| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Н.Мөнх-Учрал түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зунчин овогт Намжилцэрэнгийн Мөнх-Учралд холбогдох эрүүгийн 1809012130233 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 22-747 тоотод оршин суух, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнсэж хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-д зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Зунчин овогт Намжилцэрэнгийн Мөнх-Учрал, /РД: ШЖ80072416/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-27б тоотод оршин суух Б.Түвшинтунгалагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч некст маркийн ЛСД зурагтыг хулгайлан авч 192.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би шинэ жилийн дараа хохирогч Түвшинтунгалаг, гэрч Бат-Эрдэнэ хоёртой Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явж мал малласан. Тэгээд хохирогчийн гэрт 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүүхдүүдийг нь Таванбуудалд харсан. Тэгээд хохирогчийн гэрийг нь галлах гээд гэрийг нь онгойлгоод, хүүхдүүдийг нь авах цаг болсон учир Түвшинтунгалагийн гэрээс зурагтыг нь ломбарданд тавих гэж авч гарсан. Бичиг баримт байхгүй учир таксины жолоочид тухайн зурагтаа 40.000 төгрөгөөр зарсан. Би Түвшинтунгалагийн нөхөртэй Дундговь явах гээд зардлын мөнгө хийх гэж байсан. Тэгээд Түвшинтунгалагийн нөхөртэй уулзах гээд нисэхэд очтол ахтайгаа хамт хөдөө явчихсан байсан. Би хохирогчид зурагтыг нь авсан талаараа хэлээд, хөдөө явж ирээд буцааж өгөхөө илэрхийлсэн. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна…” гэв.
Эрүүгийн 1809000000093 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Байшингийн түлхүүр хийдэг байсан газраас түлхүүрийг нь аваад 16 цагийн үед гэрт ороод 32 инчийн “Некст” маркийн зурагтыг хулгайлан аваад таван буудлын ломбардад тавих гэсэн чинь намайг бичиг баримт байхгүй гээд авахгүй байсан. Би тэгээд буцаад явж байсан чинь таксины жолооч “наад зурагтаа зарах гэж байгаа юм уу” гэж асуухаар нь “тийм” гээд 40.000 төгрөгөөр зарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Түвшинтунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өглөө 09 цагт гараад орой 17 цаг 20 минутад гэртээ ирээд түлхүүрээ аваад гэрээ онгойлгоод ороход зочны өрөөнд байдаг зурагтын тавиур дээр байсан 32 инчийн ЛСД телевизор байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Хулан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15-16 цагийн хооронд дэлгүүр ороод гэртээ ирж явахад Мөнх-Учрал гэх ах зурагт аваад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд:
“…Next маркийн 32 LCD 2014 онд худалдан авсан зурагт 192.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:
“Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-27б тоот гэх улаан өнгийн төмөр хашааны хаалгатай айл байв...” /хх-ийн 6-9 дүгээр хуудас/
Гэрч Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Н.Мөнх-Учралын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь 2018 оны 3 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-27б тоотод оршин суух Б.Түвшинтунгалагийн гэрт нэвтрэн орж 32 инчийн “Некст” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Мөнх-Учралын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Түвшинтунгалагийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Хулангийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүх шүүгдэгчээс хохирогчийн гэрт нууцаар орж эд хөрөнгийг авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгө болох зурагтаа гэрээсээ алдсаныг мэдүүлж, тухайн цаг хугацаанд Н.Мөнх-Учрал нь зурагт биедээ авч явсан болохыг насанд хүрээгүй гэрч мэдүүлж, эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Мөнх-Учралыг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, нөгөө талаас хохирогч гэрийн түлхүүрээ бусдад үлдээж, эд хөрөнгөө хамгаалах талаар хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Н.Мөнх-Учралыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Н.Мөнх-Учрал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Н.Мөнх-Учрал гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Түвшинтунгалагт учирсан хохирол болох 192.000 төгрөгийг Н.Мөнх-Учрал нь шүүхийн шатанд төлсөн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй.
Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь 30 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.