Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0329

 

2018 оны 06 сарын 07 өдөр   

  Дугаар 221/МА2018/0329

Улаанбаатар хот

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                       захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0222 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0222 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 4, 24 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлснийг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлбөр төлснийг бүртгэхийг хариуцагчид даалган, Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 26 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014162 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/169 дүгээр албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/169 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна. Тус компанийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдолтой холбоотойгоор тус газрын ХШҮСМХ-ээс хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хяналт, шинжилгээ хийсэн ажлын дүгнэлтээр гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг дурдсан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших “Цагаан овоо” гэх нэртэй 3771.56 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-14162 дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 онд “Сод маргад” ХХК-д олгож, улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 62 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д шилжүүлсэн байна.

Уг тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөрийг анх олгосон 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр тооцож жил бүр төлөх талаар тэмдэглэсэн ба нэхэмжлэгч “С” ХХК нь  ашигт малтмалын хайгуулын XV-14162 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлөх ёстой байсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14162 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.

“С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-014162 дугаартай тусгай зөвшөөрлий төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй боловч мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөрийг алдангийн хамт төлснөөр дээрх хугацааг 10 хоног хэтрүүлсэн хэдий ч энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн захирал Х.Батбаяр нь эмнэлгийн магадлагаатай байсан, энэ тухай баримт бичгийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байхад хариуцагч байгууллагаас энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна” гэж дүгнэн “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангахгүй бичмэл баримтыг үнэлж дүгнэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй”, 34 дүгээр зүйлийн 34.5-д “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч “С” ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй ба Ашиг малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.6, 34.7-д заасны дагуу 2017 оны 20 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө үндсэн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан бөгөөд уг хугацааг тус компанийн захирал Х.Батбаяр нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ үндэслэсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Халдварт, өвчин судлалын үндэсний төвийн эмнэлгийн магадлагаа /Хавтаст хэргийн 15 хуудас/, тус эмнэлгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон 0961279 дугаартай эмнэлгийн хуудас /Хавтаст хэргийн 16 хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс олгосон эмнэлгийн магадлагаа зэрэг баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, тус компанийн захирал дурдсан хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан эсэхийг уг эмнэлгийн магадлагааг бичсэн эмчээс тодруулга авах замаар тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх боломжтой байсан гэж буруутгасан атлаа дээрх нотлох баримтын шаардлага хангахгүй бичмэл баримтуудыг “С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн эсэхийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газар ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 7/2674 дүгээр албан бичгийн хавсралтаар “С” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 дугаар албан бичиг, төлбөр төлсөн баримт, өвчний түүх /Хавтаст хэргийн 65-67 хуудас/, иммунологийн шинжилгээ зэрэг баримтуудыг анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг хариуцагчид гаргаж өгсөн эсэхийг тодруулж, эдгээр баримтуудаар хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

          ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА