| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ДШМ/44 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/44
2025 06 25 2025/ДШМ/44
Х.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгч Х.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Аын давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Х-н А, Монгол Улсын иргэн,
Х.А нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн А.Л-н орон байранд нэвтэрч, Dell inspirom 3530 - i50 загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч 2,472,106 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Х-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Аыг 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Аын цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.А давж заалдах гомдолдоо:
“ ... Миний бие хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо тоотод эмээ Ц.Х-н хамт хоёулаа амьдардаг. Эмээ Ц.Х маань 68 настай надаас өөр харж хандах хүнгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 2 жилийн хорих ялыг маань 1 жил болгож өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.А тайлбартаа: ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т тайлбартаа: ... Өмгөөлөгчийн хувьд Х.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Аын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн сумын баг тоотод оршин суух иргэн А.Л-н орон байранд нэвтэрч, Dell Inspiron 3530 i5 загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.472.106 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч А.Л-н “ ... 2024 оны 04 дүгээр сарын эхээр А над руу холбоо барьж байгаад манайд ирж нэг хоносон. Энэ үеэр нь би цонхондоо ялаа шумуулны тор хийлгэнэ гэж ярьж байсан чинь А ” би хийгээд өгье, 100 айл барилгын материалын зах ороод аваад ирье, чи надад түлхүүрээ үлдээчих” гэж хэлсэн. Тухайн үед би түлхүүрээ үлдээгээд явсан. Тухайн өдөр намайг ажил дээр байж байх үед А нь надад гэрийн түлхүүрийг хүргэж өгсөн. Надаас “цонхны тор хийлгэнэ” гэж 30.000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж авсан боловч тор хийлгээгүй байсан ... би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу явсан ... ,
... гэрийн түлхүүрээ ажлын газрын дүү болох Б-д муураа хооллуулах гээд үлдээгээд явсан ... Б над руу залгаад “танай гэрт нэг хүн ирчихсэн унтаж байна, ах чинь ирэх юм уу” гэж асуухад нь “би ямар ч хүн ирэх ёсгүй, өөр хүнд түлхүүр байхгүй, буцаж ороод хэн гэдгийг нь харуул даа” гэж хэлээд чатаар залгаж тухайн хүнийг нь харсан чинь А согтуу унтаж байсан ... Б түүнээс яаж орсон талаар асуусан чинь “надаас авсан” гэж хэлсэн байсан. Тухайн үед Аыг гаргаж явуулаад түлхүүрийг нь авсан байсан ... би хотоос ирээд эд зүйлээ шалгасан чинь миний DELL INSPIRON 3530 загварын нөүтбүүк нь цэнэглэгчтэйгээ байхгүй байсан ... миний гэрийн түлхүүрийг хувилж авсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 29/,
дахин өгсөн “ ... би Атай үерхэж байгаагүй, ... манай гэрийг аймар бохир болгочихсон байсан ... тэгээд би хотоос ирээд нөүтбүүк байхгүй байгааг мэдээд цагдаад өргөдөл гаргасан ... би илүү түлхүүрээ өгөөгүй, ... 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн ...гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх 31/,
гэрч Э.Б-н “ ... Л эгч хот явлаа гэж хэлээд манай гэрт очиж муур хооллож байгаарай гээд байрныхаа түлхүүрийг өгөөд явсан. Тэгээд би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр баг дугаар байрны тоотод гэрт ороход нэг эрэгтэй согтуу хүн унтаж байсан. Би гайхаад чатаар Л эгч рүү залгаад “Танай ах чинь ирчихсэн байна” гэж хэлсэн чинь өөдөөс эгч “Манай ах очих ёсгүй” гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү нь буцаж ороод нөгөө согтуу залууг босгоод Л эгчтэй нөгөө согтуу залууг яриулахад ”Наадах чинь энд юу хийж байгаа юм” гэж уурлаад “Манай гэрт яаж орсон юм, би түлхүүр өгөөгүй шдээ” гэж хэлсэн. Тухайн үед нөгөө согтуу залуу “Л надад түлхүүрээ өгсөн” гээд гүрийгээд уурлаад байсан, тэгээд би нөгөө залуугаас Л эгчийн гэрийн түлхүүрийг аваад гэрт нь байсан баахан пивоны сав хогийг нь өгөөд гаргасан ... ” гэсэн мэдүүлэг /хх 35/,
Хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн ... Dell Inspiron 3530 i5 загварын зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээ 2.472.106 төгрөг ... гэсэн дүгнэлт /хх 38/,
Smart Сүлжээ ломбардын барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар /хх 115/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны буюу шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аын гаргасан “ ... хорих ялыг 1 жил болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ