Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2026/00012

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01069/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овогт Б******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Т******* овогт Т******* Б******* (утас: *******)-д холбогдох,

“Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь 96,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Б.******* би нөхөр Т.Ө 2006 оноос Дархан сумын ******* тоот 30.3 м.кв талбай бүхий орон сууцанд амьдарч эхэлсэн. Уг байрыг хадам аав бидэнд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлэн өгч, нөхрийн дүү Т.Б******* бидэнтэй хамт амьдрах болсон. Ингэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр өмчлөгчөөр нөхөр Т.Ө, дүү Т.Б******* гэж бичигдсэн. Хань минь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хуулийн дагуу бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж ойлгож байна. Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох тухайн орон сууцыг зах зээлийн ханшаар 120,000,000 төгрөгөөр үнэлж, нөхөрт ногдох хувь 96,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь хариуцагч Т.Б******* болон талийгаач ах Т.Ө нарын дундын эд хөрөнгө байсан. Иймд талийгаач ах Т.Ө нь тус орон сууцны 50 хувьтай тэнцэх хэмжээнд өмчлөгч байсан. Иймээс нэхэмжлэгч тал орон сууцны талийгаач ах Т.Өд ногдох 50 хувьтай тэнцэх хэмжээнд өвлөгдөх хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд эвийн журмаар маргааныг шийдвэрлэх боломжтой. Тухайн орон сууцыг 120,000,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Өвлүүлэгчид ногдох хэсэг болох 50 хувь буюу 60,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэх боломжтой” гэв.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 60,000,000 төгрөг дээр эвлэрнэ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б*******өд холбогдох “Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь 96,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

3.Шүүх хуралдаанд зохигчид “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 96,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч” маргааны зүйлийн талаар эвлэрсэн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, Т.Б*******өд холбогдох иргэний хэрэгт “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 96,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн” зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН