Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02532

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02532

 

 

 

M.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02625 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: M.Мөнхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хомын талын тахь ТББ -д холбогдох

Удирдах Зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Мөнхбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Очирдорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Мөнхбат болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж, О.Даваажаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мөнхбат нь Францын Тахь хамгаалах холбоо ТББ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс томилогдон ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Францын Тахь хамгаалах холбоо ТББ ХХК нь Хомын талд тахь сэргээн нутагшуулах төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа, чиг үүргээ бүхэлд нь Хомын талын тахь ТББ ХХК-д шилжүүлж, санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажил олгогчийн тал нь Хомын талын тахь ТББ ХХК болно гэж заасны дагуу миний бие хариуцагч Хомын талын тахь ТББ ХХК-тай хөдөлмөрийн харилцаанд орж, ажиллаж байсан юм. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хомын талын тахь ТББ ХХК-ийн Удирдах зөвлөлийн хурлын Дугаар 1 тогтоолын 4 дэх хэсэгт ... туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцээд цаашид ажлуулах боломжгүй ... гэх үндэслэлээр намайг ажлаас халах шийдвэр гаргасан байна. Миний бие Хомын талын тахь ТББ ХХК-ийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд заасан ажил, үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон эсэх талаар өмнө нь огт мэдэгдэж байгаагүй, албан ёсоор тогтоогоогүй байж Удирдах зөвлөлийн гишүүдийн үзэмжээр ажлаас халах шийдвэр гаргасантай санал нийлэхгүй байна. Хомын талын тахь ТББ ХХК-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 1-тай ажлаас халсан тогтоолд Т.Мөнхбатын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн зохих заалтыг баримтлаагүй байна. Ажлаас чөлөөлөх асуудлыг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн хэдий ч Удирдах зөвлөлийн дарга Б.Чимэд-Очир нь Гадаадад албан томилолтоор явсан гэдэг шалтгаанаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гаргаж, хуулбарыг надад гардуулсан байдаг юм. Иймд ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа тул Хомын талын тахь ТББ ХХК-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 01 тогтоолын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Хомын талын тахь ТББ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, Хомын талын тахь ТББ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Чимэддорж, өмгөөлөгч Б.Сарнай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлд Хомын талын тахь ТББ ХХК нь ямар нэгэн хариуцлага, өглөг, авлага, цалин хөлсний тооцоо байхгүй болох тухай дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 01 дүгээр сараас эхлэн иргэн Т.Мөнхбатыг Франц Улсын Францын Тахь Хамгаалах холбоо-ны Монгол Улс дахь төлөөлөгчийн газар түр 3 сарын хугацаагаар гайд буюу хөтөч маягаар ажиллуулсан ба ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Үүний дараа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ гэх нэр бүхий 6 сарын хугацаатай Туршилтын гэрээ" байгуулан, гүйцэтгэх захирлын албан тушаал дээр түр ажиллуулан, туршин үзэх шийдвэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Франц Улсын Францын Тахь Хамгаалах холбоо-ны Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь өөрийн үйл ажиллагаа, эрх, үүргээ Монгол Улсын Хомын талын тахь ТББ ХХК-д албан ёсоор шилжүүлэн өгсөн. Энэхүү үйл ажиллагаа, эрх, үүрэг шилжүүлэх санамж бичгийн дагуу тухайн үед түр ажиллаж байсан ажилчдын гэрээг мөн тус ТББ-д шилжүүлсэн. Т.Мөнхбатын буюу гүйцэтгэх захирлын үндсэн үүрэг /Төслийн захирлын үндсэн үүрэгт ажил/: 6 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ"-ний хавсралтад заасан гүйцэтгэх ажил үүргийн Тахь-ийн санаачилсан орон нутгийн хөгжлийн үйл ажиллагааг бусад хамтран ажиллагч байгууллагуудтай (Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол Улс дахь хөтөлбөр, Алтайн Нүүдэлчин, Хомын тал эмэгтэйчүүдийн зөвлөл, Хомын тал хоршоолол) хамтран үргэлжлүүлэх, тэдгээр байгууллагуудыг тахь сэргээн нутагшуулах хөтөлбөртэй нягт холбоотой ажиллахад анхаарах, Сэргээн нутагшуулах хөтөлбөрийн удирдагчтай хамтран нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, ТББ-ын чадавхийг бэхжүүлэх, багийг удирлагаар хангах, үүнд зардлын тайлан багтана, 2020 оноос цааш хөтөлбөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах түншлэлийг хөгжүүлэх, Шинжлэх ухааны мониторингийг зохицуулах-салбарууд: ургамал, бөхөн, янгир, зээр, чоно зэрэг ба сонирхвол шинжлэх ухааны бүтээлүүдэд хамтран ажиллах. Дээрх ажлуудыг Т.Мөнхбат нь туршилтын хугацаагаар ажиллах үедээ хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлж эхлэх бүрэн боломжтой байсан ба туршилтын гэрээний хугацаа нь нэг удаад дахин сунгагдсан байгаа болно Т.Мөнхбатын туршилтын хугацааны гэрээний үндсэн зорилго: Сүүлийн 3 жилийн Тахь болон ХТТ/ТАХЬ/ДБХС-ын Монгол Улс дахь салбарын ирээдүйн төлөө байгалиа хамгаалъя төслийн үйл ажиллагааны тайланг уншиж, 2016 оны шилжилтийн ажлын төлөвлөгөөний эх бэлтгэх, Тахь болон ХТТ-ын шилжилтийн тухай танилцуулга бэлтгэх, Хомын талын айл өрх, байгаль хамгаалагч, орон нутгийн удирдлагуудтай уулзаж шилжилтийн талаар мэдээлэл өгч, ТББ-ын зөвлөлийн гишүүдтэй хамт танилцуулгыг тараах, Мэдлэгийн хандлага болон практик судалгааг зохион байгуулах (аргачлалаар хангах), Тахь-ийн хамгаалах гэрээг шинэчлэх, Хөрөнгө босгох санаануудыг боловсруулах, Бостон Стар Консалтинг компанитай хамтран ТББ-ын санхүү болон үйл ажиллагааны зааварчилгааны эх бэлтгэх, Сээрийн хамгаалалтын статусыг шинэчлэх шалтгаан, үндэслэлийг Чинбат захиралтай хамтран боловсруулах ажил үүргийг бүтэн нэг жилийн хугацаанд зайлшгүй хэрэгжүүлэх, эхлүүлэх ажлууд байсан бөгөөд аль ч ажлуудыг эхлүүлээгүй, ТББ-ыг ердийн ашгийн төлөө компани мэтээр удирдан авч явж байсан. Мөн гүйцэтгэсэн ажлын тайланг Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах ёстой боловч огт тайлагнаагүй. Гурван удаа орон нутагт ажиллах үеийн тайлан шаардлага хангахгүй тайлан гаргаж өгсөн. Иймд өөрийн хариуцан ажиллаж байсан үүрэгт ажлаа хангалттай, онц сайн биелүүлж ажлаагүй гэж дүгнэж ТУЗ-аас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан болно. Түүнчлэн Т.Мөнхбат болон Хомын талын тахь ТББ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ буюу туршилтын гэрээний 3.5-д Энэхүү гэрээнд дурдсан үүргээ ажилтан нь биелүүлээгүй эсвэл үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй тохиодолд Хөдөлмөрийн хуулийн 130 дугаар зүйлд заасан дараах шийтгэлийг хүлээнэ. Хомын талын тахь ТББ ХХК-ийнг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Т.Мөнхбатыг цаашид ажиллуулах боломжгүй гэж дүгнэн хурлын тогтоол гаргасны дагуу ажлаас халсан тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн санхүүгийн бичиг баримтуудыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн баримт бичгийн дагуу бүрдүүлж өгснөөр түүнийг донор байгууллагад өгч санхүүжилт авдаг байсан. Гэтэл Т.Мөнхбат нь энэ ажлыг хийгээгүйгээс 1-р улирлын санхүүжилтийг авч чадаагүй. Т.Мөнхбатад мөнгө босгох чадвар, хамт олныг нэгтгэн манлайлах чадвар, донор байгууллагаас санхүүжилт авах, санхүүжилтын баримт бичгийг боловсруулах чадвар байхгүй байсан учраас гүйцэтгэх захирлаар ажиллах ажлын чадваргүй гэж үзээд ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Хомын талын тахь ТББ-ын удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаар тогтоолын 4 дэхь хэсгийг хүчингүй болгож, Тарав овогтой Мөнхбатыг Хомын талын тахь ТББ-ын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хомын талын тахь ТББ-иас 15 348 840 /арван таван сая гурван зуун дөчин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг гаргуулж Т.Мөнхбатад олгож, Хомын талын тахь ТББ-д Т.Мөнхбатын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-т заасан 15 348 840 төгрөгийн 948 840 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа нийт ажлын хоногийг 5 cap 30 хоног байна гэж тооцсон. Гэвч тооцоолохдоо 1 сарыг 30 хоног гэж тооцоолохоор 6 сарын хугацаа болж байгаа юм. Тухайн нийт дүнг яаж тодорхойлсон нь ойлгомжгүй байх бөгөөд нийт ажлын хоногийг тооцоолсон аль эсвэл амралтын өдрийг оруулж тооцсон нь ойлгомжгүй байгаа юм. Нийт 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 7 cap 12 хоног болж байгаа юм. Ажлын өдрийг тооцоолон 5 cap 30 хоног гэж тооцсон бол 1 сарын дундаж цалин 2 400 000 байхад 30 хоногийн цалин 3 348 840 төгрөг байх боломжгүй юм. Нэг cap 30 хоногтой гэж үзвэл нийт 5 cap 30 хоногийн хугацаа нь 6 cap байх бөгөөд нэг сарын дундаж цалин 2 400 000 гэж үзвэл 6 сар=14 400 000 болж байгаа юм. Тиймээс илүү тооцоолон шийдвэрлэсэн нь /15 348 840-14 400 000=948 840/ төгрөг болж байгаа тул тус 948 840 төгрөгийг хасч тооцон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Зохигчид Давж заалдах шатны шүүхэд эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Мөнхбат нь хариуцагч Хомын талын тахь ТББ-д холбогдуулан Удирдах Зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Хомын талын тахь ТББ-ын удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаар тогтоолын 4 дэхь хэсгийг хүчингүй болгож, Тарав овогтой Мөнхбатыг Хомын талын тахь ТББ-ын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хомын талын тахь ТББ-иас 15 348 840 /арван таван сая гурван зуун дөчин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг гаргуулж Т.Мөнхбатад олгож, Хомын талын тахь ТББ-д Т.Мөнхбатын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:

1. Нэхэмжлэгч Т.Мөнхбатын ажилгүй байсан хугацааны цалин болох 15 348 840 төгрөгөөс 2 348 840 төгрөгийг хасч 13 000 000 төгрөгөөр тохиролцон 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Хомын талын тахь ТББ нэхэмжлэгчийн Хаан банк ХХК-ийн 5085205005 тоот дансанд шилжүүлэх,

2. Ажилгүй байсан 5 сар 30 хоногийн хугацааны нийгмийн даатгалын төлбөрийг сарын цалин 2 400 000 төгрөгөөр тооцоолон үүнд байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл болох 1 584 000 ба үүнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл 31 680 төгрөгийг хасч 1 552 320 төгрөгийг мөн дансанд дээрх дурдсан өдөр шилжүүлэх Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийлгүүлэх үүрэг нь үүгээр Т.Мөнхбатад шилжиж байгаа болно

3. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны 2 348 840 төгрөгийн цалингаас татгалзаж зохигчид эвлэрэн хэлэлцсэн байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Т.Мөнхбат, хариуцагч Хомын талын тахь ТББ нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мөнхбат нь ажилгүй байсан хугацааны цалин болох 15 348 840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 13 000 000 төгрөг болгосныг хариуцагчХомын талын тахь ТББ нь хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхгүйгээр, нийгмийн даатгалын шимтгэлд 1 552 320 төгрөгийг олговрын хамт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хаан банк ХХК-ийн 5085205005 тоот дансанд шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2

дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ