| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 201/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хилчинбаатар
Хохирогч *******
Хохирогчийн төлөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/404 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Хилчинбаатарын бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2421000860111 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, *******гийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан. /РД: *******/
2. Яллагдагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн УНЦ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй жолоодон явж байгаад зайлшгүй зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэзмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед зам тээврийн осол гарч ДОР улсын дугаартай Тоёота фийлдэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нас барж, зорчигч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд тусгаснаар/
3. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээс зарим хэсгийг хангаж, “... УНЦ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн чиглэлийг ойлгомжгүй, зөрүүтэй байдлаар яллах дүгнэлтэд тусгасан буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэсэн байрлалтай гэж тусгасан байна.
Харин хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэрэгт хохирогчийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн тийш чиглэж явж байгаад зам дээр зогсож байсан машины араас мөргөсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан байх тул энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, мөн хохирол төлбөрийг нэг мөр тооцоолох шаардлагатай.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. Прокурор Э.Хилчинбаатар эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч тээврийн хэрэгслийг жолоодож явсан чиглэлийг баруунаас зүүн тийш чиглэлтэй явсныг зүүнээс баруун тийш чиглэлтэй явсан гэж зөрүүлж бичсэн ба …хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудаар жолооч баруунаас зүүн тийш чиглэн явж байсан болох нь зөрүүгүй тогтоогдсон тул нэг талаас яллах дүгнэлтэд гарсан алдааг засуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох ажиллагаа явуулахыг даалган, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжтой, нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндсэн шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судалж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож болно.
… Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй байдлаар гаргасан хохирлын тооцоог яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан хохирлын тооцоотой зөрсөн гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийлгүйгээр шууд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн, мөрдөгч, прокурорын хохирлын зөрүүг мөрдөн шалгах ажиллагаагаар арилгах боломжгүй ба тухайн хэргийн шууд хохирол нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал ба иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь хэргийн зүйлчлэл, яллагдагчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй, мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх нь тодорхойгүй. Энэ гэмт хэргийн хувьд хохирол, хор уршгаа нэхэмжлэх, түүнийгээ нотлох үүрэг нь нэхэмжлэгчид үүснэ.
Харин мөрдөгч нэхэмжлэл гаргах эрхийг хангах, хохирогчоос гаргаж өгсөн баримт эргэлзээ бүхий гэж үзвэл нотлох баримтын шаардлага хангах эсэхийг шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Гэтэл хохирогчийн гаргаж өгсөн баримт эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй талаар яллагдагч, түүний өмгөөлөгчөөс гомдол, хүсэлт гаргаагүй, прокурор нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн хууль зүйн дүгнэлт хийсэн байхад хохирол төлбөрийг нэг мөр тооцоолох шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
…Мөрдөгчийн хохирлын тооцоо гаргасан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь эргэлзээтэй, шүүх хохиролтой холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах байдлаар тодруулж, дүгнэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
6. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьдчилсан хэлэлцүүлэг дээр дурдагдсан тээврийн хэрэгслийн явж буй чиглэлийг андуурч бичсэн үйлдэл гаргасан. Үүнийг техникийн алдаа гэж үзээд зөвтгүүлэх, шүүх хуралдаан дээр тайлбарлах боломжтой гэж хэлж байгаа прокурорын саналыг дэмжиж байна. Энэ хэрэг шалгагдаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Орон нутгаас буюу хөдөө орон нутгаас ирж байгаа хохирогч нарын хувьд хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх яллагдагчид холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “... УНЦ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн чиглэлийг ойлгомжгүй, зөрүүтэй байдлаар яллах дүгнэлтэд тусгасан ... энэ нөхцөл байдлыг тодруулах , мөн хохирол төлбөрийг нэг мөр тооцоолох шаардлагатай.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуульд нийцсэн байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад баримтуудаар яллагдагч нь өөрийн эзэмшлийн УНЦ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй жолоодон явж байгаад зогсолт хийсэн..., мөн ... амь хохирогч тээврийн хэрэгслээрээ баруунаас зүүн тийш чиглэн явж байгаад зам дээр зогсож байсан яллагдагчийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн ... гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Гэвч прокурор яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтдээ тус тус тээврийн хэрэгслийн зорчиж явсан чиглэлийг “... ертөнцийн зүгээр баруун тийш ...” гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн байх ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч *******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарт учирсан хохирлын тооцоог нэг мөр зөв тооцоолох шаардлагатай, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг зөрчөөгүй байна.
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох ажиллагааг хийгээгүй байх тул уг ажиллагааг шүүгчийн захирамжид заасан дээрх үндэслэлээс гадна нэмж хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Тавдугаар зэрэглэлээр тогтоож, мөрдөгчөөс ийнхүү хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн тухай маягтыг талуудад танилцуулсныг яллагдагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй байна. /хх 142/
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан.
Хохирогч ******* нь яллагдагч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч болсон бөгөөд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх эсэх нь тухайн хохирогчийн эрх мөн боловч түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал хийгдэх ажиллагаа юм.
5. Дээрх үндэслэлээр прокурорын яллах дүгнэлтэд гаргасан алдааг зөвтгүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирол төлбөрийг зөв тооцож ирүүлэх, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Э.Хилчинбаатарын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/404 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ