| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2017/03669/И |
| Дугаар | 210/ма2018/00608 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/ма2018/00608
Д.Аззаяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00165 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Аззаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Амармэнд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Батмөнх
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.Аззаяагаас 500 000 000 төгрөг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 197 тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу Хөрөнгө эстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/, 82 тоотод байрлалтай 960 м2 талбайтай обьект, манаачийн байр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, /Товчоо, Дэнжийн 6-5а тоот/ байрлалтай эзэмших эрхийн газар зэрэг эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг тогтоохоор шинжээчээр томилсон.
Тухайн компанийн мэргэшсэн үнэлгээчин Р.Мөнхтуяа нь обьект дээр ирж ажилласан бөгөөд 758 980 200 төгрөгөөр буюу зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлж, Д.Аззаяагийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан дуудлага худалдааны доод үнийг тухайн шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоодог тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлсэн гэж үзэж байна.
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг 2017.06.28-ны өдөр шинжээчээр томилсон байхад үнэлгээний тайланд 2017.07.24-ний өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу үнэлгээг хийсэн гэсэн нь үнэлгээг дээрх тогтоолын дагуу хийгээгүй гэж үзэхээр байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг зөрчсөн. Тухайн үйлдвэрийн байр, барилга, манаачийн байр 20.000 м.кв газар бүхий блокон хашаан дотор баригдсан үйлдвэрлэлийн цогц байгууламжийн гол хэсэг нь байдаг. Энэ үнэлгээ хийгдсэн байгууламж болон манаачийн байрнаас гадна маш олон үл хөдлөх эд хөрөнгүүд энэ блокон хашаан дотор байдаг. Энэхүү үйлдвэрлэлийн байгууламжаас зөвхөн 2 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Аззаяагийн гэр бүлийн хүн Я.Батбаяр нь Ёлын цом ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд захирлаар нь ажилладаг юм. Ёлын цом ХХК, Я.Батбаяр, Д.Аззаяа нар иргэн С.Отгоннямаас тухайн үед зээл аваад шүүгчийн захирамжаар 450 000 000 төгрөгийг Ёлын цом ХХК, Я.Батбаяр нар, 500 000 000 төгрөгийг Д.Аззаяа нь С.Отгоннямд тус тус төлөхөөр эвлэрсэн. Эдгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үйлдвэрлэлийн байгууламж Ёлын цом" ХХК, Я.Батбаяр, Д.Аззаяа нарын өмчлөл, эзэмшлийнх болохыг, мөн иргэн С.Отгоннямд төлбөр төлөхийг мэдсээр байж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ 2 тусдаа үнэлгээний байгууллагыг сонгож хийлгэснээс гадна зарим үл хөдлөх эд хөрөнгийг огт үнэлүүлэхгүй орхигдуулснаас зах зээлийн бодит үнээс маш доогуур үнэлэгдэх нөхцөл бий болсон. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь үнэлсэн тохиолдолд зах зээлийн бодит үнэнд нийцэх юм. Уг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгээд төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууламжид цогцоор нь нэг байгууллагаар үнэлгээ тогтоолгосны эцэст бүхэлд нь дуудлага худалдаанд оруулахад татгалзахгүй. Хөрөнгө Эстимэйт ХХК нь 700 м.кв талбайтай зуслангийн газрыг үнэлэхдээ уг газар дээр баригдсан байшин, блокон хашаа, төмөр гүйдэг хаалгыг огт үнэлээгүй нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг зөрчсөн.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4-т заасны дагуу үнэлгээ хийлгэж байгаа газар дээр баригдсан байшин нь нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгөд хамаарч байгаа. Гэтэл үнэлгээний тайлангийн 2-т үнэлж буй хөрөнгийн төлөв байдал гэсэн хэсэгт блокон хашаатай, төмөр гүйдэг хаалгатай гэсэн мөртлөө, 5-т үнэлж буй өртгийн тодорхойлолтыг зах зээлийн жишиг үнэ гэсэн хэсэгт хашаа, төмөр хаалганы талаар огт үнэлээгүй орхигдуулсан. Зөвхөн газрыг үнэлснээс тухайн газар дээр барьсан байшин, блокон хашаа, төмөр гүйдэг хаалга нь огт үнэгүй, байхгүй зүйл болж хувирсан. Дуудлага худалдаанд оруулах тохиолдолд дээрх хөдлөх эд хөрөнгө хэрхэх нь тодорхойгүй болж үлдсэн. Мөн 960 м.кв барилга, манаачийн байрны үнэлгээ нь 751 880 200 төгрөг буюу төлбөр авагчийн төлбөрийг төлөхөд хангалттай байхад зуслангийн газрыг хамтад нь дуудлага худалдаагаар худалдах зорилгоор үнэлүүлж, худалдах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т заасантай нийцээгүй.
Мөн Үнэлгээний тайлангийн Дөрөвт орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үнэлгээг тооцов гэсэн атлаа Газрын үнэлгээг тооцохдоо Суурь үнийн арга, орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн аргаар үнэлгээг тооцсон байгаа нь ойлгомжгүй байгаа. Үйлчилгээний обьект, манаачийн байрны үнэлгээг тогтоохдоо орлогын хандлагын арга, зардлын хандлагын аргаар үнэлгээ тогтоосон байдаг. Харин хуулиар тогтоосон жишиг үнийн аргыг нь хэрэглээгүй. Үнэлгээний ажлын зорилго нь болохоор зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилгоор үнэлгээг хийв гэсэн байгаа. Гэтэл гол аргачлал болох жишиг үнийн буюу зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээ хийгээгүй байх тул энэ үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнх үнэлгээний талаарх тайланг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан. Иймд дээрх үндэслэлүүдээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 дугаартай эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Аззаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхор /13090/, 82 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаарт бүртгэлтэй 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот 700 м.кв талбайтай газар тус тус 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161/001, 161/002 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож, уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч Д.Аззаяагийн нөхөр Я.Батбаярт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч Д.Аззаяагийн нөхөр Я.Батбаярыг байлцуулан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 161/003, 161/004 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг өмчлөгч, төлбөр төлөгч Д.Аззаяагийн нөхөр Я.Батбаярт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Төлбөр төлөгч Д.Аззаяагийн өмчлөлийн барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу авахад ...Ү-2204053926 дугаарт бүртгэлтэй 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байрын хамт 3 000 000 000 төгрөг, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот 700 м.кв талбайтай газрыг 200 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч С.Отгонням хүлээн зөвшөөрөөгүй тул тус албанаас 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход ...Ү-2204053926 дугаарт бүртгэлтэй 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байрын хамт 751 880 200 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот 700 м.кв талбайтай газрыг 7 100 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Аззаяад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/19583 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр авагч С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/19584 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Аззаяа дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэх тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-р зүйлд заасан эрхийг төлбөр төлөгч Д.Аззаяад танилцуулж энэ тухай тэмдэглэлд тусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Азааяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж ирж чадахгүй, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай үндэслэлээ нотолсонгүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Түүний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас харахад хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлүүлэхийн тулд зөвхөн төлбөр төлөгч Д.Аззаяад холбогдох хөрөнгө буюу барьцаанд байгаа хөрөнгийг үнэлэхээс биш өөр бусад хүний эзэмшил, өмчлөлд байгаа, хэнийх гэдэг нь тодорхойгүй байгаа хөрөнгийг үнэлэх боломжгүй. Ийм учраас тухайн хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлтэй.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, объекттой холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа компани дээр явж байх үед нэхэмжлэгч тал нэгтгэх тухай хүсэлт огт гаргаж байгаагүй мөртлөө шүүхэд нэгтгэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл биш юм. Д.Аззаяа нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах тухай хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй.
Бүхэл бүтэн цогц байгууламжийг тус тусад нь худалдан борлуулах боломжгүй гэсэн нь мөн адил үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл биш гэж үзэж байна. Төлбөр авагч, төлбөр төлөгч ямар хөрөнгөө барьцаалсан, төлбөр авагч нь ямар хөрөнгөөр барьцааг хангаж байна, түүнийгээ аваад цаашид яах нь төлбөрөө авч байгаа хүний эрх хэмжээний асуудал байгаа. Үүнээс үзэхэд төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах гэсэн санаа зорилго гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т хөрөнгийн үнэлгээг хийлгэх арга аргачлалын талаар зохицуулсан байх бөгөөд үүнийг зөрчсөн гэх зүйл хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй байна. Хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу мэргэжлийн байгууллага гаргасан байхад энэхүү үнэлгээг ямар баримтаар няцааж байгаа нь тодорхойгүй, энэ тайлбараа нотолсон баримт буюу өөрсдөө үнэлгээ хийлгэсэнтэй холбоотой баримтгүй байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчээс ийм хүсэлт огт гаргаагүй мөртлөө тусгай мэдлэг шаардсан мэргэжлийн байгууллагын хөрөнгийн үнэлгээг өөрийн бодсоноороо хүчингүй болгох ёстой гэж тайлбарлаад байгаа нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар /2017 он/ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2017 оны 07дугаар сарын 24-ний өдрийн 20/01 тоот үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжд 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой болон битүүмжилсэн, хураасан тухай нэг ч гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхэд гаргаагүй байдаг. Ийм байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар дүгнэлт гарган үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Хэрэгт авагдсан баримтаар буюу шинжээч томилох тухай тогтоолд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан сануулсан баримт байсаар байтал баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний компани нь 960 м.кв талбайтай үйлчилгээний барилга, 12 м.кв талбайтай манаачийн байр, үйлчилгээний барилгад суурилагдсан салгаж үл болох тоног төхөөрөмж болон эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газрыг үнэлж үнэлгээ тогтоосон байдаг бөгөөд үйлчилгээний барилга, манаачийн байр нь өмчлөх эрхийн 1 гэрчилгээтэй, газар нь эзэмших эрхийн 1 гэрчилгээтэй тус тусдаа 2 өөр байрлалд байх хөрөнгүүд байдаг. Шүүх үнэлгээг хүчингүй болгохдоо нэг байрлалд байх хөрөнгийг дутуу үнэлсэн нь нөгөө байрлалд байх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх ёстой мэтээр шийдвэр гаргасан байна. Тодруулбал газрыг үнэлэхдээ түүн дээр баригдсан барилгыг үнэлээгүй нь нөгөө байрлалд байх үйлчилгээний барилгыг үнэлсэн үнэлгээнд хамааралгүй. Тийм байтал хөрөнгийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийн 700 м.кв газарт баригдсан гэх амьдран суух зориулалтай барилга нь баригдаж дуусаагүй байх ба бүхлээрээ энэ газарт баригдаагүй байдаг. Тухайн газарт хамаарах хэсгийг үнэлэх ямар ч боломжгүй бөгөөд тогтоолд заагдсан барьцаа хөрөнгийг үнэлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээ нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заагдсан барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ хийж дүгнэлт гаргасан байдаг. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь албадан дуудлага худалдааг хэрхэн явуулахтай холбоотой зохицуулалт байсан. Энэ нь 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт "... Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана..." гэж орсон байдаг. Одоогоор албадан дуудлага худалдаа явагдаагүй зөвхөн барьцаа хөрөнгөнд үнэлгээ хийгдэх ажиллагаа явагдаж байхад энэхүү үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох боломжгүй.
2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн нь хуульд нийцсэн болно. Үүний дараа дуудлага худалдаанд оруулахын өмнө зайлшгүй үнэлэх шаардлагатай битүүмжлэгдэн хураагдаагүй бусад хөрөнгүүд байвал талуудын саналыг харгалзан үнэлэх боломжтой юм.
...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалт болон шүүхийн тодорхойлсноор эрх бүхий газрыг 3 аргаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй нь тодорхой байхад хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасантай нийцээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийх аргаа сонгон үнэлгээ хийсэн байхад үйлчилгээний объект, манаачийн байрыг жишиг үнийн хандлагын аргаар үнэлээгүй нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт өртгийн жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэхээр заасан нь энэ 3 аргаар үнэлгээг тодорхойлох ёстой гэж ойлгох боломжгүй бөгөөд харин 2-оос дээш аргаар буюу хамгийн багадаа 2 аргыг хослуулан хэрэглэхийг хуульчилсан байна. Гэтэл үнэлгээчин 2 аргыг хэрэглэн үнэлгээ тогтоосон байхад 3 аргыг хэрэглэх ёстой гэж үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.
...Шинжээч дүгнэлтээ гаргахдаа Шинжээч томилох тухай тогтоолын огноог андууран бичсэн нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тогтоолын дугаар нь зөрүүтэй биш байдаг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 197 дугаартай өөр тогтоол хэрэгт авагдаагүй, өөр тийм тогтоол байхгүй байхад үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Аззаяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дугаартай захирамжаар Д.Аззаяа нь 500 000 000 төгрөгийг С.Отгоннямд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Д.Аззаяа төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх захирамжийн дагуу гарсан №835 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №17261263 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх 62-64, 68-90/
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлт учир дутагдалтай байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээтэй холбоотой гарсан маргааныг шийдвэрлэн, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдэж байгаа эд хөрөнгийг хураасан, битүүмжилсэн ажиллагаатай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, гомдол гаргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу байх тул залруулах боломжтой гэж үзлээ.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 85.2 дахь хэсэгт Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус заажээ. Газар эзэмших эрхийг үнэлж дуудлага худалдаанд оруулж байгаа тохиолдолд үнэлэгдэж буй газрын бүрдэл хэсэг буюу тэр газар дээр байгаа эд зүйлсийг үнэлэх шаардлагатай. Уг газар дээр байгаа эд зүйл иргэний эрх зүйн харилцааны бие даасан обьект, тусдаа эд юмс гэж үзэх баримт байхгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг үнэлгээний тайланд тусгагдах учиртай. Гэтэл энэ шинж байдлыг харгалзалгүйгээр үнэлгээ хийсэн байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.ЦОГТСАЙХАН