Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/737

 

 

 

 

 

 

    2025           06           12                                        2025/ДШМ/737

 

Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхжин,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхжингийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2408042950373 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: **********/;

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцэс орчимд хохирогч Н.Э-н өмчлөлийн хар өнгийн **-** УБЛ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хаалгыг хөлөөрөө өшиглөж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Б-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар Б.Э оролцсон байхад шийтгэх тогтоолд яллах дүгнэлт үйлдсэн прокурор Д.Т-н нэрийг улсын яллагч гэж илтэд зөрүүтэй бичиж тэмдэглэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцийг заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, мөн хуульд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт зайлшгүй тусгах зүйлийг тодорхойлохдоо 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...талууд, оролцогч” гэж тусгажээ. Дээрх заалтуудаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон яллах тал болох улсын яллагчийн нэрийг заавал тусгахаар зохицуулсан байх ба шүүх хуралдаанд яллах талын нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг зөрчсөн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Гэтэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/650 дугаартай “Шүүхийн шийтгэх тогтоолыг залруулах тухай” шүүгчийн захирамжийг тус прокурорын газарт 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн. Уг захирамжтай танилцахад агуулгын хувьд “шүүх хуралдаанд оролцсон прокурорын нэрийг залруулж өгнө үү гэх улсын яллагчаас гаргасан саналыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээд шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт залруулга хийх нь зүйтэй” гэж дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шийтгэх тогтоолд залруулга хийлгэх талаар санал огт гаргаж хүргүүлээгүй байхад улсын яллагчийн гаргасан саналын дагуу хэлэлцүүлэг хийгдэж, тогтоолд залруулга хийсэн нь, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг залруулахаар тусгасан хуулийн зохицуулалтад үг, үсгийн техникийн шинжтэй гарсан алдаанд хамаарахгүй байхад шүүх дээрх хуулийн заалтыг удирдлага болгож шийтгэх тогтоолд залруулга хийсэн нь тус тус үндэслэлгүй байна. Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолд улсын яллагчийн нэрийг зөвтгүүлж, өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцэс орчимд хохирогч Н.Э-н өмчлөлийн хар өнгийн **-** УБЛ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хаалгыг хөлөөрөө өшиглөж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Э-н “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, толгойтын хуучин эцэст найз Е, Э нарын хамт дэлгүүр орохоор явж байхад манай найз Е үл таних залуутай мөргөлдөж хоорондоо маргалдсан хэрэлдсэн тэгээд дэлгүүр ороод 2,5 литрийн 1 ширхэг сэнгүр нэртэй пиво аваад байж байхад манай найз Е-тэй маргалдсан залуу араас орж ирээд манай найз Е рүү дайраад байсан хоорондоо зодолдох гээд байхаар би Е-г аваад гарсан. Харин манай найз Э тооцоо хийгээд үлдсэн байсан гарч ирэхгүй удаад байхаар би араас нь орсон тэгэхэд Е-тэй маргалдсан залуу манай найз Э-н малгайтай цамцны араас нь татаж боосон, эхнэр нь бас заамдаад чи найзыгаа явуулчихлаа гэж хэлээд байсан байсан намайг ороход эхнэр нь бас намайг заамдаж чи найзыгаа явуулчихлаа гээд байж байхад манай найз Е араас орж ирээд би ороод ирлээ гараад учраа олъё гэж хэлээд гарсан. Гадаа гарахад Е-тэй маргалдсан залуугийн эхнэр нь би цагдаа дуудчихсан гэж хэлсэн Е хажуугаас би ямар цохиж барьсан биш цагдаа гээд яахын одоо ингээд явцгаая гэж хэлээд машиндаа суугаад явах гэж байхад Е-тэй маргалдсан залуу гүйж ирээд машины жолоочийн хойд талын хаалгыг өшиглөж хонхойлгосон. Е тухайн залуугийн биед халдаж ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй тэр хоёр хоорондоо хэрэлдсэн болохоос нэг нэгэндээ гар хүрээгүй...” /хх 10/,

гэрч Б.Е-н “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын хуучин эцсийн М март гэх дэлгүүр лүү орох гээд найз Э, Э нарын хамт явж байхдаа хажуугаар өнгөрөх хүнтэй санамсаргүй байдлаар мөргөлдөж, хоорондоо хэрэлдэж маргалдсан тэгээд явах гэхэд надтай мөргөлдсөн залуугийн эхнэр явуулахгүй байсан болохоор эхнэрийн гараараа түлхээд машиндаа суух гэтэл надтай маргалдсан залуу ирээд манай найз Э-н Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын хаалгыг өшиглөж хонхойлгосон машинаас буух гэхэд цагдаа нар ирж бид нарыг авч явсан. Б.Б-н биед гар хүрч цохисон зүйл байхгүй хэрэлдээд салсан...” /хх 14/ гэсэн мэдүүлгүүд,

“**********” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0747 дугаартай “Тоёота Приус 30” машины баруун хойд талын хаалга 480,000 төгрөг /дан хаалгаар солих, будах, угсрах зардал/” гэх дүгнэлт /хх 19-20/,

хохирогч Н.Э-с гарган өгсөн “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд ямар нэгэн гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх 93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Б.Б-н бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Прокурор Б.Энхжин “...шүүх хуралд улсын яллагчаар Б.Энхжин оролцсон байхад шийтгэх тогтоолд яллах дүгнэлт үйлдсэн прокурор Д.Түмэнжаргалын нэрийг бичсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна. Мөн улсын яллагчаас шийтгэх тогтоолд залруулга хийлгэх талаар санал огт гаргаж хүргүүлээгүй байхад улсын яллагчийн гаргасан саналын дагуу хэлэлцүүлэг хийгдэж, тогтоолд залруулга хийсэн нь үг, үсгийн техникийн шинжтэй гарсан алдаанд хамаарахгүй байхад шүүх шийтгэх тогтоолд залруулга хийсэн нь тус тус үндэслэлгүй тул өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн нэрийг Д.Т гэж бичиж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 650 дугаар шүүгчийн захирамжаар энэ талаар залруулга хийсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин шүүх ийнхүү залруулгын хурал хийхдээ шүүгчийн захирамжид “...улсын яллагчийн саналаар...” гэж бичсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энхжингийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар эсэргүүцэлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энхжингийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ