| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2508000000046 |
| Дугаар | 2025/ДШМ/717 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/717
2025 06 05 2025/ДШМ/717
О.У холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.А,
шүүгдэгч О.У,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/559 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.С-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.У холбогдох эрүүгийн 2508000000046 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.У,
Шүүгдэгч О.У нь 2024 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэлмэг нэртэй караокед иргэн Э.С-н биед халдаж, түүнд хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамар орчмын зөөлөн эдийн хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч О.У-т шийтгэсэн 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-с 150,000 төгрөг гаргуулж хохирогч Э.С-т олгож, хохирогч Э.С гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн 2508000000046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.У энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ялтан О.У нь 2024 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө миний нүүрэнд гараараа цохин миний хамрыг хугалан хамрын баруун талыг цөмлөж намайг гэмтээсэн. Энэхүү гэмтлээс болж миний хамар байнга битүүрч юм үнэрлэж чадахгүй, толгой өвдөх, нүд хорсох, чихээр хатгуулах, зэрэг эмгэгтэй болсон. Гэмтлийн эмнэлэг миний хамар ясны цөмөрсөн хугарлыг дахин нааш нь татах боломжгүй гэсэн ба тэгшлэхийн тулд гоо сайхны хагалгаа давхар хийлгэх хэрэгтэй гэсэн. Миний хувьд 3 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие ээж учраас түрүүлж хагалгаа хийлгэх боломжгүй хагалгааны мөнгөө авч байж хагалгаанд орох нөхцөл байдал үүссэн. 2025 оны 02 дугаар сарын 20-нд манай дунд хүүхэд эмнэлэгт хэвтсэн байсан тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй юм. Шүүхээс миний сэтгэл санааны хохирол гаргаагүйд гомдолтой байна. Учир нь, цагдаа болон прокурор сэтгэл санааны хохирлын зэргийг тогтоосон учир шүүхээс гарна гэж хэлж байсан. Гэтэл шүүхээс шүүх эмнэлгээс сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоолгох хэрэгтэй гэсэн байна. Би цагдаа болон прокуророос эмнэлгээр тогтоолгох бичгийг нь өгсөн бол эмнэлэгт үзүүлээд сэтгэцийн хор уршгаа тогтоолгоод ирэх байсан. Иймд миний эмчлүүлэх зардал болон сэтгэл санааны хохирлыг гаргаагүй нь хохирогч намайг хохирсон дээр дахин хохироож байгаа тул шүүхийн шийдвэрийг дахин хянаж өөрчлөлт оруулж миний хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч О.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй. Хохирлоо төлнө. ...” гэв.
Прокурор Н.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн хор аюулын хэр хэмжээнд тохирсон. Анхан шатны шүүхээс хохирогчийг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/559 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч О.Ууганбаяр нь 2024 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмэг” караокед иргэн Э.С-н биед халдаж, түүнд хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамар орчмын зөөлөн эдийн хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.С-н: “...Байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тараад Цэлмэг нэртэй караокед ажлынхантайгаа орсон. ...Шөнө 12 цагийн үед гарах гэж байхад караокены үүдэнд манай ажлын хоёр залуу, үл таних хоёр залуутай маргалдаад зодолдоод байхаар нь би болиулах гээд байж байхад үл таних эрэгтэй миний хамарт нэг удаа цохичихсон. Миний хамар маш их өвдөж цус гарсан...” /хх 6/,
гэрч Д.Б-н: “...Э.С салгах гээд дундуур нь орсон чинь зодоон хийгээд байсан залуу Э.С-н хамарт нэг удаа гараар цохисон. Э.С-н хамраас цус гарч нүүрээ дараад газар суусан...” /хх 10/,
гэрч Б.Б-н: “...Манай найз О.У уг залууг салгаж аваад караокены үүдний хаалга руу авч гарсан чинь манай найзыг нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очоод найзыгаа салгаад байж байхад үл таних эрэгтэйн ажлын газрын залуучууд болох 6, 7 залуу гарч ирээд манай найз руу бөөндөө дайраад зарим нэг нь цохиж зодоод би салгах гэсэн дийлэхгүй байсан. Ингээд байж байхад эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм бэ гэхээр нь эргээд харахад манай найз зодоон салгаж байсан эмэгтэйг цохисон байсан...” /хх 12/,
шүүгдэгч О.У-н хэргээ хүлээн яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 20-ны орой ажлын газрын залуу Б-н хамт *** төвийн В1 давхарт байрлах караокед 23 цагийн үед орсон. Нийтийн караокед сууж байхад үл таних эрэгтэй хүн зөөгч охинтой маргалдаад хараалын үгээр хэлээд байхаар нь тэр залууг салгаж аваад үүдний хаалга дээр очсон. ...Үл таних залуугийн ажлын газрын залуучууд нь гарч ирээд над руу дайрч би буланд шахагдаад ойртож ирсэн хүнийг нь түлхэж байгаад зүүн гараа саваад цохиход нэг эмэгтэй гарч ирээд цохигдчихсон...” /хх 8, 49/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1247 дугаартай “...Э.С-н биед хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамар орчмын зөөлөн эдийн хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 15-16/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
О.У-н бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Э.С-с “...миний эмчлүүлэх зардал болон сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дээрх бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна.
Хэдийгээр хохирогч Э.С нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд зааснаар “сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдож, өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” боловч Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар заавал тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагаар сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар заасан тул энэ талаар гаргасан түүний гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан.
Анхан шатны шүүхэд хохирогч Э.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой КТГ-ын зураг авхуулсан төлбөр 150,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба тэрээр цаашид гарах эмчилгээний зардал буюу пластик мэс заслын эмчилгээний төлбөрт 2,900,000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүх КТГ-ын зураг авхуулсан төлбөр төлсөн 150,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлээс мэс заслын эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 2,900,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хохирогчийн эрхийг хязгаарлаагүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/559 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/559 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ