Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/02322

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/02322

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/03255/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, Ш******* овогт Д*******ын Э******* /утас: *******/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И******* цахимаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.И******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Д.Э******* нь 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн дуудлагын диспетчер бага эмчээр ажиллаж байсан. Мөн Дархан Уул аймгийн эрүүл мэндийн газрын 1 дүгээр яслид 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүмүүжүүлэгч бага эмчээр ажиллаж байсан нь үнэн болохыг шүүхээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.И*******д хүсэлт гаргагч Д.Э*******аас олгосон итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Төрийн Архивын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн тодорхойлолт, №******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 08 сарын 29-ний өдрийн 04 дугаартай Ажилд авах, ээлжийн амралт олгох тухай тушаал, 1994 оны 11 сарын 09-ний өдрийн 10 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Дархан-Уул аймгийн Дархан сумын хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 06 сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхийн журмаар Д.И*******гаас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Хүсэлт гаргагч Д.Э*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.   Хүсэлт гаргагч Д.Э******* нь 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн дуудлагын диспетчер бага эмчээр, Дархан Уул аймгийн эрүүл мэндийн газрын 1 дүгээр яслид 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.

 

4. Хүсэлт гаргагч Д.Э******* нь тушаалын тамга тэмдэг зөрүүтэй, мөн ажлаас гарсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан №******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 08 сарын 29-ний өдрийн 04 дугаартай Ажилд авах, ээлжийн амралт олгох тухай тушаалд ... Э*******ыг ажлын 21 хоног ... гэх бичилт, 1994 оны 11 сарын 09-ний өдрийн 10 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд ... Д.Э******* нь 1994 оны 6 сарын 25-нд төрсөн. Амаржсаны дараах болон ээлжийн амралтаа эдэлсэн тул 1994 оны 09 сарын 15-ны өдрөөс хүүхдээ 2 нас хүртэл асрах тэтгэмжтэй чөлөө олгосугай ... гэх бичилт, Дархан-Уул аймгийн Дархан сумын хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 06 сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай тушаалд ... Д.Э******* нь өөрийн хүсэлтээр Дорнод шилжиж байгаа тул 7 сарын 1-ээр тасалбар болгож, ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилт, гэрч Д.И*******гийн өгсөн ... Д.Э******* нь надтай хамт хуучин нэрээр сувиллын ясли цэцэрлэг, одоогийн ** дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Д.Э******* нь багш, оройн бага эмч хийдэг байсан. Манай байгууллага нь хуучин Дархан хотын Эрүүл мэндийн газрын харьяа түргэн тусламжийн станц, мөн тус газрын харьяа сувиллын ясли цэцэрлэг нэртэй байсан. Д.Э******* нь миний санж байгаагаар 2-3 жил ажилласан санагдаж байна. Тэрээр жирэмсний амралтаа аваад эргэж ажилдаа ороогүй. Тэгээд Дархан хотын Эрүүл мэндийн газрын харьяа сувиллын ясли цэцэрлэгт оройн бага эмчээр ажиллаж байсан санагдаж байна ... гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Д.Э*******ыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн дуудлагын диспетчер бага эмчээр 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, мөн Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын 1 дүгээр яслид хүмүүжүүлэгч бага эмчээр 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, Д.Э*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш******* овогт Д*******ын Э*******ыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн дуудлагын диспетчер бага эмчээр 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, мөн Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын 1 дүгээр яслид хүмүүжүүлэгч бага эмчээр 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА