Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02501

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02501

 

 

 

Б.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02600 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монголын Үндэсний номын санд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Гантулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Номын сангийн байгууллагад 26 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном бүрдүүлэгч, ахлах номын санчийн ажил албан тушаалыг эрхэлж, номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлэх, баяжуулах ажилд идэвх санаачилгатай, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж номын санд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажилд манлайлан идэвхтэй сайн ажилласан. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэхийн хажуугаар Олон Улсын Коха програмд номын мэдээлэл оруулах ажлыг хурдан шуурхай хийж дуусгахын тулд амралтын өдрөөр, илүү цагаар чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б/64 тоот Б.Гантулгыг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гарсан гэж мэдэгдсэн. Б/64 тоот тушаалаар удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн албан тушаалаас чөлөөлж, албан тушаал, цалин хөлсийг минь бууруулан Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн хяналтын номын санчийн албан тушаалд томилсон. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 тоот тушаал нь үндэслэлгүй шийдвэр юм. Иймд намайг ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчийн албан тушаалд минь эгүүлэн тогтоож, ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн хяналтын номын санчаар ажиллах хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг Монголын Үндэсний номын сангаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Албан тушаалаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн цуцалсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.5-д зааснаар удирдах болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн бол ноцтой зөрчил гэж үзсэн. Нэхэмжлэгч нь төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бөгөөд ажлыг хугацаанд нь гүйцэтгэ гэсэн шаардлагыг тавихад боломжгүй гэж эсэргүүцэн хэрүүл маргаан гаргасан. Тус байгууллагад Коха програмыг нэвтрүүлэх ажил хийгдэж байсан бөгөөд уг ажлын зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Гантулга багтсан байдаг. Яамнаас энэ ажлыг удаан байна, хурдан түргэн дуусга гэсний дагуу шаардлага тавихад боломжгүй гэж эсэргүүцсэн. Иймд хөдөлмөрийн гэрээнд заасан удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б.Гантулгаас саналыг нь асуухад би хэлтэстээ үлдэнэ гэсэн тул нэхэмжлэгчийг номын санд авч үлдэхийн тулд хяналтын Номын санчийн ажилд томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гантулгыг Монголын үндэсний номын сангийн Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монголын үндэсний номын сангаас өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 113,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Гантулгын өөр ажилд буруу шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний номын санд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хэсэгт ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсан. Нэхэмжлэгчтэй 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.5 дахь хэсэгт Удирдах ... албан тушаалтны ... тавьсан шаардлагыг эсэргүүцсэн ... бол ноцтой зөрчил гэж үзнэ" гэж тусгасан байдаг бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээний ерөнхийлсөн шинжтэй заалт хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Коха программыг Үндэсний номын санд нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг өгсөн. Байгууллагын удирдлагын зүгээс төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь дуусга гэсэн ажил үүрэгтэй нь холбоотой зүй ёсны шаардлага тавихад нэхэмжлэгч нь хэлтсийн даргын хамтаар захирлын өрөөнд дуусгах боломжгүй гэдэг тайлбарыг хэлж орж ирсэн нь удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн нэг хэлбэр болно. Тушаалын үндэслэх хэсгээс /Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 24.1/ харахад ажилтныг хуульд заасан үндэслэлээр өөр ажилд шилжүүлсэн бус хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйл бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах өөрөөр хэлбэл тухайн ажилтныг тухайн байгууллагад дахин ажиллуулахгүй байх эрх зүйн үндэслэл болдог. Харин байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил, олон жил ажилласан дадлага туршлага зэргийг нь үнэлээд өөр албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс тушаалын үндэслэх хэсэгт огт хамаагүй, үүссэн хөдөлмөрийн маргаантай холбоогүй Хөдөлмөрийн тухай заалтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Нөгөө талаас байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчид өөр албан тушаал санал болгоход би өөрийнхөө хэлтэст үлдэнэ гэдэг шаардлагыг тавьсан бөгөөд үүнийг хангаж Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэст хяналтын номын санчаар томилсон. Энэ нь зохигчдын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байхад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг тайлбар нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монголын Үндэсний номын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 74 750 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж заасан байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байдаг. Үүнийг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчид буцаан олгосон нь зүйтэй боловч үүнийг хариуцагчаас гаргуулж байгаа нь хуулийг буруу /тайлбарлаж хэрэглэсэн байна. Хариуцагчаас гаргуулж ....... 113 076 төгрөгт тохирох хэмжээний улсын тэмдэгтийн хураамж буюу 4550 төгрөг төлөх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь хариуцагч Монголын үндэсний номын санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, Б.Гантулга нь хөдөлмөрийн гэрээнд заасан удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүсэн ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийг номын санд авч үлдэхийн тулд өөр ажилд томилсон гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Гантулга нь Монголын үндэсний номын санд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Монголын үндэсний номын сангийн бүрдүүлэгч, ахлах номын санчаар ажиллаж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-64 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, мөн өдөр ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн хяналтын номын санчаар томилогдсон үйл баримт Б.Гантулгын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний Монголын үндэсний номын сантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Монголын үндэсний номын сангийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-64 дүгээр Б.Гантулгыг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх4-11/

Нэхэмжлэгч Б.Гантулгыг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн Монголын үндэсний номын сангийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-64 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.5, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 7.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх зээлт, Захиргааны зөрчлийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн бөгөөд ажилтан Б.Гантулга нь удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс ном бүрдүүлэх, боловсруулах хэлтсийн хяналтын номын санчаар томилсон гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.5-д Удирдах болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан боловч Б.Гантулгыг захирлын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэсэн учраас, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Монголын Үндэсний номын сангийн захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ