдийн хамтаар очиж хоноод маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим харих гээд Ургах наран хорооллоос гарсан юм. Ургах наран хорооллоос гарахдаа 17-41 УБР улсын дугаартай Мазда Демо машинтай явсан бөгөөд уг машиныг манай нөхөр Өлзийжаргал бариад төрсөн дүү Өсөх-Оргил урд суудал дээр нь манай хүүхэд болох 2 настай эмэгтэй Төгстөгөлдөрийг тэврээд, би арын суудал дээр 5 настай охин Төгс-Ариунтай суугаад Баянзүрх дүүргийн 11-р хороо “Асем-Велла” хотхоны арын замаар замын 1 дүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байгаад замын эргэлтэн дээр замаасаа гараад машины урд гол хэсгээр шон мөргөсөн юм... манай төрсөн хүүхэд 2 настай эмэгтэй Төгстөгөлдөрийн баруун хөл нь гэмтсэн өөр ямар нэгэн гэмтэл шарх авсан хүн байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Өсөх-Оргилын өгсөн: “...Ургах наран хорооллоос гарахдаа 17-41 УБР улсын дугаартай Мазда Демо машинтай гарсан. Уг машиныг манай хүргэн ах Өлзийжаргал бариад би урд суудал дээр нь 2 настай эмэгтэй Төгстөгөлдөрийг тэврээд, арын суудал дээр манай төрсөн эгч Өсөхсаран 5 настай охин Төгс-Ариунтай суугаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Асем Велла хотхоны арын замаар явж байгаад замын эргэлтэн дээр замаасаа гараад машины урд гол хэсгээр шон мөргөсөн юм. Тэгээд машинаасаа гараад ирэхэд миний өвөр дээр сууж явсан 2 настай эмэгтэй Төгстөгөлдөрийн баруун хөл нь гэмтсэн өөр ямар нэгэн гэмтэл шарх авсан хүн байгаагүй... харагдах орчин чөлөөтэй, машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7287 дугаартай дүгнэлтэд:

“1. Ө.Төгстөгөлдөрийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөгчийн 95 дугаартай магадлагаанд “... 17-41 УБР улсын дугаартай Мазда Демо маркийн автомашины жолооч Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Өын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Асем Велла хотхоны арын замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байгаад замын эргэлтэндээ хурдаа тохируулж яваагүйгээс болоод замаасаа гараад машины урд гол хэсгээр гэрэлтүүлгийн шон мөргөсөн. Тухайн үед бороо орж байсан болохоор хурдаа тохируулаагүй юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.43-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Ө нь Баянзүрх дүүргийн 11-р хороо “Асем-Велла” хотхоны баруун замд 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 45 минутын үед Мазда Демо маркийн 17-41 УБР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч 2 настай Ө.Төгстөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Өсөхсарангийн өгсөн: “...замын эргэлтэн дээр замаасаа гараад машины урд гол хэсгээр шон мөргөсөн юм... манай төрсөн хүүхэд 2 настай эмэгтэй Төгстөгөлдөрийн баруун хөл нь гэмтсэн өөр ямар нэгэн гэмтэл шарх авсан хүн байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Өсөх-Оргилын өгсөн: “...замын эргэлтэн дээр замаасаа гараад машины урд гол хэсгээр шон мөргөсөн юм. Тэгээд машинаасаа гараад ирэхэд миний өвөр дээр сууж явсан 2 настай эмэгтэй Төгстөгөлдөрийн баруун хөл нь гэмтсэн өөр ямар нэгэн гэмтэл шарх авсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7287 дугаартай дүгнэлт /хх.26/,

Мөрдөгчийн 95 дугаартай магадлагаа /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Өын яллагдагчаар өгсөн : “... Асем Велла хотхоны арын замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байгаад замын эргэлтэндээ хурдаа тохируулж яваагүйгээс болоод замаасаа гараад машины урд гол хэсгээр гэрэлтүүлгийн шон мөргөсөн. Тухайн үед бороо орж байсан болохоор хурдаа тохируулаагүй юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.43-44/

Шүүгдэгч Ц.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ц.Өын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Өыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Өын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Ц.Ө нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Өсөхсаран нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Өын “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Өын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Өд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Ц.Өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Өсөхсаран нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР