Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2018/00639

 

 

 

 

 

 

 

 

 

А.Мөнхнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08ы өдрийн 181/ШШ2018/00053 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Мөнхнасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-т холбогдох,

Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-ын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.Мөнхнасангийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Мөнхнасан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус төвд их эмчийн ажилд ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр халагдсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б/108 тоот тушаалаар гаргаж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2.4, 6.6.2.12 дахь заалтуудыг дурьдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байх тул миний тухайд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ямар ч тийм ноцтой зөрчил гаргаагүй. ...дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан... гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн өвчтөн үзлэгээр амин үзүүлэлтүүд бүгд хэвийн, эмнэлэг хүргэх заалтгүй байсан тул зөвлөгөө өгөөд явсан. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй болно. Мөн байгууллагын удирдлагын багийн буруу менежмент, үйл ажиллагааны алдаатай тэмцэж, эсэргүүцдэг байсан. Ингэж эсэргүүцэл илэрхийлсэний төлөө намайг 2016 оны 03 дугаар сард ажлаас халж байсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсаны төлөө шүүхээр заргалдана гэхэд буцаан ажилд авч, үндэслэлгүйгээр цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай хасах шийтгэл оногдуулж байсан. Энэ арга хэмжээ дуусаад нэг жил өнгөрч байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдоно. Миний ажлын талаар ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сануулах арга хэмжээ авсан тушаалыг хаанаас гаргаж ирсэнийг би мэдэхгүй, энэ тухай надад мэдэгдээгүй тул зөвшөөрөхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 гэсэн заалт уг хуульд байхгүй болно. Иймд Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-ын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Миний бие нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гарснаас хойш хуулбарыг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргахад шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 09497 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Үүнийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шуудангаас хүлээн авч, эхнэрээ 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баян-Овоо сумуудаар рашаан ус, шавар, эмийн эмчилгээ хийлгэж явсаар хотод ирсэн хойноо 2017 оны 09 дүгээр сарын 12-нд шүүхэд дахин хандсан. Гомдол гаргах хугацааг ийнхүү хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн нь баримтаар нотлогдох тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их эмч А.Мөнхнасан нь тус Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байхдаа удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, тухай бүрд нь хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байсан болно. Их эмч А.Мөнхнасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халах арга хэмжээ авсан юм. А.Мөнхнасан нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн н.Баярбатын татаад гэсэн дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн гүйцэд аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөх арга хэмжээ аваагүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан болно. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалаар А.Мөнхнасанд ажлаас халах сахилгын шийтгэл авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэн гаргасан бөгөөд тушаал дээр техникийн алдаа хийж 131.1.4 гэж бичигдсэн байна. А.Мөнхнасан нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг уг тушаал гарсны маргааш өдөр нь буюу 05 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан болно. Хэдийгээр хуулийн хугацаанд анх шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар хүлээн авснаас хойш тушаалыг хүчингүй болгуулахаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн байх тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд А.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-ын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 230 688 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай А.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Мөнхнасан давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан болно. Гэтэл уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээж аваагүй татгалзсан шүүгчийн захирамж гаргасан бөгөөд уг захирамжийг надад хүргүүлэхээр 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шууданд хийсэн байна. Үүнийг миний бие 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гардаж аваад миний эхнэр сэтгэцийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 60-80 хувь алдсан бөгөөд хүний байнгын асрамжинд байдаг бөгөөд хавар, намрын цагт заавал рашаан, сувилалын эмчилгээнд явдаг тул эхнэрээ аваад явах бэлтгэл хангасан байсан тул 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баян-овоо сумдуудаар аваад эмчилгээнд явчихаад ирээд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ахиад нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүхээс уг хугацааг бүтнээр нь биш ердөө 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацааг зогсоосон. Харин 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний хооронд болон 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны хооронд нийт 40 хоногийн дараа шүүхэд ахиад нэхэмжлэлийн шаардлага гаргасан явдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангалгүйгээр хэрэгсэхгүй болсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн миний бие шүүхэд дахин нэхэмжлэлээ 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нь сэтгэцийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан эхнэрээ эмчлүүлэх гээд явсан тул гэдэг хүсэлтээ хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд гаргасан. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхойгүй зүйлийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үндэслэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч А.Мөнхнасан нь хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-т холбогдуулан тус байгууллагын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хуулбар хувиар гардан авч, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2017/09497 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Хуулиар богино хугацаа тогтоосон гомдлоор авч хэлэлцэх хэргийн хувьд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодруулах боломжтой.

 

Анхан шатны шүүх дээрх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2017/09497 дугаар захирамжийг материалын хамт 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр А.Мөнхнасангийн хаягаар шуудангаар буцаасан, нэхэмжлэгч А.Мөнхнасан 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шуудангаас материалыг авсан, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд энэ нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд эхнэрээ асарсан хүндэтгэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн талаар шүүх зөв дүгнэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй нь буруу байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт нийцнэ.

 

Хэргийн 124-140 талд авагдсан З.Долзодмаагийн тэтгэврийн дэвтэр, эрүүл мэндийн байдлын талаарх эмнэлгийн комиссын шийдвэр, Аварга тосон рашаан сувилалд 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд эмчлүүлсэн тодорхойлолт, бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Мөнхнасангийн хугацаа хэтрүүлсэн үндэслэл нь хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Мөнхнасан нь хариуцагч байгууллагын захирлын 2013 оны 12 дугаар сарын 06ы өдрийн Б/81 тоот тушаалаар тус байгууллагад их эмчээр ажиллаж байгаад тус газрын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 5 дугаар сарын 13-ны өдрийн иргэн н.Баярбатын татаад гэсэн дуудлагад очоод өвчтөний зовиур, асуумжийг бүрэн гүйцэд аваагүй, үзлэг дутуу хийсэн, эмнэлэгт хүргэж өгөөгүйн улмаас эмчилгээ үйлчилгээний хожимдол бий болж өвчтөн нас барсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь хэсгийн 6.6.2.4, 6.6.2.12-д заасныг тус тус баримтлан А.Мөнхнасанг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4-6, 28, 115-121/

 

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/173 дугаар Сануулах арга хэмжээ авах тухай тушаалаар А.Мөнхнасанг эмч, сувилагч нарыг мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад ороогүй гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан гэх боловч, нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр уг тушаалыг надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй гэж тус тус тайлбарласныг хариуцагч байгууллага баримтаар үгүйсгээгүй, хэрэгт уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан гэх баримт авагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь н.Баярбат гэх хүний дуудлаганд явсан, А.Мөнхнасан очиж үзлэг хийсэн, н.Баярбат буюу Л.Баярболд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь Түргэн тусламжийн дуудлагын хуудас-аар тогтоогдож байна. /хх 53, 54, 69/

 

Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.12-д Оношлох, эмчлэх, сувилах болон яаралтай тусламжийн түгээмэл эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчсөнөөс үйлчлүүлэгч нас барах, эмчилгээ үйлчилгээний хожимдол болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлахаар заажээ. Гэвч нэхэмжлэгч нь эмчилгээ үйлчилгээний стандартад заасныг зөрчсөнөөс түүний дуудлагаар очиж үзлэг хийсэн Л.Баярболд нь нас барсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр эмч, эмнэлэгийн байгууллагын буруутай үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. /хх 98-99/

 

Ийм учраас Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.3-т Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах гэж заасныг ажил олгогч нь баримтлаагүй, ажилтны зөрчил гаргасан гэх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Түүнчлэн хэрэгт Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №22 дугаартай чанарын албаны даргын дүгнэлт авагдсан боловч нэхэмжлэгч А.Мөнхнасан нь уг дүгнэлттэй танилцсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтыг ажил олгогч Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ баримтлаагүй гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Мөнхнасанг Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-ын их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан 9 сар, ажлын 10 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт, түүний нэг сарын дундаж цалин, хөлс болох 984 123 төгрөгөөр тооцоход 9 314 837 /984 123 : 21.5 хоног = 45 713 х 10 хоног = 457 730/ төгрөг болж байгааг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул А.Мөнхнасангийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08ы өдрийн 181/ШШ2018/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Мөнхнасангийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Мөнхнасанг Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-ын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-аас ажилгүй байсан /9 сар 10 хоног/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 314 837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхнасанд олгож, нэхэмжлэгч А.Мөнхнасангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЦОГТСАЙХАН