| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/34
*******ад холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Өлзийбаатар
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2421005010070 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: ЖЮ85022707/
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18-19 цагийн үед Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт Приус-20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд
Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршигт 145,524 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10,560,000 төгрөг нийт 10,705,524 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 351,449 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулсан 1,736,008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үнэхээр гомдолтой байна. ******* намайг машинаар дайрсан гэж ор үндэсгүй гүтгэн мэдүүлэг гаргадаг тэгээд надад гомдолтой байна гэдэг бол би огт болоогүй үйлдлийг надтай холбон ял шийтгэл оногдуулж мөн хохирол төлбөр гаргуулж байгаад түүнээс их гомдолтой байна.
... ******* нь миний машины урдуур дугуйн дор орсон, цээжээрээ би мөрлөөд дугуйг доош нь буулгасан, дугуйн дор чирэгдэж 3-5 метр газар явсан ба дугуй нь миний баруун суган дээр гарч ирсэн гэдэг. Хувцас нь орооцолдсон, эмэгтэй хүн намайг хүн дайрч ална гээд машиныхаа урд хэсгээр мөргөсөн гэдэг. Яг ийм үйл явдал огт болоогүй. Харин миний мэдүүлэгт дурдсан үйл явдал болсон. Би ухрах үедээ ноцолдож зуураад байсан *******ийн хөл дээгүүр гарах магадлал байгаа учраас түүний хөлийг дайрч гэмтэл учруулсан гэдгээ анхнаасаа зөвшөөрч харин хавиргыг гэмтээгээгүй гэж маргасаар ирсэн.
Хэрэв *******ийн хэлснээр түүний хавирга дээгүүр машины дугуй гарч ирсэн эсвэл биеийн гадна талын ил харагдах хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүсэх, хөхрөх, няцрах гэмтэл огт үүсээгүй байгаа тул шинэ гэмтэл тэр тусмаа машины дор ороод хугарсан гэдэгт эргэлзэж байна. Машины дугуйгаар дайрсан гэх хөл нь хавдаж гутлыг нь тайлах аргагүй зүсч тайлсан гэдэг. Тэгэхээр яг ижил машины хүч хүрсэн хүний бие эрхтэн нэг нь ул мөртэй нөгөө нь ул мөргүй хэрнээ хүнд гэмтэл үүссэн байгаад үнэхээр эргэлздэг. Тийм ч учраас *******ийн мэдүүлэг хүнийг гүтгэсэн гэж үздэг.
Миний машины урд хэсэг нь манай гэр лүү харсан байсан ба урд хэсгээр *******ийг мөргөх ямар ч боломжгүй, орон зайн хувьд үнэхээр байхгүй. ... Машин арагшаа ухарч л гэрээс холдох боломжтой байхад машин урд хэсгээр мөргөсөн, жолоочийн эсрэг талын дугуйн дор орсон гэх үйл явдлыг гэрчилж буй хохирогчийн мэдүүлэг үнэнтэй нийцэхгүй байна.
… Эв эрүүл байсан эмэгтэй хүний үг үнэн биш шал согтуу байсан хүний үг үнэн болж байгаад харамсч байна. … Хэрэв тэр орой намайг машинаар дайрч ална гээд мөргөсөн гэж байгаа юм бол тэр үйл явдлынхаа тухай яагаад яриагүй юм бэ, хэзээ хойно хавирга хугарсан талаар мэдсэн хойноо мэдүүлэг өгөхдөө л намайг ална гээд дайрсан гэдэг. Үүнд би эргэлзэж байна. Гэртээ агсан согтуу тавиад хүн бүрт агсарч байдаг хүн гэртээ очоод юу ч болсон юм билээ, юм болоогүй гэхэд тухайн өдөр 2-3 удаа мотоциклоосоо согтуу унаж байсан болохыг харсан үзсэн гэрч байдаг. Тэр талаар шалгаагүй.
… Өөрийнхөө хийсэн хэрэгтээ л тохирсон эрүүгийн хариуцлага, төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч байхад хийгээгүй хэрэгт минь ял үүрүүлсэнд гомдолтой байна. Сэтгэл санаанд учирсан хохиролоо үнэлүүлэхээр шинжээчид үзүүлэхдээ том машинаар дайрсан, дугуйн дор нь ороод арай гэж амьд гарсан, зүүдлэгдэж айдастай байдаг гэхчлэн сүртэй ярьсан болохоор сэтгэцэд учирсан хор уршиг нь хүндэрч гарсан гэж би боддог.
… Миний үйлдэлд тохирсон хэрэгт гэм буруутай гэж үзэж түүнд тохирсон хариуцлага хүлээлгэж өгнө үү. Хийгээгүй хэргийнхээ ялыг үүрмээргүй байна.” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг гардаг өдөр *******тай уулзаж хамт байсан боловч түүнийг машинаар дайрч ална гээд араас мөргөж дайрсан үйлдэл байхгүй, түүний эрүүл мэндэд учирсан хавирганы гэмтлийг огт үүсгээгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн шүүх хуралдаанд хүртэл хүлээн зөвшөөрөхгүй маргадаг юм. Хэргийн бодит нөхцөл байдал тогтоосон, тогтоогдсон гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, эрүүл мэндэд учирсан 6, 7, 8-р хавирга хугарсан үйл явдлыг хэн үүсгэсэн бэ гэдэгт эргэлзээтэй нотолбол зохих зүйлүүд хангалттай нотлогдсон гэж үзэхгүй байгаа юм.
… Машины доогуур ороод дугуй нь хавирга дээгүүр нь гараад ирэхэд 70 орчим кг жинтэй ******* гэх хохирогч мөрөө сэжээд л 1 тонн 290 кг жинтэй 275 кг-ийн даацтай машинд 80 кг жин бүхий ******* дотор нь байхад машиныг дугуйгаар нь газарт буулгах уу, хэрэв дугуйн дор орсон бол арьсны доторхи 3 хавирга цуурч хугараад байхад ил харагдах зөөлөн эдэд ямар нэгэн ул мөргүйгээр жижигхэн ч хөхрөлт улайлт үүсгэхгүйгээр хүнд гэмтэл учрах уу. Үүнийг маргаад байхад шүүхээс ямар нэгэн няцаалт дүгнэлт огт хийгээгүй.
… Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хавирганы хугарал бүхий гэмтэл хэрхэн юунаас яаж үүсч бий болсон, хэн үүсгэсэн бэ гэдэгт зөв дүгнэлт хийх нь мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хохирогчийн мэдүүлгээр үнэлэх үү өөр бусад мэдүүлгээр үнэлэх үү гэдэг эргэлзээтэй байгааг анхаарна бизээ. Тэгэхээр гэмт хэргийн зүйлчлэл буруу гэж үзэж байна. Бид шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хөнгөрүүлэн шийдэх эрх хэмжээнийхээ хүрээнд бидний зөвшөөрч буй хүндэвтэр гэмтэлтэй холбогдуулан ЭХТА- ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн шийдсэн бол гомдох гомдол алга. Гэтэл хийгээгүй хэрэгтээ гэм буруутайд тооцогдсон учраас миний үйлчлүүлэгч гомдолтой байна. Тухайн үед шүүгдэгч ын хувьд эрүүл байсан. Харин хохирогч ******* архи согтууруулах ундааны зүйл нилээдгүй хэрэглэсэн, хүн хүнд агсан согтуу тавиад байсан болохыг гэрчилсэн гэрчүүд олон байгаа гэтэл хохирогч би согтоогүй байсан гэж худал мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдох хэрэгтэй ба түүний биед учирсан хавирга хугарсан гэмтэл үүссэн байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй. Хэзээ яаж энэ гэмтлийг авсан гэдэг нь чухал бөгөөд эргэлзээгүй байх ёстой.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах шинжээчийн дүгнэлтээр өгсөн мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг хэтрүүлэн үнэлж дүгнэлтэнд нөлөөлсөн гэж үзэж байна. …Гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн цагаас нь хүний хөлийг дайрсан байх магадлалтай түүнийгээ зөвшөөрч байна, харин хавирга хугарсан гэмтэлийг огт үүсгээгүй шүү гэж тогтвортой мэдүүлдэг. Энэ нь эрүүл байсан хүн нөхцөл байдлыг зөв тусган авч мэдүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсвэл хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэв.
7. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Миний бие хэргийн бодит үнэнийг анхнаасаа тогтвортой үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд шүүгдэгч ******* болон бусад хамаарал бүхий гэрчүүд бодит байдлыг нуух замаар худал мэдүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ зөрсөн. Би шүүхийн хэлэлцүүлгийн үед гомдол саналгүй гэсэн ба одоо ******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаад ял нь хөнгөдсөн байна гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хүнд тухайн зүйл хэсэгт заасан ялын доод санал буюу бага ял оногдуулсан.
… Надад учирсан гэмтэл хохирлыг ******* нь машинаараа хөөж мөргөж дайрсан ба би самбаачилж машины урд эд ангиас зүүгдэж түлхэгдэж яваагүй бол мөн их хурдтай мөргөсөн бол би дайрагдаж үүнээс ч илүү аюултай зүйл болох байсан. Машин зогсох үед дугуй нь ар нуруу орчим дээр гарч би өөрөө доод гараараа биеэ зайлуулж мултарсан. Энэ бол бодит үнэн бөгөөд би өөр газар ямар нэгэн байдлаар өмнө болон дараа нь гэмтэл авах үндэслэл цаг хугацаа ч байхгүй. Тийм учраас шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Ял шийтгэлийн хувьд би хөнгөдсөн үзэж үзэж байна.” гэв.
8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзэж байна. ... Шүүгдэгч ын хувьд хохирогчийг “дайрч ална” гэж хэлээд машинаар дайрсан үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хохирогчид 6, 7, 8 дугаар хавиргын хугаралыг шүүгдэгч учруулсан нь эргэлзээтэй гэж ярьж байна. *******ийн биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун талын 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3, 4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Энэ талаараа шинжээч эмч тайлбар мэдүүлэг хүртэл өгсөн. Мөн хавтаст хэргийн хүрээнд баримтууд хангалттай цугларсан гэж харж байна. ... Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. ... Приус 20 маркийн машиныг өргөж тавьсан зүйл байхгүй. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18-19 цагийн үед Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт Приус-20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.” 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хөдөлгөөнөө эхэлнэ.” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч *******ийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө .... дааганы уралдаан үзээд тэнд бага зэрэг айраг уусан. ...Ингээд *******гийн // баруун талын хөрш айлд нь очоод /нэрийг нь мэдэхгүй/ цаг хэд болж байсныг мэдэхгүй уг айлд хэсэг байж байгаад , ******* нарын гэр рүү нь машинд нь суугаад явсан бөгөөд өөрөө машинаа бариад явсан юм. Тухайн үед миний болон *******гийн согтолт гайгүй байсан. *******гийн гэрт бид гурав ирэхэд гадаа гэгээтэй байсан бөгөөд цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Гэрт нь орчихоод “за, за би явлаа” гээд гэрээс нь гараад урагш алхаж явахад гэнэт араас “чамайг дайрч ална аа” гээд бахирах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь эргээд харахад машинаа барьсан ...миний баруун өвдөг хэсэгт мөргөхөд би арагшаа савж унасан. Тэгэхэд “чамайг дайрч ална аа” гээд ухраад буцаж урагшилж машиныхаа жолоочийн эсрэг дугуйгаар намайг түрээд явсан бөгөөд би дугуй кирлоны завсар орж хавчуулагдаад 4-5 метр газар чирэгдэж явсан. Тэгэхэд дугуй нь куртикэнд орооцолдоод баруун хавирга суган дээр гарч ирээд хавирга шаржигнах чимээ сонсогдохоор нь зүүн мөрөө урагшуулж дээшээ болгоход машин дугуйгаараа газар буусан. Тэгэхэд ******* ирээд “чи хүн дайрч алчихлаа шүү дээ” гээд миний хоёр гарнаас татаж гаргасан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...******* нь машины дугуйн доороос намайг татаж гаргасан бөгөөд эхнэрийгээ “чи хүн алчихлаа шүү дээ” гэж хэлсэн, яагаад энэ хүмүүс худлаа хэлээд байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 29-33, 34-35, 37, 209-210/,
гэрч Х.ын мэдүүлсэн “... гэх хүний гэрт бид хэд очоод хоол унд идээд архи ууцгаасан бөгөөд гаднаас ирсэн хүмүүс яваад тухайн айлд манай эхнэр , нутгийн , түүний найз гээд залуу, *******, , мөн эхнэр нь гээд хүмүүс үлдээд байж байхад юунаас болсон юм ******* нь тай муудалцаад чирч байгаа харагдсан. Тэгэхээр нь би очиж салгахад ******* намайг санаандгүй хацар руу цохисон гэхдээ надад гэмтэл учраагүй. Тэгээд орой болсон тул харих гээд эхнэр, ******* бид 3 машиндаа суусан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 46,221/,
гэрч ын мэдүүлсэн: “...би машинтайгаа ийн ажиллаж байгаа баруун гүүрний мөнгө хураадаг шалган нэвтрүүлэх пост дээр яваад очиход гэх эмэгтэй машиндаа ахыг суулгаад аваад ирсэн байсан. Тэгэхэд ах хөл дээрээ босож чадахгүй байсан ба архи үнэртэж байсан. Тэгэхээр нь ахыг өргөж өөрийнхөө машинд оруулж хэвтүүлэхэд нь буулгаж өгчихөөд явсан. эгч бид хоёр машинаар дайрсан гэх хүн рүү би өөрийнхөө утсаар залгаад “та нар хүнийг машинаар дайрчихаад ар гэрт нь хэлэхгүй” гэхэд тухайн гэх хүүхэн “******* ах машины цонхоор цээжээ оруулж ирэх миний машинтай хөдлөх таарсан” гэж хэлсэн. ... нь анх эгчид ахыг авчирч өгөхдөө “машинд дайруулсан байна. Би айлаас нь очиж авчирлаа” гэж хэлж өгсөн байсан. ...******* ах надад хэлэхдээ гэх хүүхэн согтуу машинтайгаа мөргөөд буцаж ухарсан, тэгэхэд нөхөр нь зогсоосон гэж хэлсэн. Мөн би ыг “чи өөрөө ар гэр рүү нь утсаар дуудаж хэлэхгүй, аймгаас хүн дуудаж хүргүүлдэг нь ямар учиртай юм бэ” гэхэд юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 48,218/,
гэрч Ц.ийн мэдүүлсэн: “...20 цаг 19 минутад гэх хүн машинтай аймгаас ирээд надтай уулзсан. Тэгснээ “урд хүн дайрсан гэж байна” гэж хэлэхээр нь “хэнийг гэж байна” гэхэд “г гэж байна ш дээ, чи мэдсэн үү” гэхэд “үгүй хүн хэлээгүй, сая чамаас мэдлээ, чи очоод яриарай” гэж хэлсэн. ...тэгээд байж байхад 21 цаг 30 минутын үед өөрийнхөө машинтай нөхөр *******ийг суулгаад ирсэн бөгөөд мөн *******ийн дүү Баатарболд ирсэн тул машинд нь хоёулаа өргөж суулгасан. Тэгээд аас “ ямар учраас чамайг аймгаас дууддаг юм. Эрүүл байсан юм уу, согтуу байсан юм уу” гэхэд юм хэлээгүй. Тэгээд нөхрийг аймаг руу дүү нь аваад явсан. ...Нөхөр *******ийг мөргөхөд газар унасан, тэгэхэд нь ухраад хөл дээгүүр нь гарсан гэж хэлсэн. ...Нөхөр ******* нь өглөө намайг ажил дээр хүргэж өгөөд явахад биеийн байдал хэвийн, алхаад явж байсан. Харин орой машинтай хүргэж ирэхэд архи уусан байдалтай согтуу мөн хөдөлж чадахгүй, алхаж чадахгүй бараг ухаангүй байдалтай, юм асуухад хариулахгүй байдалтай ирсэн. Ингээд шууд нөхрийн дүү Баатарболд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэгт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлээд гарсан...” гэх мэдүүлэг /хх 49-50, 52, 230/,
гэрч ын мэдүүлсэн“... Тэгсэн эгч нөхөр ******* болон ******* ахыг аваад явъя гэсэн юм. Тэгээд хоол идэх гээд сууж байхад ******* ах хажууд ирээд элдвээр хэлээд байхаар нь би уурлаад яах гээд байгаа юм гэж хэлээд заамдаж босгоход эгч, ах хоёр “боль, боль наадах чинь бие муутай” гэхээр нь болиод холдсон. Тэгээд эгч явлаа гэхээр нь би ******* ахыг машинд нь суулгаж өгсөн бөгөөд ******* ахыг мөн тэнд байсан хүмүүс суулгаж өгсөн. Тухайн үед ******* болон ******* нар нэлээн согтсон байсан. Тэгээд яваад өгсөн бөгөөд тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх 56, 226/,
гэрч Д.ийн мэдүүлсэн: “...19 цаг өнгөрч байсан байх хөрш айлын гэх хүүхэн над руу залгаад “хүн мөргөчихлөө, шүргэчихлээ гэнэ үү, надад туслах хүн байхгүй байна, би яах юм бэ” гээд ойлгогдохгүй сандарсан байдалтай юм яриад байсан. Тэгэхээр нь би “хэнийг вэ, наана чинь байгаа хүмүүс гайгүй юу” гэхэд “ ч гэнэ үү ч гэнэ үү хүнийг шүргэчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би яах юм бэ эндээс түргэн дуудах уу, хүн нь зүгээр юм уу” гэхэд “босоод явчихлаа” гэж хэлсэн юм. Тэгээд “энд надад туслах хүн байхгүй байна, яах ухаанаа олохгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 цаг өнгөрөөгөөд Амарсүлд гэх залуугийн хамт Булган сум 3 дугаар баг, ын хөдөө гэрт очиход приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэрийнх нь урд пингийн ойролцоо байсан бөгөөд гүйгээд ирэхээр нь “нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ” гэхэд “тэр байна” гэхээр нь харахад машинаас зүүн хойш 7-8 метр орчим зайд 4 хөллөөд доошоо хараад байж байсан. ... надад “ гэх хүн намайг малдаа явах гэсэн чинь араас гарч ирээд машин хөдөлж байхад агсам тавиад хэл амаар доромжлоод түлхүүр булаах гээд цонхоор орж ирээд руль булаацалдаад, тэгээд хөдөлсөн чинь уначихлаа” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх 60, 234/,
гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн: “...гэртээ байж байхад ын нөхөр мотоциклоо унасан, дахин нэг мотоцикльтой танихгүй залуугийн хамт архи уусан байдалтай согтуу ирсэн юм. Тэгээд манай гэрт байж байхад тай хамт ирсэн танихгүй залуу /*******/ нь тэй // юунаас болсон юм гэнэт л муудалцаад эхэлсэн бөгөөд хоорондоо заамдалцаж байгаа харагдсан. Тэгэхээр нь ыг аваад яв гэхэд нөхөр болон ******* гэх залууг машиндаа суулгаад гэр рүүгээ авч явсан, тэрнээс хойш дахиж уулзаагүй. Тэгээд маргааш өглөө нь тай уулзахад “өчигдөр орой хүн машинаараа мөргөчихсөн” гэж хэлсэн бөгөөд яг нарийн болсон асуудлын талаар хэлээгүй. ... *******ийг цохиж зодсон зүйл байхгүй, хоорондоо хэрэлдээд заамдалцах гээд байхаар нь больцгоо гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх 54/
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн: “... гэх хүн манай гэрт ын нөхөр ыг дагаад мотоцикльтой ирсэн байсан бөгөөд хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу байсан. Би гэх хүнд “та танихгүй айлд ирчхээд хүн, хүн рүү үсчээд” гээд хэлж байсан бөгөөд миний хэлж байгааг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд ирсэн хүмүүс маань явсан бөгөөд нөхөр болон гэх хүнийг машиндаа суулгаад авч явсан. ... манай гэрт байхад архи уугаагүй. ******* нь руу дайраад байхаар нь “та яв аа” гээд болиулаад байсан бөгөөд хоорондоо зодолдсон, цохисон зүйл огт болоогүй. Би ******* гэх хүнийг огт танихгүй. ... машиндаа суулгахад , ******* нар нэлээн согтуу байсан, явахдаа мотоциклиудаа барьж чадахгүй учир үлдээгээд явсан юм. гэртээ очоод над руу залгасан байсан бөгөөд охинтой маань ярьсан байсан. Тэгээд өглөө нь охин надад “ эгч г дайрчихлаа” гэж ярьсан гэсэн. маргааш өглөө нь манай гэрт ирээд “******* ах цонхоор нь орж ирээд үсдээд түлхүүр булаах гээд байхаар нь түлхчихсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 58/,
шинжээч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлцүүлэгт мэдүүлсэн: “...Шинжлүүлэгч *******ийн биед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3, 4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тээврийн хэрэгслээр баруун өвдөг орчимд мөргөх, машины урд талын дугуйгаар цээжний баруун хэсэг дээр гарахад үүсгэгдсэн байх боломжтой.
...*******ийг түлхэж газарт унагах үед цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3, 4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, гэмтлүүд үүсгэгдэх боломжгүй, Мөн тэгш гадаргуутай газарт унахад үүсэхгүй. ...хохирогч *******ийн биед үүссэн гэмтлүүд нь дугтарч унагаах, түлхэх гараар цохих үед үүсэх боломжгүй. Тус гэмтлүүдийг авсан үед зовуурь илэрнэ. ...Хавирганы хугарал, хөлийн тавхай ясны хугарал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий урагдалт, баруун талын 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун хөлийн тавхай ясны 3, 4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун гуяны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтэл үүссэн хэсэг тус бүрд хүч үйлчилсний улмаас үүсгэгдэнэ. ...2024 оны 09 сарын 19-ны өдрийн №529 тоот дүгнэлтэд гэмтэл тус бүрээр хохирлын зэргийг тогтоосон байгаа. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд эмнэлгийн бичиг баримтыг судалж үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх мэдүүлэг /хх 62, 215/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 529 тоот дүгнэлт /хх 65-67/,
Хөдөлгөөний соёл ТББ-ийн Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27 тоот дүгнэлт /хх 72-73/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1435 тоот дүгнэлт /хх 79-80/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 24/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-27/, зам тээврийн ослын схем зураг /хх 28/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
7. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “... шүүгдэгчийн хувьд хохирогчийг мөргөж, түүний хөлийг гэмтээж хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогчийг мөргөсний улмаас хавиргыг нь хугалсан хүнд хохирлыг учруулаагүй, ... хохирогч өөрийг нь хөөж байгаад мөргөсөн, мөрөө сэжээд машины дугуйг хөдөлгөж гарч ирсэн гэх мэтээр худлаа мэдүүлэг өгсөөр байхад шүүх эрүүл хүний мэдүүлгийг үнэлэхгүйгээр, согтуу байсан хохирогчийн мэдүүлгээр намайг яллаж байгааг зөвшөөрөхгүй ... хийгээгүй хэргийн төлөө ял үүрмээргүй байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Тухайлбал, шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед учирсан гэмтэл буюу цээжний баруун талын гялтан хальсны урагдал, цээжний баруун хөндийн хий хуралдалт бүхий гэмтэл нь амь насанд аюултай буюу хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун талын 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун хөлийн тавхай ясны 3, 4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал бүхий гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах буюу дээрх журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тус тус хамаарах ба дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, мөн шинжээч эмчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “... хохирогчийн 6, 7, 8-р хавирганы хугарал нь биеийн баруун талд суганы ар шугамаар ... цээжний гялтан хальс татагдсаны улмаас ташуу хугарал үүссэн, ... цээж хэсэгт автомашинаар хүч үйлчлэхэд дээрх гэмтлүүд учрах боломжтой, тухайн үед хохирогч ташуу хэвтэж байсан бол биеийн бусад хэсэг машинд дайрагдахгүй өнгөрөх боломжтой, тухайн хүн босоо байрлалтай байх үед тавхайн ясны 3, 4-р хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл дугуйн доогуур ороход мөн үүсэх боломжтой, ...хохирогчид учирсан хавирганы гэмтэл нь хүнийг газарт түлхэж унагах, дугтарч унагах үед үүсэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “... ******* нь хохирогчид хавирганы хугарал буюу хүнд зэргийн хохирлыг учруулсан болохыг нотлоогүй...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Х.ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл, түүний уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шалтгаант холбоотой буюу шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ ...чамайг дайрч алнаа гэж араас бахирсан бөгөөд миний араас машинаараа ирж дайрсан. ...” гэж удаа дараа мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь хохирогчийг тээврийн хэрэгслээрээ санаатайгаар дайрч түүний биед хүнд гэмтэл учруулахыг зориуд хүссэн гэх субьектив санаа зорилго тогтоогдохгүй байх ба прокурор, шүүхийн аль алин нь хохирогчийн дээрх мэдүүлгийг үнэлээгүй, түүнчлэн хохирогчийн хувьд зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасантай нийцсэн байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН