| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1137/Э |
| Дугаар | 1188 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Л.Г,
Өсвөр насны шүүгдэгч Л.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Майдар, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/,
Өсвөр насны шүүгдэгч П.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1818/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарт холбогдох 1806 05238 1243 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт оны дүгээр сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагийн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ногоон зоорийн задгай тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Л.Г /РД:
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод оны дүгээр сарын -ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ногоон зоорийн дүгээр гудамжны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Л.Г /РД:
3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод оны 0 дүгээр сарын -ний өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн дүгээр ангийн сурагч, ам бүл , эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 6-32 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх П.Б /РД:
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 10-нээс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 36 тоотод оршин суух иргэн С.Цэрэнлхамын байшингийн цонхыг хагалан орж бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 4, хос, мөнгөн гинж 4 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, чихэвч 1 ширхэг, үсний машин 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Гы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Бийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гэрчээр өгсөн: “...Миний хүү төлөв даруу зантай, сургуульдаа нэр хүндтэй, зан төлөвийн хувьд даруухан хүүхэд юм. Би өглөө гараад орой ирдэг ажилтай болохоор хүүхэддээ тавих анхаарал суларснаас болоод ийм хэрэгт холбогдлоо” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Гы хууль ёсны төлөөлөгч Н.Майдарын гэрчээр өгсөн: “...Л.Г нь надтай цуг амьдардаг юм. Тухайн үед миний анхаарал суларсанаас болоод энэ хоёр хүүхэд ийм хэрэгт холбогдчихлоо, одоо би хоёр хүүхдээсээ хараа, хяналт салгахгүй гэж бодож байна. Манай хоёр хүүхэд зан аашны хувьд гайгүй, этгээд муухай зан ааш байхгүй, ерөнхийдөө дуу муутай загнаж байсан ч, зодож байсан ч урдаас дуугардаггүй цайлган хүүхдүүд байгаа юм. Болчимгүй зангаасаа болоод л ийм хэрэгт холбогдчихлоо миний хүүхдүүдэд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хэрэгт холбогдсоноос хойш миний хоёр хүүхэд их ухаарч байгаа нь мэдэгдээд байгаа” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-7/,
Хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх.10-12/,
Л.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэрэнлхамын өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь 1-36 тоот гэрээсээ Сонгинохайрхан дүүргийн Драгон төв орж Өвөрхангай аймгаас хүн тосох гээд 11 цаг 50 минутад гарсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 11 цагийн үед ирэхэд хашааны хаалга хаалттай байсан. Гэхдээ би явахдаа гаднаас нь уяагаар уясан байсныг тайлсан байсан. Хаалгаар дотогш яваад ороход байшингийн баруун талын цонхыг хагалж 2 цонхыг нь 2-ланг нь онгорхой орхиод гэрийн бүх зүйлийг онгичиж үзсэн байсан тул гэрт хулгай орсныг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх.17/,
“... Тухайн өдөр манай гэрт манай тэр хавийн Ганбаатар гээд хүүхэд манай гэрээр орж ирээд гарсан юм. Би тэр хүүхдэд гадагшаа гарч байгаагаа хэлсэн юм. Өөр хүн мэдээгүй байх... Сэжиглэж байгаа хүн гэвэл тэр Ганбаатар гээд хүүхдийг сэжиглэж байна, намайг гарсаныг мэдсэн болохоор сэжиглэж байна... Бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2014 онд 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан Алтан ээмэг хосоороо, 2.8 граммтай 2013 онд Мөнгөн завьяанаас 200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөн бөгж 2 ширхэг тус бүрийг нь 10,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөн гинж 4 ширхэг тус бүрийг нь 25,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн ээмэг 4 хос тус бүрийг нь 20,000 төгрөгөөр худалдан авсан. 1 ширхэг чихэвч 15,000 төгрөгөөр худалдаж авсан. Үсний машиныг өнгөрсөн оны 8 сард Номингоос 70,000 төгрөгөөр худалдаж авсан. Бор өнгийн хэтэвч 15,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны П.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Майдарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.31/,
Хохирогч С.Цэрэнлхамын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг нийт 560,000 төгрөгөөр тогтоосон “Фэйр Валуэшн” ХХК-ы дүгнэлт /хх.36-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч П.Бийн өгсөн: “... Тэгээд Ганбаатар гадаа үлдээд Ганчулуун бид 2 хаалгаар нь мяндсан утсыг тасдаад хашаан дотор ороод хашаанд байсан тоосгыг Ганчулуун барьж аваад 2 удаа шидсэн цонх нь хагарахгүй байсан чинь намайг чи хагал гэхээр нь би хагалчихаад явлаа би орохгүй гэсэн чинь хоёулаа зоригтой шүү дээ оръё гээд хагалсан цонхоор тухайн айл руу орсон юм. Айлд ороод Ганчулуун хөргөгчийг нь ухаад нэг мах аваад Ганбаатарт цонхоор тухайн махыг өгөөд Ганчулуун дэл сул юу байна авъя гээд намайг алив гэрэл тусгаж бай гээд цаад талын өрөөнд байсан авдараас мөнгөн аяга, хэд хэдэн зүйл аваад халаасандаа хийгээд байсан. Би цаана байсан 3 нүдтэй шургуулганаас 16 ширхэг зайповер банк, шинэ хэтэвч, түлхүүрийн оосор авсан Ганчулуун цаана бас эд зүйл авч байснаа зурагтыг нь аваад гарах үед би болио гээд болиулсан. Тэгээд яг гарах гэж байсан чинь Ганчулуун энд байгаа тэр морин хуурыг нь авчихъя гэхээр нь юу яриад байгаа юм бэ болохгүй гээд байшингаас гараад тухайн авсан зүйлсээ өөрсдөө гэр лүүгээ авч харьцгаасан. Эд зүйлийг зараагүй тухайн эд зүйлийг зарж борлуулаагүй хураалгасан байгаа... Хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэм буруугаа ойлгосон. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх.54-55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Гын өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа: Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Тухайн айлын хашааны гадна ирээд Ганчулуун, Бямбадорж нарыг хашаа руу ороод цонхоор нь ороод хөргөгчөөс мах аваад ир гээд бид 3 зэрэг хашаа руу орсон. Тухайн үед байшингийн цонх хаалттай байсан учраас би цонхыг нь хагалчих гээд хажууд байсан тоосгоор цохиулсан. Цонх хагарангуут нь Ганчулуун эхэлж ороод Бямбадорж араас нь ороод би байшингийн гадаа хүн хараад байж байсан. Тэгсэн Ганчулуун мах аваад цонхоор нь өгсөн тэгээд за явья гэсэн чинь Ганчулуун байж бай одоохон ахаа гээд алга болчихоор нь би айгаад хашаанаас гараад гэр лүүгээ харьсан. Төд удалгүй Ганчулуун араас мөнгөн аяга, ээмэг, бөгж, зүүлт зэргийг бариад ороод ирсэн байсан. Үсний машин зэрэг бас бус зүйл гэртээ аваад ороод ирсэн... би мах авъя гэж санаа гаргаад Ганчулуун Бямбадорж нарыг дагуулж явсан... Би байшингийн гадаа хүн хараад зогсож байсан. Ганчулуун Бямбадорж нар эд зүйл аваад гарсан байсан. Би яг аваад гарч байхыг нь хараагүй яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.56-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Л.Гы өгсөн: “... Тэгээд бид 3 Цэрэнлхамын гэр лүү явсан. Тэгээд хашааных нь хаалгаар ороод цонх руу нь эхлээд би 2 удаа тоосго шидсэн хагараагүй тэгсэн чинь Бямбадорж хажуунаас наадах чинь ингэж хагардаг юм шүү дээ гээд тоосго шидэж хагалсан. Тэгээд Бямбадорж эхлээд орохоор нь би харж байгаад араас нь орсон юм. Тухайн үед Л.Г ах мах аваад гараад ир гэсэн учраас би хөргөгчийг нь уудлаад цагаан ууттай жижиг махыг аваад цонхоор Л.Г ахад өгсөн юм. Тэгсэн Бямбадорж авдарыг нь уудлаад ширээн дээр нь суугаад буйдан дээр нь хэвтээд байсан, авдаранд мөнгөн аяга байна гээд гэрэл тусаагаад харахаар нь би авчихсан юм. Тэгээд ойр орчимд байсан шургуулга ухаад дөрвөлжин хайрцагтай дотор нь ээмэг бөгж байсан тэрийг аваад цонхны доор тавиад би мөнгөн аяга аваад гарсан. Бямбадорж нөгөө дөрвөлжин хайрцагтай эд зүйлсийг аваад цугтаа гараад ирсэн. Л.Г ах гадаа байхгүй байхаар нь бид 2 айлын хашаанаас гараад тус тусынхаа гэр лүү авч гарсан зүйлээ аваад гэртээ харьцгаасан юм. Би тэр дөрвөлжин ээмэг бөгжний савнаас ээмэг, зүүлт бас давхар авсан тэгээд эд зүйлийг нь дараа нь эргүүлээд хүлээлгээд өгсөн... Ганбаатар ах ороод мах аваад ир гээд байсан. Тухайн үед тоглож байгаад Цэрэнлхамын гэр тааралдаад эднийх руу орж мах авъя гээд гэнэт хэлсэн юм... Эд зүйлсийг эзэнд нь буцаагаад хүлээлгэн өгсөн байгаа... Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна... Цаашид гэм буруугаа ойлгосон. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх.58-59/,
Шүүгдэгч Л.Гын сургуулийн тодорхойлолт /хх.62/,
Өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.68,71/,
Хохирогч С.Цэрэнлхамын “гомдол санал байхгүй, эд зүйлээ хүлээн авсан” гэх хүсэлт /хх.80/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 10-нээс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 36 тоотод оршин суух иргэн С.Цэрэнлхамын байшингийн цонхыг хагалан орж бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 4, хос, мөнгөн гинж 4 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, чихэвч 1 ширхэг, үсний машин 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-7/,
Хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх.10-12/,
Л.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэрэнлхамын өгсөн: “... Хаалгаар дотогш яваад ороход байшингийн баруун талын цонхыг хагалж 2 цонхыг нь 2-ланг нь онгорхой орхиод гэрийн бүх зүйлийг онгичиж үзсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
“... Тухайн өдөр манай гэрт манай тэр хавийн Ганбаатар гээд хүүхэд манай гэрээр орж ирээд гарсан юм. Би тэр хүүхдэд гадагшаа гарч байгаагаа хэлсэн юм. Өөр хүн мэдээгүй байх... Бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2014 онд 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан Алтан ээмэг хосоороо, 2.8 граммтай 2013 онд Мөнгөн завьяанаас 200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөн бөгж 2 ширхэг тус бүрийг нь 10,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөн гинж 4 ширхэг тус бүрийг нь 25,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн ээмэг 4 хос тус бүрийг нь 20,000 төгрөгөөр худалдан авсан. 1 ширхэг чихэвч 15,000 төгрөгөөр худалдаж авсан. Үсний машиныг өнгөрсөн оны 8 сард Номингоос 70,000 төгрөгөөр худалдаж авсан. Бор өнгийн хэтэвч 15,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Хохирогч С.Цэрэнлхамын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг нийт 560,000 төгрөгөөр тогтоосон “Фэйр Валуэшн” ХХК-ы дүгнэлт /хх.36-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч П.Бийн өгсөн: “... Айлд ороод Ганчулуун хөргөгчийг нь ухаад нэг мах аваад Ганбаатарт цонхоор тухайн махыг өгөөд Ганчулуун дэл сул юу байна авъя гээд намайг алив гэрэл тусгаж бай гээд цаад талын өрөөнд байсан авдараас мөнгөн аяга, хэд хэдэн зүйл аваад халаасандаа хийгээд байсан. Би цаана байсан 3 нүдтэй шургуулганаас 16 ширхэг зайповер банк, шинэ хэтэвч, түлхүүрийн оосор авсан...” гэх мэдүүлэг /хх.54-55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Гын өгсөн: “... Тухайн айлын хашааны гадна ирээд Ганчулуун, Бямбадорж нарыг хашаа руу ороод цонхоор нь ороод хөргөгчөөс мах аваад ир гээд бид 3 зэрэг хашаа руу орсон. Тухайн үед байшингийн цонх хаалттай байсан учраас би цонхыг нь хагалчих гээд хажууд байсан тоосгоор цохиулсан. Цонх хагарангуут нь Ганчулуун эхэлж ороод Бямбадорж араас нь ороод би байшингийн гадаа хүн хараад байж байсан. Тэгсэн Ганчулуун мах аваад цонхоор нь өгсөн тэгээд за явья гэсэн чинь Ганчулуун байж бай одоохон ахаа гээд алга болчихоор нь би айгаад хашаанаас гараад гэр лүүгээ харьсан. Төд удалгүй Ганчулуун араас мөнгөн аяга, ээмэг, бөгж, зүүлт зэргийг бариад ороод ирсэн байсан. Үсний машин зэрэг бас бус зүйл гэртээ аваад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх.56-57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Л.Гы өгсөн: “... Тэгээд ойр орчимд байсан шургуулга ухаад дөрвөлжин хайрцагтай дотор нь ээмэг бөгж байсан тэрийг аваад цонхны доор тавиад би мөнгөн аяга аваад гарсан. Бямбадорж нөгөө дөрвөлжин хайрцагтай эд зүйлсийг аваад цугтаа гараад ирсэн... Ганбаатар ах ороод мах аваад ир гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.58-59/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Г нь өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарт буюу хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжилийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бүлэглэн хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг болон “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нар нь гэмт хэрэг үйлдэн хулгайлж авсан эд зүйлсээ хохирогчид буцаан өгсөн, хохирогч С.Цэрэнлхам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нар нь “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирол арилсан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, Л.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан боловч 21 насанд хүрээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Гт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар, Л.Гт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд, өсвөр насны шүүгдэгч П.Б, Л.Г нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Л.Гы хувьд түүний эмэг эх Н.Майдар, эх М.Лхагва нарт, өсвөр насны шүүгдэгч П.Бийн хувьд түүний эх Б.Пүрэвсүрэнд тус тус даалгах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Г, өсвөр насны шүүгдэгч П.Б, Л.Г нарт сануулж байна.
Л.Г, өсвөр насны шүүгдэгч П.Б, Л.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Л.Г, өсвөр насны шүүгдэгч П.Б, Л.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л.Г, Л.Г, П.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Гт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар, Л.Гт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд, өсвөр насны шүүгдэгч П.Б, Л.Г нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Л.Гы хувьд түүний эмэг эх Н.Майдар, эх М.Лхагва нарт, өсвөр насны шүүгдэгч П.Бийн хувьд түүний эх Б.Пүрэвсүрэнд тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарт сануулсугай.
5. Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Цэрэнлхам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Г, өсвөр насны шүүгдэгч Л.Г, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР