Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1103

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Цд холбогдох 1806 05122 1354 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төмөр хийц” ХХК-д гагнуурчин, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандангийн амын 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Ц.Ц /РД:МЛ91050911/,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар гудамжны 91 тоотод оршин суух иргэн Д.Солонгыг гэрт нь хүүхэд харсангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Солонгын өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим манай нөхрийн ах Цэрэнням манай гэрт орж ирээд чи ямар сүртэй юм бэ? ганц өдөр хүүхэд харж чадахгүй байна уу? гээд уурлахаар нь би танай хүүхдийг хоёр гурав хоног харлаа одоо би ажилтай учир танай хүүхдийг харж чадахгүй гэж хэлсэн чинь уурлаад баруун 1 нүд рүү гараараа хоёр удаа цохиод, би ноцолдсон чинь намайг гараараа хоолой боогоод хана мөргүүлээд би ноцолдож байгаад тавиулсан чинь зурагтын урьд талд газар байсан отверкыг авч ална гээд дайрахаар нь би айгаад гэрээс хөөгөөд гаргасан... Баруун нүдний доор хөхөрсөн, хоолой боосон, ноцолдож байхад гарын шуу хэсэг улайж хөхөрсөн байсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.9-10/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ичинхорлоогийн өгсөн: “...Манай нөхөр өрөөсөн гуталтайгаа гараад ирэхээр нь би гутлаа яасан юм гэж асуусан чинь эднийд үлдээчихлээ гэхээр нь яасан юм гэж асуухад Солонгоо олон юм яриад байхаар нь би цохичихлоо гэж хэлэхээр нь яах гэж тэгсэн юм, чи өшиглөсөн юм уу гэж асуухад үгүй гарах гэж байхад гутал мултраад үлдчихсэн гэхээр нь би дахин асуухад үгүй над руу Солонго отверка бариад дайрахаар нь тэрийг нь тавиулах гэж нэлээн ноцолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.13/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цын гэрчээр өгсөн: “... би баруун гараа атгаж байгаад зүүн хацарт нь нэг удаа цохиод хүүхдээ аваад гарах гэхэд миний хойноос би чамайг дүүгээр чинь нохой шиг зодуулна, дүүгээр чинь чамайг алуулна гээд чарлаад байхаар нь үүдний хаалгаар савсан чинь цохисон. Чухам хаашаа нь хаалгаар савж цохисныг би хараагүй юм. Тэгээд хүүгээ аваад гэртээ харьсан... Намайг цохих үед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байх. Бусад гэмтэлүүдийг хаалгаар савж цохих үед учирсан байх гэж бодож байна. Учир нь би гарахдаа хаалгаар савж цохичихоод харалгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.15-16/;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7086 дугаартай: “Д.Солонгын биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт, хүзүүний баруун доод хэсэг, цээжний өвчүүний дээд хэсэгт цус хуралт, хүзүүний урд доод хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн мөрний дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, зүүн далны дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх.18/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цын яллагдагчаар өгсөн: “...Надад ямар нэгэн санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг гэрт нь ороход Солонго миний өөдөөс хэл амаар доромжлоод байсан, урьд өмнө манай гэрт ирээд намайг мөн адил хэл амаар доромжлон салаавч гаргаад байсан асуудал нь бодогдоод уурандаа тухайн үедээ би ийм асуудал гаргачихлаа...” гэх мэдүүлэг /хх.32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар гудамжны 91 тоотод оршин суух иргэн Д.Солонгыг гэрт нь хүүхэд харсангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Солонгын өгсөн: “...би танай хүүхдийг хоёр гурав хоног харлаа одоо би ажилтай учир танай хүүхдийг харж чадахгүй гэж хэлсэн чинь уурлаад баруун 1 нүд рүү гараараа хоёр удаа цохиод, би ноцолдсон чинь намайг гараараа хоолой боогоод хана мөргүүлээд би ноцолдож байгаад тавиулсан чинь зурагтын урьд талд газар байсан отверкыг авч ална гээд дайрахаар нь би айгаад гэрээс хөөгөөд гаргасан... Баруун нүдний доор хөхөрсөн, хоолой боосон, ноцолдож байхад гарын шуу хэсэг улайж хөхөрсөн байсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.9-10/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ичинхорлоогийн өгсөн: “...Солонгоо олон юм яриад байхаар нь би цохичихлоо гэж ... хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.13/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цын гэрчээр өгсөн: “...би баруун гараа атгаж байгаад зүүн хацарт нь нэг удаа цохиод хүүхдээ аваад гарах гэхэд миний хойноос би чамайг дүүгээр чинь нохой шиг зодуулна, дүүгээр чинь чамайг алуулна гээд чарлаад байхаар нь үүдний хаалгаар савсан чинь цохисон... Намайг цохих үед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байх. Бусад гэмтэлүүдийг хаалгаар савж цохих үед учирсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7086 дугаартай дүгнэлт /хх.18/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цын яллагдагчаар өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг гэрт нь ороход Солонго миний өөдөөс хэл амаар доромжлоод байсан, урьд өмнө манай гэрт ирээд намайг мөн адил хэл амаар доромжлон салаавч гаргаад байсан асуудал нь бодогдоод уурандаа тухайн үедээ би ийм асуудал гаргачихлаа...” гэх мэдүүлэг /хх.32/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ц.Цын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Цын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Д.Солонго нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 Хохирогч Д.Солонго нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Ц.Цыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Цын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Ц.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Солонго нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР