| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0144/Э |
| Дугаар | 2025/ДШМ/46 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/46
2025 07 02 2025/ДШМ/46
Б.Эод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Б.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Хохирогч Б.П
Хохирогчийн өмгөөлөгч Ч.О /цахимаар/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Эод холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н Э, Монгол Улсын иргэн,
Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын дугаар байрны тоотод оршин суух Б.Н-н гэрт иргэн Б.П-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, гэрээс нь гарч тус байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй, эвхэгддэг жижиг тонгорог хутгаар Б.П-н цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б овгийн Б-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Эыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн 12 см урттай, хүрэн өнгийн модон бариултай, 5.1 см урт ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болцогц устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
“... Б.Эын хувьд хэрэг гарсанаас хойш шүүхээр шийдэх хүртэлх хугацаанд гэмт хэрэг хийсэн гэм буруу дээрээ огтоосоо маргаагүй оролцож явсан төдийгүй нотлох баримтаар тогтоогоогүй ч хохирол төлбөрт 6.500.000 төгрөг санаачлагаараа төлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 4-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэж тус тус заасан.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.
Мөн хуулийн 16.1 зүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн үед Эрдэнэт хотод байрлах хотхоны дугаар байрны тоотод Б.П Б.Эын үйлдлийг буруу ойлгож түүнийг цохисноор маргаан үүсдэг. Улмаар гадаа коридорт Б.Эыг тоотоос машины түлхүүрээ аваад гарч ирэхэд Б.П мөн дахин удаа дараа цохиж, шат руу унагаж, боосноор үргэлжилдэг. Ингээд Б.Э хүн боолт орсны улмаас карманд байсан хутгаа гаргаж хохирогчийн цээжин тус газар нь 2 удаа хутгалж нэг үйлдэл нь нэвтэрч орсны улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл үүссэн.
Хэрэг болох үед хажууд нь хамт байсан А, Н, А нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө, Б.Э болон П нар бүгд зөрүүгүйгээр хохирогч шүүгдэгчийн үйлдэлийг буруу ойлгосноос түүнийг цохиж авснаар маргаан эхэлсэн төдийгүй, хохирогч шүүгдэгчийг заамдсан боосон талаар мэдүүлдэг. Улмаар хэрэг үйлдэгдсэн цаг үед үзлэг хийсэн мөрдөгч ахлах дэслэгч А.О хэргийн газрын үзлэгт камерын бичлэггүй гэж дурдсан. /ХХ-ийн 3,4 хуудас/.
Гэтэл бодит байдал дээр тухайн байр гаднаасаа эхлээд давхар бүртээ хяналтын камертай төдийгүй 24 цаг ажилладаг. Энэ талаар мөрдөгчид хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э мөрдөгч болон өмгөөлөгчдөө хэлж камерын бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл камерын бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. /Камерын бичлэг байрладаг газруудыг гэрэл зургаар гомдолд хавсаргав./
Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэгт хавсаргасан XX-5 хуудасны арын нүүр зураг 4 хэсэгт 1 давхрын хаалга руу харсан камер цухуйж харагддаг, мөн 3 давхрын хэрэг болсон гэх газарт Б.Эыг заалгаж байгаад авсан зураг буюу ХХ-ийн 6 хуудас дахь зураг №7-д байгаа хүний яг дээд хэсэгт шат руу харсан камер байрлаж байхад түүнийг хасаад зураг авсан. /Камертай байгааг харуулсан зургийг гомдолд хавсаргав./
Энэхүү камерийн бичлэгийг мөрдөгч тухайн үед биш юм гэхэд хэрэг гарсны маргаашаас эхлээд авах бүрэн боломж байсан. Гэрчүүд зөрүүгүй мэдүүлж байгаа ч талууд хоёул шат руу унасан гэж мэдүүлдэг. Мөн Б.Э болон гэрчүүд хохирогчид бүгд П Б.Эыг боосны дараа уурлаад Э кармаанаасаа хутга гаргаж ирээд хутгалсан гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Мөн хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд Б.Э өөрийн утсанд үзлэг хийлгэх замаар хэрэг болсон өдөр зодуулсан, гэмтэл авсан талаараа нотлуулах зорилгоор хүзүүндээ боолт орсон улаан оромтой, нүүр нь нүдний хэсгээрээ хөхөрсөн, эрүү хэсэгт зулгаралт бүхий шархтай 2 ширхэг зураг хавсаргуулсан.
Тухайн зураг хэрэг болсноос хойш 5 хоногийн дараа авсан зураг гэх энэхүү баримттай холбоотой мөн тайлбарыг холбогдогч гараар бичсэн тайлбартаа “хохирогчийн ээж намайг наад нүүр нүд бие хаагаа үзүүл гэж хэлсэн боловч би хүн гэмтээчихсэн хүн ямар нүүрээрээ үзүүлэх юм гээд үзүүлээгүй” гээд удаа дараа хэлсэн байдаг. /ХХ-18 хуудас зураг 2, 3-т яллагдагчийн хоолой хэсэг улайсныг харуулсан зураг/
Энэ тохиолдолд мөрдөгч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоох үүргийнхээ хүрээнд камерын бичлэгийг авч, холбогдох гэрчүүдээс Б.Эыг зодуулсан эсэхийг мэдүүлэгээр тодруулах, Б.Эод шинжээч томилж гэмтлийн зэргийг тогтоож түүнийг хэн учруулсан талаар холбогдох ажиллагааг хийх үүрэгтэй. Түүний ажиллагааны улмаас Б.Э хүнийг алах сэдэл санаа зорилго агуулсан уу, эсвэл аргагүй байдалд хүрч өөрийн амь нас эрсдэхгүйн тулд тухайн гэмтэлийг учруулсан уу гэдгийг тогтоох нь чухал ач холбогдолтой юм. Дээрх баримтуудаас гадна гэрчүүдийн болон холбогдогчийн мэдүүлэгт П архи уухаараа тавьтаргүй ааштай Б.Эыг ална пизда гээд дайрч шатруу цохиж унагаасан, боосон гэх мэдүүлгүүдээр Б.Э аргагүй байдалд орж өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн нь нотлогддог.
Б.Эын хувьд хэрэг болох үед нүүрэн тус газраа дэвсүүлснээс хамар яс хугарснаар амьсгал хэвийн авч чадахгүй болж хамраас нь цус гарах, ар шилэн хүзүү дагаж өвдөх, зүрх өвдөх гэх мэт зовиурууд байнгын илэрч хорих байрны эмчээс панангин, пизам гэх эмүүдийг авч тогтмол ууж хэрэглэж байна. Тухайн гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гараад зогсохгүй, түүний боолтын улмаас амь нас эрсдэх хэмжээний аюулыг арилгахын тулд бусдад гэмтэл учруулсантай холбоотой баримтууд байсаар байхад анхан шатны шүүх түүнд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн холбогдогчийн гэм буруу дээр маргахгүй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж шийджээ.
Энэ нь дээр заасан холбогдох хуулийн зохицуулалт буюу нотлох баримтад шүүх бүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй ганц яллах талыг барьж хэргийг шийдэхдээ хууль ёсны байх, үндэслэл бүхий байх, шүүхийн өмнө тэгш байх эрхүүдийг зөрчиж шийджээ.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Мөн аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл П Б.Эыг яг боох үйлдэл хийж байх үед түүнийг зогсоохоор Б.Э хохирогчийг хутгалж гэмтээсэн үйл явдал болсон байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэж заасан.
Иймд анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/187 дугаар шийтгэх тоггоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.О тайлбартаа:
“ ... өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдолтой танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээсэн эсэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульчилсан. Тухайн хуулийн үндсэн агуулга нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа бүрэн гүйцэт ухамсарлан ойлгож, гэмшиж хүлээн зөвшөөрсөн болохыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч анхан шатны шүүхэд өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр илэрхийлж, улмаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулахгүй байх зарчмыг удирдлага болгон “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэх агуулгыг зальжин хэрэглэж гомдол гаргасан гэж үзэж байна. Гэвч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь зөвхөн анхан шатны шүүхэд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт биш тул шүүгдэгч Б.Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар: Б.П-тай хохирол төлбөрт, хор уршигт 8.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч энэ талаар талууд ямар нэгэн маргаан үүсгээгүй. Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт үйлдэлд ял завших зорилгоор хохирогчид үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлнө гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Ийнхүү илэрхийлэл нь түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болсон байдаг. Бодит нөхцөл байдалд шүүгдэгч Б.Э нь өөрт оногдох ялыг завших зорилготой байсан төдийгүй үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хохирогчид бодитоор төлөх санаа зорилго байгаагүй. Хохирогч Б.П-н хувьд шүүгдэгчтэй тохирсон 8.000.000 төгрөгийг гаргуулан авснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгох дүгнэлт гаргуулж хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжлээгүй байдаг. Шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулахын зэрэгцээ хуурч мэхлэн хохирол төлбөрийг өгөхгүй, эдийн засгийн хохиролд оруулсан байна. Мөн Орхон аймаг дахь Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд эмчлүүлсэн төлбөрт Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 582.274 төгрөг гарсан байдаг. Уг төлбөрийг буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлүүлэх ёстой байтал шийдвэрлээгүй нь үндэслэлгүй.
3. Шүүгдэгч аргагүй хамгаалалт хэрэглэж хохирогчийг 4 удаа хутгалсан, биедээ гэмтэл авсан тухайд: Хэрэг учрал болох үед хэргийн газарт гэрч Б.Н шүүгдэгч Б.Эын хутгыг салгахаар 2 удаа нүүрэн тус газарт цохисон байдаг. /хохирогч Б.П-н хх-ийн 21-р тал мэдүүлэг, гэрч Б.Н-н хх-ийн 23 тал мэдүүлэг, гэрч Л.А-н хх-ийн 25 тал мэдүүлэг, гэрч Э.А-н хх-ийн 29 тал мэдүүлэг/
Хэрвээ шүүгдэгч гэмтэл учирсан бол өөрийн гэмтлийн талаар шалгуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд тухайн гэмтлийг хэн учруулсныг тогтоох шаардлагатай. Тиймээс түүний хамар ясанд гэрч Б.Н гэмтэл учруулсан уу, эсвэл хохирогчтой барьцалдах явцдаа учирсан гэмтэл үү гэдгийг тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг анхан шатанд буцаах үндэслэл болж байна. Б.Э нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Уг гомдлоос үзвэл гэм буруугаа бүрэн гүйцэт хүлээн зөвшөөрөөгүй, шүүх бүрэлдэхүүнийг болон хохирогчийг хуурч мэхэлсэн, гэрчээр тайлбар бичүүлж давж заалдах гомдолд хавсаргаж байгаа нь тухайн гэрчүүд шүүгдэгчтэй нэг ашиг сонирхолтой, хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, хохирогчийн хувийн байдлын талаар зориуд худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлууд байна.
Тухайн гэмт хэрэгт ямар ч аргагүй хамгаалалтын улмаас хүнийг хутгалах онцгой нөхцөл тогтоогдохгүй бөгөөд хүнд гэмтэл учирсан болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн гомдолд дурдсан нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй, хохирогчид үлдэгдэл төлбөрийг олгоогүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тухайн хэргийн улмаас Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 582.274 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулаагүй орхигдуулсан, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг дүгнэлт гаргаагүй, хяналтын камерын бичлэгийг хэргийн материалд хавсаргаагүй, мөн Б.Эод учирсан гэмтлийг тогтоогоогүй зэргийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э тайлбартаа: ... Камерын бичлэг бол хөдлөшгүй нотлох баримт. Намайг П чи юу хийгээд байгаа юм гээд цохиж унагаасан ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.П тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ч.О тайлбартаа: ... Хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхдөө хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч ухамсарласан байх ёстой ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Эыг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын дугаар байрны тоотод оршин суух Б.Н-н гэрт иргэн Б.П-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар тус байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй, эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эын гэм бурууг хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч түүний өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь “ ... аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргаж, шүүгдэгч Б.Э дээрх гомдолтой танилцаж гарын үсэг зурснаас гадна давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...өмгөөлөгчтэй адилхан байр суурьтай байна ... “ гэсэн тайлбарыг гаргасан болно.
Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Б.Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх “ ... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 6.500.000 төгрөг төлсөн ... зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.
Түүнээс гадна хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд буюу
хохирогч Б.П-н “ ...гадаа хэрэлдэж маргалдаж байтал Эыг З авч гэр лүүгээ орсон, би хойноос нь ортол Э хувцсаа өмсчихсөн Н-н гэрээс гараад ирсэн. Тэгээд бид хоёр орцон дотор бас барьцалдаад байж байгаад би шат руу унасан. Э миний хөл рүү 1-2 удаа өшиглөсөн, тэгэхээр нь би шууд босоод Эыг заамдаад авсан чинь шууд миний цээжин тус газар 4 удаа цохих шиг болсон, тэгээд би цээж рүүгээ харсан чинь цус гоожиж байсан. Тэгээд би жижиг тонгорог байхыг нь хараад хоёр гарыг нь хөдөлгөөнгүй барьж байгаад “Н Э намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Н Эод хандан “чи хүн хутгалчихлаа” гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиод тонгорогийг нь булааж авсан ... “ гэсэн мэдүүлэг /хх 21/,
гэрч Б.Н-н “ ... хоёулаа миний найз юм ... гэрийн гадаа учраа олоогүй бас л хэрэлдсэн. Тэгээд Э манайх руу буцаж ороод буцаад гарах гэж байтал П шатан дээр Эыг барьж аваад хоорондоо дахиж барьцалдаад салж өгөхгүй байсан. Тэгээд Эын уур хүрээд шууд жижиг тонгорог гаргаж ирээд П-н хэвлийн тус газар нь 2-3 удаа хутгалсан. Тэгтэл П-н хэвлийнээс цус гоожихоор нь “ ... хүүе чи хүн хутгалчихлаа, шдээ ... ” гэж би хэлээд Эын тонгорогийг нь булааж аваад сандраад хаашаа ч хамаагүй шидчихсэн ... би уурандаа Эын нүүрэн тус газарт нь нэг удаа цохичихоод П-н хойноос гарсан ... ” гэсэн мэдүүлэг / хх 23/,
гэрч Л.А-н “ ... жижиг өрөөнд П, Э хоёр хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь Н бид хоёр орсон, хоорондоо “чи миний найз охиныг оролдлоо” гэсэн утгатай зүйл хэлэлцэж зодолдоод байсан. Тэгээд Н бид хоёр тэр хоёрыг салгаад би П-г аваад гадаа гарсан. Тэгтэл Э бас араас гараад ирсэн. Гадаа нөгөө хоёр бас л барьцалдаж ноцолдоод байхаар нь Н Эыг аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би П-н хамт тамхи татаад байж байтал гэнэт П орц руу гүйгээд орсон. Тэгээд би бас яасан юм бол гэж бодоод араас нь орсон, тэгсэн чинь уг байрны 3 давхарт Э П-г хэвлий тус газарт нь 2-3 удаа цохих шиг болсон ... тэгсэн чинь П наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Н Эын гарт байсан хутгыг булааж аваад нэг удаа цохиж унагасан ... ” гэсэн мэдүүлэг / хх 25/,
гэрч Э.А-н “ ... манай нөхөр гарч ирээд над руу гэрт зодоон болоод байна гэсэн, тэгээд удалгүй ардаас нь П ална хаана байна гээд орилоод гараад ирсэн, тэгээд буцаад хар хурдаараа гэр лүү гүйж орсон чинь Э гэрээс гарч ирээд П өөдөөс нь угталцаж ирээд шууд үгийн зөрүүгүй цохиод авсан. Тэгээд Эыг П-г шат руу түлхчихсэн. Тэгээд Э П руу аллаа шдээ гээд дахиад барьцалдаад авсан. Тэгсэн чинь П Эыг хоолойноос нь боогоод заамдаад байсан. Тэгтэл гэнэт П-н хэвлийнээс цус гараад шалан дээр тусахаар нь гайхаад харсан чинь Э гартаа цус болчихсон түлхүүрний оосор барьчихсан байсан. Тэгээд уг түлхүүрний оосорыг Н барьж аваад Эод хандан чи сэргээчээ, юу хийгээд байгаа юм сан ... ” гэсэн мэдүүлэг /хх 28/,
гэрч Б.Н-н дахин өгсөн “ ... тэр 2 шатан дээр Эыг П алчихья чамайг гээд хоолойг нь боогоод байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд Э П руу уурлаж дайрахад нь П-г хутгалсан байх, тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх 31/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч Б.Эыг тухайн цаг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хохирогчийн биед хэсэг газрын үзлэг хийхэд ... нурууны зүүн дунд хэсэгт 1 см хөндлөн байрлалтай, цээжний зүүн доод хэсэгт 1.3 см хөндлөн байрлалтай, хэвлийн дээд хэсэгт 2 см хөндлөн байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай ... хэвлийн баруун хэсэгт 0.5 х 0.2 см, зүүн хэсэгт 0.6 х 0.2 см ирмэг тэгш шархтай, баруун бугалганы ар дунд хэсэгт 4 х 2 см баруун тохой хэсэгт 11 х 4 см, зүүн гуяны урд доод хэсэгт 6 х 5 см хөх шаргал цус хуралттай, зүүн шууны гадна дунд хэсэгт 4х 1 см улаан хүрэн өнгийн цус хуралттай ... байсан бөгөөд
шинжээчийн 1021 дугаартай дүгнэлтээр ... цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ..., хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ..., цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарах нь тогтоогджээ.
Дээрх дүгнэлт үндэслэлтэй болох нь бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 04 дугаартай дахин дүгнэлтээр давхар нотлогдсон байх ба хохирогчийн биед учирсан гэмтлүүд, шүүгдэгч Б.Эын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8, 18/-ээс үзэхэд хохирогч Б.П нь илтээр давамгайлж шүүгдэгч Б.Эын амь нас, эрүүл мэндийн эсрэг халдсан байдал нотлогдоогүйгээс гадна хохирогч Б.П-н биед учирсан олон тооны гэмтлүүдийг Б.Э аргагүй хамгаалалт хэрэглэж учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцлын улмаас маргалдаж, харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж, улмаар Б.Э нь зэвсэг хэрэглэн Б.П-н эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б нь хүсэлт гаргаж, гэрч Э.Алтанзулаас мэдүүлэг авах, гэрч Б.Н-с дахин мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-н “ ... П Б.Эыг яг боох үйлдэл хийж байх үед түүнийг зогсоохоор Б.Э хохирогчийг хутгалж гэмтээсэн үйл явдал болсон ..., шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож хохирогч Б.П-д 6.550.000 төгрөг /хх 130-132 /, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 582.274 төгрөг /хх 164/-ийг тус тус төлсөн байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ... энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй ...” гэж мэдүүлсэн /хх 21/ байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Эод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ