| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2109010821380 |
| Дугаар | 2025/ДШМ/718 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.2., |
| Улсын яллагч | С.Э |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/718
2025 06 05 2025/ДШМ/718
Р.Э, Ц.Н, Г.Б, Ж.Х,
Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Э,
шүүгдэгч, хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч Л.Б,
шүүгдэгч, хохирогч Ж.Х, түүний өмгөөлөгч Т.М,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т даргалж, шүүгч Б.Батсайхан, Д.Ренчинхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч В.О, Л.Б, шүүгдэгч, хохирогч Ж.Х өмгөөлөгч Т.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.Э, Ц.Н, Г.Б, Ж.Х, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2109010821380 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Р.Э,
2. Ж.Х
3.Ц.Н,
4.Ц.Б,
5. Г.Б,
Шүүгдэгч Р.Э 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АСА” циркийн автомашины зогсоол дээр Ж.Х болон түүний найзуудтай тээврийн хэрэгслийн гэрэл тусгасан гэх асуудлаас болж маргалдаж, улмаар Ж.Х-н биед халдаж, хутганы ишээр баруун нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг солонгон бүрхүүлийн урагдал, судсан бүрхүүлийн ховхрол, баруун нүдний алимны агуулагдахууны гоожилт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Б, Г.Б нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АСА” циркийн автомашины зогсоол дээр Р.Э тээврийн хэрэгслийнхээ гэрлийг тусгасан гэх асуудлаар маргалдаж, улмаар түүний биед халдаж, дагзны хуйх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Г.Б, Ц.Н, Ц.Б, Ж.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Р.Э-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгож өөрчилж, шүүгдэгч Р.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Б, Г.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Х-д урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 885 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 6 жил 7 cap 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Ц.Б, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-н энэ хэрэгт цагдан хоригдсон 698 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ж.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Э, Ц.Н, Ц.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч В.О гаргасан давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/674 дугаартай шийдвэрт хуулийг нэг мөр хэрэглээгүй, хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ашиглаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Р.Э-н хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх зөв дүгнэсэн боловч ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлээгүй байна гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; хэрэг гарах үйл явцад Р.Э биеэ хамгаалах нөхцөл байдалд байхдаа бусдад хүнд гэмтэл учруулжээ. Олон cap, жилийн турш хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэгдэж сэтгэл зүйн дарамттай удаан байсан байдаг. Хохирогчоос уучлал гуйсан нөхцөл байдал, хор хохирол нөхөн төлсөн байдал зэргээс харахад Р.Э нь заавал хорих ялыг биеэр эдлэхгүй байх бүрэн боломжтой байх бөгөөд хохирогчийн зүгээс нөхцөл байдлыг бодитойгоор харж шүүхийн мэтгэлцээний явцад хорихоос өөр төрлийн ял оноож өгөхийг хүссэн боловч шүүх мэдүүлгүүдэд үнэлэлт өгөхгүйгээр хорих ял оноосон байх тул ялыг хөнгөрүүлж сонгох санкцийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж гомдол гаргаж байна. Мөн Р.Э-н хувийн байдал, гэм буруугаа ухаарсан зэргээс харахад эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийн гарах болсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Р.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Ж.Х-д учруулсан хохирол төлбөрийг цаг алдалгүй бүрэн төлж барагдуулсан. Хохирогчид төлөх төлбөргүй болно. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Би хоригдож байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн голоосоо маш их харамсаж, гэмшиж, ухаарсан. Би дахин ямар нэгэн төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх ёстойг бүрэн гүйцэд ойлгож ухаарсан. Миний холбогдсон гэмт хэргээс болж миний гэр бүл, үр хүүхэд өнчин өрөөсөн болж үлдсэнд маш их харамсаж байна. Миний бие өөрийн төрсөн аав Г.Р-н хууль ёсны асран хамгаалагч юм. Миний аав 2024 онд гол тархины тэнцвэрт харвалт өгснөөр явж чадахгүй, хоёр хөл нь мэдээгүй, суумгай болсон. Мөн миний эхнэр Б.Б нь үе мөчний бүх бие нь мэдээгүй болдог өвчтэй учраас тэр болгон тогтвортой ажил хийгээд байж чаддаггүй. Бас хадам ээж болох Ц.Т нь Хавдар судлалын үндэсний төвд умайн хүзүүний хорт хавдартай химийн эмчилгээнд давхар хавдар судлалын хяналтад байдаг. Би 2-3 давхар ажил эрхэлж, өөрийн ар гэрээ тэжээн тэтгэдэг. Эцэг болон эхнэр, хүүхдээ асардаг хувийн байдлыг минь харгалзан үзэж эрхэм шүүгчид та бүхэн хорих ял оногдуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Э өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Р.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Р.Э-н дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Р.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нэг мөр шалгасан, анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж сонгох санкцтай хууль тогтоогчоос хуульчилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Р.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддог ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Э нь Б.Б гэх эмэгтэйн хамт гэр бүл болон амьдарч тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин Э.А төрсөн бөгөөд түүний гэр бүлийн гишүүн болох Б.Баярмаа нь үе мөчний хэрх өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй, эцэг Г.Р нь 2019 болон 2024 онд тархины цус харвах өвчний улмаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр Байнгын асаргаа шаардлагатай ахмад настнаар тодорхойлж түүний асран хамгаалагчаар хүү Р.Э-г тогтоосон ба энэ нь Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Э-н 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр тогтоогддог. Түүнчлэн шүүгдэгч Р.Э нь өдрийн цагаар “C**** ****” ХХК-д барилгын төслийн менежер, оройн цагаар “*********” ХХК-д Харуул хамгаалалтын удирдлага, зохион байгуулалт хариуцсан ахлахаар ажиллаж ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг байсан бөгөөд цагдан хоригдсон цаг хугацаанаас хойш түүний гэр бүл санхүүгийн хямралд орж зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй байдлаас үүдэн орон гэрээ банканд хураалгах хүртэл эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байна. Монгол Улсын үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална:, 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;” гэж тус тус хуульчилжээ. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна...”, 2 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдал болон ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Х-н өмгөөлөгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Х нь энэ хэрэгт хохирогч, шүүгдэгч гэсэн хоёр байр сууринаас оролцсон ба шүүгдэгч Н.Н, Г.Б, Б.Б нартай бүлэглэн хохирогч Р.Э-н биед хөнгөн гэмтлийг учруулсан гэх үйлдэлд холбогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэ хэргийн хохирогч нар болох Р.Э, Ж.Х нартай тухайн үед хамт байсан гэх гэрчүүд хоёр тал болон өөр өөрсдийн найз нарын талд мэдүүлэг өгсөн нь Х-г бусадтай бүлэглэн Э-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл болж энэ нь хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн болох нь тодорхой харагддаг. Тухайн хэрэг шүүгдэгч Ж.Х, Р.Э нарын хоорондын үл ойлголцлоос үүсэж харилцан нэг нэгэндээ гэмтэл учруулсан, Ц.Н тэр хоёрын зодооныг салгахаар очсон, харин Ц.Б, Г.Б нар энэ асуудалд огт оролцоогүй гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байдаг. Үүнийг хангалттай үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын болон гэрчийн өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Х-д прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Ж.Х-н тухайд энэ хэргийн улмаас баруун нүд сохорсон хүнд гэмтэл авсан. Хохирогч Р.Э-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Мөн энэ хэргийн улмаас 2023 оны 04 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих ангиас дуудлагаар цагдан хорих 461 дүгээр ангид ирж одоогийн байдлаар 700 гаруй хоног цагдан хоригдож байгаа нь түүний эрүүл мэнд, эрх зүйн байдлыг маш их дордуулж байна. Одоог хүртэл тэр өөрт таарсан нүдний протез хийлгэж чадахгүй, удаан хугацаанд цагдан хоригдсоноос болж дунд чихний үрэвслийн улмаас 2 чихний хэнгэрэг цоорсон. Хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож халамжийн мөнгөө авах боломжгүй байгаагаас гадна хорих ангидаа ялаа эдэлж байсан бол энэ хугацаанд авах шагналын хоногоо ч тооцуулах боломжгүй болоод байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж Ж.Х-н зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн түүний эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд 2021 онд нүд сохорч байсан. 4 жил өнгөрсөн байна. Би шүүгдэгчийг дотоод сэтгэлдээ уучилсан байгаа. Өс хонзон гэх зүйл байхгүй. Түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхэд би дахин гомдол гаргахгүй. Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэв.
Прокурор С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс шүүгдэгч Р.Э-д 3 жилийн хорих ялаар бусад шүүгдэгч нарт 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Давж заалдах гомдлуудтай танилцсан. Шүүгдэгч Р.Э-н эцэг нь өвчтэй, мөн асран хамгаалагчаар тогтоосон гэж гомдолд дурдсан. Заавал шүүгдэгч Р.Э-г асран хамгаалагчаар тогтоохгүйгээр өөр хүнийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Мөн түүний эхнэр өвчинтэй гэсэн эмнэлгийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Мөн зээлийн баримтыг гаргаж өгсөн байна. Тухайн баримтад шүүгдэгч өөрөө зээл аваагүй ба түүний эхнэр зээл авсан болох нь баримтаас харагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Р.Э нь шүүгдэгч, хохирогч Ж.Х-н эрүүл мэндэд хутгыг зэвсгийн чанартай ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хутгыг зэвсгийн чанартайгаар ашигласан болох нь тогтоогдохгүй гэж үзсэн. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч Р.Э-н хувийн байдлын хувьд өмнө нь 2 удаа ял шийтгэгдсэн. Өмнө нь 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэл эдэлж байсан. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Түүнчлэн дахин энэхүү төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь түүний хувийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Х-н өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дэрээ маргахгүй гэж тайлбарласан. Мөн бусад шүүгдэгч нар болох Ц.Н, Г.Б, Ц.Б нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Р.Э 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “АСА” циркийн автомашины зогсоол дээр Ж.Х болон түүний найзуудтай тээврийн хэрэгслийн гэрэл тусгасан гэх асуудлаас болж маргалдаж, улмаар Ж.Х-н биед халдаж, хутганы ишээр баруун нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг солонгон бүрхүүлийн урагдал, судсан бүрхүүлийн ховхрол, баруун нүдний алимны агуулагдахууны гоожилт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Б, Г.Б нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “АСА” циркийн автомашины зогсоол дээр Р.Э-тэй тээврийн хэрэгслийнхээ гэрлийг тусгасан гэх асуудлаар маргалдаж, улмаар түүний биед халдаж, дагзны хуйх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Х-н “...2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах улсын төв циркийн хойд талын зогсоол дээр ...Т гэх залуу нь машинаасаа хуйтай хутга барьж гарч ирээд хутгаа хуйнаас нь сугалан муусайн гөлөгнүүд бүгдийг чинь ална, хядна гэж хараасаар бидэн рүү дайрсан. Бид хутганаас нь биеэ зайлуулж ухарч байтал тэр залуу Н бид хоёр руу орилж, дайран хутгаа дүрэхийг завдсанаа хутгаа эргүүлж ишийг нь буюу хутганыхаа бөгсийг миний баруун нүд рүү шууд зоосон. Тэгээд цохилт авмагц би хойшоо савж унасан. Гэтэл нүднээс цус юм уу, яг юу гэдэг нь мэдэгдэхгүй шингэн зүйлс ихээр гоожиж, баруун нүд юм харахгүй болсноос гадна зүүн нүд нь баруун нүднээсээ цочрол авсан юм уу бүрэлзээд, нулимс гараад төдийлөн сайн юм харж чадахгүй байсан. Энэ үед Т гэгч нь хутгаа барин манай найзууд руу дайрч байснаа намайг босож ирэхэд эргээд над руу дайрахаар нь намайг дахин зодож, хутгалах нь гэж бодоод айсандаа өөрийгөө хамгаалах зорилгоор Т-г барьж аван унагаад түүнийг хэд хэд цохиж авсан боловч, нүд бүрэлзээд сайн юм харагдахгүй байсан учир ихэнхдээ онож цохиж чадахгүй, хажуугаар нь хий цохиж байсан. Үүнийг манай найзууд харсан. Би Т гэгчтэй барилцаж аван, цохилцож байх үедээ чи миний нүд рүү хутгаараа цохичихлоо шүү дээ гэж тодоор хэлсэн. Үүнийг сонссон юм уу Т-тэй цуг явж байсан хэн нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг залуус зугтааж эхэлсэн. Энэ үед Т манай найзуудыг элдэн хөөж, Н-г хутгаараа чичээд цамцыг нь хүүлсэн байсан. Тухайн үед Наранзулын эхнэр цагдаад дуудлага өгснөөр цагдаа нар ирсэн. Дуудлагаар ирсэн эргүүлийн 2 цагдаад манай найз Н Т-н гарт байсан хутгыг найз нь аваад явчихлаа шүү дээ. Тэд нарыг барьж саатуулаач гэж хэлж шаардсан боловч цагдаа нар тоолгүй орхисон. Хутгыг нь авч зугтсан гэх 1 залуу, 1 эмэгтэйг нь харвал зүс танина гэдгээ ч Н хэлж байсан. Ингээд Т бид хоёрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваачин 4 давхарт 409 тоот өрөөнд оруулж бүртгэл хийсэн. Би бүртгэл хийсэн цагдаад юуны өмнө би эхлээд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байна гэдгээ хэлээд явсан. Цагдаагийн өрөөнөөс гараад би нүднийхээ цусыг угаахаар цагдаагийн газрын ариун цэврийн өрөөнд ороход Төгсөө гэх залуу надтай хамт ороод миний нүдийг харсан. Тэгээд одоо сайхан найзууд болъё, хурдхан хариад сайхан амар энэ тэр гэж хэлж байсан. Энэ үед Т гэх залуугийн нүүр аманд ямар нэгэн шарх, хөхрөлтгүй байсныг би сайн санаж байна. ...” /хх 72-73/,
хохирогч Р.Э-н “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...тэгээд машинаа дахин холбож асаах гэсэн мөн л их гэрэл нь ассан. Тэгсэн урдаас гэрлээ унтраа гээд байхад яах гээд байгаа пизданууд вэ гээд 3 хүн бидэн рүү хүрч ирээд нэг нь Б-н машин дотроос түлхүүрийг нь сугалаад авсан. Б машинаас буухад түлхүүр сугалж авсан хүн нь Б-г цохиж авсан. Б-г цохиж авсан хүн нь одоо тэр Х гэдэг хүн байгаа. Би өөрийнхөө машин дотор байсан бөгөөд хөөш яагаад байгаа юм бэ гээд буух гэхэд цаанаас нэг нь миний хаалгыг түлхэж хаагаад цонхоор гараа оруулж, миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Ингээд би хаалгаа түлхээд буусан. Буух үед нэг нь намайг араас боогоод унагаасан. Тэгээд намайг чирч машины араар оруулж ирэн намайг Х болон машины цонхоор гараа оруулж хэд хэдэн удаа цохисон хүн нийлж зодсон. Тэр намайг машины цонхоор гараа оруулж, цохисон хүн бол зүүн гарын бугалган дээрээ шивээстэй, өөрийгөө сэтгүүлч гэсэн хүн байсан. Ингээд намайг Х, тэр сэтгүүлч гээд байгаа залуу болон өөр нэг хүн, ингээд нийт 3 хүн зодож цохисон. Мөн намайг зодож байхад цаана дуучин Десант хараад зогсож байсан. Энэ үед би одоо болиоч гэж хэлэхэд Десант хүрч ирээд тэдний хажуугаар миний нүүрэн дээр дэвссэн. Тухайн үед бол намайг дээрээс зодоод байсан учир би гараа урдаа барьж цээж, нүүрэн хэсгээ хамгаалаад хэвтэж байсан. Энэ үед М болиоч ээ та нар хүн аллаа шүү дээ гэсэн чинь Десант М дээр очоод барьж авч боогоод чи чимээгүй бай. Чи биднийг хараагүй шүү за юу. Танай ахыг бид нар зодоогүй шүү за юу. Тэгж хэлээрэй гэж сүрдүүлсэн байсан. Би дөнгөж зодоон эхлэнгүүт Б, Т хоёрыг зугтаа гэж хэлээд зугтаалгасан юм. Тэнд бол М бид хоёр л байсан. Тухайн үед тэд намайг зодож байгаад өөрсдөө цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн газарт ирээд 1 давхарт сууж байхад сэтгүүлч гээд байгаа залуу нь миний толгой руу хэд хэд цохиод авсан. Ер нь бол 4 хүн нийлээд намайг унагааж байгаад л дээрээс зодоод байсан. Хэн хэрхэн яаж цохиж байгааг би хараагүй. Нүүр болон цээжний урдуур гараараа хамгаалж хэвтэж байсан учир хэн нь хэрхэн яаж цохисныг бол мэдэхгүй байна. Тухайн үед би гарынхаа завсраар харахад Десант хүрч ирээд дээрээс дэвссэн. Манай дүү М үүнийг харсан, гэрчилнэ. ...” /хх 78-79/,
гэрч Ц.Б-н “...Х тэдэн рүү очсон. Очоод гэрэл чинь бидэн рүү тусаад байна, унтраачих гэхэд машин дотроос нэг хүн хутга бариад гарч ирээд та нар хэн бэ, ална гээд дайрсан. Бид цаанаас харж байсан чинь тухайн залуу Х-г цохиод унагаасан. Тэгсэн Х чи миний нүд рүү хутгалчихлаа шүү дээ гээд чангаар орилсон. Н бид хоёрыг очиход нөгөө залуу хутгаараа Н бид хоёрыг дүрэх гээд дайраад байсан. Н бид хоёр арагш зугтсан. Х нь нүдээ дараад босож байхад нөгөө залуу Х руу дайрахад нь Х биеэ хамгаалж түүнтэй ноцолдсон. Тухайн үед бидэн рүү дайран байсан хүмүүстэй хамт явж хүмүүс Х-н хажуугаас өшиглөөд зодоод байсан. Болиоч ээ та нар гэтэл тэд цааш зугтаад явсан. Тэгээд бидэн рүү дайраад байсан хүнийг барьж аваад чи яахаараа хүн хутгалдаг юм, цагдаад өгнө гээд С цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд тухайн залууг авч явсан. Тухайн үед хутга нь байхгүй байсан бөгөөд тухайн залуутай хамт явж байсан эмэгтэй, эрэгтэй хоёр хүн тухайн залуугийн гарт байсан хутгыг аваад явсан. Бид цагдаад хандаж энэ хоёр хүн хутгыг нь аваад явчихлаа шүү дээ, зогсоож шалгаач ээ гэхэд цагдаа би ажлаа мэдэж байна гээд тоогоогүй.... Тэр Т гэх хүн нүд рүү нь хутгаар цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед Т-тэй хамт явж байсан хүмүүс дунд хуурай дүү нь гээд нэг залуу хамт явж байсан. Тэр залуу болсон зүйлийг бүгдийг нь мэдэж байгаа...” /хх 87-88/,
гэрч Ц.Н-н “...Гэрлээ унтраахгүй байхаар нь Х нь тэдэн дээр очоод гэрлээ бид нараас холдуулахыг хүссэн. Бид Х-тай ойрхон ард нь зогсож байсан. Гэтэл тэнд байсан Э гэдэг залуу машинаасаа хуйтай хутга барьж бууж ирээд үгийн зөрүүгүй далайж, хутгаараа цавчлаад эхэлсэн. Х нь нүдээ дараад арагш савж унасан. Түүнийг унахад тэр залуу над руу дайраад ирэхээр нь би эргэж хараад зугтахад араас хутгаараа миний цамцыг зүсэж, урсан. Намайг зугтаж байх хооронд Х түүний араас нь ирж барьж авч, газарт унасан. Х нь нүд сохолчихлоо гээд орилоод байсан. Би дөхөөд очиход Х салаад над руу хүрч ирэхэд түүний нүд нь хавдаад тагларчихсан, нүдний завсраар нь ягаан өнгөтэй шингэн зүйл нулимс шиг урсаж байсан. ...” /хх 102-103/,
гэрч Г.Б-н “...Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер албан тушаалд ажилладаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Цагийг нь тодорхой сайн санахгүй байна. Хүлэг-10 станцаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, циркийн баруун талд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.А-н хамт дуудлагад очсон. Биднийг очиход зодоон болоод дууссан. Тэнд нэг залуу зодуулчихлаа, намайг зодсон хүн хутгатай байсан гэж хэлэхээр нь А нь бид хоёр тэнд байсан BMW загварын тээврийн хэрэгсэл дотор болон тэр хавиар хутга хайсан боловч гарч ирээгүй. Тэнд нийт 3-4 хүн байсан. Тухайн болсон асуудал 1 жил гарангийн өмнө болсон учир зарим зүйлсийг санахгүй байна. Ямар ч байсан зодолдсон гэсэн хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэр талаар одоо бол санахгүй байна. Ямар ч байсан ил харагдах шарх гэмтэлтэй байсан болоод л хэлтэс рүү авчирсан байх. Тэнд байсан хүмүүсээс нэг нь хэлсэн. Хэн тэр талаар хэлснийг одоо санахгүй байна...” /хх 105-106/,
гэрч Л.А-н “...Эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч, Г.Б-н хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Зодоон болсон газарт очиход махлагдуу биетэй, согтуу залуу намайг зодсон хүмүүс тэнд байна гэж заахад уг газраас хойш 100 метр орчим зайд 3-4 залуу алхаж байхаар нь буцааж дуудан зодоон болсон газарт ирүүлээд юу болсон талаар асуухад энэ залуу машиныхаа гэрлийг унтраахгүй, бидэн рүү тусгаад байсан. Тэгээд маргалдсан гэж хэлсэн. Мөн тэнд байсан сахалтай өндөр залуу нь наад хүнд чинь хутга байсан. Манай найзыг хутганы ишээр нүд рүү нь цохисон гэж хэлэхээр нь би тэнд байсан махлагдуу биетэй залуугийн хажууд байсан BMW загварын машин дотор болон тэр хавиар хутга хайсан боловч олдоогүй. Ингээд нүдэндээ хутгаар цохиулсан гэх залуу болон түүнтэй зодолдсон гэх BMW загварын машины эзний хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” /хх 108-109/,
гэрч С.Т-н “...2021 оны 08 дугаар сарын 11-ний орой ... хэсэг хугацааны дараа нөгөө хашхирсан залуус Э, Б хоёр дээр хүрч ирээд нэг нь яагаад машиныхаа гэрлийг унтраахгүй байгаа юм бэ гэхэд нь Э өөдөөс нь машин асахгүй, машинаа үзэж байна гэж хэлсэн. Тэд юм яриад дуу нь чангараад маргалдаад эхэлсэн. Би машин дотор байсан тул өөр юу юу ярьсныг нь бол сонсоогүй. Ингэж маргалдаж байгаад нэг залуу нь Э-г эхлээд цохиж авсан. Би юу болж байна гээд буугаад очиход Э-г гурван залуу машиных нь хаалга руу шахаад байсан. Нэг залуу нь цаана байсан Б-г цохиж унагаасан. Тэгтэл Э-г нэг залуу нь цохиж унагаан дээрээс нь тэдгээр хүмүүс өшиглөж зодоод байсан. Э нь толгойгоо дараад болъё гээд хашхирсан. Б-г нэг нь цохиж унагаахад Б нь хэвтчихээд босохгүй байхаар нь би цүнхнээсээ салфетка авч Б-н цусыг арчиж өгөөд сууж байтал цаанаас Э нь та хоёр эндээс яв гэхээр нь би Б-г босгож машинд нь суулгахад дуудлагын жолооч ирсэн. Тэгээд дуудлагын жолоочоор Б-н машиныг бариулаад гэр рүүгээ явсан. Тэнд 4 эрэгтэй хүн байсан. Цаана нь 2 эмэгтэй хүн байсан. Э-г 4 эрэгтэй хүн нийлээд дээрээс нь өшиглөж цохиод байсан. Тэнд дуучин Десант мөн хамт байсан. Э нь зодуулж байхдаа толгойгоо гараараа хамгаалж байхад Десант нь гараас нь татаад энийг ер нь гүйцээчихье л дээ гэж байсан. Десант нь Э-г цохисон эсэхийг мэдэхгүй. Би хараагүй. Миний харснаар лав тэнд нийт 4 эрэгтэй хүн, цаана нь хоёр эмэгтэй хүн байсан. Тэд бүгдээрээ нийлж л Э-г зодож байгаа харагдсан...Десант нь Э-г цохиж байгааг би бол хараагүй. Харин гарыг нь толгойноос нь салгаж татаж байгааг харсан. Бусад 3 хүн нь бол Э-н дээрээс өшиглөж цохиод л байсан. Эг гартаа хутга барьсан эсэхийг би хараагүй. Хутга барьж дайрсныг нь бол мэдэхгүй байна...” /хх 94-96/,
гэрч Х.Б-н “....Тэгээд би машинаа асаагаад машин дотроо сууж байтал цаанаас хүн ирээд гэрлээ унтраа, пизда наху гэх зэргээр Э-тэй муудалцаж эхэлсэн. Тэгсэн тэр залуу миний машин дээр ирж цонхоороо гараа оруулаад машины түлхүүр булаагаад авсан. Тэгэхээр нь машинаасаа буутал миний машины түлхүүрийг авсан залуу намайг нүүрэн тус газар цохиод унагаасан. Энэ үед би ухаан алдаж унаад хэсэг хэвтсэн байсан. Нэг сэрсэн би машины урд суудал дээр сууж явсан. Хамраас цус гарсан байсан. Машины шал нил цус болсон байсан. Тухайн үед Т нь дуудлагын жолооч дуудаад машин бариулаад явж байсан бөгөөд бид Т-д очиж хоносон. Э хаашаа явсныг мэдээгүй. Маргааш нь Э-тэй ярихад хөх няц болсон, зодуулсан шинжтэй байсан бөгөөд би чамайг хэвтээд байхаар Тэлмэнд хэлээд нэмж зодуулна гэж бодоод зугтаалгасан гэж ярьсан. Намайг машинд сууж байхад гэрлээ унтраа гөлөг минь гээд хүн ирж байсан. Цаана 3-4 хүн ирж байгаа харагдсан. Тэгээд миний машины цонхоор гар нь орж ирэн түлхүүр авахаар нь би хаалгаа онгойлгоод буухад намайг цохиж унагаасан. Тэгээд би ухаан алдсан тул тэнд ямар үйл явдал зодоон цохион болсныг би мэдэхгүй. Э нь ямар хүнтэй маргалдаж, хэрхэн цохиж зодолдсоныг би хараагүй. Маргаан эхлэх үед л намайг тэр залуу цохиж унагаан ухаан алдуулсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Би гомдол саналгүй, биед учирсан шарх гэмтэл байхгүй...” /хх 98-99/,
гэрч Г.М-н “...Тухайн өдөр яг он сарыг санахгүй байна, миний санаж байгаагаар нэлээд орой болсон гэж санаж байна. Манай танил ах болох Э нь надтай утсаар холбогдоод "Циркийн зогсоол дээр ирээд машин асаагаад, машин бариад хүргээд өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би найз П-н хамт машинтай очоод манай найз намайг тэнд буулгаад явсан. Би Э ах дээр очих үед Э ахтай цуг 2 хүн нийт 3 хүн байсан. Э ахын машин аккумлятор нь суусан бололтой унтарсан байсан. Тэгээд би найзын Crown машинаар Э ахын машиныг асаах гээд зогсоод Crown машиныг асаасан чинь машиных нь гэрэл нь автоматаар хол дээрээ тавигдчихсан. Тэр үед бид нарын өөдөөс хараад машинтай хүмүүс машин дотор сууж байсан. Тэгээд тэр машин дотроос нэг эрэгтэй хүн ирээд машиныхаа гэрлийг унтраачих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины гэрлийг унтраасан. Тэгээд байж байгаад Crown машиныг дахиад асаасан чинь машины гэрэл дахиад хол дээрээ тавигдчихсан. Тэгсэн чинь тэр машинаас хэд, хэдэн танихгүй эрэгтэй хүмүүс буугаад ирсэн бөгөөд гэрлээ унтраа гээд машины хаалга руу өшиглөөд эхэлсэн. Тэгсэн Э ах машинаас буугаад тэр хүмүүстэй муудалцаад эхэлсэн бөгөөд Э ахын найз нь, найз охиноо дагуулаад яваад өгсөн, Э ах бид хоёр хоёулаа үлдсэн. Тухайн үед миний гар хугарсан байсан учраас би тэр хүмүүсийг Э ахаас салгах гээд чадаагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удахгүй хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10297 дугаар “...Ж.Х-н биед баруун нүдний алимын нэвт гэмтэл, эвэрлэг солонгон бүрхүүлийн урагдал, судсан бүрхүүлийн ховхрол, баруун нүдний алимны агуулагдахууны гоожилт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл учирч баруун нүдний алимыг авах хагалгаанд оржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх 122-123/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 7413 дугаар “...Р.Э-н биед дагзны хуйх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, баруун тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 126-127/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Б, Г.Б нарын бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин шүүгдэгч Р.Э-н бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар Р.Э-н хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн эсэх нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байна гэж дүгнэж, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэхдээ шүүх ийнхүү хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Р.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзэж, давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Харин бусад асуудлын талаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Б, Г.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Х, Ц.Н, Ц.Ба Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Х-д урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 885 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 6 жил 7 cap 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч В.О, Л.Б нараас “... Р.Э-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Ж.Х-н өмгөөлөгч Т.М-ээс “...Ж.Х-н зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ж.Х Ц.Н, Ц.Б, Г.Б нартай бүлэглэн Р.Э-г зодсон, уг үйлдлийн улмаас Р.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тухайн хэрэг учрал болоход хэргийн газарт байсан, тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Х-г ганцаараа Р.Э-н биед гэмтэл учруулсан гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Ж.Х нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 885 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба тэрээр уг шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 жил 4 cap 18 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 6 жил 7 cap 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх боломжгүй тул шүүгдэгч Ж.Х-н өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Э-д эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч Р.Э-н үйлдлийн улмаас Ж.Х-н баруун нүд бүрэн хараагүй болж, алим авах хагалгаанд орсон, хүнийг эрхтнээс нь хагацуулсан ноцтой хохирол, хор уршиг учирсныг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан ял тохирсон, хүнд биш байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч, хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч В.О, Л.Б, шүүгдэгч, хохирогч Ж.Х өмгөөлөгч Т.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Р.Э, Ж.Х нарын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Шүүгдэгч Р.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, ...” гэснийг,
“Шүүгдэгч Р.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч В.О, Л.Б, шүүгдэгч, хохирогч Ж.Х-н өмгөөлөгч Т.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Р.Э, Ж.Х нарын цагдан хоригдсон 83 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ