| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1162/Э |
| Дугаар | 1200 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч А.Сайнбаяр
Хохирогч, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан /ҮД:2386/,
Хохирогч шүүгдэгч Л.Е, түүний өмгөөлөгч П.Баасанжав /ҮД:2114/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Б, Л.Е нарт холбогдох 1806 05352 1405 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн У аймгийн Улаангом суманд оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх С.Б /РД:
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд, боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Л.Е /РД
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Е, С.Б нар нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугааp хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд зам дээр маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Еын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Еын өгсөн: “...Тухайн өдөр зам гарах гэж байгаад маргалдаад бие биенийгээ гэмтээсэн байгаа. Одоо гомдол санал, нэхэмжилэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бийн өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчим цэцэрлэгт хүрээлэнгийн хойд зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад гарцгүй газраар хоёр хүн гарч ирэхэд нь би нэг сигнал дарсан. Тухайн үед манай хүүхэд хаалга налаад унтаж байсан, Ерөөлт хаалга онгойлгоход миний хүүхдийн толгой хаалганд цохигдсон. Үүнээс болоод маргаан гарах болсон. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Еийн өгсөн: “... Би 2018 оны 06-дугаар сарын 18-ны өдөр ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замын эргэлт хэсэгт замынхаа урд талд зам гарах гээд дүүгийн хамт зогсож байсан. Тэгтэл цагаан Приүс-20 маркийн автомашин ирээд сигналдаад байсан. Тэгээд сигналдаад байсан машин ирээд манай дүүгийн шилбэ хэсэг рүү тулаад зогссон. Тэгэхээр нь би очоод зүүн талын урд хаалгыг нь жаахан онгойлгоод яах гэсэн юм ах гэсэн чинь жолооч нь буугаад тойроод ирсэн. Тэгээд манай дүүг шууд мөрлөсөн, над руу тулж ирээд цээжээрээ түлхээд миний хавирга руу нударсан, тэгээд би зүүн хойд зүг рүү гүйсэн чинь хойноос нөгөө С.Б гэгч нь цамцнаас зулгаагаад миний араас нуруу хэсэг рүү гараараа цохисон, өшиглөсөн тэгээд аав гарч ирээд болиулсан. Тэгээд болиод намжаад машиных нь хажууд очин зогсоод маргалдаж байтал нөгөө С.Б гэгч нь миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан… Намайг приүс-20 маркийн машины жолооч С.Б гэгч нь зодсон. Тухайн хүн миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохиж миний хамар хугарсан, хавирга, нуруу, толгой хэсэг рүү гараараа цохисон, нуруу хэсэг рүү өшиглөсөн, зодолдох явцдаа цамц урсан, мөн хүзүү хэсэгт урсан, мөн зууралдах үед бусад жижиг зулгаралтууд үүссэн... Би тухайн С.Б гэгчтэй ноцолдож байх үедээ хөмсөгийг нь цохисон байж магадгүй, тухайн үед хөмсөгнөөс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын машины эргэлттэй зам дээр өөрийн 39-22 УНУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приүс-20 маркын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоод 1 дүгээр эгнээнд явж байсан юм. Тэгсэн жаахан охин банди хоёр зам гарах гээд зогсож байгаа байдалтай гарцгүй газар явж байсан, тэгсэн би дуут дохиогоо өгсөн чинь хөдлөхгүй зогсоод байсан, тэгээд би ахиад дуут дохиогоо өгсөн чинь эрэгтэй нь жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгон яах гээд байгаа пизда вэ гээд онгойлгосон. Тэгсэн урд суудал дээр 16 настай манай хүү, 1 нас 9 сартай дүүгээ өвөр дээрээ аваад хаалга тал руу толгойг нь харуулчихсан явж байсан чинь хаалга онгойлгоод, тэгсэн бага хүүхдийн толгой доошоогоо унаж буцаагаад хаалгаар толгойг нь цохиод түлхчихсэн. Тэгээд би машинынхаа арааг салган бүсээ тайлаад машинаасаа буух хооронд тэр залуу машин тойрч ирээд би машинаасаа өөдөөс нь буусан. Тэгээд намайг тийрч цээж рүү өшиглөн газар унагаж, би газар унаад боссон чинь зүүн талын хөмсөг, зүүн талын шанаа толгой хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон, тэгээд намайг зодож байхад тухайн залуугийн үеийн 2-3 банди нар ирж намайг салгасан, хэрэв салгаагүй бол би бүүр аймаар зодуулах байсан, тэр автобустай хуушуур зардаг хүмүүс харсан байгаа… Зүүн хөмсөг, зүүн хавирганы дотор тал язарсан байна, зүүн талын нүд харанхуйлаад байна, толгой руу гараа атгаж байгаад 20 гаран насны тэр залуу л надад гэмтэл учруулсан. Хүүхдийнхээ толгойг нь үзүүлнэ, хаалгаар цохиулсан... Би Ерөөлтийн нүүрэн тус газар нь 1 удаа хальт хүрч цохисон...” гэх мэдүүлэг /хх.20-21,23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лхагвасүрэнгийн өгсөн: “Би 2018 оны 06-р сарын 18-ны өдөр гэрийнхэнтэйгээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно замд машинаа ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад байрлуулаад байж байтал манай охин гүйж ирээд ааваа ахыг тэнд зодоод байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд очтол цагаан приүс 20 маркийн машины урд талд манай хүү болон манай эхнэр нар зогсож байсан жолооч Бямбадорж гэх залуу түүний эхнэр нь бас гараад ирчихсэн маргалдаад зогсож байсан. Би очоод юу болоод яагаад байна гээд тэд нартай маргалдаж байтал Бямбадорж гэгч нь хажуугаар ухас гээд гараараа нэг удаа манай хүү Ерөөлтийн хамар хэсэгт цохисон тэгтэл хамраас нь цус гарсан. Тэгээд би хүүхдээ аваад гэмтэл явах гэтэл урд хааж зогсчихоод явуулахгүй байсан, цагдаа дуудсан байгаа гээд байсан. Намайг очиход манай хүү Ерөөлтын хамар тус газарт нь нэг удаа гараараа С.Б гэгч нь цохисон. Тухайн үед би хүүгээ хамгаалаад дундуур нь ороод зогсож байтал хажуугаар дайрч гараад цохичихсон. Үүнээс өмнө болсон явдлыг хараагүй. Очиход хүүхдийн цамц нь урагдчихсан, амьсгаадсан байдалтай, хүзүү ам нь зулгарсан байдалтай маргалдаад зогсож байсан. Манай хүү Ерөөлт архи дарс хэрэглээгүй, С.Боос илт архи үнэртсэн зүйл ажиглагдаагүй яг шалгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дүгээр сарын 05-ны өдрийн 8211 дугаартай дүгнэлтэд:
“1. Л.Еийн биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, хүзүү, бүсэлхий, цээж, дал, баруун бугалга, сарвуунд зулгаралт, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7754 дугаартай дүгнэлтэд:
“1. С.Бийн биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шанааны зулгаралт, баруун хацрын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх. 23-24,41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Еийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.43/,
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.45-46/,
Хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх.50-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
С.Б, Л.Е нар нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугааp хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд зам дээр маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Еийн өгсөн: “... Намайг приүс-20 маркийн машины жолооч С.Б гэгч нь зодсон. Тухайн хүн миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохиж миний хамар хугарсан, хавирга, нуруу, толгой хэсэг рүү гараараа цохисон, нуруу хэсэг рүү өшиглөсөн, зодолдох явцдаа цамц урсан, мөн хүзүү хэсэгт урсан, мөн зууралдах үед бусад жижиг зулгаралтууд үүссэн... Би тухайн С.Б гэгчтэй ноцолдож байх үедээ хөмсөгийг нь цохисон байж магадгүй, тухайн үед хөмсөгнөөс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бийн өгсөн: “... Тэгээд намайг тийрч цээж рүү өшиглөн газар унагаж, би газар унаад боссон чинь зүүн талын хөмсөг, зүүн талын шанаа толгой хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон… Зүүн хөмсөг, зүүн хавирганы дотор тал язарсан байна, зүүн талын нүд харанхуйлаад байна, толгой руу гараа атгаж байгаад 20 гаран насны тэр залуу л надад гэмтэл учруулсан... Би Ерөөлтийн нүүрэн тус газар нь 1 удаа хальт хүрч цохисон...” гэх мэдүүлэг /хх.20-21,23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Намайг очиход манай хүү Ерөөлтын хамар тус газарт нь нэг удаа гараараа С.Б гэгч нь цохисон. Тухайн үед би хүүгээ хамгаалаад дундуур нь ороод зогсож байтал хажуугаар дайрч гараад цохичихсон...” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дүгээр сарын 05-ны өдрийн 7754, 8211 дугаартай дүгнэлтүүд /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх. 23-24,41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Еийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.43/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч С.Б, Л.Е нарын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
С.Б, Л.Е нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б, Л.Е нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Б, Л.Е нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Б, Л.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
С.Б, Л.Е нар нь харилцан эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир тэдгээрийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Б, Л.Е нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Б, Л.Е нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
С.Б, Л.Е нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Б, Л.Е нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
С.Б, Л.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.Б, Л.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Л.Е нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.Б, Л.Е нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, С.Б, Л.Е нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
5. С.Б, Л.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Б, Л.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР