Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1114

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.П холбогдох 1706 01940 1378 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 19 оны 0 сарын -ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, “М” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт,  дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Т.П /РД:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.П нь 2017 оны 09 сарын 02-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инээмсэглэл” караокед хохирогч Н.Бат-Оргилыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Пгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Бат-Оргилын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.5-6/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх.14-15/,

Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх.16-17/,  

Зөрчлиин шиидвэрлэлтийн бүртгэл /хх.25-30/,

Т.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан баримт /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бат-Оргилын өгсөн: “2017 оны 09 сарын 02-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инээмсэглэл” караокед очиж Мөнхтуяа, Сараа, танихгүй Пүрэвцэрэн нартай үйлчлүүлсэн... Пүрэвцэрэнг дуудаж сэрээгээд гарах гэтэл Пүрэвцэрэн над руу агсам тавьж маргаан үүссэн, бид 2 барьцалдан авч баруун гараараа цохьсон... гарандаа бөгжтэй байсан байх нэлээн хэд цохисон. Зүүн хөмсөгний дээд талд язарч цус гарсан... миний зүүн хөмсөг, доод зовхин дотор гадна нийлээд 30 гаруй оёдол тавиулсан. Ар зүүн далан дээр зулгарсан... надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, хэргийн материалд хавсаргах баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10,36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 11883 дугаартай дүгнэлтэд: “Н.Бат- Оргилын биед зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнхтуяагийн өгсөн: “... бид хэд пиво архи уусан... Пүрэвцэрэн босож ирээд барьцалдаж авсан... тэр 2-ыг боль гэж салгаад гарахад Бат-Оргилын хөмсөг нь задарчихсан байсан... Пүрэвцэрэн Бат-оргилын нүүрэн тус газар нь цохиод гэмтээсэн шүү дээ, яагаад гэмтээснийг би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Пгийн яллагдагчаар өгсөн: “... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, караокед орохдоо нэлээд уучихсан байсан... уг гэмтэлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.43-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.П нь 2017 оны 09 сарын 02-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инээмсэглэл” караокед хохирогч Н.Бат-Оргилыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Бат-Оргилын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх.14-15/,

Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх.16-17/, 

Зөрчилийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх.25-30/,

Т.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан баримт /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бат-Оргилын өгсөн: “... Пүрэвцэрэнг дуудаж сэрээгээд гарах гэтэл Пүрэвцэрэн над руу агсам тавьж маргаан үүссэн, бид 2 барьцалдан авч баруун гараараа цохьсон... гарандаа бөгжтэй байсан байх нэлээн хэд цохисон. Зүүн хөмсөгний дээд талд язарч цус гарсан... миний зүүн хөмсөг, доод зовхин дотор гадна нийлээд 30 гаруй оёдол тавиулсан. Ар зүүн далан дээр зулгарсан... надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10,36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 11883 дугаартай дүгнэлт /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнхтуяагийн өгсөн: “... Пүрэвцэрэн босож ирээд барьцалдаж авсан... тэр 2-ыг боль гэж салгаад гарахад Бат-Оргилын хөмсөг нь задарчихсан байсан... Пүрэвцэрэн Бат-оргилын нүүрэн тус газар нь цохиод гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Пгийн яллагдагчаар өгсөн: “... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, караокед орохдоо нэлээд уучихсан байсан... уг гэмтэлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.43-44/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Пгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Т.Пгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Пг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Т.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Н.Бат-Оргил нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 Хохирогч Н.Бат-Оргил нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Т.Пг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Пг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Пгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Т.П эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.П оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.П оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Т.П оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Бат-Оргил нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР