Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145

 

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Нсанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

          Шүүгдэгч: Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Л.Ч-эд холбогдох 1835002540161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 2 дугаар сарын 10-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын “Өндөр мод” багт оршин суух О овогт Л.Ч. РД:......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

      Шүүгдэгч Л.Ч нь Сагил сумын  “Хаг” гэх газарт 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ниссан ваннетте загварын 47-88 УВХ улсын дугаартай автомашин жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17, 7.6 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч О.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Шүүгдэгч Л.Ч-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Л.Ч нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Сагил сумын “Өндөр мод” багийн нутаг “Хаг” гэх газарт Ниссан ваннетте загварын 47-88 УВХ улсын дугаартай автомашин жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ бага насны О.Э-г дайрч, дагз ясны битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун дунд чөмөгний гандан хэсгийн зөрөөтэй битүү хугарал, дух, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд учруулсан болох нь  насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О--ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн 1 нас 8 сартай охин Эгийн хамт 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сагил сумын Хаг гэх нэртэй газарт болон Сагил сумын улсын баяр наадам дээр очсон. Тухайн газарт манай ах, дүү хамаатнууд майхан барьж бүгдээрээ баяр наадам үзэцгээсэн юм. Тухайн баяр наадмын сүүлийн морь болох 5 настай /соёолон/ морь уралдаж барианд орж ирсний дараа би майхан дотор байж байтал манай ах Л.Ч нь гэрлүүгээ явна гээд өөрийн охин У, хүү Б нарын хамт гарцгаасан юм. Л.Ч ах баярт өөрийн 47-88 УВХ улсын дугаартай цагаан өнгийн бага оврийн ачааны машинтай ирсэн юм. Ч ах манайхаас гараад машинаа асаагаад хөдлөх шиг болсон. Удалгүй Ч ах “Эг мөргөчихлөө хүүхдээ ав” гэж намайг дуудсан. Тухайн үед манай хамаатнууд бүгд майхан дотор байсан бөгөөд би майхнаас гарахад Ч ах Э-г тэвэрчихсэн машиныхаа урд талд зогсож байсан юм. Би Э-г ахаас аваад тэвэрч үзэхэд Э-ий зүүн талын шанаа нь зулгарчихсан байсан ба өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл мэдэгдээгүй юм. Эг надад өгөхөд Э уйлаад байсан. Ч ах Сагил сумын эмч Ч-ийг дуудаж Эд тариа хийлгээд хүүхдийг үзүүлэхэд нэгдсэн эмнэлэг рүү явж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн ах Ч, Ц нарын хамт Ц ахын машинтай Э-г аймгийн төврүү авч ирж нэгдсэн эмнэлэгт үзүүлж хэвтүүлэн эмчлүүлсэн юм. Би Эг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаад 2018 оны 07 сарын 14-ны өдөр Улаанбаатар хотруу авч явж биеийг нь үзүүлж эмчлүүлсэн. Тэгээд би Улаангом суманд 2018 оны 08 сарын 03-ны өдөр ирсэн юм. Манай охин Э нь машинд мөргүүлж баруун дунд чөмөг хугарсан, дагзны яс хугарсан гэмтэл авсан юм. Эмчилгээ сайн хийгдэж, одоо босоод явж байгаа. Одоо Л.Ч ахаас нэхэмжлэл хохирол, гомдол байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р тал/

      гэрч Ч.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нөхөр бид хоёр Сагил сумын Хагийн наран гэх газарт болсон баяр наадам үзээд морь уралдаж дуусаад өөрийн ач хүү Бийг хайгаад машинтайгаа явж байтал 47-88 УВХ улсын дугаартай цагаан өнгийн дан дугуйтай ачааны автомашины жолоочийн эсрэг талын арын дугуйны ард талд тэвшин доор бага насны нэг хүүхэд ганцаараа зогсож байсан. Тэгтэл гэнэт нөгөө машин хойшоо ухарч хүүхдийг мөргөж унагаад арын дугуйгаараа дайрсан. Тэгээд үргэлжлүүлэн жолооч жолооны хүрдээ зүүн тийшээ дарж ухарсан бөгөөд урд хоёр дугуй нь хүүхдийг дайралгүйгээр гарсан юм. Машин ухрах үед нөхөр бид хоёр тэр машинаас 15-20 метрийн зайтай байсан бөгөөд бид хоёр хүүхэд мөргөлөө гэж орилсон боловч жолооч нь сонсохгүй ухарч хүүхдийг дайрсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

      гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сагил сумын баяр наадам  энхэр Эийн хамт очсон.  Морь уралдаж дуусаад өрийн ач хүү Бийг хайгаад эхнэр бид хоёр машинтай хүмүүсийн ар талаар явж байтал бага насны нэг хүүхэд ганцаараа 41-88 УВХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны машины арын дугуйны тэвшин доор зогсож байсан. Эхнэр бид хоёр тэр хүүхдийг хараад ямар эвгүй газар тоглож байгаа юм бэ? гэж ярилцаж байтал тэр машин гэнэт хойшоогоо ухарч дугуйны доод талд байсан хүүхдийг мөргөж унагаад арын дугуйгаараа дээгүүр нь гарчихсан юм. Машин ухрахад эхнэр бид хоёр хүүхэд дайрлаа гэж орилсон боловч жолооч нь сонсоогүй юм. Тухайн үед эхнэр бид хоёр тэр машинаас 20 орчим метрийн зайтай байсан. Тэгээд тэр машин хүүхдийг мөргөж гарсны дараа жолооч жолооны хүрдээ зүүн тал руу дараад ухрахад хүүхэд машины урд талын хоёр дугуйны дундуур гарсан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р тал/,

      гэрч Г.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны дугаар сарын 08-ны өдөр манай сумын эхний баярын өдөр Соёолон насны морь ирсний дараа манай сумын 3 дугаар багийн харъяат Лхамжавын залуу ирээд “Та нэг хүүхэд үзээд өгөөч” гэхээр нь “Хаана байна?” гэхэд  “Машины зогсоол дээр байна” гэж хэлсэн. Тэгээд очиход майхан дотор хүүхэд байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад хүүхдийн ээж болох эмэгтэй ухарч явсан машиныг гүйж очоод мөргөөд уначихдаа гэж надад хэлсэн юм. Хүүхдийг үзэхэд зүүн шанаа бага зэрэг шалбарсан, нүүр нь шороо болсон байдалтай байсан юм. Мөн хүүхдийн зүрхний цохилт хэвийн байсан цээжний хэсгийг нь гаргаж үзэхэд ил харагдах шарх сорви, эмзэглэл байгаагүй, хүүхдийг алхуулж үзэхэд баруун хөлөндөө зовиуртай байсан. Тэвэрч үзэхэд эмзэглэлтэй байсан юм. Тэгээд шанааныхан шархыг цэвэрлэж, өвчин намдаах тариа хийж өгөөд аймгийн төв явж эмчлүүлэх хэрэгтэй гэж хэлээд явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн46-47-р тал/,

      шүүгдэгч Л.Ч-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн ах, дүү нарын хамт наадам үзэж байгаад хурдан морь уралдаж дуусаад өөрийн хүү, охин хоёртойгоо явахаад майхнаас гараад машиныхаа араас тойрч харахад морь байхаар нь холдуулж уячихаад хоёр хүүхдээ суулгаад толиндоо харахад ямар нэгэн зүйл байхгүй болохоор нь ухрахад Эг мөргөж унагаж дээгүүр нь гарчихсан байсан. Би болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Нэг хүүхдээрээ харуулж байгаад ухарсан бол ийм явдал болохгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

      “Ниссан ваннетта" загварын тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч Л.Ч нь  ухрах үйлдэл хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь жолоочийн ухрах үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэж байгаа хэлбэр бөгөөд энэ үед жолооч зам, орчны байдлыг биеэр шалгаж, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх үүрэгтэй байна. энэ тохиолдолд жолооч Л.Ч нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлсэн байна.

      Мөн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй орчинд, бусдын тусламжтайгаар гүйцэтгэх шаардлагатай ухрах үйлдлийг бие даасан гүйцэтгэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17- д “Аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэнэ” гэж заасныг мөн зөрчсөн байна.

      Энэ талаар гаргасан Увс аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн20 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-р тал/ үндэслэлтэй байна.  

       Шүүгдэгч Л.Ч нь “Ниссан ваннетте” загварын 47-88 УВХ улсын дугаартай автомашин жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ бага насны О.Э-г дайрч, дагз ясны битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун дунд чөмөгний гандан хэсгийн зөрөөтэй битүү хугарал, дух, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд учруулсан бөгөөд уг гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 532 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-р тал/-ээр тогтоогджээ.

       Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн , Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

      Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

        Шүүгдэгч Л.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 7.17 дахь заалтуудыг зөрчиж, бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

       Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О “Л.Ч нь бага насны хохирогч О.Э-гийн эмчилгээний бүх зардлыг гаргаж өгсөн.  Цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн  тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Шүүгдэгч Л.Ч-ийн үйлдэл нь болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй байна.

      Учир нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

    Энэ хэргийн хувьд шүүгдэгч Л.Ч нь “Ниссан ваннетте” загварын 47-88 УВХ улсын дугаартай автомашин жолоодож,  явах зорилгоор ухрах үйлдлийг хийсний улмаас хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

2. Шүүгдэгч Л.Ч-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Л.Ч нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

         Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

    Шүүгдэгч Л.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Ч-ийн 462435 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч О овогт Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

       3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4. Шүүгдэгч Л.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Ч-ийн 462435 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Нямжавд даалгасугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Чэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ