| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1072/Э |
| Дугаар | 1104 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Б холбогдох 1806 03773 1324 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, Б дүүргийн 0 дугаар хороо, Хуандайн хэсгийн дүгээр гудамжны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх А.Б /РД:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Холбоо толгойн задгай тоотод гэр бүлийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Чинтуяаг галын төмрөөр гарын шуу, сарвуу хэсэг рүү олон удаа цохиж мөн зүүн гуя орчим газар луу үзүүртэй зүйлээр хатган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чинтуяагийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цахилгаан станцьн ард задгай тоотод байх найз Гантөмөрийн гэрт би, миний нөхөр А.Б, Батжаргал, мөн Ээдэн гэх хүний хамт тавуулаа өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй архи уусан юм. Өнөөдөр 22:00 цагийн орчим Гантөмөрийн гэрт унтаж байхад манай нөхөр Баасандорж шалтгаангүй галын төмөр барьж хоёр гарын шуу, сарвуу хэсэг рүү олон удаа цохиж мөн зүүн гуя орчим газар руу ямар нэг үзүүртэй зүйлээр хатгасан. Мөн намайг үсдэж чирээд байхаар нь би Гантөмөрийн гэрийн ард амьдардаг хөрш Чимгээ гэх эмэгтэйг гуйж цагдаа дуудсан... Баасандоржид зодуулсанаар 2 гарын шуу, сарвуу их хавдсан, янгинаж өвдөнө, зүүн гуяндаа гурван оёдол тавиулсан... хоёр хоногийн өмнө мөн Гантөмөрийн гэрт байхад согтуугаар нүүр нүдгүй цохин зодож нүүр толгой хэсэгт их гэмтэл учруулсан. Миний баруун зүүн шанаа хавдаж хөхөрсөн... хамт амьдарч байх хугацаанд Баасандорж нь намайг байнга зодон дарамталж байсан... Өнөөдөр намайг зодсон болон 2 хоногийн өмнө зодсон шалтгаан нь би түүнээс салъя гэж хэлсэнээс болж тэр уурлаж намайг зодох болсон...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантөмөрийн өгсөн: “... намайг хэвтэж байхад Баасандорж, Чинтуяа хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 574 дугаартай дүгнэлтэд:
“1 .Чинтуяагийн биед зүүн шилбэний хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүд, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Б яллагдагчаар өгсөн: “... би Бэрхийн боргио гэдэг дэлгүүр лүү явж 5000 төгрөгний Хандгай гэдэг 0.75 литрийн архи аваад бид гурав хувааж ууцгаасан... Ганаа ахын охин орж ирээд таньд хүн өрөө өгч байна шүү гэж хэлээд 10,000 төгрөг өгсөн. Тэрийг Ганаа ах надад өгөөд архи аваад ир гэхээр нь би хэдэн шил архи авах юм бэ гэж асуухад 2 шил архи аваад ир гэсэн. Би Бэрхийн боргио дэлгүүр орж 2 шил 5000 төгрөгний үнэтэй 0.75 литрийн Хандгай гэдэг архи авчирсан... тэгээд авчирсан архинаасаа нэг шилийг уугаад би согтсон... Тэгээд би хэрүүл хийж байхаар гаръя гээд гарах гэсэн чинь манай эхнэр Чинтуяа намайг гаргахгүй гээд нүүр ам самардаад чихнээс цус гарсан байхаар нь би баруун талын нүд рүү нь гараараа нэг удаа цохиод дахиад гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь галын дэгээ төмрөөр хөл рүү нь хоёр удаа цохиод гараад зугатаасан... Шөнө бид хоёр Гантөмөр ахынд унтаж байгаад эхнэр намайг сэрээгээд усанд яваад ир гэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлээд хацар луу нь хоёр алгадсан... тэгсэн Гантөмөр ах больцгоо унт гээд бид унтацгаасан юм... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн гэмтэлийг би гараараа болон галын дэгээ төмрөөр цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Шүүгдэгч А.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.30/,
Хохирогч Д.Чинтуяагийн нас барсаны гэрчилгээний хуулбар /хх.43/,
4-16 насны 4 хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх.44-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Холбоо толгойн задгай тоотод гэр бүлийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Чинтуяаг галын төмрөөр гарын шуу, сарвуу хэсэг рүү олон удаа цохиж мөн зүүн гуя орчим газар луу үзүүртэй зүйлээр хатган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чинтуяагийн өгсөн: “... Баасандорж шалтгаангүй галын төмөр барьж хоёр гарын шуу, сарвуу хэсэг рүү олон удаа цохиж мөн зүүн гуя орчим газар руу ямар нэг үзүүртэй зүйлээр хатгасан... Баасандоржид зодуулсанаар 2 гарын шуу, сарвуу их хавдсан, янгинаж өвдөнө, зүүн гуяндаа гурван оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантөмөрийн өгсөн: “... намайг хэвтэж байхад Баасандорж, Чинтуяа хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 574 дугаартай дүгнэлт /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Б яллагдагчаар өгсөн: “... би баруун талын нүд рүү нь гараараа нэг удаа цохиод дахиад гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь галын дэгээ төмрөөр хөл рүү нь хоёр удаа цохиод гараад зугатаасан... Шөнө бид хоёр Гантөмөр ахынд унтаж байгаад эхнэр намайг сэрээгээд усанд яваад ир гэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлээд хацар луу нь хоёр алгадсан... Тухайн гэмтэлийг би гараараа болон галын дэгээ төмрөөр цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
А.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар А.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир А.Б энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.Б “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Б үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.Б эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, А.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР