Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

*******, ******* нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                           Д.Баянмөнх

Хохирогчийн өмгөөлөгч                                                    Х.Цэрэндолгор

                                                                                                Д.Халзан

Шүүгдэгч *******-ий өмгөөлөгч                                  Д.Урансувд

Шүүгдэгч *******-ий орчуулагч                                  Г.Гэрэлтуяа

Шүүгдэгчийн *******ий өмгөөлөгч                       

                                                                                                Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч                                                                               *******

                                                                                                *******

Нарийн бичгийн дарга                                          Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч -ны өмгөөлөгч Х.Цэрэндолгор, Д.Халзан нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2421000000148 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Шинь Шинь ХХК-ны туслан гүйцэтгэгч ХХЕМ ХХК-д ээлжийн монтёр ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

******* //, БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл хотод 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. Шүүгдэгч  *******, ******* нар нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хятад ресторанд үйлчлүүлж байхдаа согтуугаар БНХАУ-ын иргэн -тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, -ны бие махбодид халдан толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх, хэвлийн тус газарт хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч ******* нь мөн цаг хугацаанд амь хохирогч БНХАУ-ын иргэн -ны толгойн тус газарт гараараа цохих, хэвлийн тус газарт удаа дараа хөлөөрөө дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

шүүгдэгч  *******-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 жилийн хорих ял, шүүгдэгч *******оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр цагдан хоригдсон 177 /нэг зуун далан долоо/  хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч -д баримтаар нэхэмжилсэн 11,030,052 төгрөгийг, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд 11,281,757 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ий иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******-ний гадаад паспортын хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Халзан, Х.Цэрэндолгор нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

… Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгийг тодорхой харуулж, нотолж байхад шүүхээс хуулийг буруу хэрэглэж, гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгож, дээр дурдсан зүйл ангиар шийтгэсэнд гомдолтой байна.

Хэрэгт цугларсан буюу шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтын гэрч ийн мэдүүлэг /1хх 80-82/, гэрч ын мэдүүлэг /1хх 74-75/, гэрч мэдүүлэг /1хх 86-87/, насанд хүрээгүй гэрч гийн мэдүүлэг /1хх 93/ зэрэг нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн гэдгийг нотолж байна.

…Гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт болох камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч нар нь амь хохирогч -ы толгой, цээж, хөл, хэвлий хэсэг рүү өшиглөж, дэвсэлж бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж оролцсон нь тодорхой нотлогдож байна. … Ийм байтал шүүхээс шүүгдэгч *******-ийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болох олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл энэхүү шударга ёсны зарчим алдагдсанаар шүүгдэгч “хүн амины” гэмт хэрэгт ял завших хууль зүйн ноцтой үр дагаврыг бий болгосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүх шийтгэх тогтоолдоо зөв тайлбарласан боловч буруу хэрэглэсэн.

Шүүгдэгч *******-ийн тухайд субьектив санаа зорилгын хувьд олон нийтэд хандсан гэхээс илүүтэй зөвхөн амь хохирогч руу шууд чиглэж идэвхтэй үйлдэл болон “ална шүү” гэх үг, хэлээрээ алах санаа зорилгоо илэрхийлж гэмт үйлдлээ үйлдсэн байдаг. Энэ нь өөрөө хүнийг алах гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд санаа, зорилгын тухайд нийтэд бус хохирогч руу шууд чиглэсэн байх тул нийтэд чиглэсэн гэж үзэхгүй. Хэрэгт авагдсан бүх баримтаар дээрх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байхад, шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьж, шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолд “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ прокурор анх гаргасан яллах дүгнэлтээ өөрчилж, дахин яллах дүгнэлт гаргахдаа хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдээгүй, танилцуулаагүй, хүргүүлээгүй гэдгийг авч хэлэлцээгүй. Мөн прокурор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” тогтоолдоо хохирогчийн өмгөөлөгчид гардуулсугай гэж заасан хэрнээ гардуулаагүй эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Энэ талаар анхан шатны шүүх хурлын явцад шүүх бүрэлдэхүүнд хохирогчийн эрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрхэн яаж удаа дараа зөрчигдсөн, хязгаарлагдсан талаараа тайлбарлаж холбогдох хүсэлтийг гаргасан боловч хохирогчийн эрхийг сэргээхэд чиглэсэн аливаа ажиллагааг хийгээгүй нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилгыг умартаж хохирогчийг дахин хохирогч болгосон.

Шүүх хуулиар тогтоосон журам, хэм хэмжээг хатуу баримталж, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтад шударгаар дүгнэлт өгөх ёстой байтал эдгээр зарчмыг бүхэлд нь алдагдуулж, шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Цэрэндолгор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бидний зүгээс гомдлыг хоёр үндэслэлээр гаргасан. Эхнийх нь шүүгдэгч нарт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1, 3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Дараагийн дугаарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэг, гээд бүхий л хөдлөшгүй нотлох баримтууд хэргийн материалд авагдсан. Бүлэглэж гүйцэтгэсэн гэдэг нь өөрөө хоёр ба түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхдээ үзэл бодол, сэдэл зорилгоороо нэгдсэн байхыг бүлэглэн гүйцэтгэх гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой сэдэлт, зорилго, үзэл бодол, үйлдлээрээ хэрхэн нэгдэж байгаа нь тухайн бичлэг дээр тодорхой харагддаг. Бүлэглэн гүйцэтгэсэнтэй холбоотой анхан шатны шүүхээс ямар ч тайлбар хийгээгүй, дүгнэлт өгөөгүй байна. Нотлох баримтын хэмжээнд нотлогдох боломжтой энэ чухал баримтуудыг авч хэлэлцээгүй гэсэн үг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь олон нийтийн газарт олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэж буруу тайлбарласан. Тус гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэвч шүүгдэгч нарын учруулсан хохирол нь өөрөө материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хүний амь нас хохирсон байдаг. Гэтэл шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял халдааж байгаа нь асар их учир дутагдалтай байгаа юм. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн обектив талын шинж нь өөрөө тухайн гэмт хэргийн улмаас хохирол бодитоор учирсан байхыг шаарддаггүй. Бусдын амь нас алдахад хүргэж үйлдсэн гэж байгаа. Энэ нь өөрөө тухайн хохирол учраагүй буюу учирч болох байсан гэж тайлбарлагдана. Гэтэл материаллаг бүрэлдэхүүнтэй хохирол учирчихаад байхад хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг дангаар зүйлчилж байгаа нь учир дутагдалтай гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Халзан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хувьд давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна. Энэ хэрэг өөрөө онц хүнд гэмт хэрэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг анхан шатны шүүх дээр огт явуулаагүй. Энэ хэрэг шүүхэд ирсэн гэдгийг бид бүхэн шүүх хуралдаан зарлагдсаны дараа мэдсэн. Бид сэтгэцэд учирсан хохирлын зэрэгтэй холбоотой асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх байсан. Бид хэргийг хэзээ шүүх дээр ирсэн гэдгийг мэдээгүй. Шууд л хуралдаан зарласан байсан. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

8. Прокурор Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн цаг хугацаанд хохирогчийн амь нас, эрх чөлөөнд бүлэглэн халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн талаар дурдсан байдаг. Гэмт хэрэг гэж нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж. Ингэхдээ яг хэний, ямар үйлдлийн улмаас хохирогчид ямар хор уршиг учирсан байхыг шаарддаг. Камерийн бичлэгээр болсон нөхцөл байдал бүрэн харагддаг. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд тодорхойлох хэсгийг бүрэн дурдсан. Хохирогчийн төлөөлөгч нар хүний амь насыг бүлэглэн хөнөөсөн гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч нар хамтран оролцсон гэж үзэж байгаа бол ******* нь яг ямар үйлдэл гаргасан юм бэ? 5 хэлбэрийн аль хэсэгт багтаж байгааг тайлбарлах хэрэгтэй байсан. Хэрэгт авагдсан баримтаар хамжигч мэт харагдаж байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулинд хамжигчийг тодорхойлохдоо заавал урьдчилан амласан байхыг шаардаж байгаа. Гэтэл нойр булчирхайн няцралыг хэн учруулсан болохыг тогтоох хэрэгтэй байсан. *******-ийн үйлдэл нь энэ нойр булчирхайн няцралыг үүсгэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Өшиглөж байгаа үйлдлийн тоо, хэр хэмжээ нь бүрэн камерт бичигдсэн. *******гийн үйлдэл нь тухайн амь хохирогчийн биед халдсан хэсэгтэй тохирч байсан. Хоёр хүн нийлээд л хүнийг зодож байгаад алчихсан болгоныг бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Шалтгаант холбоо нь *******-д тогтоогдоогүй. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Тухайн үйлдэл нь өрөө тасалгаанд бус нийтийн хоолны газарт болсон. Тусгай өрөөнд болсон маргааныг таслан зогсоож гаргасан. Гэвч нийтийн хэсэгт гарч ирээд дахин үргэлжилж маргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Улсын яллагч маш тодорхой тайлбарлаж хэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Хамтран оролцогчийн талаар тайлбарлалаа. Талууд анхан шатны шүүхэд мэтгэлцсэн. Давж заалдах шатны шүүхээс гомдлын хэмжээнд хязгаарлахгүйгээр хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэдэг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гаргасан гэдгийг хэлэхийг хүсч байна. Хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй. Хуульд хэргийн оролцогч нарын хүлээсэн үүрэг байдаг. Өмгөөлөгч нар нь ч гэсэн үүрэгтэй байдаг. Тиймээс өөрөө ажиллагаандаа идэвхитэй оролцох хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

10. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналтай ижил саналтай байна. Шийтгэх тогтоолд дурдагдсан гэрч нарын мэдүүлэг байсаар байтал хөнгөн шийдвэрлэсэн гэж ярьж байна. Энэ хэрэг нь хоёр дахь удаагаа шүүхээр хэлэлцэгдсэн. Өмнө нь нэг удаа прокурорт буцаж байсан. Халзан өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг шүүх дээр ирсэн гэдгийг мэдээгүй, урьдчилсан хэлэлцүүлэг зарлах ёстой байсан гэж ярьж байна. Яллах дүгнэлтийг зөвхөн яллагдагч нарт л гардуулж байгаа. Тиймээс хэрэг аль шатанд явж байгааг лавлаж тодруулах бүрэн боломжтой байсан. Энэ бол өмгөөлөгч нарын өөрийнх нь үүрэг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

11. Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Улсын яллагчийн хувьд нэг бүрчлэн тайлбарлаж хэллээ. Бусад өмгөөлөгч нар ч гэсэн няцаалтыг тодорхой хэллээ. Хүчингүй болгоод хэргийг яаж шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зүйл байхгүй. Хэдийгээр гомдол дурдсан хэдий ч тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

12. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

13. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Аль болох хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсч байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Цэрэндолгор, Д.Халзан нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч  *******, ******* нар нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хятад хоолны ресторанд үйлчлүүлж байхдаа согтуугаар БНХАУ-ын иргэн -тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, -ны бие махбодид  халдан толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх, хэвлийн тус газарт хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч ******* нь мөн цаг хугацаанд амь хохирогч БНХАУ-ын иргэн -ны толгойн тус газарт гараараа цохих, хэвлийн тус газарт удаа дараа хөлөөрөө дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч -ны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...Миний зодуулсан асуудалд Монгол хүн, Хятад хүн байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62х/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би БНХАУ-ын иргэн -ны төрсөн хүү нь байгаа юм. ... Энэ асуудлыг сонсоод их гайхсан, одоо маш их харамсаж, гомдолтой байна. Аав архи ууж, тамхи татдаг байсан, аавд Монгол улсад таньдаг хүн байсан эсэхийг мэдэхгүй. Манай аавын хувьд тухайн хэрэг болох үед анх удаагаа Монголд ирж байсан. Би Монгол улсад ирж, буцах замын зардал Монгол мөнгөөр 6,100,000 төгрөг, задлан шинжилгээний зардал гэх 1,000,000 төгрөгийг бид нар өгсөн тул бас нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-65-66х/,

- иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... Манай төвд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын иргэн биеийн байдал муу байдалтай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлгээр тусламж үйлчилгээ авч буй иргэдэд Монгол улсын эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувийг хөнгөлж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Дээрх хүний хувьд гадаад улсын иргэн учир эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх зохицуулалт байхгүй учир төлбөрийг 100 хувь төлж үйлчилгээ авдаг. ... Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 06 дугаар тогтоолын дагуу уг иргэнд эрчимт эмчилгээний /ICT-10/ R57.1 оношоор 7,741,319 төгрөгийн эмчилгээ, мэс заслын /ICT-10/ S36.9 оношоор 3,540,438 төгрөгийн хагалгаа тус тус хийгдэж нийт 11,281,757 төгрөгийн эмчилгээний төлбөр байгууллагаас гарсан тул дээрх төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1-хх 72х/,

- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... Тэгээд дахин нэг шил архи захиалж уусан бөгөөд уг архийг ууж байгаад тэд нилээн согтоцгоосон бөгөөд тэр БНХАУ-ын иргэнтэй муудалцсан. Юунаас болж муудалцсан бэ гэхээр тухайн гадаад иргэн нь гийн толгойд хүрээд байсан. нь түүнд “толгойд битгий хүр” гэхэд толгойд нь хүрэхээ болихгүй улам зориудаар хүрч өдөөд байсан. боль гээд гарыг нь түлхсэн чинь шууд ахын нүүр рүү гараараа цохиж газарт унагаасан. босож ирээд тухайн гадаад иргэнтэй барьцалдаж авсан. Би болиулах гэж дундуур нь ортол тухайн гадаад иргэн намайг заамдаж аваад баруун хацрын доод хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд ширээн дээрээс архины шил аваад ах руу дайрсан. Энэ үед ******* дундуур нь орж гарыг нь барьж аваад гараас нь архины шилийг нь авч тавиулахад тухайн гадаад иргэн нь *******гийн нүүр хэсэг рүү нь цохисон чинь *******ий нүдний шил нь газарт унасан. ******* нүдний шилээ газраас авч надад өгөх үед тухайн гадаад иргэн өрөөнөөс гарсан. ******* араас нь гарч зааланд байрлуулсан ширээн дээр түүнийг дарж унагаан толгой руу нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед тухайн гадаад иргэн нь газарт ширээний хажууд унасан бөгөөд дээрээс нь , ******* хоёр нийлээд ээлжлэн дэвсэлж эхэлсэн. нь “миний толгойд хүрсэн, ална чамайг” гээд дэвсээд байсан. ******* нь бол намайг өмөөрч түүнийг цохиж, ширээн дээр дарж унагаан дээрээс нь нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж, түүнийг газарт унах үед нь ах, *******  хоёр нийлж дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэлсэн. Удалгүй рестораны ажилчид ирж салгаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. ...******* толгой, цээж, хэвлий хэсэгт нь дэвссэн. ах ч мөн толгой, цээж, хэвлий хэсэгт нь дэвссэн. ...” гэх мэдүүлэг /1-хх 74-75х/,

- гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... Нөхрийн маань толгойг байн байн дагз орчимд нь цохиод байсан. Тэгээд хоорондоо яагаад маргалдаад байгаа талаар нь асуухад нөхөр маань толгой руу байн байн цохиод байхаар нь битгий толгой руу цохиод бай, би толгойдоо хүн хүргэх дургүй гээд маргалдсан гэж хэлсэн. Тэр хятад энэ байдлаар манай нөхөртэй шөргөөцөлдөж байгаад гэнэтхэн нөхрийн маань нүүр рүү 1 удаа шанаадсан. Манай нөхөр тэр хятад 2 шууд л босч ирээд зодолдох гэхээр нь би нөхрөө араас нь татаад зодолдохыг нь болиулах гэтэл тэр хятад ширээн дээрээс архины шил аваад бид нар руу шидэх гэж байсан. Би энэ үед дүүгийнхээ 2 хүүхдийг өрөөнөөс гаргачихаад эргээд харахад тэр хятад манай эмэгтэй дүүг эрүү орчимд нь гараараа цохиж байсан. ******* тэр хятадтай барьцалдаж авах үед гаднаас зөөгч нар орж ирээд тэр хятад, *******, гурвыг нэг нэг зөөгч тэвэрч аваад өрөөнөөс гаргасан. Ингээд тэр 3 заал руу гарсан юм. Би өрөөнөөс утсаа авах гээд буцаж ороод эргээд заал руу нь гарч ирэхэд тэр хятад, манай нөхөр ******* 3 заалны баруун хэсэгт нөгөө хятад нь газарт уначихсан , ******* 2 тэр хятадыг өшиглөж байхаар нь би нөхрөө салгаж авсан. Энхцацрал бас боль гээд нөхрөө салгаж авч байсан. Ингээд Энхцацралын утсаар эмнэлэг, бас цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /1-хх 80-82х/,

- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...өрөөнөөс нүдний шилтэй ах тухайн хятад ахыг тэврээд гаргаж ирж байсан. Тэгээд гэнэт тухайн хятад ахыг нөгөө тэвэрч гаргаж ирсэн нүдний шилтэй ах гараараа нүүрнийх нь хамар, уруул хэсэг рүү 4 бил үү 5 удаа цохиод авсан. Цохиж байхдаа хараагаад байсан ба юу хэлж байгаа нь ойлгогдохгүй байсан. Нүдний шилтэй ахад тухайн хятад хүн цохиулаад хойшоо савж унасан ба хоёр дахь удаагаа цохиулж байхдаа хойшоо савж унасан ба нөгөө цохиж байгаа нүдний шилтэй ах нь хойшоо унаж байхад нь нэмж цохиод байсан. Тэр үед нь би Дэлгэрмөрөнтэй хамт Өвөр монгол ахыг гаргах гээд байж байсан чинь нөгөө Өвөр монгол ах хажуугаар гүйж очиод газарт унасан хятад ахын хажууд очиод хөлөөрөө толгой болон цээжин бие хэсэг рүү олон удаа дэвсээд байсан. энхдээ толгой руу нь дэвсээд байсан ба хажууд нь зогсож байсан нүдний шилтэй ах бас хөлөөрөө тухайн хятад хүний мөн толгой болон цээжин бие хэсэг рүү нь дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна олон удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд Содбилэг, Дэлгэрмөрөн болон хамт явж байсан хоёр эмэгтэй нь салгасан. ...” гэх мэдүүлэг /1-хх 86-87х/,

- гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... Энэ үед би заал руу гарч харахад заалны төв хэсэгт нэг эрэгтэй хүн газарт унасан, харин хажууд нь байгаа 2 эрэгтэй хүн нь түүнийг нэмж зодох гээд дайраад байсан бөгөөд тухайн 2 эрэгтэй хүнтэй хамт яваа бололтой 2 эмэгтэй нь тэр хоёрыг хаасан байдалтай байж байсан. Мөн манай ажлын 2 эрэгтэй зөөгч нь тэр 2 эрэгтэйг болиулж байгаа харагдсан. ... Ингээд тухайн нүдний шилтэй залуу нь намайг хараад маргалдахаа больсон. Харин түүнтэй хамт явж байсан Өвөр монгол залуу “би наад хүний чинь толгойг нь өшиглөнө, ална” гэх зэргээр бахираад газар унасан байсан эрэгтэй хүн рүү дайраад байхаар нь би тухайн хүнийг барьж үйлдлийг нь хориглосон. Тухайн бахираад байсан залуу нь миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Энэ үйл явдлын дараагаар маргаан дууссан бөгөөд үйл явдал намдаад 2 минут орчим болж байхад Өвөр монгол залуу нь унасан байсан эрэгтэй рүү дөхөж очиод баруун хөлийнх нь доод хэсгээс буюу өмссөн өмднийх нь түрийнээс дээш татаж чирэх гэж оролдсон бөгөөд төө хүрэхтэй үгүйтэй газар чирэх үед нь би түүнийг болиулсан. Ингээд удалгүй эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. Газарт ухаангүй байгаа хүн Хятад улсын иргэн болж таарсан. Түүнийг эмнэлгийн байгууллага ирээд биеийн байдалд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд зөөвөрлөгч орон дээр тавьж аваад явсан. Уг хятад иргэн намайг гарч ирсэн цагаас хойш босож ямар нэгэн зүйл яриагүй, ухаангүй байдалтай өндөр хэмжээтэй амьсгалж байсан. Өөрөөр тухайн үед ямар нэгэн зодоон цохион болоогүй. Миний харсан зүйл бол ингээд л болсон. Намайг гарч ирэхээс өмнө хэрхэн маргалдсан талаар би бол мэдэхгүй байна. Тухайн хэсэг рүү туссан хяналтын камер байгаа. ...” гэх мэдүүлэг /1-хх 89-90х/,

- насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...би зөөгч Энхбаяртай хамт 1 номерын өрөө рүү ороход дотор 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн, 2 хүүхэдтэй нийт 7 хүн байсан ба өрөөний баруун буланд өрөөнд байсан хоёр эмэгтэй хүн нь гартаа архины шил барьчихсан хятад иргэнийг хориод наад талд нь болохоор нүдний шилтэй эрэгтэй Монгол ах нэг Өвөр монгол ахыг тэвэрчихсэн хориод байж байсан. Тухайн Өвөр монгол хүн нь бас гартаа архины шил барьчихсан хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би зөөгч Энхбаярын хамт тухайн Өвөр монгол иргэнийг 1 номерын өрөөнөөс гаргаад нэг давхрын зааланд оруулж ирсэн. Тэгэхэд өрөөнд байсан Монгол ах бас хамт гарч ирсэн. Тэгсэн удалгүй 1-2 минутын дараа 1 номерын өрөөнөөс хятад иргэн хоёр эмэгтэйн хамт гарч ирсэн. Тэгсэн хятад иргэн нь хамт явж байсан Өвөр монгол иргэн рүү чанга чанга бахирч яриад дайраад байхаар нь Энхбаяртай хамт хориж байсан. Тэгээд эргээд харсан чинь нүдний шилтэй Монгол ах Хятад иргэнийг гараараа нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиод тухайн хятад нь арагшаа савж унаад дагз хэсгээрээ ширээ мөргөөд газарт шалан дээр унасан. Тэгсэн Өвөр монгол нь хажуугаар гүйж гараад хятад иргэний хажууд очсон ба хөлөөрөө нүүр болон цээж рүү нь миний харснаар ******* удаа дэвссэн ба хамт явж байсан Монгол залуу нь бас хөлөөрөө толгой болон цээж рүү нь хамт дэвсэж өшиглөөд байсан. Энэ хооронд манай ажилчид болох Энхбаяр, Содбилэг бид 3 болон хамт явж байсан хоёр эмэгтэй нь салгасан. Тэгээд хэн нь эмнэлэг, цагдаа дуудсан юм бүү мэд, удалгүй ирээд Хятад иргэнийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1-хх 93х/,

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Манай ресторанд 2024 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 19 цагийн орчим БНХАУ-ын иргэн зодуулсан гэх хэргийг мэдэж байгаа. Тухайн хятад иргэн зодуулж байхад манай заалны хэсгийн зүүн урд талд хоёр тасалгаа бүхий хэсэг байдаг ба зүүн талын ширээнд нь иргэд сууж үйлчилгээ авч хооллож байсан. Уг иргэд бол маргаан болсны дараа удалгүй гараад явцгаасан. Мөн 2 давхрын 3, 4 тоот өрөөнд иргэд үйлчилгээ авч байсан. Манай байгууллага өглөө 08 цагаас оройны 23 цаг хүртэл үйлчилдэг. ...Тогооч гарч ирээд салгаж байсан. Тэгэхээр түр хугацаанд үйл ажиллагаа зогссон. ...” гэх мэдүүлэг /3-р хх 181х/,

- шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал, орчмын эдийн няцрал, чамархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь өшиглөх болон хөлөөрөө дэвсэх хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун хацар, уруул, зүүн шуу, сарвуу, баруун бугалганд зулгаралт, цээж, зүүн бугалга, шуу, сарвуу, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь цохих, унах зэрэгт үүсгэгдэх боломжтой. ...Дээрх тохиолдолд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авч эмнэлгийн зүгээс яаралтай мэс засал болон бусад эмчилгээг стандартын дагуу хийгдсэн байна. Талийгаач нь артерийн даралт ихсэн, чихрийн шижин, элгэнд голомтлог үүсгэвэр зэрэг архаг хууч өвчтэй, мөн тухайн гэмтэл авах үед үүссэн нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний урагдал орчмын эдийн няцрал, чацархайн венийн судасны бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн цусан хураа буюу хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас барсан байна. ...” гэх мэдүүлэг /1-хх 126-127х/,

- шүүгдэгч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “ ... Удалгүй нөгөө Хятад иргэн ахын дагз хэсэг рүү нь цохиж, чангаар хэрүүл хийгээд байгаа юм шиг зан гаргаад байсан бөгөөд уг үйлдлийг маш олон удаа гаргасан. Энэ үед ах эсэргүүцэл үзүүлэхгүй өөдөөс нь инээгээд надад “Хятад хүмүүс ингэж ажил ярилцдаг юм аа, удахгүй ойлголцоно зүгээр зүгээр” гээд байсан. ...Гэтэл нөгөө Хятад хүн нь гараараа ахын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба тэр үед ах сандал дээр сууж байсан болохоор арагшаа унаад босож ирээд тэр хоёр хоорондоо заамдалцаж авах гэхээр нь би дундуур нь орж хятад иргэнийг тэвэрч аваад салгахад ширээн дээр байсан архины шилийг аваад ах руу далайхаар нь гараас нь шилийг нь аваад холдуулсан. Тухайн үед ахыг эхнэр Энхчимэг нь хойшоо татаад өрөөнөөс гаргах гээд холдуулж байгаа харагдсан. Гаднаас зөөгч нар ирээд аваад гарч байсан бөгөөд нөгөө хятад иргэн архины шилийг нь авлаа гээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба миний нүдний шил газар унасан. Тэгээд нүдний шилээ аваад эргээд харахад манай эхнэр Энхцацралыг тухайн Хятад хүн заамдаж аваад нүүр хэсэгт нь цохиж байгаа харагдахаар нь би хоёр гарыг нь барьж аваад тэврээд эхнэрийг маань цохисон учир бухимдаж өрөөнөөс тэвэрсэн байдалтай гарахад толгой хэсгээрээ цохих гээд байгаа юм шиг тийчигнээд байсан. Өрөөний хажуу талд байсан ширээ тулахад миний өөдөөс эргэж харахаар нь би нүүр хэсэгт цохисон. Ингээд цааш нь юм санахгүй болоод тухайн үед намайг хүмүүс салгаад байсныг бол санаад байна. Түүнээс хойш ухаан балартаж тухайн газраас гараад хажууд байсан дэлгүүр орох гээд явж байхад цагдаа болон эмнэлгийн машин ирэхээр нь буцаад хоолны газар руу орсон. ...Тэр хүн намайг цохих үед нь би ямар ч хариу үйлдэл гаргаагүй. Харин миний эхнэрийг цохисон. ...Би хүний амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би танхайрсан зүйл байхгүй, би хохирогчийг эхнэрээ өмөөрч цохисноо хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1-хх 242-243, 3-р хх-9х/,

- шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Ингээд бид 3 шил архи ууцгаасан бөгөөд тухайн үед надад хэлэхдээ” би байгууллагын ажлаар биш, Монголоос хүүхэн аваад Хятад руу оруулаад зарах санаатай байна. Чи маргааш гэхэд надад 1 хүүхэн олж өг” гэхээр нь би “тийм ажил хийхгүй” гэдгээ хэлэхэд надад “чи олоод өг өө” гээд согтсон байдалтай гараараа миний дагз руу цохиод, толгой дээрээс дараад бараг ширээ мөргүүлэх шахуу, мөн гараараа миний гар руу маш олон удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хүнд “чи ямар учраас цохино вэ, манай Монгол ёсонд тийм ёс байхгүй, хүнийг доромжилж байгаа юм уу” гэсэн чинь би ахиж ийм үйлдэл гаргахгүй гэж хэлчихээд дахиад цохиж, толгойны дагз руу алгадаад, эсхүл гар руу цохиод байсан. Би дахин тэр хүнд хандан “битгий намайг цохио” гэж хэлсэн чинь Хятад хэлээр ярихгүй Солонгос хэлээр яриад байсан ба би тэр үед Хятад хэлээр яриа, хараагаад байгаа юм уу, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байх юм” гэсэн чинь босож ирээд миний хамар руу гараа зангидаж байгаад нэг удаа цохиж унагаасан. Би босож ирээд тэр хүнд “чи хоол идэж байх дундуур юунд зодоон хийдэг юм бэ” гэж хэлээд тэр хүнийг заамдаж авахад ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу цохих гэхэд дүү ******* дундуур ороод бид хоёрыг салгасан. Яг энэ үед Хятад хүн манай дүүгийн нүүр хэсэгт цохиж нүдний шилийг газарт унагаагаад тэр хоёр барьцалдаж авсан. ...Өрөөнөөс гарах үед ******* тухайн Хятадыг тэвэрч гараад заалны хэсэгт очиод олон удаа нүүр хэсэгт нь цохиж байгаад газарт унахад дээрээс нь өшиглөж байсан. Би тэр үед нь гүйж очиод дээрээс нь 2 удаа өшиглөсөн. Миний өшиглөсөн үйлдэл нь тэр хүний бие хэсэг рүү нь оносон оноогүйг мэдэхгүй байна. Энэ үед намайг зөөгч залуу салгаж болиулсан. Би түүнээс хойш тэр хүнийг цохиогүй. Тэр хүнийг алах, гэмтэл учруулах санаа огт байгаагүй бөгөөд намайг өрөөнд их дээрэлхсэн учир уурандаа очиж өшиглөсөн. Надад энэ хүнийг алах бодол байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1-хх 237-238х/,

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот дүгнэлт /1-р хх 107-113х/,

- Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 38 тоот дүгнэлт /1-р хх 139-141х/,

- Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 тоот дүгнэлт /1-р хх 147-150х/,

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт дүгнэлт /3-р хх 163-169х/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 27х/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 29-44х/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 114-119х/,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх 161-176х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар 10 /арав/ жилийн хорих ял,  шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулж, тус бүр нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг  тодорхойлж, дээрх гэмт үйлдлийн улмаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг шүүгдэгч ******* нь учруулсан, шүүгдэгч ******* зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус бүр цагдан хоригдсон 93 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       С.ГАНЧИМЭГ

     ШҮҮГЧИД                                                                            Г.УРТНАСАН

                                                                                               Ц.ЭРДЭНЭЗУУ