| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Х.Отгонбаяр /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжгэн овогт Хосбаярын Отгонбаярт холбогдох эрүүгийн 1809025940554 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгон Булгийн 1-15 тоотод оршин суух, хаягтай, урьд ял шийтгэлгүй, Илжгэн овогт Хосбаярын Отгонбаяр, /РД:МР94060514/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Отгонбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын ойролцоо хохирогч Б.Батзоригийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн…” гэв.
Эрүүгийн 1809025940554 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Отгонбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би очиж нэг залуутай нь маргалдаж заамдаж аваад зогсож байтал хажуу талаас үл таних нэг эрэгтэй хүн орж ирээд намайг цохисон. Би цохиулаад ухаан балартаж газар унасан бөгөөд хэсэг сууж байгаад босох үед үл таних эрэгтэй хүн явж байхаар нь манай найз нартай маргалдсан залуучуудын нэг байна гэж бодоод цохьсон. Миний цохьсон залууг манай найз нар огт хараагүй юм байна лээ. Тэгтэл манай найз салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хохирогч Б.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатарын талбай дээр шөнийн зураг аваад 02 цагийн үед гэр рүү алхаж байсан. Тэгтэл намайг “Туушин” зочид буудлын замын урд явган хүний замаар явж байхад миний араас 7-8 залуу явж байсан. Тэгтэл нэг нь юу ч хэлээгүй араас ирээд миний ам руу хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь би доошоо тонгойгоод дахиад миний ам руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Гэрч Ж.Хатанболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Баарнаас гарах үед Чулуунбаатар, Отгонбаяр, Эрдэнэтуога нар үл таних хүмүүстэй маргалдаад, заамдалцаад тойрч гүйсэн байдалтай зогсож байсан. Би өөрийн найз Эрдэнэтулгыг дараад хэвтэж байтал Отгонбаяр үл таних камер барьсан залуу руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч О.Эрдэнэтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Баарнаас гарах үед Соёлын төв өргөөний ар талын зам дээр үл таних нэг залууг үл таних гурван залуу өдөөн хоргоож маргалдаж байхаар нь миний бие түрүүлж очоод гурван залуугийн дунд байсан залуугаас юу болоод байгаа юм, энэ гурван залуу чамайг яагаад байгаа юм гэхэд нөгөө гурван залуу нь дээрэлхэж залуугаасаа чи нэмэлт хүч дуудчихсан юм уу гээд маргаан эхлэх гээд байсан. тэгтэл нөгее гурван залуугийн нэг нь шууд миний хажуу талаас цохисон бөгөөд энэ үед Отгонбаяр, Чулуунбаатар хоёр ирээд намайг цохисон залууг салгасан. тэгтэл Хатанбаатар намайгтэвэрч холдуулсан. Бид хоёрын ард Отгонбаяр, Чулуунбаатар хоёр үлдчихсэн. Тэгтэл намайг цохисон залуугийн хоёр найз нь Отгонбаяр. Чулуунбаатар нартай маргалдаж байсан бөгөөд Хатанбаатараас зугтаад нөгөө залуучууд дээр дахиж очиж маргалдах үед Хатанбаатар намайг дахиж барьж аваад тэд нараас холдуулж миний дээрээс дарж суусан. Энэ үед Отгонбаяр, Чулуунбаатар хоёр нөгөө хүмүүстэй маргалдаж байсан бөгөөд нэг мэдэхэд цагдаагийн машин ирсэн. Цагдаагийн машин ирэх үед манай найз нартай маргалдаж байсач гурван залуу алга болчихсон харин хаанаас ч юм нэг камертай залуу гарч ирээд би зодуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Чулуунбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд тэд нарыг явуулчихаад эргээд хартал манай найз нартай хамт явж байсан Маралаатай камер барьсан шар куртиктэй залуу, амаа дарчихсан зогсож байхаар нь юу болсон юм бэ, яасан гэхэд Маралаатай зогсож байсан залуу намайг бүдүүн залуу цохисон, би царайг нь хараагүй, би доошоо харчихсан байсан гэж хэлсэн. тэгтэл төд удалгүй цагдаа ирж Эрдэнэтулга, Отгонбаяр бид гурвыг машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Цагдаа нар камер барьсан залууг хэн зодсон бэ гэхэд зодуулсан гэх шар куртиктэй камертай залуу бүдүүн залуу нь намайг цохисон гэж хэлсэн. тэгтэл манай найз Отгонбаярыг цагдаа нар эрүүлжүүлээд та нар маргааш өглөө ир гээд Эрдэнэтулга, бид хоёрыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч О.Маралмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд манай найз нартай маргалдсан залуучуудыг явуулчихаад эргээд хартал манай найз нар бөөгнөрчихсөн Чулуунбаатар Отгонбаярыг тэвэрчихсэн, Эрдэнэтулга, Хатанболд хоёр зууралдаад зогсож байхаар нь яваад очтол үл таних шар куртиктэй залуу танай найз чинь намайг цохичихсон шүү, сая намайг гэмгүй явж байхад цохичихлоо, миний камерыг эвдэлчихлээ гэсэн. Тэгээд яагаад камер чинь эвдэрчихсэн юм бэ гээд үзтэл дуран камер хоёрыг холбодог нэг шүд хугарчихсан байхаар нь чи наадахаа хийгээд асаагаад үз гэхэд камер нь ажиллаж байсан. Тэгэхээр нь за ямар ч байсан ажиллаж байна шүү дээ гэхэд би камераа төлүүлнө, би гомдолтой цагдаа дуудна, эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгэхээр нь чи яах гээд байгаа юм бэ, бид нар бүгд ажил төрөлтэй, хэн нь яамайг цохисон юм гэхэд би мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь үнэхээр чи гэмгүй явж байсан юм чинь манай найз нарын нэг нь цохисон байх, чи ямар болгоомжгүй юм бэ, заавал зодоон цохион болж байгаа газраар явах шаардлага байсан юм уу гэхэд, яаж байгаа юм бз, миний уруулыг сэтэлж, шүд хөдөлгөсөн байна шүү дээ гээд байхаар нь хөдөлгөсөн гэх шүдийг нь үзэхэд хөдөлгөөн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2872 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Гэрч О.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Д.Чулуунбаатарын мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч О.Маралмаагийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Х.Отгонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээх хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Отгонбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын ойролцоо хохирогч Б.Батзоригийг “өөртэй нь маргаж муудалцсан хүн” гэж бусадтай андуурч маргаан үүсгэн улмаар биед нь хүч хэрэглэн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн доод 1,2-р шүдний буйланд цус хуралт, 2 дугаар шүдний сулрал, доод уруулд цус хуралт, өнгөц шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Отгонбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батзоригийн мэдүүлэг, гэрч Ж.Хатанболд, Х.Отгонбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7059 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Х.Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Х.Отгонбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Б.Батзоригоос “…миний биед гэмтэл учруулсан Отгонбаяр уучлалт гуйсан, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хувийн ямар нэгэн асуудлаар маргаангүй, хохирлын тал дээр ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна