| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2402000812073 |
| Дугаар | 2025/ДШМ/708 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/708
2025 06 04 2025/ДШМ/708
Г.Х, Э.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ариунзул,
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.С, Э.Г,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Т.Г,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/512 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Х, Э.Н нарт холбогдох эрүүгийн 2402000812073 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.Н
2. Г.Х,
Шүүгдэгч Э.Н нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнийг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн 24 настай, эмэгтэй Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.О нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
мөн шүүгдэгч Г.Х нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнийг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж. тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн, 24 настай, эмэгтэй, Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.О нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн, эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Н, Г.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Э.Н, Г.Х нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Н, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х, Э.Н нарт оногдуулсан торгох ялыг тус бүр гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Н, Г.Х нарын эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, Э.Н, Г.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт Э.Н, Г.Х нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS595:2017 стандартын дагуу намайг ялласан. Гэвч манай түргэн тусламжийн төв нь “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS6717:2018” гэсэн стандарт баримталж ажилладаг байгууллага юм. Дүүргийн эмнэлэгт өөрөө хөлөөрөө явж орсон үйлчлүүлэгчээ улаан эрэмбээр буюу хүнд гэж эрэмбэлэн ангилалт хийсэн. Хүлээн авах яаралтайн эмч улаан буюу хүнд гэж эрэмбэлсэн боловч амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой гэж үнэлсэн эхний дуудлагын эмч намайг очсоноос хойш нас барах хугацаа нь 26 цаг бөгөөд талийгаач тусламж үйлчилгээ аваад нас барсан. Эхний эмч намайг очиход биеийн ерөнхий байдал дунд, амин үзүүлэлт тогтвортой, орчиндоо харьцаатай, өөрөө явах чадвартай, сэтгэцийн тулгамдсан асуудалгүй байсан учир би үйлчлүүлэгчээ түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагаа МNS86717:2018, Эрүүл мэндийн сайдын 2021А/*** тоот тушаалын яаралтай эрэмбэлэхийн дагуу цагаан буюу хүлээгдэх боломжтой гэж эрэмбэлээд ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөн гэрт нь үлдээсэн. Асуумжаар, халуун бууруулах эм уусан, 2 удаа бөөлжсөн гэсэн өгүүлэмжтэй байсан тул тухайн үед улиралтай чанартай ритровирус, интеровирус хавсарсан дэгдэлтийн үе байсан. Тиймээс би вирусийн гаралтай ханиад гэж урьдчилан оношлоод эмийн эмчилгээ болон зөвлөгөө өгч үлдээсэн. Ар гэрийнх нь болон өөрт нь зөвлөхдөө миний зөвлөсөн эмийн эмчилгээ нь үр дүнгүй, зовуурилсан хэвээр буюу зовуурь намжихгүй, биеийн байдал нь байгаа байдлаасаа дордохын бол яаралтай харьяа дүүргийн эмнэлэгт хандах эсвэл 10З-т дахин дуудлага өгөх талаар сайтар зөвлөж, ойлголцож үлдээсэн. Гэвч энэ талаар талийгаачийн ээж Э-г одоо болтол байцаагаагүй тухайн үеийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх гэрч бол ээж болох Энхтуяа гэдэг хүн юм. Талийгаач архи уусан талаараа эмчид хэлээгүй, нуун дарагдуулсан нь оношилгоонд төөрөгдөл учруулсан. Эхний эмч намайг очсоноос хойш дараагийн дуудлагын эмч 12 цагийн дараа очсон. Эмчийг очиход өвчний үндсэн зовуурь илэрсэн байсан. Үндсэн зовуурьд: арьс салст шарлах, тасралтгүй бөөлжих, хэвлийн цочмог өвдөлттэй гэсэн зовуурьтай байхад тухайн эмч үлдээсэн. Намайг тусламж зүйлчилгээ үзүүлснээс хойш дараагийн дуудлагын эмч 12 цаг, дүүргийн эмнэлэгт оч эд нас барах хүртэлх хугацаа 26 цаг нийт 38 цагийн турш тусламж үйлчилгээ аваад нас барсан учир миний бие нь өөрийгөө хожимдол үүсгэсэн гэх тогтоол шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул миний энэ гомдлыг харгалзан үзэж дахин байцаалтад буцааж бодит үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэж гомдол гаргаж байна.
Иймд Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/512 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Х өмгөөлөгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, миний үйлчлүүлэгч Г.Х нь анхны үзлэгийг хийхэд хохирогч биеийн байдал дунд, амин үзүүлэлт хэвийн гэж үнэлээд цаашид авах арга хэмжээг ээжид нь нэг бүрчлэн хэлж өгөөд явсан байдаг. Энэ үйл явцыг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргахад ээж Энхтуяа нь 2 удаа эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар байцаалт авхуулаагүй шүүхэд шилжүүлсэн байдаг энэ хүнээс мэдүүлэг авахад миний үйлчлүүлэгчийн цагаанаар эрэмбэлээд зөвлөгөө өгөөд зохих ёсоор нь хийсэн гэж үзэж болохоор байхад дараагийн эмч 12 цагийн дараа үзлэг хийхэд байдал нэлээн муудсан байсан гэдэг. Ингээд өвчтөн хөлөөрөө өөрөө Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд нас барах хүртэлх 36 цаг болоход яагаад нэгдсэн эмнэлэг атлаа хойшлуулшгүй арга хэмжээ аваагүй энэ хугацаанд шинжилгээ хийсэн гэх боловч анхны тусламжийг үзүүлээгүй хожимдол энэ байдалд хүргэсэн гэж үзэж байна. Харин эмнэлгийн анхны тусламж үзүүлэхээр яаралтайгаар ороод нас барах хүртэлх хугацаа 26 цаг буюу тус эмнэлгийн хоногийн нас баралт болсон яагаад энэ эмч нар хариуцлага алдаагүй гэж үзээд байгаа юм бэ, адилхан тангараг өргөсөн эмч нар миний үйлчлүүлэгч Эрүүл мэндийн яам, МNS56717:2018, Эрүүлийн мэндийн сайдын 2021А/814 тоот тушаалын яаралтай эрэмбэлэлд цагаан буюу хүлээгдэх боломжтой гэж эрэмбэлэн ангилаад ар гэрийнхэнд зөвлөгөө өгөн гэрт нь үлдээсэн халуун бууруулах эм уусан, 2 удаа бөөлжсөн гэсэн өгүүлэмжтэй тул тухайн үеийн улирлын чанартай ритровирус болон интеровурис дэгдэлтийн үе байсан тул вирусийн гаралтай ханиад гэж урьдчилан оношлоод эмийн эмчилгээ зөвлөж үлдээсэн байдаг. Ар гэрийнхэн хохирогч элэгний архаг хууч өвчтэй байсан. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэснийг нуун дарагдуулсан мөрдөн шалгах ажиллагааг бодитой бүрэн гүйцэд хийгээгүй хэдийд ямар архи хэн хэнтэй уусан архи ууснаас хойш ийм олон хоног болж байхад зүгээр болдоггүй архи биш өөр юм уусан зэргийг талаар ямар ч мэдүүлэг байцаалт аваагүй. Архи уусан талаар нуун дарагдуулах нь оношлоход төөрөгдөл учруулсан. Миний үйлчлүүлэгч очсоноос хойш дараагийн дуудлагын эмч 12 цагийн дараа очсон. Дараагийн дуудлагын эмчийг очиход өвчний үндсэн зовуурь илэрсэн байдаг. Талийгаачийн ар гэрийн гомдол анх харьяа дүүргийн эмнэлэг болох БГД-ийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын ёс суртахуун, хүнд суртал, анхны тусламжийг зохих ёсоор нь хийгээгүй өвчтөний хажууд урьдчилан дүгнэлт гаргасан өвчний нууцлалын зэрэгт халдсан эсэхэд гомдол гаргасан байсан зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр дахин байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/512 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг бүхэлд нь дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Х өмгөөлөгч Э.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй. Шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулж аваагүй алдааг шүүх олж хараагүй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналтын улсын байцаагч Улзмаагийн дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох зүйл заалтын дагуу Г.Х, Э.Н нараас мэдүүлэг авсан. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэргийн шинжтэй гэж үзэж прокурорт хэргийн материалыг явуулсан. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч томилж дүгнэлт гаргасан. Энэ үйл баримт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 19.1.1 дэх заалтад “уг хэргийг хянан шийдвэрлэх болон шалган шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, гэрч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд, мөрдөгч, прокурор, шүүгчийн хувиар өмнө нь оролцсон бол” гэж заасны дагуу зөрчил хянан шалгах ажиллагаанд оролцсон Улзмааг дахин шинжээчээр оролцуулсан. Мөн энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч солигдож Б.Ц хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Б.Ц тухайн үед ямар албан тушаал эрхэлж байсан бэ гэвэл Нийслэлийн эрүүл мэндийн газарт, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байсан. Шинжээч Улзмаа болон хууль ёсны төлөөлөгч Б.Ц нар нэг байгууллагад хамт ажилладаг. Ашиг сонирхлын зөрчилтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Уг шинжээчийн дүгнэлтийг шүүх дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа. Г.Х амь хохирогчийг эмнэлгийн тусламж авахыг хожимдуулсан гэж буруутгасан. Гэтэл Г.Х очих үед өвчтөн эрүүл мэндийн талаар болон ямар шалтгаанаар зовуурилж байгаа талаар хэлээгүй. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу өвчтөн эмчид зовуурийн талаар үнэн зөв асуумж өгөх ёстой. Амь хохирогчийн задлан шинжилгээгээр шалтгаан тодорхойгүй хордлого гэх дүгнэлт гарсан. Хордлыг улмаас элгэний дутагдалд орж нас барсныг тогтоосон боловч яг ямар хордлого гэдгийг тогтоогоогүй. Өвчтөний амь нас аврах боломжтой, боломжгүй байсан нь тодорхойгүй. Амь хохирогчийн элэг архаг үрэвсэлтэй талаар шинжилгээ гарсан. Элэгний архаг үрэвсэлтэй хүн, тодорхойгүй хордлого авсан хүний амь насыг аврах хүндрэлтэй, амь хохирогчийн элэг цоо эрүүл байгаагүй. Мөн эмч нарыг буруутгахдаа мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг зөрчсөн гэж буруутгаж байгаа. 103 хүлээн авах, нэгдсэн эмнэлэг биш, өөр үйл ажиллагааны стандарт мөрдөгдөг. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны тухай MNS595:2017 стандартыг 2 дугаар зүйлийн 2.1-т заасныг зөрчсөн гэж байгаа. Уг стандарт Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамааралтай. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч “оношилгоог ажлын бус цагт бүрэн хариуцан, өвчтөний түүхийг эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой бүрэн хөтлөх” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Энэ ажиллагаа Г.Х, Э.Н нарт хамааралгүй. Анх Г.Х эмч очиж үзэхэд өвчтөний биеийн байдал харьцангуй хэвийн байсан. Тухайн үед эмнэлэгт хүргээгүй нь амь хохирогчийн үхэлтэй ямар шалтгаант холбоо байна. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирээд 20 гаруй цаг эмчлүүлж байгаад нас барсан. Эмчилгээ үйлчилгээ доголдолтой байсан талаар хохирогч гомдол гаргаснаар зөрчлийн хэрэг үүссэн. Яллах дүгнэлтэд бичигдсэн үндэслэлийг шүүх үндэслэж хэргийн эцэслэн шийдвэрлэсэн боловч хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан. Эмч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар стандарт зөрчсөн талаарх шинжээчийн дүгнэлт байхгүй. Өвчтөнийг эмнэлэгт хүргээгүй гэх ерөнхий ойлголтоор шүүгдэгч нарыг буруутгаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан, яаралтай тусламжийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод ажлын чиг үүргийг заасан. Үүнд түргэний эмч дуудлагаар очих бүрдээ өвчтөнийг эмнэлэгт хүргэх үндэслэл байхгүй. “Өвчтөний эрүүл мэнд сайжрахгүй нөхцөлд дахин дуудлага өгөх талаар зөвлөгөө өгөх, зохих эмчилгээ хийж өвчтөнийг гэрт нь орхиж болох” ажлын байрны тодорхойлолтой. Цаг хугацааны хувьд цус алдтай адил асуудал биш, хэрвээ цус алдсан бол цаг, минутаар хэмжиж болно. Энэ хэрэг элгэний үйл ажиллагаа аажимдаа нэмэгдэж байгаа процесс, уг өвчин шууд зүгээр болох боломжгүй, эмчилгээ шаарддаг талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй нотлох баримтыг үндэслэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Шүүгдэгч Э.Н өмгөөлөгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг нарийн мэргэжлийн оношилгооны асуудалтай холбоотой буруутгаж байна. Тус байгууллагын стандарт, журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх талаар тодорхой баримтаар тогтоох ёстой. Хэрэгт энэ асуудлаар авагдсан баримт байдаггүй, стандарт зөрчиж, хожимдол үүссэн нөхцөлд яагаад эмчийг буруутгах ёстой гэж, өвчтөн өөрөө эмнэлэгт үзүүлэх хуульд заагдсан хувь хүний үүрэг байдаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд түргэн тусламжийн эмч “чагнуур”-аас өөр зүйлгүй өвчтөнийг үзэж зохих ёсны зөвлөгөө өгөөд, дараагийн яаралтай тусламжийн дуудлага руу явсан. Гэтэл өвчтөн 20 гаруй цагийн хугацаанд эмчилгээ хийлгэж нас барсан. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд өвчтөн болон түүний ар гэрийн буруутай үйлдэл харагддаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн талаар үнэн зөв асуумж өгөөгүй. Дүүргийн нэгдсэн эмнэлэг буруутай эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, Г.Х, Э.Н нарын тухайд хийх ёстой ажлаа хийсний төлөө ял авч байгаа нь шударга бус байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг аваагүй талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Эрүүл, саруул байсан охиноо алдсан хүн тул мэдүүлэг өгөөд явах боломжгүй болсон, эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Шүүгдэгч Г.Х хохирогч тухайн өдрийн 15 цагт дуудлага өгсөн. Түргэн тусламжийн эмч бүртгэл, мэдээллээ зөв хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. 12 цагийн зайтай Э.Н эмч мөн түргэн тусламжаар ирсэн. Түргэний эмч нарыг хариуцдаг ахлах мэргэжилтэн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан, “Хоёр дахь дуудлага анхаарал татдаг. Үүнд бид анхаарал хадуулдаг” талаар мэдүүлсэн. Гэтэл Г.Х бүртгэлээ буруу хийж, өвчтөний түүхийг зөв оруулаагүй учраас асуудал үүссэн. Шүүгдэгч Э.Н мэдээлэл оруулсан боловч Г.Х бүртгэлээ буруу хийсэн. Хохирогчийн эх 2 дахь дуудлагаа өгөхдөө “өвчтөн таталт өгч байгаа талаар” хэлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Г.Х “Өвчтөн халуураад, хэвлийгээр өвдөж” байгаа талаар асуумж өгсөн гэж мэдүүлсэн. Ийм зовуурьтай өвчтөнийг стандартгүйгээр эмнэлэгт хүргэх учиртай, гэтэл орхиод явсан. Мөн өвчтөний өвчний түүхийн талаарх бүртгэлийг дутуу хийсэн. Хоёр дахь дуудлага очиход өвчтөн шарласан байсан. Гэтэл Э.Н эмч “маргааш, дүүргийн эмчид хандаарай гээд явж байгаа үйлдэл” ойлгомжгүй. Өвчтөний биеийн байдал энгийн хүний нүдээр асуудалтай байгаа нь тодорхой байсан. Яагаад халуураад байна, юу идэж уусан бэ, гэдгийг асуухгүй яасан юм бэ, хэрвээ асуусан нөхцөлд тайлбар хэлэх байсан. Шинжээч У-н талаар дурдаж байна. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол гаргах боломжтой байсан. Тухайн үед энэ талаар гомдол гаргаагүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, шинжээчтэй холбоо хамааралтай талаар дурдаж байна. Б.Ц нь талийгаачийн төрсөн эгч учраас хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох боломжтой. Б.Ц хаана, ямар байгууллагад ажиллаж байгаагаас үл хамаарч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болохоосоо татгалзах ёстой юу, үүнийг процессын алдаа гэж үзэхгүй. Түргэн тусламжийн эмч нар дээд шатны ахлах мэргэжилтэнд өвчтөний талаар мэдээлэх үүрэгтэй. Мэдлэг, чадвараа хуваалцах ёстой. Гэтэл энэ талаар ахлах мэргэжилтэнд мэдэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг цахимаар оруулсан. “Шүүгдэгч Г.Х стандарт зөрчсөн” гэдгийг мэдүүлсэн. “Анх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийг буруутгаж гомдол гаргасан байхад, явсаар байгаад түргэний эмчийн буруу болсон гэж” байна. Г.Х стандартын дагуу ажлаа явуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Мөн “Баянгол дүүргийн эмч нар зохих ёсны эмчилгээ хийсэн” талаар тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хууль ёсны гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.Н нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнийг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн 24 настай, эмэгтэй Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.О нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
мөн шүүгдэгч Г.Х нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнийг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж. тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн, 24 настай, эмэгтэй, Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.О нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн, эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хүснэгт, клиникийн оношны үндэслэл, үзлэгийн тэмдэглэл, цус цусан бүтээгдэхүүн сэлбэсэн протокол, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, биеийн байдлыг үнэлэх хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл /1хх 53-72/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н “...Дүү Б.О нь манай компанид ажилладаг юм. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө манай ээж Энхтуяа над руу залгаад “дүү Б.О чинь ханиад хүрчихсэн халуураад байна 2 хоногийн чөлөө өгчих эм уугаад гэртээ хэвтэх гэсэн юм” гэж хэлүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ээж над руу залгаад “дүү чинь халуураад байна түргэн дуудах гэсэн юм яаж дууддаг билээ” гэж асуухаар нь 103 руу залга гэж хэлсэн. Тэгээд өдөр нь түргэн тусламжийн эмч гэрт нь очиж үзлэг хийсэн байсан. Үзлэг хийхдээ утасны гэрлээр хоолой руу тусгаж хараад гадуур бөөлждөг халуурдаг шинж тэмдэгтэй ханиад байгаа, хоолой нь өвдсөн байна гээд эм бичиж өгчхөөд яваад өгсөн. Шөнө над руу 02 цагийн үед ээж утсаар залгаад “дүүгийн чинь бие халуураад татаад байна, түргэн тусламж дуудсан чинь ирэхгүй удаад байна чи хүрээд ир" гэхээр нь би яваад очиход дүүгийн биеийн байдал ядруу орон дээрээ хэвтэж байсан. Ээж “дүү чинь бөөлжөөд байна” гээд бөөлжсийг нь надад харуулсан. Би түргэний эмч рүү яриад “хол явж байгаа бол бид нар өөрсдөө эмнэлэг рүү аваад явчихъя” гэж хэлсэн чинь түргэний эмч нь “ойрхон 5 шар дээр явж байна, одоо танайх руу шууд очно” гээд шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн. Түргэний эмч ирэхээр халуураад таталт өгөөд бөөлжөөд байгаа өдөр бас түргэний эмч ирж үзсэн гэж хэлсэн. Эмч даралт, судасны цохилт зэргийг нь үзээд бөөлжиж байгаа гэсэн чинь бөөлжихийн эсрэг тариа судсаар нь хийж өгсөн. Тэр ирсэн эмч нь “урьд шарлаж байсан уу” гэж асуухаар шарлаж байгаагүй гэж хэлэхэд “та нар өглөө Халдварт эмнэлэг ороод үзүүл шарлачихсан байж магадгүй, мөн ханиадтай байна” гэж хэлсэн. Тариа тарьчихсан учраас одоо бөөлжихгүй гэж хэлсэн. Тариа тариулснаас хойш дахиж бөөлжөөгүй. Өглөө бид нар 07 цагт босоод 08 цагт Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод би ээжтэй цуг дүүг үлдээгээд гайгүй байх гэж бодоод ажил руугаа явсан. Би эмнэлэг дээр бараг 30-40 минут байж байгаад явсан. Дүүг эмнэлэг рүү оруулаад 3 цаг гаруй ямар нэгэн эмчилгээ хийгээгүй байлгасан. Цээжний зураг авхуулсан, дусал хийх гэсэн чинь судас нь олдохгүй байна гээд баахан хатгачихсан байсан. Намайг ажил дээрээ 12 цагийн үед байж байхад ээж над руу утсаар яриад “дүү чинь ухаан алдаад эрчимт эмчилгээний тасаг руу орчихлоо” гэхээр нь би эмнэлэг рүү явж байсан. Эмч нар нь болохоор “бие нь муу байна шүү ар гэр нь ойрхон байж бай” гэж хэлж байсан. Мөн шээс нь гарахгүй болохоор катитар тавьсан гэсэн. Орой 18-19 цагийн үед байх бөөрний дутагдалд орчихлоо эмч нараа цуглуулж байна гэж хэлсэн. Эмч нар нь ирээд бөөрний аппаратад оруулсан. Эмчид нь энд тодорхой арга хэмжээ авч чадахгүй бол гуравдугаар эмнэлэг рүү явъя гэж хүсэлт тавихад гуравдугаар эмнэлгийн эмч нь “тээвэрлэлт даахгүй хүлээн авах боломжгүй, наанаа эмчилгээгээ хийлгэ” гэж хэлсэн. Шөнөжингөө бие нь их зовуурьтай яраглаж хоноод маргааш нь 10 цагийн үед нэг удаа зогсоод дахиад зүрх нь зогсоод нас барсан. Амьсгалын аппарат бол залгаагүй, амьсгалын аппарат залгах процессын үед нас барсан. Ар гэрийн зүгээс нь эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаа байж магадгүй гэж Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан юм. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүү бид хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Тэгээд нэг дэх өдөр буюу 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирээгүй. 2023 оны 12 дугаар сарын 19, 20-нд ажилдаа ирсэн. Тэгээд 12 дугаар сарын 21-ний өдөр халуураад байна гэж чөлөө авсан. Манай ээж Энхтуяа 61 настай, дүүг өнгөрснөөс хойш биеийн байдал муу, 3 удаа эмнэлэгт хэвтээд байна. Мэдүүлэг өгөх боломжгүй байгаа.” /1хх 96-98/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-н “...Би амь хохирогч Б.О-н төрсөн эгч...Би Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт дүүг ирээд хэвтчихлээ гэж мэдээд эмнэлэг дээр очсон. Миний дүүгийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээч нарын дүгнэлттэй танилцсан. Шинжээч нарын гаргасан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Эмч нарыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” /1хх 105-106/,
иргэний хариуцагч А.А-н “...Би бол чанарын албаны даргын ажлыг 2023 оны 01 дүгээр сард авсан. Энэ асуудал 2023 оны 12 дугаар сард болсон байсан. Тухайн үед нь бол манай байгууллагын удирдлага нар мэдээгүй. Харин 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-с “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” албан шаардлагыг манай байгууллагад ирүүлсэн. Үүнтэй бид нар танилцаад мэдсэн. Дуудлагын эмч Г.Х, Э.Н нар нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас сахилгын арга хэмжээ аваагүй. Нийслэлийн хэмжээний 6 дүүргийн 5 салбарт 3 ээлжээр 24 цагаар ажилладаг. Хууль зүйн яамны харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар салбар төвүүд рүү дуудлага нь цахимаар шилжиж явдаг. Анхны дуудлага мэдээллийн эрэмбэлэн ангиллыг бол Мэдээлэл шуурхай удирдлагын 103-ын ажилтан бүртгэн авдаг. Тус дуудлагыг хүлээн авч газар дээр очсон эмч тухайн өвчтөний эмнэл зүй дээр суурилж эрэмбэлэн ангиллыг хийдэг.” /1хх 119-120/,
гэрч В.Ц-н “...Эмч Г.Н тухайн өдөр хувийн ажил гараад ажлаас чөлөө авсан юм. Би тэгээд энэ өдөр 24 цагаар ээлжийн ахлахаар оронд нь ажилласан. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 45 минутад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин хорооллын 55/13-1-1- 1 тоотоос “дотор муухайраад огиод бөөлжөөд унах гээд байна” гэсэн дуудлагыг хүлээн аваад, 15 цаг 39 минутад эмч Г.Х эмчид хуваарилсан. Эмч нар бол шаардлагатай тохиолдолд утсаар залгаж ээлжийн ахлахаасаа зөвлөгөө авч ажилладаг. Г.Х эмчийн хувьд бол над руу буцааж залгаж зөвлөгөө аваагүй. Өөр надад хэлэх зүйл алга. Энэ хаягаас дахин дуудлага орж ирсэн гэдэг мэдэгдэхгүй, харин Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 103-с давтан дуудлага гэж тодорхойлоогүй. Ээлжийн ахлахад давтан орж ирсэн гэж анхааруулж хэлээгүй. Шуурхай удирдлагын төвөөс давтан дуудлага гэж орж ирэхдээ тухайн хаягийн ар талд хаалт хийгээд давтан гэж бичигдэж орж ирдэг юм. Энэ дуудлага бол тэгж орж ирээгүй. Эмч Э.Н-д тухайн шөнө 1 дуудлага хуваарилж өгсөн нь энэ дуудлага юм. Э.Н эмчийн хувьд бол над руу дуудлага дээрээ очоод өвчтөний биеийн байдлын талаар эргэж мэдэгдэж зөвлөгөө авсан зүйл байхгүй. Ийм учраас би эмч Нарангэрэлийг дуудлагыг бүрэн шийдвэрлэсэн гэж ойлгосон. Ээлжийн ахлах эмчийн хувьд түргэний эмч нарыг мэргэжил арга зүйгээр ханган, дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй. Эмч Г.Х, Э.Н нар дуудлагад дээрээ очоод надад өвчтөний биеийн байдал, оношны талаар эргэж мэдэгдээгүй. Шаардлагатай тохиолдолд түргэний эмч нар өөрсдөө утсаар зөвлөгөө авах учиртай. Тэрнээс ээлжийн ахлах эмчийн хувьд дуудлага болгоны араас айл руу орчихсон байхад нь ярихаар эмчийн шийдвэр гаргах үйл явцад нь эргэлзээ төрүүлчихдэг юм. Тухайн дуудлагад очсон эмч өвчтөний биеийн байдлыг үзээд, эрэмбэлж шийдвэр гаргана. Түргэн тусламжийн хуудсыг эмч өөрөө бөглөдөг. Үнэн зөв бөглөсөн эсэхэд нь ээлжийн ахлах, чанарын алба хяналт тавьдаг. Ер нь дуудлага бол өдөрт 300-380 хооронд ирдэг. Ялангуяа өвлийн улиралд буюу 12 сараас эхлэн дуудлага ихэсдэг. Хоногийн хугацаанд ирсэн дуудлагаар түргэн тусламжийн хуудсыг үнэн зөв бөглөсөн эсэхийг маргааш өглөө нь шалгах боломжгүй. Харин 7-30 хоногийн хугацаанд ижил мэргэжлийн үзлэг гээд эмч нар хоорондоо түргэний тусламжийн хуудсаа шалгадаг юм. Би Г.Х эмчийн түргэний тусламжийн хуудсыг үзэхэд буруу бөглөсөн байна. Н эмчийн түргэн тусламжийн үзлэгийн хуудсыг үзэхэд ар гэр болон өөрөө архи уусан асуумжаа нуун дарагдуулсан, эмчийг үнэн зөв дүгнэлтэд хүргэхэд нөлөөлж үүнээс болж гэрт эмчилгээ хийж үлдээсэн байна гэж би үзэж байна. Э гэдэг хүн хоёр удаа дуудлага өгсөн байна. Урд дуудлага өгсөн, зовуурь нь намдахгүй байгаа талаараа хэлээгүй нуусан байна.” /1хх 130-132/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 691 дугаар “Амь хохирогч Б.О-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч нь тодорхойгүй шалтгаант элэгний хордлогот өвчний улмаас элэгний дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдлаар нас баржээ. Амь хохирогч нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхлийн шалтгаанд нөлөөлнө. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн өвчний түүхэд нэгдүгээр бүлгийн цустай гэж тэмдэглэгджээ. Нийслэлийн түргэн тусламжийн эмч Г.Х 2023.12.22-ны өдрийн Б.О-н биед үзлэг хийсэн түргэн тусламжийн хуудаст бичигдсэн үзлэг болон онош нь өөрийн мэдүүлэгтэй зөрж байгаа тул үнэлэх боломжгүй байна. Нийслэлийн түргэн тусламжийн эмч Э.Н нь 2023.12.23-ны өдөр Б.О-н биед үзлэг хийж эрэмбэлэн, онош тавьж, эмчилгээ зөвлөсөн боловч оношийг бүрэн батлахын тулд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байжээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар нь шаардлагатай үзлэг, оношилгоо, эмчилгээг үзүүлсэн байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний А/294 дугаарт түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журмын 3.3.4 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэх явцад мэдэгдэн, бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө гэсэн заалтыг баримтлаагүй байна.” /1хх 166-178/,
2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн чанарын хяналтын улсын байцаагчийн: “Түргэн тусламжийн хуудас №2023531312-оос харахад Нийслэлийн яаралтай тусламжийн дуудлагын их эмч Х.Х нь түргэн тусламжийн хуудасны үйлчлүүлэгчийн зовуурь хэсэгт зовуурийг, өвчтөний түүхийг андуурч бичсэн буруу тэмдэглэсэн гэх /Холбогдогчийн мэдүүлэг/, үзүүлсэн тусламж хэсэгт үзлэг хийгээгүй байж анхны үзлэгийг хийсэн мэтээр тэмдэглэсэн, үзлэг, оношилгоо эмчилгээг үзлэгийн хуудсанд стандартын дагуу бичиж тэмдэглээгүй, яаралтай тусламжийн эрэмбэлэхийг зааврын дагуу гүйцэтгээгүй, өвчтөний эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн эмнэлэгт хүргээгүй байна. Түргэн тусламжийн хуудас № 2023532701-ээс харахад Нийслэлийн яаралтай тусламжийн дуудлагын их эмч Э.Н нь иргэнд дуудлагаар очиж тусламж үйлчилгээ үзүүлэхдээ анхны үзлэг хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч үйлчлүүлэгчийн эмнэл зүйн байдлыг гүйцэт үнэлж, эрэмбэлэхийг зааврын дагуу гүйцэтгээгүй, өвчтөний биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлэгт хүргээгүй байна. Эндээс харахад, Нийслэлийн яаралтай тусламжийн дуудлагын их эмч Х.Х, Э.Н нар нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан; Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Журам батлах тухай А/294 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.3.3 дахь хэсэг /Дуудлагын багийн үндсэн үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчид шаардлагатай тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад багийн зохион байгуулалтаар үзүүлэн яаралтай тусламжийн нэгжид хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно/, 3.3.4 дэх хэсэгт /Үйлчлүүлэгчийн амь нас.эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн нэгжид тээвэрлэх явцад мэдэгдэн, бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө/. 3.3.6 дахь хэсэг /Дуудлагын баг нь түргэн тусламжийн үйлчилгээнд холбогдох баримт бичиг, зөвшөөрөгдсөн бүртгэл, хяналтын хуудаснуудыг бүрэн хөтөлсөн байна./-ийг; Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар нь үзлэгийг дутуу хийж, өвчтөний биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, эрэмбэлэн ангилалтыг дутуу хийсэн, эрсдэлийг бүрэн гүйцэт тооцоогүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол үүссэн байна. Түргэн тусламжийн хуудас №2023532701-т Дуудлага хүлээн авсан цаг 2023 оны 12 дугаар сарын 23-ны 01:32 дуудлага хуваарилсан цаг 2023 оны 12 дугаар сарын 23-ны 03:27 гэсэн, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” А/294 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 5.2 дахь хэсэгт заасан /Хүлээгдэлтэй дуудлага үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул занал учруулахуйц шинж тэмдэггүй бол 20-60 минутад тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг хийнэ./ гэсэн заалтыг зөрчсөн. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн №5992 дугаартай өвчний түүхтэй танилцахад өвчтөн Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 54 минутад ар гэр авчирч хэвтүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 48 минутад нас барсан байна. Энэ хугацаанд нийт 11 удаагийн үзлэг тэмдэглэл хөтлөгдсөн байна. Өвчний түүхээс харахад: Яаралтай тусламжийн эмч, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн эмч нар үйлчлүүлэгчийн онош, оношилгоо эмчилгээ, эрсдэл, хүндрэл, үзүүлж буй тусламж үйлчилгээний явцын талаар ар гэрт нь тайлбарлан мэдээлээгүй, жижүүрийн эмчийг дуудаж хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж шийдвэр гаргаагүй, эмч, мэргэжилтэн нар анхан шатны бүртгэл маягтыг бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4 дахь хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл өөрийн болон байгууллагын бодит чадавх өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ”, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/319 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5.5 дахь заалт (Сувилахуйн мэргэжилтэн үйлчлүүлэгчийнхээ сувилахуйн тусламж үйлчилгээний талаар ярилцан, түүнд ойлгомжтой байдлаар тайлбарлана,...Шаардлагатай тохиолдолд гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс туслалцаа авна), 5.6 дахь заалт (Сувилахуйн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн зовуурь шаналгаа, зовлон, уй гашууг хуваалцах, өрөвч сэтгэлтэй, ухаалаг зан чанартай байж, гэр бүл асран хамгаалагч харгалзан дэмжигч, төрөл төрөгсөдтэй харилцааны хэм хэмжээнд ойлголцож ажиллана)-ыг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/814 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 4.10 заалт (ажлын цагаар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, зөвлөх эмч, эмч нарын багийг, ажлын бус цагаар жижүүр эмч дуудаж зөвлөгөө авах болон хамтарсан зөвлөгөөн хийж шийдвэрлэнэ)-ыг, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS35095:2017 стандарт зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө” стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө" гэж заасныг тус тус мөрдөж ажиллаагүй. Эндээс харахад: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар нь үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол гарсан. Мөн эмч нар тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах дээрх стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүй байна.” /1хх 187-190/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч нар нь гэм буруутай эсэх, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Х, Э.Н нарын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Н, Г.Х нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Э.Н, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.С нараас “... хожимдол үүсгэсэн гэх шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дахин байцаалтад буцааж бодит үнэнийг тогтоож өгнө үү, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг бүхэлд нь дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Г.Х нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа амь хохирогч Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, үзлэг хийхдээ утасны гэрлээр хоолой руу тусгаж хараад гадуур бөөлждөг халуурдаг шинж тэмдэгтэй ханиад байгаа, хоолой нь өвдсөн байна гээд эм бичиж өгөөд явсан, улмаар Б.О-н биеийн байдал муудаж, халуурах, таталт өгөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсний улмаас дахин түргэн тусламж дуудахад, шүүгдэгч Э.Н нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад амь хохирогч Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, үзлэг хийхдээ даралт, судасны цохилт зэргийг нь үзээд бөөлжихийн эсрэг тариа судсаар хийсэн, Халдвартын эмнэлэгт үзүүлэх, шарлачихсан байж магадгүй, мөн ханиадтай байна гэх зэргээр зөвлөмж өгөөд буцсан, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө амь хохирогч өөрөө эмнэлэгт очиж, тусламж үйлчилгээ авсан боловч 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх хэргийн үйл баримт болон шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар нь үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол гарч өвчтөн нас барсан байх ба эмч нар тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүй байдал нь хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар тогтоогдсон ба тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Х болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүгдэгч Г.Х, Э.Н нарт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг ямар үндэслэл, шалтгаан байгаа гэж үзэж, 3 жилийн хугацаанд буюу хэт урт хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэл муутай болсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан ба давж заалдах шатны шүүхээс Г.Х, Э.Н нарт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн дотор төлөх гэсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/512 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/512 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х, Э.Н нарт оногдуулсан торгох ялыг тус бүр гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ...” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х, Э.Н нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ...” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ