| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2017/02195/И |
| Дугаар | 210/ма2018/00638 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/ма2018/00638
Д.Пүрэвдашийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03369 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Пүрэвдашийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нарт холбогдох,
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Б.Мөнхмандах
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пүрэвдаш нь өөрийн хүү болон бэр Б.Мөнхмандах нарын 2013 болон 2014 оны үеийн гэр бүлийн таарамжгүй байдлыг зохицуулах зорилгоор гэр бүл цуцлах, дундын өмч хөрөнгө хуваах хэлцэлд оролцсон байдаг. Б.Мөнхмандах бол гэр бүлээ цуцлуулъя гэсэн байдаг. Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 20 дугаар байр 22 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг өөрийн нөхөртөө үлдээх, энэ байрнаас өөрт оногдох хэсгийг авахгүй, Д.Пүрэвдашийн захиалсан 2 өрөө байрны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх саналыг тавьсан байдаг. Д.Пүрэвдаш нь 2 хүүхдийн амьдралыг дэмжиж, салах нийлэх асуудал дээр эд хөрөнгийн туслалцаа үзүүлж байсан. Б.Мөнхмандах нь гэр бүлээ цуцлуулах, Алтай хотхонд байрлах 3 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгээс хасагдах үүргийг өөртөө авч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхонд байрлах 2 өрөө орон сууцыг өөрт нь авах агуулга бүхий хэлцэл хийсэн. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулах асуудал явж байсан. Б.Мөнхмандах нь жирэмсэн болсон шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахаа больсон байдаг. Хэлсэн ёсоор бүх шилжүүлэг бий болсон. Мөн нэмэлт шаардлага болох Олимп хотхоны байрны үлдэгдэл 10 хувийг төлсөн. Ингээд ямарч төлбөрийн өргүй байрыг Б.Мөнхмандахын нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл гэр бүл цуцлахаа больсон үндэслэлээр Б.Мөнхмандах нэхэмжлэл гаргаад Д.Пүрэвдашийн нэр дээр шилжсэн байсан 3 өрөө байраа буцаан авсан. Болзол хангагдаагүй, хэлцэл биелэгдээгүй учраас Б.Мөнхмандах, П.Түвшинжаргал нараас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхонд байрлах 49.9 м.кв 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхмандах нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхрийн аав Д.Пүрэвдаш нь хөдөлмөрийн чадвар байхгүй. Одоогийн амьдардаг орон сууцыг нь манай нөхөр авч өгсөн. Сонгинохайрхан дүүрэгт байдаг байрыг манай нөхөр авч өгөөд, дараа нь дүү рүүгээ шилжүүлсэн байдаг. Бидэнд 2, 3 байр авч өгөөд байгаа юм шиг боловч ийм чадвар байхгүй хүн. Алтай хотхоны байр болон, машины зогсоолыг миний нөхөр надад хэлэлгүйгээр аавдаа шилжүүлэн өгсөн байсан. Зогсоол дээр машин ирж зогсохоор нь мэдээд энэ талаар шүүхэд хандаж, маргаан нь 2 жил хагас үргэлжлээд шийдэгдсэн байгаа. Одоо манай нэг байрыг минийх гээд зүтгээд байгаа. Баянзүрх дүүргийн Олимп хотхоны 2 өрөө байрыг бид өөрсдийн хөрөнгөөр авсан. Уг байрны төлбөрийн 90 хувийг нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 хувийг нь П.Түвшинжаргалаас Тайгам Алтай ХХК-д шилжүүлсэн байдаг. 2013 оны 09 дүгээр сард П.Түвшинжаргал захиалгын гэрээг байгуулсан. Биднийг маргаантай байх үед гадаад явж байгаа учраас аавдаа би шилжүүлэн өгч байна гэсэн өргөдөл байдаг. Мөнгө төгрөгийг бол бид нар өөрсдөө төлсөн. Бид энэ байрыг авахын тулд хөдөлмөрлөөд авч байгаа. Манай нөхрийн сард авдаг цалин нь 10 000 000 төгрөг, бид бэлэн мөнгөөр урьдчилгааг нь цуглуулж байж авсан. Би 15 000 000 төгрөгийн зээл аваад түүнийгээ нөхөр рүүгээ шилжүүлсэн баримт байна. Д.Пүрэвдашаас 7 000 000 төгрөг л зээлсэн байх. Удалгүй 5 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Алтай хотхоны 3 өрөө байр, 55, 56 дугаартай зогсоолыг манай нөхөр хууль бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Ингэхдээ ч гэсэн Олимп хотхоны орон сууц захиалгын гэрээг аавынхаа нэр лүү шилжүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Пүрэвдашийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 165 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нараас улсын тэмдэгтийн хураамжид 642 165 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвдашид буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн агуулгыг эрх зүйн үүднээс зөв дүгнэж чадаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж байгаа шударга эзэмшигчээс нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар П.Түвшинжаргал нь анхнаасаа хууль зөрчиж орон сууцны захиалгын гэрээг өөрийн эцэг Д.Пүрэвдашид шилжүүлсэн учир хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг ноцтой зөрчсөн юм.
Мөн түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байтал өмчлөгч болох нь нотлогдохгүй байхад хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчихийн зэрэгцээ эргэлзээ төрүүлж байна.
Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь П.Түвшинжаргалын "Миний бие болох Пүрэвдаш овогтой Түвшинжаргал би Олимп хотхоны D блокны 35 тоот 2 өрөө байраа аав болох Дашзэвэг овогтой Пүрэвдашид шилжүүлж өгч байна. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан гарахгүй" гэсэн хүсэлт, П.Түвшинжаргалаас 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцны урьдчилгаа төлбөрийн 90 хувь болох 86 658 700 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 10 хувь бүюу 10 184 300 төгрөг тус тус шилжүүлсэн баримтаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байхад хариуцагчийн татгалзалыг үгүйсгэж байна гэж эсрэг дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
Шүүх хариуцагч талын өөрийн татгалзлаа нотолж мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн гаргаж өгсөн нотлох баримт нь бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдож байхад үнэлээгүйд гомдолтой байна.
Дээр дурдсан шүүх үнэлээгүй нотлох баримтууд нь П.Түвшинжаргалын "Тайгам-Алтай" ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр анх байгуулсан "Орон сууц захиалгаар барих гэрээ", уг орон сууцны үнийг хариуцагч нараас төлсөн болохыг нотлох арилжааны банкуудын дансны хуулга, Б.Мөнхмандахын орон сууц захиалахад зориулж авсан цалингийн зээлийн гэрээ, уг зээлийг П.Түвшинжаргалд шилжүүлсэн дансны хуулга, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Д.Пүрэвдашаас П.Түвшинжаргалд олгосон итгэмжлэл /2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэлцлээс өмнө орон сууц захиалгын гэрээ хууль бусаар шилжсэн болохыг нотлоно/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан шаардлага хангасан баримтууд байхад үндэслэлгүй дүгнэсэн. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэлцэл нь Б.Мөнхмандах, П.Түвшинжаргал нарын хооронд байгуулагдсан бөгөөд Д.Пүрэвдаш нь уг хэлцлийн улмаас хохирсон гэж үзэж шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэтэл хэрэгжих боломжгүй уг хэлцлииг ашиглаж 2015 оны 02 сарын 26-ны өдөр өөрийн эцэг Д.Пүрэвдашид дундын өмч болох 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн төдийгүй 2014 оны 11 сарын 27-ны өдрөөс өмнө /хх-78/ бидний дундын өмч болох 2013 оны 09 сарын 17-ны өдөр П.Түвшинжаргалын захиалсан Олимп хотхон дахь байрны захиалгын гэрээг мөн зөвшөөрөлгүй шилжүүлсэн юм. Энэ нь хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой шударга эзэмшигчээс шаардах үндэслэлгүй байна.
Шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар өмнө гаргасан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж нотлох баримт ирэх хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Уг захирамжийн дагуу 3 хуудас нотлох баримтыг /хх-195-198/ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан тус нотлох баримтыг хариуцагч талд танилцуулж, түүнтэй холбоотой тайлбар өгөх, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Пүрэвдаш нь хариуцагч П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Мөнхмандах эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хариуцагч П.Түвшинжаргалд нэхэмжлэлийн хувийг гардуулсан /хх 27/ байх боловч түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэргийн оролцогчийн эрхийг хангахаас гадна тайлбар гаргах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байхад хариуцагчийн майл хаягаар ирүүлсэн тайлбарыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн, түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч Б.Мөнхмандах, П.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.Пүрэвдаш нарын Тайгам-Алтай ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууцыг захиалгаар бариулах гэрээ-нүүд хэрэгт авагдсан /хх 35, 36, 98, 99, 196-198/ байх ба П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нартай байгуулсан гэрээнд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнхмандахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН