Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/35

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   С.Ариунаа

Нарийн бичгийн дарга                              Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Хилчинбаатарын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2521000000175 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” дэлгүүрийн зүүн талын замаар *******ийн эзэмшлийн ДОА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хасуулсан байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, ... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Прокурор Э.Хилчинбаатар эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

... Анхан шатны шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох талаар тодорхойлох хэсэгт дүгнэлт хийлгүйгээр, тогтоох хэсгийн 5-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хасуулсан байх тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч *******гийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дууссан өдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг тоолохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Мөн шүүхийн шийдвэрт заасан нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох нь ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

6. Прокурор С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байх тул  шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******д холбогдох эрүүгийн 2521000000175 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн үедээ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” дэлгүүрийн зүүн талын замаар танил *******ийн эзэмшлийн ДОА улсын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2,04%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

-гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цагдаа зохицуулагч ын хамт өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн байгууллагын ерөнхий эргүүлээс Хэрлэн сумын 8 дугаар баг Төмөр замд тээврийн хэрэгсэл шүргүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 16 цагийн үед Хэрлэн сумын 8 дугаар багт очиход дуудлага өгсөн шүргүүлсэн машин тухайн газраа байхгүй байсан ба гар утсаар холбогдож мөргөсөн машиныг хайж явахад “*******” дэлгүүрийн зүүн талд Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож явж байхаар нь би тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхаар нь бичиг баримтыг хураан авч тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачин жолооч *******г драгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг гарсан тул тээврийн хэрэгслийг саатуулсан. Мөн жолооч ******* нь эрхээ хасуулсан байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8х/,

-яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 21-24х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

7. Прокурор Э.Хилчинбаатарын “ ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацаа дууссан өдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг тоолохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Мөн шүүхийн шийдвэрт заасан нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолох нь ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгүүлэхийг хүссэн...” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тоолох хугацааг хуульд зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох байтал зөрчлийн улмаас шийтгэврээр хүлээсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг дуусах хугацаанаас эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         С.ГАНЧИМЭГ

  ШҮҮГЧИД                                                                              Г.УРТНАСАН         

                                                                                             Ц.ЭРДЭНЭЗУУ