Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2020/01489

 

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01489

 

Б.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01343 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М-т холбогдох,

Ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 035 027 төгрөг гагргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмнө гаргаж байсан зөрчлөө буруу гэдгийг өөрөө ухаарч түүнийгээ зассан байхад ажилчдаас хэд хэдэн хүний гаргасан гомдлыг үндэслэж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б-29 дугаартай тушаалаар шууд ажлаас халсан нь хууль бус, үндэслэлгүй. Хариуцагч нь тушаалыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гэх боловч нэхэмжлэгчид 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гардуулсан. Б-29 дугаартай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасныг тус тус үндэслэсэн боловч эдгээр заалтууд буюу тушаалын хууль зүйн үндэслэл нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас халах заалтууд байгаа боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэсэн ажлаас халахаас өөр сахилгын шийтгэл ногдуулах тухай заалт байгаа нь тушаал хууль бус болохыг нотолж байна.Хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хуульд заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах зэрэг сахилгын шийтгэлийн шат дараалсан арга хэмжээнүүд байхад шууд ажлаас халсан нь дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг давхар нотолно.

Нэхэмжлэгч нь урд гаргаж байсан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, тэрийгээ дахин гаргахгүйгээр ажиллаж байсан, тухайн үед шалгалтаар уг зөрчил илрээгүй зэрэг нөхцөл байдлыг хариуцагч тал харгалзаж үзэлгүйгээр шууд ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Ижил болон хамаарал бүхий албан тушаалтай хэд хэдэн хүн дээр нэгэн зэрэг адил гомдол ирэхэд урьд өмнө нэг ч сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, олон жил үр бүтээлтэй ажилласан хүнийг хуульд заасан шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр шууд ажлаас халж сахилгын шийтгэл гаргаж арай цөөн жил ажилласан нөгөө ажилчдад хөнгөн сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь ашиг сонирхол бүхий хууль бус тушаал гэж үзэж байна.

Шүүхээс гэрчүүдийг асуухад тээшийн вагон тавих нь пүүлэгч нарын тухайн өдрийн ажлыг 2-оос 3 дахин хөнгөвчилж өгдөг гэх тайлбарыг өгсөн. Б.Х-тай холбоотой гаргасан асуудлаас болж технологийн дүрэм, төлөвлөгөө, журамд өөрчлөлт орсон талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гурван ээлжийн диспетчер байсан бөгөөд пүүлэгч, ачигч нарын гуйлтаар ээлж болгон дээр тээшийн вагон тавьдаг байсан гэдгийг н.Төр-Энх мэдүүлсэн. Б.Х-г амарч байх хугацаанд нөгөө ээлжийн диспетчер нар уг асуудлыг шийддэг байсан. Ганцхан Б.Х-гийн ээлжинд ийм зүйл болдоггүй байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Б.Х-г зохион байгуулсан гэж ярьдаг, гэвч Б.Х- юуг, яаж зохион байгуулсан талаар хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд тухайн үед ачаа ачихаа больсон үед гаргасан хүмүүсийн гомдлыг үндэслэж уг тушаалыг гаргасан юм.

Б-29 дугаартай тушаал нь 2 агуулга бүхий захиргааны илт хууль бус акт байна. Нэхэмжлэгч Б.Х-гийн гаргасан зөрчлийг хэзээ хэрхэн гарсан гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй. Хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа хэзээ дууссан гэдгийг хариуцагч тал тодорхойлоогүй.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Х-д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан Б-29 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний ямар нэгэн алдаагүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг илүү нарийвчилсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулиар дагнаж шийдвэрлэдэг. Хариуцагчийн Б-29 дүгээр тушаалд Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэх заалтыг үндэслэсэн нь буруу заалт мөн бөгөөд гагцхүү техникийн алдаа буюу хэлбэрийн алдаа гарсан.

Б.Х- гаргасан зөрчлөө өөрөө ойлгож, бусад нөгөө ээлжийн диспетчер нарын үйлдлийг таслан зогсоосон гэдэг нь өөрийнх нь тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн өөрийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зааврыг зөрчсөн. Түүний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг заасан хэмжээгээр тэрээр биелүүлээгүй.

Тээшийн вагоныг орой хөдөлгөөн эхлэхээс өмнө 20-30 минутын өмнө зам дээр тавьж, ачааг ачих ёстой байтал ачигч нар гуйсан гэх үндэслэлээр өдрийн цагаар вокзал дээр аваачиж ачаа ачаад байгаа нь технологи зөрчсөн. Сайншанд, Эрдэнэт, Сүхбаатарын тээшийн вагоныг Улаанбаатар өртөөний 19, 20 дугаар зам руу өдрийн цагаар оруулах хориотой байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль нэг үндэслэлүүдийг баримтлахыг шаарддаг. Б-29 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох дор дурдсан ноцтой зөрчил гаргасан.Технологи зөрчиж, тавих ёсгүй вагоныг тавих ёсгүй замд тавьж ачаа ачуулж, хөлс авч байгаа нь хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д заасан эрхэлсэн ажил үүргээ хувийн байдлаар урвуулан ашигласан гэдэгт нийцэж байгаа юм. Энэ үйлдлийг хийснээр нэхэмжлэгч өөртөө давуу байдал бий болгож өөртөө шан харамж авсан байдаг. Бусад ээлжийн диспетчер нар ингэж ажилласан. Гэхдээ өнөөдөр бусад ажилчдад ямар шийтгэл ногдуулсан талаар маргаагүй. Шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж байна. Б-29 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-н ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,035,027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Х-н ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тушаалын хууль зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 болон Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.3 дхь заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл авч байгаагүй, харин хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д зааснаар тодорхойлж байгаагаа хариуцагч тайлбарласан. Хэргийг бодит байдал, нотлох баримтаар Б.Х- нь ажил олгогчид илтэд хохиролтой ямар үйл ажиллагааг явуулсан, ажил олгогч болон бусдад эд хөрөнгийн ямар ноцтой хохирол учруулсан нь тодорхой бус. Х- зохион байгуулдаг байсан гэх асуудлыг хариуцагч тал баримтаар нотлоогүй. Б.Х- болон бусад 2 ээлжийн диспетчрүүдийн тухайн үед хийж байсан үйлдэл нь гэрчийн мэдүүлгүүдээс Х- нарт гэхээсээ илүү ачигч, пүүлэгт нарын ажлыг хөнгөвчлөх, эрсдэл гаргуулахгүй байх хүмүүсийн ачааг гэмтээхээс сэргийлэх, төмөр замын ажлыг зөв зохион байгуулж байсан илүү давуу талуудтай. Хариуцагч ийм асуудлыг шат шатандаа шийдэж зөв зохион байгуулаагүйгээс ийм нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлаас болоод хуралдаж, асуудлыг зөв зохион байгуулах шийдэл гаргасан.

Гэрч Төр-Энхийн мэдүүлгээр ачаа ачуулах нь зөвхөн Х-д биш 3 ээлжинд бүгд ийм ажиллагааг хааяа явуулдаг байсан, өгсөн 15 000 төгрөгийг тухайн ээлжийн 3 ажилтан хувааж авдаг байсан талаар мэдүүлсэн. Яг адил асуудал гаргасан байхад Төр-Энхийг явуулаад зөвхөн Х-г авч хэлэлцсэн, Төр-Энх дарга Гантулгын хамаатан гэдгээ мэдүүлсэн. Бусад хүмүүсийг цалинг хассан шийтгэл авсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн ачаа ачуулж байсан вагонд нь тухайн үедээ мөрдөх ёстой технологийн дүрэм нь гараагүй байсан нь зохигчийн тайлбар, баримтаар нотлогдсон. Нэгэнт мөрдөгдөх технологи гараагүй байсан нь Х-г технологи зөрчсөн, өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн. эрх мэдлээ хэтрүүлсэн эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэхээргүй байна.

Тухайн этгээдийн гаргасан зөрчил, хэр хэмжээ, хохирол учируулсан нөхцөл байдалтай тохирсон хуулийн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулах ёстой боловч хариуцагч шат дараалсан арга хэмжээг авах, эсвэл гаргаж байсан үйлдэлтэй тохирох сахилгын шийтгэл оноогоогүй. Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч М-т холбогдуулан ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ээлжийн диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 035 027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /1-р хх1, 19/

Нэхэмжлэгч нь М-ийн Зорчигчийн вагон депогийн Сэлгээний цехийн ээлжийн диспетчерээр 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсанд зохигч маргаагүй. Улмаар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын Б-29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д заасан ... албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн цуцалсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх 7, 21-22/

Нэхэмжлэгч нь ээлжийн диспетчерээр ажиллаж байх хугацаандаа тээшийн вагоныг цагийн хувиарыг зөрчин тавьж өгсний хариуд ачигч нараас 1 вагоныг 15 000 төгрөгөөр тооцож төлбөр авдаг гэж буруутгагдсан ба Б.Х-н 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуралд оролцохдоо ... тээшийн вагон тавьж өгч мөнгө авдаг байсан, бусад ээлжийнхэн бүгд авдаг гэх тайлбар, гэрч Г.Өлзий-Орших, Б.Ганзориг, Э.Хүрэлсүх, М.Төр-Энх нарын ... 19, 20 дугаар зам дээр вагон хөдлөхөөс 30 минутын өмнө ачаа ачих ёстой боловч энэ хугацаанд амждаггүй учир ээлжийн диспетчер Б.Х-д ачигч нар өөрсдөөсөө 1000-1500 төгрөг гарган цуглуулж 10 000-15 000 төгрөгийг бүрдүүлж өгч өдрийн цагаар вагоныг зам дээр тавиулж тээшээ ачдаг. Энэ мөнгийг сүүлийн 2 жилийн гаруйн хугацаанд өгсөн, албан ёсны өгөх ёстой мөнгө гэж бодож өгч байсан гэх мэдүүлэг зэргээр ээлжийн диспетчер Б.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр баталсан Сэлгээний илчит тэргээр хийгдэх сэлгээний ажлын технологийн дарааллыг зөрчсөн, хөдөлгөөний бус цагаар тээшийн вагоныг зам дээр тавьсны хөлсөнд 10 000-15 000 төгрөгийг авдаг байсан нь нотлогджээ. /1-р хх81/

Нэхэмжлэгч Б.Х-н дээрх үйлдэл нь хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.2, 14.2.8-д заасан ноцтой зөрчил буюу өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан буюу ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үндэслэлд хамаарч байхаас гадна Хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д ... албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх ноцтой зөрчилд хамаарч байна.

Ажилтан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нь шат дараалсан сануулах, цалин хасах зэрэг арга хэмжээг аваагүй тухайд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд заавал шат дараалсан арга хэмжээ авахыг шаардахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Х-н ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД