| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх
Цагаатгагдсан этгээд *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мэндбаярын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2421005510056 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний 21 дүгээр талбайн цахилгааны ангийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: *******/
2. Цагаатгагдсан этгээд ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт байрлах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний өмчлөлийн 500 боодол өвснөөс 170 боодол өвсийг Mitsibishi маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч ******* овогт *******ын *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж,
Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсарган, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор М.Мэндбаяр эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж эс зөвшөөрч байна.
… Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзэж байгаа, ямар нотлох баримт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэж байгаа болохыг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч нарын мэдүүлэг, нотлох баримтуудаар …шүүгдэгч ******* нь … 170 боодол өвсийг Mitsibishi маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг дүгнэхдээ дээрх мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, “тухайн өвсийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний шингэн хаягдлын манаач ажилтай хадам ээж ийн хашаанд зөөж хураасан” гэж ямар нотлох баримтаас үндэслэн дүгнээд байгаа нь тодорхойгүй, тухайн нотлох баримт нь өөр ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь ойлгомжгүй байна.
…Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй нөхцөлд үүссэн тодорхой бус байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцдоггүй билээ.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтын эхлэл, өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй гэж шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
…Дээрх нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлсэн талаар цагаатгах тогтоолд заагаагүй атлаа шүүгдэгчийн өгсөн хадам ээж ийн ажиллаж байгаа газарт хурааж тавьсан гэсэн агуулга бүхий мэдүүлгийг ач холбогдолтойд тооцож, гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн хэмээн дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна нотлох баримтыг шалгаж, үнэлэх хуульд заасан шаардлагыг шүүх зөрчсөн гэж үзнэ.
Яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй, мөн хэсгийн 1.10-д заасан илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримталж үндсэн хэргийг “хэрэг бүртгэлтэд буцаасан” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т заасныг ноцтой зөрчсөн байна.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.
6. Цагаатгагдсан этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Би тухайн үед машин маань болохгүй байсан учраас татаж өгч чадахгүй явсан. Тиймээс хэд хоногийн дараа л татаж өгсөн. Яг хаана гэдгийг нь ч надад хэлээгүй. Би гэж хүний машинаар 4-өөс 5 удаа зөөсөн. Тийм өвс тэнд байж л байсан. Тэрнээс биш би хянаж цагдаад хулгайлах гэж хараагүй. Би ажлынхаа чөлөө заваар л зөөж өгсөн. Мөн надаас өөр нэг хүн жижиг цагаан машинаар өвс зөөгөөд л байсан. Тэр чинь засмал зам дагуу л байсан өвс шүү дээ. Намайг очиход хадам ээж “хэн бэ” гэхэд нь “би байна” гэж хэлсэн. “Юун өвс юм. Цагдаа шүүх болов” гэж хэлсэн. Гэхдээ хадам ээж буруу зөрүү зүйл их ярьсан л байна лээ. ын хувьд өөрөө буруу зөрүү ойлгосон юм байна лээ. Гэхдээ сүүлд уг нь зөвөөр ойлгосон. ... , нар л буруу ойлголцсон юм шиг байна лээ. Би ыг хувьдаа ашиглах гэж байгаа үгүйг нь ч мэдээгүй. ... Би үнэхээр өөрөө аваагүй учраас айхгүй байсан. Би хэргийг минь аргалаад өгөөч гэж хэлээгүй, учир байдлаа л тайлбарлаж хэлж байсан. Надад үнэхээр хэцүү байна.” гэв.
7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлтэй юм. ... Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн шалгагдаагүй байна гэдэг саналыг гаргаж байсан. ... Ажилчдын дунд буруу ойлголцол, үл ойлголцол үүссэн юм байна лээ. Нэг даргынхаа хэлсэн үгийг нөгөө хүн нь мэдэлгүй цагдаад дуудлага өгсөн л үйлдэл болсон. ийн хувьд *******аас өвс буулгаад өгөөч гэж өөрөө гуйсан. Харилцахдаа л буруу харилцаж, буруу ойлгосон юм байна лээ. Уг нь эргэлзээ төрүүлэхээргүй бүрэн дүүрэн шалгаж өгөөч гэж удаа дараа хүссэн. Гэтэл үгүйсгэчихээд анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. ... Улсын яллагчийн хувьд заавал яллах шаардлагагүй. Бодит байдлыг бүрэн дүүрэн ойлгоод, дахин гэрч нараас мэдүүлэг авах боломжтой байсан. Компанид мөн ямар нэгэн хохирол учраагүй. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
8. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ бол гээгдэл өвс биш юм. *******ын хувьд хэд хоногийн турш тухайн өвсийг харж байсан. Ингээд хүн ирж авахгүй болохоор нь үйлдэл хийсэн. ... Анхан шатны шүүхээс тухайн хүний мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхой бус байна. .... Хулгайн гэмт хэргийн шинж бүрэн агуулагдчихаад байхад яаж үгүйсгэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс 125 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын “2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт байрлах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний өмчлөлийн 500 боодол өвснөөс 170 боодол өвсийг Mitsibishi маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
5. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
6. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж юм.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөрт захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...манай хадам ээж надад 21 дүгээр талбайн баруун урд зүгээс 2-3 километр зайтай газраас өвс татах хэрэг байна, машин чинь яаж байна” гэж ярьсан. Түүнд миний машин болохгүй гэдгээ хэлээд өөрийнхөө машиныг ажил дээрээ очиж тавиад 2-3 хоногийн дараагаар ажлынхаа зав чөлөөгөөр буюу ажил 18 цагийн орчимд тарах үед нь тухайн өвсийг хэлсэн газраас нь татаж өгсөн. Ингэхдээ би ажлынхаа Л-200 маркийн тээврийн хэрэгслээр ачаан дээр 20 гаруй боодол өвс ачиж багтах учир 5-6 удаа нааш цааш явж зөөсөн. ...Миний хувьд яг хэдэн боодол өвс зөөсөн гэдгээ тоолоогүй бөгөөд хадам ээжийн ажлын гадаа буулгаад үлдээсэн. Манай хадам ээж нь шингэн хаягдлын манаачаар ажилладаг. Намайг хамгийн сүүлийн өвс буулгаж буухад хадам ээж гарч ирээд надад хандаж “юу буулгаад байгаа юм бэ” гэхээр нь өвс буулгаж байна гэж хэлээд явсан. ...Миний хувьд энэ үйл явдлаас хойш хадам ээжээс юун өвс юм бэ гэж асуухад ажлын газрын өвс байсан гэж хэлсэн. ...Миний хувьд хулгай хийгээгүй бөгөөд сүүлд энэ учир байдлыг ойлгосон. Тухайн байгууллагын гэх дарга нь манай хадам ээж рүү уг өвсийг тат гэж хэлүүлсэн байсан. Харин нь ыг өвс татаарай гэж хэлснийг мэдэхгүй байж байгаад өвс алдагдсан мэтээр ойлгож цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн юм байна лээ. ...Би өөрийгөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх - 94х/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсуурийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх тухайн EACC ХХК-тай 21-р талбайн байгаль орчны дүүцүүлэн хамгаалах гэрээг байгуулсан. Түрүү жил цаг хүндэрснээс болж 500 боодол хужир шүү авахаар тохиролцож авсан. Над руу яриад өнөө шөнө өвс буулгана газар заагаад өг гэсэн. Ажил тарсны дараа залгахаар нь өглөө 8 гээд газар зааж өгье гэж хэлсэн. Гэтэл жолооч нь эргээд ажилтай гээд зам дээр буулгаж хаясан. Засмалаас буугаад 2 км хүрэхгүй газар буулгаж өгсөн. Би хүлээж авсны дараа, тухайн үед бүгд ажилтай маш завгүй байсан учир энэ хавиар дүүрэн хадлан байхад тухайн өвсийг хэн авах вэ гэж бодсон. Ингээд 28, 29-ний өдөр нөгөө өвс алга болчихсон байна гэж хэлсэн. ... нь миний захиргаанд байдаг хүн, тэднийд боодолтой өвс байхаар нь эгчээс энэ юун өвс вэ гэж асуугаад мяндсыг нь харахад манай боодолтой өвстэй адил цэнхэр өнгөтэй байсан. ...Манаач т менежер өвс татаж ав гэж хэлсэн талаар сонссон. менежер бид хоёр зөрж ажилладаг. Намайг Эрдэнэтэд байхад цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Би тэр цагдаад ийм нөхцөл байдал байгаад байна гэхэд тэрийгээ шүүх хурал дээрээ хэлээрэй гэж хэлсэн. Би энэ асуудлыг 12 дугаар сарын сүүлээр мэдсэн...” гэх мэдүүлэг /хх - 82 х/,
-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай гэрээтэй “EACC” ХХК-ны зүгээс өвөлжилт хүндэрвэл зээр болон малд тавьж өгөх /фондны өвс/ 500 боодол өвсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө авчирсан бөгөөд тухайн үед миний бие амралттай байж байгаад ээлж солигдож ирэх үед надад “өвс ирж байна, буулгах газраа зааж өг” гэж хэлсэн. Тухайн үед дарга нар амарсан байсан тул өглөө хаана буулгах талаар хэлж өгье гэтэл ачиж ирсэн жолооч нь өглөө буулгаж чадахгүй гээд манай газрын тосны 21 дүгээр талбайн ертөнцийн зүгээр урд зүгт байх засмал замын баруун талд нь буулгаж орхисон байсан. ...маргааш өглөө нь би буулгасан өвсийг нь очих үзэхэд авчирсан 500 боодол өвсөө асгаад орхичихсон байсан. ... 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 дүгээр талбайгаас 30 км зайд байх өрмийн ангийн ажлыг шалгах гэж явж байх үедээ шалгах үед тухайн өвс байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр очиж үзэхэд буулгаж орхисон өвснүүд байхгүй байсан. Тухайн өвс асгаж үлдээсэн газрын хажуугаар тогтмол явдаг тул ямар нэгэн хүнд хариуцуулж үлдээсэн зүйл байхгүй. ...Тухайн алдагдсан гэх 500 боодол өвснөөс 170 ширхгийг манай хэлтсийн шингэн хаягдлын сахиул болох эгчийн хүргэн нь хүний хаясан байсан өвс гэж буруугаар ойлгоод авч явсан байсныг бид буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх- 27-28 х/,
“...энэ хэрэгт ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* гэгчийн хувьд манай байгууллагын шингэн хаягдлын манаач гэх хүний хүргэн нь юм байна лээ. Тэрээр анх авсан өвснүүдээ хадам ээжийнхээ ажил дээр хаягдлын хашааны хажууд буюу манай байгууллагын эзэмшлийн талбай дээр аваачиж хураасан байсан. Ийм учраас ямар нэгэн алдагдалгүйгээр өвсөө буцаан авсан гэж ойлгож болно. Тэрээр тухайн өвснүүдийг өөр газар руу зөөгөөгүй. Энэ хэргийн улмаас хэн нэгний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33/,
гэрч ийн “...Тухайн хураалттай өвснүүдийг манай хүргэн болох ******* нь хар муссо маркийн тээврийн хэрэгсэлтэй авчирсан юм. /хэдний өдөр авчирсан гэдгийг нь тодорхой санахгүй байна гэх/ Тэгээд би “ямар учиртай өвс хаанаас авч ирж байгаа” талаар нь асуухад “замын хажууд байсан ба хүн авалгүй хэд хоносон” гэж хэлэхээр нь “дэмий юм авчирлаа” гэж хэлэхэд “гайгүй байлгүй дээ хүн авахгүй хаячихсан байсан юм чинь” гэж хэлсэн...” /хх 49-50х/ гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтооход шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Прокурор эсэргүүцэлдээ: “…Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй нөхцөлд үүссэн тодорхой бус байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцдоггүй…” гэх агуулгыг дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.
Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал бөгөөд уг ажиллагааны явцад гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэх үндэслэл нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх явцад эргэлзээ үүссэн нөхцөл байдал юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэж дээрх зарчмыг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолоос өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл тогоогдохгүй байхаас гадна цагаатгах тогтоолд “...хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй...” гэх үндэслэлийг дурдаагүй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр прокурорын гаргасан “ ...анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ