Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/741

 

 

 

 

 

 

   2025           06            12                                         2025/ДШМ/741

 

Ц.У холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч О.С, Б.О,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Г.Б, Б.М,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.У холбогдох эрүүгийн 2210010171023 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.У,

Шүүгдэгч Ц.У нь “******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Н.Б-г хуурч “Төв аймгийн Заамар суманд алтны лиценз, зөвшөөрөлтэй энэ компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас 600,000,000 төгрөг өгөөч, тэгвэл хамтарч ажиллаж болно. Таны мөнгийг ашиг хэлбэрээр 2 сарын хугацаанд буцааж өгөөд түүнээс цааш олборлосон металлынхаа 10 хувийг 5 жилийн хугацаатай өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүгээр халхавч хийж, уг гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ба иргэн Н.Б-т гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүй атлаа 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,286,225,638 төгрөгийг авч, иргэн Н.Б-т их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ц.У-г залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.У-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.У-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-с 2,286,225,638 төгрөг гаргуулан хохирогч Н.Б-т олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-н бусдад учруулсан 2,286,225,638 төгрөгийн хохирлыг хавтаст хэрэгт авагдаж шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн аж ахуйн нэгжийн хөрөнгө болох Төв аймгийн Заамар суманд байршилтай ашиглалтын MV-011430A дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болон “***********” ХХК-ийн **-** УР улсын дугаартай VLGL956FKK0***** арлын дугаартай, **-** УР улсын дугаартай VLGL9530VK***** арлын дугаартай, **-** УН улсын дугаартай VLG00953VD***** арлын дугаартай авто ачигч, **-** УБУ улсын дугаартай LZZJLBSD3CB***** арлын дугаартай, **-** УБУ улсын дугаартай LZZJLMSD8CB**** LZZJMLMSD5CB***** арлын дугаартай, **-** УБУ улсын дугаартай LZZJMLMSD5CB**** арлын дугаартай, **-** УБУ улсын дугаартай LZZJLMSD3CB**** арлын дугаартай, **-** УБУ улсын дугаартай LZZJLMSD9CB***** арлын дугаартай тусгай зориулалтын техникүүдийг зохих журмын дагуу хураан авч худалдан борлуулж хохирол төлбөрийг төлүүлэх, хуульд заасан ажиллагааг хийхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг, “**********” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашиглалтын лиценз, дансны зарлагын гүйлгээ, техникүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч Б.Мэргэн өмгөөлөгч Г.Баяржаргалтай хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаартай шийтгэл тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийтгэл тогтоолоос харвал дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, зөвхөн хохирогчийн талыг баримталсан нотлох баримтуудыг авахдаа шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож болохуйц нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна. Шийтгэх тогтоолд Ц.У нь ‘*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Н.Б-г хуурч “Төв аймгийн Заамар суманд алтны лиценз, зөвшөөрөлтэй энэ компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас 600,000,000 төгрөг өгөөч тэгвэл хамтарч ажиллаж болно. Таны мөнгийг ашиг хэлбэрээр 2 сарын хугацаанд буцаад өгөөд түүнээс цааш олборлосон металлынхаа 10 хувийг 5 жилийн хугацаатай өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан, түүгээр халхавч хийж...”, 600,000,000 төгрөгийг шилжүүлэн авсныхаа дараа дээрх мөнгөн дүнг өөрийн компанийн өмнөх төлбөр болон ажилчдын цалин, хамгаалалтын албаны төлбөр зэрэгт шилжүүлсэн...” гэж буруутгажээ. Ц.У нь Төв аймгийн Заамар сумын нутагт орших Айлтын жалга-1, Улаан эргийн дарагдмал алтны шороон ордод MV-0**** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тухайн ордод Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн х/134 тоот тушаал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ХХ-18-05 дүгнэлтээр М+С зэргээр 66.43 кг алтны нөөц Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б-н 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/5700 дугаартай албан бичиг болон “*********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын 11430А дугаартай тусгай зөвшөөрөл зэргээр нотлогдож байна. Н.Б нь цагдаагийн байгууллагад анх гаргасан гомдолдоо Ц.У “Ажилчдын цалинг удаан хугацаанд олгоогүй тул ажлын байраа орхисон. Түрээсийн төхөөрөмж, техникийн төлбөрийг төлөөгүй тул уурхайгаас явсан. Бид маш хүнд нөхцөлд байгаа тул энэ бүхнийг шийдвэрлэж, цэгцлэхэд 600,000,000 төгрөг шаардлагатай байна...” гэж анх уулзсан. ... Гэтэл маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө захирал Ц.У над руу залгаж, уурхайн ажилчдын цалинг олгохгүй бол ажлаас гарч, шүүхэд хандана гэж байна. Хэрэв олборлолтын улиралд ажилчид ажлаас гарвал тэднийг хүлээж авч ажиллуулах өөр уурхай маш олон тул дахиж хүний нөөц бүрдүүлэхэд маш их хугацаа, зардал гарч уурхайн үйл ажиллагаа доголдож, ашигт малтмал олборлоход саад учирна. Нөгөөтээгүүр уурхайн гүйцэтгээгүй бусад төлбөрийг төлөхгүй бол алданги, торгууль ногдуулах нөхцөл бүрдэж буй тул хамтран ажиллах гэрээний хураамжийн 600,000,000 төгрөгийг нэн яаралтай олгуулах шаардлагатай байна...” гэж бичсэн, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... У нөхрийнхөө хамтаар А гэдэг залуутай ирээд ... компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас ажилчдын цалин хөлсийг өгөөгүй. Яаралтай 600,000,000 төгрөг өгөөч тэгвэл хамтарч ажиллаж болно... гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр У над руу залгаад та нөгөө мөнгө яаралтай өгөөч ажилчид маань цалингаа авмаар байна гээд байна. Цалинг нь өгөхгүй бол өөр уурхай руу явах гээд байна гэж хэлэхээр нь ... У-н над руу мессежээр явуулсан ... тоот данс руу ... 600,000,000 төгрөг шилжүүлсэн.” (1хх 23-27) гэсэн бол Ц.У болон гэрч О.Б нар ч адил агуулгатай зүйл мэдүүлсэн. Ц.У нь гэрээний дагуу Н.Б-с авсан мөнгийг уул уурхайн салбарт зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл авах болон бусад зардалд зарцуулж, дугуйт ачигч 1 ширхэг, Тонли маркийн өөрөө буулгагч 3 ширхэг, усан буу, Катерпилларын сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг захиалахаар бусад аж ахуйн нэгж газруудтай гэрээ байгуулсан боловч Ковидын тархалтын улмаас цаг хугацаандаа нийлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хохирогч Н.Б-н “... Ц.У надаас авсан мөнгөөр 1 ковш, 3 экскаватор авсан байдаг. Мөн 4 хово маркийн тээврийн хэрэгсэл авч өгсөн байдаг...” гэсэн, гэрч Д.Э-н "... “И” ХХК-аас ... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 38,260,000 төгрөг шилжин орж ирсэн. Энэ мөнгөөр БНХАУ-аас насос худалдан авахаар юань хөрвүүлдэг хүмүүсээр дамжуулан шилжүүлсэн...” гэсэн, гэрч Ө.М-н “...нярваас мэдээ тооцоо гаргасан. ... Хово маркийн автомашиныг худалдаж аваад тухайн төлбөрийг зарж байгаа газарт нь 85,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 25-ны өдөр 263,247,138 төгрөгийг экскаваторын урьдчилгаа мөнгө гэж захиалж авч байгаа газрын данс руу шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга М.А-н "... “И” ХХК нь ... MV-011430 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд 2022 онд уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй...” гэсэн 1/375 дугаартай албан бичиг, “H” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-н 3/290 дугаартай “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал К АБ/2205/039 дугаартай албан бичгүүд, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн “И” ХХК-ийн 2020 оны 01 сараас 2023 оны 02 cap хүртэлх хугацаанд нийгмийн даатгал төлсөн талаарх архивын мэдээлэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү Ц.У нь анхнаасаа мөнгө зээлэх зорилгоо үнэнээр нь хэлж аваад түүндээ зарцуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зэрэг нь нотлогдож байхад эдгээр ач холбогдолтой баримтыг үнэлэхгүйгээр бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Н.Б, О.Б, Ц.У, Ө.М нарын мэдүүлгээр олборлосон алтнаасаа өгч байсан нь нотлогдож байгаа бөгөөд анхнаасаа зээлсэн мөнгө болон алтнаасаа өгөх зорилгогүй байсан гэдэг нь үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт болжээ.

1.2. Шийтгэх тогтоолд "... 2021 оны 12 сарын 15-ны өдөр хохирогчоос 500,000,000 төгрөг дахин зээлж авсан мөнгөний барьцаанд өөрийн өмчлөлийнх бус гэдгийг мэдсээр байж 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 8 ширхэг тусгай зориулалтын автомашиныг барьцаанд өгнө гэж хохирогчийг хуурч мөнгийг авсан, улмаар дээрх эд хөрөнгүүдийг ажлаа үргэлжлүүлэхийн тулд барьцаанд тавьсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. 500,000,000 төгрөг шилжүүлж авсан өдрөө 56,000,000 төгрөг буцаан шилжүүлж хохирогчид итгэл төрүүлсэн...” гэжээ. Ц.У нь 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 03/276 дугаартай албан бичгээр 3 ширхэг ковш, 5 хово, нийт 8 техник, 2 айлын газартай зуслангийн байшин барьцаалж зээл авах санал гаргасан үнэн (1хх, 137). Тухайн цаг хугацаанд албан бичигт дурдсан 8 тооны тээврийн хэрэгсэл “И” ХХК-ийн өмчлөлд байсан нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив, хяналтын тасгийн архивын 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 141 дугаартай лавлагаагаар тогтоогдсон (2хх, 115-121). Ц.У нь зуслангийн байшингийн талаар "... энэ зуслангийн газрууд нь манай ээж, аавын аль нэг дээр бүртгэлтэй. Манай аав, ээж амьдраад явж байгаа. Техникүүдийг манай компани ашиглаад уурхай дээр байгаа..” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн. Харин Н.Б-тай байгуулсан хэт нэг талын эрх, ашиг сонирхлыг хангасан гэрээг өөрчлөх, зээлийн гэрээг нөхөж байгуулах зэрэг саналыг удаа дараа тавьсан боловч ойлголцолд хүрээгүй учраас уурхайн үйл ажиллагаагаа явуулахын тулд барьцаанд тавьснаа мэдүүлдэг. Уурхайн үйл ажиллагаа жигдрэх хүртэл зээлийн хүүгээ төлж чадахгүй эрсдэлээс сэргийлж, 4 сарын хүү болох 56,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн болохоо мөн илэрхийлсээр ирсэн.

1.3. Шийтгэх тогтоолд "... 2022 оны 01 сараас зээлж байгаа 1 жилийн хугацаатай 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаална гэж ашиглалтын эрх олгосон байгууллагаас олгодог барьцаалах хуулийн зохицуулалтгүй тусгай зөвшөөрлийг барьцаалах агуулгаар албан бичгийг хохирогчид илгээж хуурсан..., "И” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авах гэсэн саналыг хохирогч надад хэлснээр маргаан үүссэн гэж тайлбарлах хэдий ч тэр талаар гэрээ хэлцэл талуудын хооронд бий болоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэжээ. Н.Б нь “И” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэн авах хүсэлтэй байсан боловч Ц.У нь ихээхэн хэмжээний татвар төлөх асуудлаас зайлсхийж, хувьцаагаа шилжүүлэх биш барьцаанд тавих санал гаргаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байгаа боловч шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Ц.У нь анх сэжигтнээр өгсөн “Б манай компанийн 60 хувийг шилжүүлж авна. Шилжүүлэхтэй холбоотойгоор гарсан татварыг манай компани төл, мөн буцааж шилжүүлж авахтай холбоотойгоор гарсан зардлыг та нар өөрсдөө бас гаргаж төлөөрэй гэж хэлсэн. Ингээд би татварын байцаагчаас асуухад шилжүүлэх буцааж авахад 800,000,000 гаран төгрөг болно гэж хэлж байсан. Тэгэхээр манай компани энэ хүнээс зээл авсан мөнгөнөөс хэд дахин илүү төлөх талаар Б-т удаа дараа хэлж ярьж байсан. Би шилжүүлэхгүйгээр та нарын нэр дээр барьцаанд тавьж болно гэдгийг удаа дараа хэлж байсан.” гэх мэдүүлэг (1хх 56-58), Ц.У-с Н.Б-т хүргүүлсэн “Санал авах тухай” албан бичиг (1хх, 159, 160), Н.Б-с Ц.У руу “Би 60 хувийг өг гэж хэлсэн билээ. Хэрвээ тийм санаатай байсан бол анх ирэхэд чинь л тийм санал тавина биз дээ. Би ямар хүчээр тулгаад булаагаад авчихгүй биз дээ. Бид “У” компанид хөрөнгө оруулсан мөнгөө баталгаажуулахыг л хүссэн.” гэж бичсэн мессеж, Мөн Ц.У-с Н.Б руу “60 хувийн асуудал танай хуульч ажил дээр ирэхээс өмнө, 10 хувийн гэрээг хуульчдаа үзүүлэхээс өмнө бүх зүйл сайхан байсан. Тэр 60 хувь гэрээ, 10 хувийн гэрээ бүгд байж болох энгийн шударга зүйл гэж бодож байна уу? Лицензээ 100 хувь барьцаалъя гэсэн. Заавал 60 хувь шилжүүлэхгүй ашигт малтмалд бүртгүүлээд болдог юм байна лээ. Тэгээд зарж үрэгдүүлэхгүй болчихно шүү дээ. Тэр 10 хувь, 60 хувийн гэрээ юу вэ, та уншиж үзсэн үү, хүнд тус болсон мөнгө зээлснээрээ дээрэлхэж болдог юм уу" гэх мессеж (1хх, 211-250), Н.Б-с Ц.У руу цахимаар ирсэн Хамтран ажиллах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн төсөл, Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шийдвэрийн төсөл, Компанийн энгийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний төсөл (1хх 194) зэрэг болно. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51, 52 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжид барьцаалагчид шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд практикт өргөн хэрэглэдэг. Гэтэл шүүхээс төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалж болох хуулийн зохицуулалтгүй гэдгийг мэдсээр байж хуурч залилсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

1.4. Шийтгэх тогтоолд “... хохирогчоос авсан мөнгийг буцаан өгөхгүй байхын тулд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн... Шүүгдэгч Ц.У-н хувьд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах маргаан үүсгэх эрхтэй хэдий ч тухайн цаг хугацаанд шүүгдэгч нь хохирогчтой байгуулсан гэрээнээс түүний эрх ашиг хэрхэн зөрчигдөж, тэрээр санхүүгийн болон бусад эрсдэлд орж талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өөрийн эрх ашгийг хамгаалах нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлахад тогтоогдохгүй, шүүгдэгчийн дээр ажиллагаа түүний гэмт санаатай шууд холбоотой байна гэж шүүх дүгнэлээ...” гэжээ. Ц.У болон түүний өмгөөлөгч Г.Б нар нь Н.Б-н өмгөөлөгч Б.Б-тэй уулзаж, цаашид цахимаар харилцах талаар тохирсон. Улмаар анх байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд 600,000,000 төгрөгийг 2 сарын дотор буцаан төлж, цаашид 5 жилийн хугацаанд олборлосон алтны 10 хувийг авах нь нэг тал болох Н.Б-н эрх, ашиг сонирхлыг л хамгаалсан, гэрээний тэгш эрхийн зарчимд нийцэхгүй хэлэлцээр болсон байна гэж үзсэн тул Ц.У, өмгөөлөгч Г.Б нараас 2022 оны 03 сараас эхлэн гэрээгээ хуульд нийцүүлэн шинэчлэх, зээлийн гэрээнүүдийг нөхөж хийх саналыг нийт 7 удаа цахимаар хүргүүлсэн (1хх, 159-168). Харин Н.Б болон түүний өмгөөлөгч Б.Б нараас тодорхой хариу өгөхгүй, хэлэлцээр хийхгүй байсан учраас 2022 оны 04 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан (1хх, 169). Хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэлийг харвал “Н.Б-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь шударга ёсны зарчимд нийцээгүй, “И” ХХК-д илтэд хохиролтой байна” гэсэн агуулгатай. Дээрх нотлох баримтаас Ц.У нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны дараа өөрт хэт алдагдалтай гэрээ байгуулсан, гэрээг шинэчлэх боломжтой гэдгээ ойлгосон учраас тэгш эрхийн зарчимд нийцсэн гэрээ байгуулах сонирхолтой байсан болохоос гэрээг хүчингүй болгож, зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй гэсэн санаа зорилго байгаагүй. Тэгээд ч шүүхээр гэрээг цуцлуулах нь цаашид төлбөр өгөхгүй байх асуудлыг хөндөнө үү гэхээс авсан мөнгөө буцааж төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Эрүүгийн хэргийн шүүх нь иргэний харилцаанд орсон талууд ямар тохиолдолд нэхэмжлэл гаргаж болох, болохгүй талаар дүгнэлт хийж, нэхэмжлэл гаргах шаардлагагүй байхад шүүхэд хандсан байна гэх нь өөрөө зохимжгүй бөгөөд нөгөө талаас шийтгэх тогтоолд “Монгол Улсын иргэний эрх зүйн зохицуулалтаар иргэд, хуулийн этгээдийн хооронд байгуулагдах гэрээний харилцаа нь бодит, биелэгдэх боломжтой нөхцөл байдал буюу гэрээний зүйлд үндэслэгдсэн, гэрээний талуудын хүсэл сонирхлыг тэгш илэрхийлсэн, харилцан зөвшөөрсөн байх ёстой” гэж дүгнэсэн атлаа Ц.У хувьд тэгш эрхийн зарчим үйлчлэхгүй, шүүхэд хандах эрхгүй, нэхэмжлэл гаргаж байгаа нь залилах гэмт хэргийн арга гэж үзсэн нь өрөөсгөл дүгнэлт болжээ.

1.5. Шийтгэх тогтоолд "... Н.Б-н төлөөлөгчийг уурхайн талбайд оруулаагүй ... нь хохирогчийг төөрөгдөлд оруулан түүнд итгэсэн итгэл, ашиг олох хүсэл дээр дөрөөлөн хуурч түүний эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв” гэжээ. Гэрч Ө.М-н "... Б өөрөө ирж авдаггүй. Б өөрийнх нь хяналтын нэг ажилтан тэнд байрлаж, тухайн гарсан алтнаас ногдол ашиг болох 10 хувийг аваад Б өгдөг байсан. Бүх зүйл ил тод байдаг байсан.”, сэжигтэн Ц.У-н “Бн хяналтын ажилтан Ч, Э гэх хүмүүс хяналт тавьж байсан. Бид нарын зүгээс Б-с ямар нэгэн мөнгө болон алт нуусан зүйл байхгүй. Бүх зүйл ил тод явагдаж байсан” гэх мэдүүлгээс харвал Н.Б-н төлөөлөгч нар уурхайд байж, олборлож байгаа алтны хэмжээнд хяналт тавин, ногдох алтаа авдаг байсан. Гэтэл өөр хүмүүс ирж ажилчдыг айлган сүрдүүлсэн учраас Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна. Шийтгэх тогтоолд дурдсан шиг Н.Б-г залилж, алт өгөхгүйн тулд төлөөлөгчийг нь оруулаагүй асуудал болоогүй.

1.6. Н.Б нь “Ц.У тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг эх хувиар нь хадгалуулна гэсэн боловч аудитын дүгнэлт гарахаар өгье гэх мэтээр шалтаг хэлсээр байгаад өгөөгүй. Би эх хувийг нь харж байгаагүй" гэж тогтмол мэдүүлэг өгдөг бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд “Эх хувийг нь хадгалуулна” гэж залилсан гэж дүгнэсэн. “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2-т баримт бичгийн хуулбарыг хавсаргах талаар л заасан. Хэрвээ түүний хэлж байгаачлан компанийн уурхайн баримт бичгийг эх хувиар нь түүнд хадгалуулах байсан бол өөрийнхөө боловсруулсан гэрээнд энэ талаар зайлшгүй тусгах байсан. Хэдийгээр Н.Б тус гэрээг боловсруулаагүй, шүүхээс ч Ц.У гэрээгээр халхавчлах зорилгоор гэрээг боловсруулсан гэж дүгнэсэн боловч Ц.У нь “Өдрийн мэнд Заяа эгчээ. Өчигдөр цаг гаргаж уулзсанд баярлалаа. Бид хоёр хэдэн цагийн үед бэлэн байж байх уу?” гэхэд Н.Б-н эхнэр О.Б “Өдрийн мэнд. Гэрээ өдөр бэлэн болно. Дуусангуут залгая.”, хариуд нь Ц.У “Заа. З эгчээ Б ах удахаар байвал бид 2 гэрээгээ очоод зурчхаж болох уу, тэгээд дараа нь Б ахыг зурчихаар нь өөрсдийнхөө хувийг очоод авчихъя. 2 дүү нь маргааш өглөө геологичоо аваад гарах гээд байгаа юм л даа.” гэсэн харилцан бичсэн мессежээр нотлогдож байна (4хх, 188) Мөн Н.Б нь цагдаагийн байгууллагад анх гаргасан өргөдлийнхөө эхний хэсэгт “Ц.У нь баримт бичгийн эх хувийг өгнө гэсэн боловч өгөөгүй. Би харж байгаагүй” гэж байснаа дунд хэсэгт нь “У Төв аймгийн Заамар суманд алтны ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшдэг гэж компанийн болон тусгай зөвшөөрлийн бүх баримт бичиг болох олборлолтын төлөвлөгөө, лиценз, компанийн гэрчилгээ, дүрэм зэргийг эх хувиар нь авч ирж танилцуулсан. Тэр үед миний эхнэр Б хажууд байсан... Би Жапан таун дахь гэртээ байна гэсэн. Оройн 20 цагийн үед ирж уулзаж болно гэж хариулсан. Товлосон цагт тэд ирж уулзахдаа компанийн болон лицензийн баримт бичгийг эх хувиар нь авч ирж, танилцуулж, тайлбарлаж бид хэсэг ярилцсаны эцэст хамтарч ажиллах саналыг “И” ХХК-аас тавьж байна ... саналыг зөвшөөрч гэрээ байгуулахаар тохиролцсон.” гэж бичсэн нь хавтаст хэргийн материалд байна. Ийнхүү Н.Б нь хэдхэн нүүр өргөдөлд тэс өөр зүйлс бичиж байгаа нь түүний мэдүүлгийг үнэн зөв гэхэд эргэлзээ төрүүлж байгаа болно.

1.7. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан. Шүүхээс бодит хохирлыг тогтоож чадаагүй байна. Хавтаст хэргийн материалаас харвал хэргийн оролцогчид хохирлын хэмжээг янз бүрээр тодорхойлсон. Мөрдөгч 2,819,131,009 төгрөг гэсэн бол хохирогч Н.Б шүүхэд мэдүүлэхдээ 1,975,188,000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогчийн эхнэр О.Б нь 2,609,145,138 төгрөг гэсэн бол Ц.У-н өмгөөлөгч 2,864,144,838 төгрөг авснаас буцааж 866,075,954 өгсөн учраас 1,998,068,884 төгрөг төлөх ёстой гэж мэтгэлцсэн. Харин Ц.У нь шүүхийн хэлэлцүүлгийн эхний шатанд 900,000,000 сая төгрөг, нотлох баримт шинжлэн судалсны дараа 635,006,484 төгрөг төлнө гэсэн. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар бол 2,286,225,638 төгрөгийн хохирол учирснаас 311,037,623 төгрөг төлөгдөж, 1,975,188,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзсэн. Гэтэл шүүхээс Ц.У-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх боловч талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй баримтаар тооцож, Ц.У-с 2,286,225,638 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс Ц.У-н Н.Б-т өгсөн гэх 2299,74 грамм алтыг Ц.У-н хэлснээр гээд 155,000 төгрөгөөр тооцох нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж дүгнэсэн боловч тооцоо нийлсэн актад байгаа дүнгээс хасаж тооцоогүй нь мөн алдаа болсон. Учир нь тухайн тооцоо нийлсэн актад хасаагүй болохоо бичсэн байна. Үүнээс гадна шүүх хавтаст хэрэгт байгаа “Монголбанкны вэбсайтад үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг нотлох баримтаар үнэлсэн боловч Н.Б-т 2021 оны 08 сараас 11 сарын хооронд алт өгсөн өдрүүдийн ханшаар тооцож, үнэлгээг гарган, хохирлоос хасаж тооцоогүй нь мөн үндэслэл бүхий болж чадаагүй. Тус үзлэгээр 2 өдрийн ханшийн мэдээг дутуу оруулсан. Н.Б нь цагдаагийн байгууллагад анх бичгээр гомдол гаргахдаа 307.24 гр, 143.14гр, 249.2 гр, 261.93 гр, 193.24 гр, 450.46 гр, 388.69 гр, 380.3 гр алт тус бүр авсан гэсэн бол мэдүүлэг өгөхдөө 251,5 гр, 187,059 гр, 614,038 гр, 244,24 гр, 260,62 гр, 135,03 гр, 186,069 гр гэж нэг ч тоо нь таардаггүй, зөрүүтэй хэлдэг. Ийнхүү хохирлын хэмжээ дээр маш олон янзын дүнгүүд яригддаг учраас дээд шатны прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоол гаргахдаа хохирлыг тодорхой болго гэсэн даалгавар өгсөн боловч хэрэгжихгүй байсаар хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс ч тодорхой тогтоож өгөөгүй, прокурорын хүргүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна. Шийтгэх тогтоолд ашиглалтын тусгай зөвшөөрөл болон техник хэрэгслүүдийг худалдаж хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Уурхайн нөөц, компанийн үнэлгээ болон техник хэрэгслүүдийн үнийг тогтоохгүйгээр ингэж шийдвэрлэх нь өрөөсгөл юм. Эдгээр зүйлс нь хохиролд хүрэхгүй бол үлдэгдэл төлбөрийг яах вэ, эсрэгээрээ хохирлоос хэд дахин өндөр үнэлгээтэй бол хэрхэн шийдвэрлэх вэ, Нөгөөтээгүүр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компанийн 30-аас дээш хувийн хувьцааг худалдан борлуулсан тохиолдолд уурхайн нөөцөөс бодож татвар төлдөг бөгөөд татвар нь зарим тохиолдолд худалдах үнээсээ ч өндөр болдог. Шүүхийн шийдвэртэй байсан ч татвараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэл хийгдэхгүй учраас хэн татварыг төлөх нь тодорхойгүй болсноос үүдэлтэй шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж хангагдахгүй, хохирогчийн төлбөр төлөгдөхгүй юм. Хөрөнгийн үнэлгээг гаргахгүйгээр бүгдийг нь худалдаж, хохирлыг төл гэсэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

1.8. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдохгүй байгаа бөгөөд прокурорын ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын шатанд дараах зөрчлүүд гарсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. а) Мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацааг 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 06-ны өдөр хүртэл сунгасан. Хоёрдугаар хугацааг сунгасан баримт байхгүй. Мөрдөн байцаалтын гуравдугаар хугацааг 2022 оны 12 сарын 23-ны өдрөөс 2023 оны 1 сарын 23-ны өдөр хүртэл сунгасан. Тэгэхээр 2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 сарын 23-ны өдөр хууль бусаар мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Мөрдөгчөөс мөрдөн байцаалтын 3 дугаар хугацааг 2023 оны 2 сарын 02-ны өдрөөс 2023 оны 3 сарын 02-ны өдөр хүртэл сунгах санал гаргасан (2хх, 161). 4 дүгээр хугацааг сунгах санал болон сунгасан тогтоол байхгүй. Мөрдөн байцаалтын 5 дугаар хугацааг 2023 оны 02 сарын 23-ны өдрөөс 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл сунгах прокурорын тогтоол 2023 оны 02 сарын 23-ны өдөр гарсан. Харин мөрдөгчөөс 2023 оны 02 сарын 27-ны өдөр буюу сунгасан прокурорын тогтоол гарснаас хойш 4 хоногийн дараа 2023 оны 03 сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл 5 дугаар хугацааг сунгах санал гаргасан. Мөрдөгч 4 өдөр хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Прокурорын 2023 оны 01 сарын гээд өдөр нь тодорхойгүй тогтоолоор дахиад л мөрдөн байцаалтын 5 дугаар хугацааг 2023 оны 01 сарын 23-ны өдрөөс 2023 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл сунгасан тогтоол гарсан. Мөрдөн байцаалтын 6 дугаар хугацааг 2023 оны 05 сарын 19-ны өдрөөс 2023 оны 06 сарын 19-ны өдөр хүртэл сунгах тухай прокурорын тогтоол гарсан. Мөрдөгч дараагийн хугацааг 2023 оны 06 сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл сунгах санал гаргасан. Мөрдөн байцаалтын 6 дугаар хугацаа 2023 оны 06 сарын 19-нд дууссан гэхээр 3 хоног хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Мөрдөн байцаалтын байцаалтын хугацааг 2024 оны 01 сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл сунгах саналыг мөрдөгч 2024 оны 01 сарын 13-ны өдөр гаргасан. Гэтэл прокурор 2024 оны 01 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл сунгах тогтоолыг 2024 оны 01 сарын 11-ний өдөр буюу мөрдөгчийн саналаас 2 хоногийн өмнө гаргасан байсан. Ийнхүү мөрдөн байцаалтын хугацаа сунгах санал гаргахаас хэд хоногийн өмнө прокурорын тогтоол гардаг, зарим хугацаа сунгасан тогтоол байхгүй, эсхүл мөрдөн байцаалтын хугацаа сунгаагүй байхад хэдэн өдөр дараалан ажиллагаа хийдэг зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан байгааг шүүхээс зайлшгүй анхааран үзэх шаардлагатай. Энэ нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм. б) Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 1681 дугаартай доод шатны прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоолд" Н.Б нь “И” ХХК-ийн алт олборлох үйл ажиллагааг санхүүжүүлэн, ашиг хүртэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулан 600,000,000 төгрөг шилжүүлснээс гадна гэрээнд тусгагдаагүй “... И” ХХК-тай хамаарал бүхий зардалд 1,357,938,182 орчим төгрөг зарцуулсан” гэх үйлдэл, мөн “800,000,000 төгрөг зээлсэн” гэх үйлдэлд Н.Б, Ц.У нарын хооронд хэрхэн ямар нөхцөл болзлоор, хэзээ яаж хэрхэн төлөх талаар ярилцаж тохиролцсон: "И" ХХК нь 2021-2022 онд ашигтай ажилласан эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоох, Н.Б-т өгсөх гэх 2299,94 гр алтны үнэлгээг гаргуулах, мөн Н.Б нь “И” ХХК-ийн нэр дээр алт тушааж мөнгийг авсан гэх үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд Ц.У нь Н.Б-г хэрхэн хуурч, зохиомол байдлыг бий болгосон, төөрөгдөлд оруулсан талаар дүгнээгүй байна.” гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор хяналтын прокурорын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн “Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай” тогтоолоор даалгавар бичсэн, Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна. Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ.” гэж заасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээд шатны прокурор нь доод шатны прокурорын шийдвэрт хяналт тавьж, гаргасан шийдвэрийг нь доод шатны прокурор заавал биелэгдэх зарчим тусгагдсан. Гэтэл өмнөхтэй яг адилхан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байгаа нь Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын даалгавар биелэгдээгүй, ялангуяа Ц.У нь Н.Б-г хэрхэн хуурч, зохиомол байдлыг бий болгосон, төөрөгдөлд оруулсан талаар бодиттой дүгнээгүй байна. Ийнхүү дээд шатны прокурорын даалгавар биелэгдээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шийтгэх тогтоолын 20 дахь талд “Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг. Шүүгдэгч Ц.У-н хохирогч Н.Б-н эд хөрөнгө болох мөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан арга нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл, үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.” гэжээ. Улсын дээд шүүхийн 2019 оны 538 дугаар тогтоод дараах байдлаар тайлбарласан. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц, түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Дээр бичсэн бүх зүйлсээ дахин давтаж нуршихгүйгээр, Ц.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн объектив тал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийн нөхцөлтэй тулган шалгавал гэмт хэргийн шинжгүй бөгөөд харин иргэний эрх зүйн маргаан болох нь харагдана. Ц.У нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, ажилчдын цалин болон бусад зардлаа шийдчихвэл уурхай ажиллах гээд байна гэсэн үнэн бодит зүйл байсан нь баримтаар хангалттай нотлогдож байгаа буюу зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй. Н.Б-с зээлсэн бүх мөнгөө уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд өөртөө нэг төгрөг ч аваагүй. Ковидын цар тахал болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу явуулж чадаагүй нь өөрөөс нь шалтгаалсан, санаатай үйлдэл байгаагүй гэдэг нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогддог. Зээлийн гэрээгээ байгуулъя, Хамтран ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулъя гэж 7 удаа цахимаар санал явуулж, мессеж бичиж, удаа дараа шаардаж байсан болон гэрээнд заасны дагуу олборлосон алтны 10 хувийг Н.Б-н төлөөлөгчийн хяналтад өгч байсан, зээлээ төлөхөө байнга илэрхийлдэг зэрэг нь анхнаасаа авсан мөнгөө буцааж өгөх санаа байгаагүй, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг төөрөгдүүлээгүй гэдгийг батална. Харин Иргэний хууль тогтоомжийн дагуу “Хамтран ажиллах гэрээ" байгуулж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, өөрт ашиггүй хэт нэг талд үйлчилсэн гэрээ болохыг мэдмэгц санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тооцоо нийлсэн акт үйлдэж байсан, гэрээний хугацаа одоо ч дуусаагүй, цаашид хэвийн үргэлжилж үүргээ биелүүлэх боломжтой зэрэг нь иргэний эрх зүйн харилцаа болохыг харуулж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 863 дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал Ц.У-н өмгөөлөгчид нь саналаа хангалттай илэрхийлсэн боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн хэлсэн үг, саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаартай шийтгэл тогтоолыг бүхэлд хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч Г.Баяржаргал өмгөөлөгч Б.Мэргэнтэй хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын тооцоог хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон яллах дүгнэлтэд өөр, өөр дүгнээд байна. Шүүх шүүгдэгч Ц.У-с 2,286,225,638 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-т олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 19 дүгээр талд шүүгдэгч Ц.У нь хохирогч “И” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авах гэсэн саналыг хэлснээр маргаан үүссэн гэж тайлбарлах хэдий ч, энэ талаар гэрээ хэлцэл талуудын хооронд бий болоогүй. Хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байхад шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар талаас, 2 дугаар хавтаст хэргийн 24 дугаар тал хүртэлх нотлох баримтуудыг шүүгдэгч Ц.У болон миний бие мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Уг нотлох баримтад “...хохирогч Н.Б-н өмгөөлөгч н.Б, “И” ХХК-ийн гэрээгээ дүгнэж, асуудлаа шийдвэрлэе гэж  хэрэг гарахаас 2 сарын өмнөөс миний албан өрөөнд уулзалдаад, цахимаар харилцаж байхаар тохиролцсон баримтууд байдаг. Нэгдүгээр хавтаст хэргийн 178 дугаар талд шүүгдэгч Ц.У-н өөрийн гаргасан тооцоо нийлсэн акт авагдсан. Үүний дагуу хохирлын тооцоог 2,286,225,638 төгрөг гэж дүгнэсэн.

Гэтэл шүүх хохирогч Н.Б-н уурхайн 60 хувийн хувьцааг над руу шилжүүлж өг гэж хэлсэнд дүгнэлт хийгээгүй. Тухайн маргаан үүнээс болж үүссэн. Би “И” ХХК-ийн гэрээт хуулийн зөвлөхийг 2019 оноос хойш хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй....” гэж хуульчилсан. 04 дүгээр сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэгт дурдсан бүх өгсөн, авсан мөнгөний баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хамтран ажиллах гэрээ хуульд заасан шаардлагыг хангахгүй байна хэмээн шүүхэд өгсөн. 04 дүгээр сарын 07-ны өдөр Н.Б цагдаад гомдол гаргасан. Үүний өмнө бүтэн сар манай өрөөнд ирж, уулзаад явдаг байсан. Шүүх үүнийг эсрэгээр нь дүгнэсэн.

Хавтаст хэргийн тал нь миний гаргасан хүсэлтүүд байгаа. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд хоёр асуудлыг ярьдаг. Нэгдүгээрт алтыг үнэлж, дүгнээд хохирлын тооцооноос хасах, хоёрдугаарт хамтран ажиллах гэрээг хэн зохиосон талаар миний болон Ц.У-н компьютер, Н.Б, түүний өмгөөлөгч н.Б-н компьютерт, хохирогч Н.Б-н өөрийн мэйл хаягуудад үзлэг хийж өгнө үү гэсэн.

Түүнчлэн гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Тухайн гэрээ нь хэнээс анх гараад, хэнээр дамжсан талаар судалж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. Үүнийг нэг ч удаа хийгээгүй. Хэргийн дунд нь тооцоо нийлсэн акт гараад ирэхээр, үүнийг зөв гэж үзэж, хохирлыг тогтоосон. Хохирогч Н.Б-т нийт 380,985,700 төгрөгийг буцааж өгсөн. Үүнийг Н.Б өөрөө “...надад өгсөн алт нь 700.000.000 төгрөг болох байх..” гэж мэдүүлсэн байдаг. Ц.У “...тухайн үеийн дундаж 155.000 байсан. 345.000.000 төгрөг болно..” гэдэг. Төлсөн 380.000.000 төгрөг дээр Ц.У-н тооцоолсон 345.000.000 төгрөгийг хасахаар сая зургаан зуун наян сая төгрөгийн үлдэгдэлтэй болно. Үүнийг төлнө гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлээд яваад байсан. Гэтэл шүүх зөвхөн Ц.У-н гаргаж өгсөн тооцоонд үндэслэж хохирлыг тооцоог гаргасан.

Монгол банкны цахим сайтад үзлэг хийсэн талаар ярьсан. Үзлэгийг хуулийн дагуу явуулах ёстой. Хөндлөнгийн гэрч байцуулах ёстой зэрэг хуульд заасан шаардлагуудыг хангаагүй. Тухайн үзлэгээр гарсан дүнг шүүх авч хэлэлцээгүй. Хохирлын тооцоо нь нэг өөр, Н.Б-н гаргаж өгсөн тооцоо нэг өөр, яллах дүгнэлтийн хавсралтад мөн өөр байдаг.

Эцэст нь хэлэхэд н.Д-д холбогдох хэрэг гэх яллах дүгнэлт гардуулж өгөөд, доод талд нь зөв болгоод Ц.У гэсэн байсан. 2 яллах дүгнэлтийг хооронд нь хуулахдаа алдаа гаргасан байсан. Үүнийг ядаж засуулъя гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй. Иймд хэргийг эргэлзээтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Би өмнө ийм шийтгэх тогтоол харж байгаагүй. Гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн. Тухайн хэрэгт миний дээр дурдсан 3 ажиллагааг явуулахад бүх зүйл ойлгомжтой болох байсан. Сайтад үзлэг хийгээд өгөөч гээд гурван жил ардаас нь яваад дийлээгүй. Үүний улмаас миний үйлчлүүлэгч эрүүгийн хариуцлага хүлээгээд явж байна. Иймд миний зүгээс тухайн хэргийг анхан шатны шүүх рүү буцаах саналтай байна. Ингэхдээ дахин үзлэг хийлгэх, тухайн гэрээг хэн зохиосон, алт ямар үнэтэй байсан зэргийг тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай. Хохирлын тооцоог нэг ч төгрөгийн зөрүүгүй тогтоох ёстой. Зөвхөн миний тооцоогоор 600.000.000 төгрөгийн зөрүү гардаг. Хохирогчид өгсөн 380.000.000 төгрөгийг хасуулах саналтай байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү. Түүнчлэн миний үйлчлүүлэгч 3 сар гаруй хугацаанд цагдан хоригдож байгаа.Түүнд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тухайн гэрээг авч ирээгүй. Би гэрээнд нэг ч үг үсэг, цэг таслал оруулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, өөрийн хүсэл зорилгыг илэрхийлж чадаагүй. Гэрээг хохирогч Н.Б, түүний эхнэр О.Б нар бэлдэж, авчирсан. Миний бие Н.Б, О.Б нарын санал болгосон болзлыг хүлээн авч, гэрээг биелүүлж явсан. Би гарсан металлыг хувааж өгч байсан. Тухайн үед надад уурхай байсан. Одоо ч байгаа. Н.Б, О.Б нар удаа дараа ирж, явагдаж буй ажилтай танилцаад, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө металлыг аваад явдаг байсан. Би өөрийн биеэр хүлээж авч, ажлын явц болон бичиг баримтуудыг танилцуулж, гаргаж өгдөг байсан. Миний бие уурхай дээр байнга байрлаж ажилладаг байсан. Гэрээний хугацаа дуусаагүй. Цаашид гэрээг үргэлжлүүлж, гэрээний үүргийг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Үүнийгээ ч илэрхийлсээр ирсэн. Хуулийн зөвлөх Г.Б аль алиныхаа эрх ашгийг хамгаалахын төлөө хуульд нийцүүлж, гэрээг шинэчлэх шаардлагатай гэсэн. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг Н.Б-т цахимаар болон амаар илэрхийлсээр ирсэн. Гэвч Н.Б-аас хариу ирээгүй тул иргэний шүүхэд Г.Б өмгөөлөгч хандсан.

Ковидын улмаас түр хугацаанд хүндрэл гарсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлээс үүссэн хүнд нөхцөл гэрчилгээг бидэнд олгосон. Зарцуулалтыг Н.Б, О.Б нар мэдэж байсан. Энэ талаар тэдгээрийн өгсөн мэдүүлэгт байгаа. Миний хувьд мөнгийг зарцуулах ёстой зүйлдээ зарцуулсан гэж боддог. Мөнгөн дүнг нэгтгээд зээл үү, хөрөнгө оруулалт уу гэдэг дээр тохироод гэрээг байгуулъя гэж удаа дараа хүсэлт илгээсэн. Миний хувьд холбоогүй болсон зүйл байхгүй. Миний гар утас 24 цаг асаалттай байдаг. Би ******** дугаарыг 20 жил тасралтгүй барьж байгаа. Н.Б залгах юм уу, мессеж бичих үед байнга хариу өгч, уулздаг байсан. Харин Н.Б-тай уулзах үед “...чи уурхайгаа хоёр тэрбумаар зарна гэсэн байсан...” гэх зүйлийг тулган шаарддаг байсан. Би лицензийг 100 хувь барьцаалаад, кадастрын албанд бүртгүүлж болдог гэдгийг мэдэж байсан. Энэхүү саналыг тавьсан. Гэтэл Н.Б-н зүгээс 60 хувийг шилжүүлж авах гэрээний төслийг надад санал болгож, цахимаар гэрээний төслийг илгээсэн. Үүнээс болж маргаан үүсэж, тохиролцоонд хүрэхгүй байсаар өнөөдрийн байдалд хүрч, би эрүүгийн гэмт хэрэгтэн болоод сууж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гаргасан металлыг авдаг байсан. Бидэнд нуусан зүйл байхгүй. Харин тухайн маргаан үүссэнээс хойш уурхай руу үл таних хүмүүсийг явуулсан байсан. Би манай компанид хуулийн зөвлөхөөр 8 жил ажиллаж байгаа өмгөөлөгч Г.Б-аас зөвлөгөө авсны дагуу цагдаа дуудсан. Тэднийг шаардлагатай болоод цагдаа авч явж, саатуулсан гэж бодож байна.

Хохирогч Н.Б нь мөнгөний хэрэгцээ гарсан бичил уурхайн хүмүүст мөнгө зээлүүлж, олборлосон алтыг дээрэмдэж авдаг гэх гэсэн албан бус, ам дамжсан яриаг өдийг хүртэл сонссоор ирсэн. Уг үйлдэл нь манай компани дээр ч гарсан. Н.Б нь мөнгөн дүнг хамтран ажиллах гэрээний хүрээнд шилжүүлсэн. Нэг бол зээл гэж удаа дараа намайг төөрөгдөлд оруулж, үг хэлээр дарамтлан, хүнд байдалд оруулсаар ирсэн.

Түүнчлэн хэлсэн үгээ хэлээгүй болгож, өөрийн санал болгосон саналаа, санал болгоогүй болгож, манай компанийн 60 хувийг авъя гэж хэлээгүй, өөрийн авчирсан гэрээг авчраагүй, 60 хувийг шилжүүлэн авахтай холбоотой гэрээнүүдийг өмгөөлөгч Б.Батмөнх, нягтлан Ө.М, өмгөөлөгч Г.Баяржаргал, Ц.У над руу илгээгүй хэмээн худал мэдүүлэг өгч, шүүгч, мөрдөгч, прокурор нарыг төөрөгдөлд оруулсаар байна. Шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө өөрийн өмгөөлөгч Б.Б-г байгаагүй мэтээр худал хэлсэн. Амьд хүнийг хүртэл үгүйсгэж, тийм хүн огт байгаагүй мэтээр худал хэлсээр ирсэн.

Хохирогч Н.Б нь намайг гүтгэн доромжилсоор өнөөдөр намайг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоод байна. Иймд зөвхөн Н.Б-н зохиосон зохиолын дагуу бус, нотлох баримтад тулгуурлан уг хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Ц.У гэх хүнийг огт танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр миний таньдаг хүнээр дамжуулан ирж уулзсан. Би мөнгийг гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн. Дараа нь гэрээнд гарын үсэг зурсан. 2021 оноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Үүнээс харахад нарийн төлөвлөсөн ажиллагаанд би оролцсон юм шиг санагдсан. Шүүгдэгч Ц.У нь ямар нэгэн аргаар юу ч хамаагүй хэлж байгаад энэ хүнээс хэдэн төгрөг авъя гэж бодсон юм билээ. Надаас мөнгө авсны дараа “...уурхай зогслоо, та мөнгөө эргүүлж авъя гэж байгаа бол түлш авч өг, ийм техник хэрэгтэй гэж үргэлжлүүлж авсаар байсан. Тухайн оны зундаа 2 хоноод 10 грамм, 3 хоноод 5 грамм бага хэмжээний алт өгч байсан. Манай хоёр хүн уурхай дээр байрладаг байсан. Өгсөн алтыг нь бөөгнүүлж байгаад, сарын сүүлээр очиж авдаг байсан. Ийм байдлаар надад юм өгч байна гэх сэтгэхүйг суулгаад, маргаашаас нь “...80.000.000, 100.000.000 төгрөг хэрэгтэй байна. Одоо болж байна...” гэж үргэлжлүүлж авсаар байгаад тухайн жил дуусдаг. Намар нь би орж ирээд, “...ах нь байгаа мөнгөө та хоёрт өгөөд дууслаа, одоо яах вэ...” гэсэн. “...ирэх жил сайхан ажиллана, танд гаргасан металлынхаа 30 хувийг өгнө, та надад мөнгө олж өг..” гэсэн. ...” гэв.

Хохирогч Н.Б-н өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийн оролцогч нарын эрхийг хангаж, шийдвэр гаргасан.

Гэмт хэргийн тухайд, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,286,225,638 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр анх хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2 сарын хугацаанд 600.000.000 төгрөгийг төлж барагдуулах, 5 жилийн хугацаанд тухайн олсон ашигт малтмалынхаа 10 хувийг өгнө гэх бодит байдалд нийцэхгүй байдлаар гэрээг байгуулсан.

Шүүгдэгч нь Н.Б, О.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээг авчирсан гэдэг боловч хохирогч, гэрч нарын мэдүүлгээр энэ нь үгүйсгэгддэг. Гомдолд 600.000.000 төгрөгийн үйл баримт яригддаг. Тухайн мөнгийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан. Дундуур нь буюу үргэлжилсэн үйлдлээр, удаа дараа ажилчдын цалин, тээвэр, шатахуун түлш гэх мэтээр мөнгө авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 01 дүгээр сард авсан 800.000.000 төгрөг дээр маргаж чаддаггүй. Үүний нэг үйлдлийг тодруулбал,  өөрийн эзэмшлийн бус үл хөдлөх хөрөнгө, мөн “И” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг барьцаална гэх албан бичгийг явуулж, мөнгө авдаг боловч бодит байдалд мөрдөн шалгах ажиллагааны явцад Улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа, авто тээврийн үндэсний лавлагаа зэргээр Ц.У-н нэр дээр бүртгэлгүй талаарх баримтууд авагдсан. Мөн “И” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашиглалтын лицензийг барьцаална гэж мөнгө авч байсан тохиолдол бий.

Ашиглалтын лицензийг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээд, банк болон банк бусад барьцаалж болно. Хувь хүнд барьцаалахыг хориглосон. Гэхдээ ашигт малтмалын эзэмшлийн гэрчилгээ дангаар биш, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт холбогдох баримтууд бүрдүүлбэрийн хувьд хангасан тохиолдолд Улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар үүсдэг. Энэ мэт зохиомол байдлыг зориуд бий болгосон нөхцөл байдалд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт маргаж байсан. Шүүх 2.286.225.638 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын зүгээс хохирол, хор уршигтай холбоотой асуудал дутуу гэсэн. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгсөн. Гэтэл хэргийн үйл баримтыг бодит байдлаас гуйвуулсан баримтыг гаргаж өгснөөр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, яллах дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болж байсан. Энэ нь 2021 онд “И” ХХК-ийн уулын төлөвлөгөө нь 18 килограмм алт олборлох байсан. Төлөвлөгөөгөөр тухайн алтыг олборлох боломжгүй болсон тул хохирогч Н.Б тодорхой хэмжээний алтыг хувь хүмүүсээс авч Монгол банканд тушаадаг ажил хийдэг байсан. Өөрт байсан алтыг Ц.У-н нэр дээр шилжүүлж, Ц.У нь Монгол банканд тушаагаад, тухайн тушаасан мөнгийг Н.Б луу шилжүүлсэн гэх тухайн хэргийн үйл баримттай хамааралгүй баримтыг гаргаж өгч, хохирлын хэмжээг зөрүүтэй дүгнэхэд хүргэсэн. Энэ талаарх баримт дөрөвдүгээр хавтаст хэрэгт авагдсан. Энэ мэтчилэн хохиролтой холбоотой асуудал дээр шүүгдэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу ашигласан, шийтгэх тогтоолын дээрх заалт хуулийн шаардлага хангаагүй талаар ярьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна....” гэж зохицуулсан. Дээрх заалтыг анхан шатны шүүх хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэх боломжтой талаар дурдсан. Ц.У нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч юм.

Компанийн тухай хуулийн 9.3 дугаар зүйлд “...хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ..” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлд “...төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна..” гэж заасан учир хохирогчид учирсан хохирол, хор уршгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгэх боломжтой.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар мөн маргадаг. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх үндсэн шинжийг агуулсан. Үүнтэй холбоотойгоор 600.000.000 төгрөгийг шилжүүлэн авч буй хамтран ажиллах гэрээний хэлбэр бий. Хоёрдугаарт өөрийн нэр дээр бүртгэлгүй үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслүүдийн жагсаалтыг явуулж мөнгө авч байгаа хэлбэр. Мөн ажилчдын цалин бусад байдлаар хөрөнгийг татан төвлөрүүлж, өөрийн эзэмшилд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогддог.

Сэдэлтийн хувьд буцаан өгөх бодол байсан гэж ярьдаг. 2022 оны 04 дүгээр сараас мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад, 2025 он хүртэл буюу анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл Ц.У нь хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлөх боломж байсан. Хэрэгт Ашигт малтмал газрын тосны газраас албан бичиг ирсэн. 2023 онд “И” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө батлуулж байсан. 2023 онд 22 кг алт олборлохоор албан бичиг явуулж байсан. Тухайн уулын төлөвлөгөөнд батлагдсан, төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй тохиолдолд тодорхой хэмжээний хуульд заасан хариуцлага оногдуулдаг. Энэ мэт үйлдлээс харахад Ц.У нь тодорхой хэмжээний ашиг олсон байдаг. Хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр Ц.У-н мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй гэх нөхцөл байдал яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу яллагдагч, шүүгдэгч нь хэргийн үйл баримтыг нотлох үүрэг хүлээдэггүй. Түүний үйлдлийг бусад баримтаар буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч н.М, О.Б, хохирогч Н.Б нарын мэдүүлгээр тухайн үйл баримтын талаар хангалттай тодруулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан Г.Б, Б.Б нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мөн хэргийн оролцогчийн гомдлоор шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулах хүсэлт гаргасан.

Шийтгэх тогтоолд хүсэлтийг дээрх үндэслэлээр няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдсан. Түүнээс ямар нэгэн байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурийг илэрхийлээгүй. Зөвхөн процесс ажиллагаатай саналыг гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлын талаар хууль зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэний зүгээс иргэний эрх зүйн харилцаа байсан. Гэрээ байгуулж, гэрээний явцын талаар санал солилцож, эрсдэл учирвал харилцан эрсдэлээ хүлээх иргэний эрх зүйн харилцаа байсан. Улсын дээд шүүхийн тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй гэх агуулгатай тайлбарыг хэлсэн.

Хамтран ажиллах гэрээний 3,6,9-т байгаа. Тухайн гэрээ нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдаж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг зөрчиж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу миний үйлчлүүлэгч өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, тайлан мэдээ авах, олборлолт дээр өөрийн төлөөний хүнийг байлгах байсан. Гэтэл 09 сарын дараа миний үйлчлүүлэгчийн төлөөний хүнийг гаргасан. 5 жилийн хугацаанд байлгах байсан. Улмаар ямар ч хяналтгүй болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний эрх зүйн харилцаа буюу иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний явцад хамтрагч этгээд нөгөө талын гэрээний харилцаанд хяналт тавих боломжгүй болсон.

Дараагийн гэмт санаа байсан гэх нотлох баримт болбол 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд 600.000.000 төгрөгийг 05 дугаар сарын 31-ний хооронд шилжүүлж авсан. Энэ нь хамтран ажиллах гэрээний дагуу 2 сарын дотор ашиг олно гэсэн боловч 2 сарын дотор 157.000.000 төгрөг өгдөг. Улмаар “...та цаашаа хөрөнгө оруулалт хийхгүй бол ямар ч мөнгө олж авч чадахгүй болох нь...” гэж хэлж, миний үйлчлүүлэгчийг хөрөнгө оруулах нөхцөл рүү түлхсэн. Мөн “...Хамтран ажиллах гэрээний дагуу би танд ашигт малтмалын лицензээ эх хувиар нь барьцаалж байна..” гэж хэлээд, эх хувь барьцаалж байна гэсэн бичиг өгөөд, уг бичгээрээ 1.200.000.000 төгрөг авдаг. Гэвч лицензийн эх хувиар нь өгөөгүй.

Гурав дахь үйлдэл нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “...танд 6 техник, 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байна. Та надад 500.000.000 төгрөг өгчих...” гэдэг. Эх хувиар нь албан бичиг явуулаад, техник хэрэгслүүдийг барьцаанд өгөөгүй. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэрэг төгссөний дараа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээг цуцалъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхнаасаа хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх, уг гэрээнд хяналт тавиулах, гэрээнд оролцуулах санаа зорилго Ц.У гэх хүнд байгаагүй. Хөрөнгө оруулалт нэмэх болгондоо би танд ийм, ийм юм барьцаалж байна гэж гэрээгээр халхавчилж байгаа боловч тухайн хөрөнгүүдийг огт шилжүүлдэггүй. Хамтран ажиллах гэрээний дагуу зориулалтын дагуу хөрөнгийг зарцуулах ёстой байтал 600.000.000 төгрөгөөс Дархан-Сэлэнгийн Цахилгаан дамжуулах сүлжээнд өмнөх 6 сарын тогийн төлбөрийг төлсөн талаар нягтлан нь мэдүүлсэн.

600.000.000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулж, орлого олох ёстой байтал бусад өр төлбөрийг төлж, дараагийн төлбөрүүдийг авах нөхцөлийг бий болгосон.

Хохирлыг Ц.У зөвшөөрдөггүй талаар Б.Мэргэн өмгөөлөгч яриад байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 2 дугаар талд “...би 2,286,225,638 төгрөгийг төлнө..” гээд тооцоо нийлсэн актыг Ц.У өөрөө бичиж, гарын үсэг зурж, авчирч өгсөн. Хохирогч талаас тухайн баримтыг гаргаж өгөөгүй.

Алтаар төлсөн гэх асуудлыг ярьж байна. Н.Б-н төлөөний 2 хүнийг дээрэмдэх гэж байна хэмээн Төв аймгийн Заамар сумын цагдаагийн газарт гомдол гаргасан.

Түүнчлэн 60 хувь шилжүүлэхтэй холбоотой үйл баримт ярьдаг. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. 60 хувийг шилжүүлж авъя гэх саналыг гаргаагүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч мэдүүлдэг. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.Б цагдаагийн байгууллагад анх өргөдөл гаргасан. Гэмт этгээдийн санаа бодол нь гэрээг биелүүлэх сонирхолгүй учраас гэрээнээс гарч, гэрээг цуцлах бодит үйлдлийг хийсэн. Иймд эдгээр үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хохирлын талаар Ц.У анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хүртэл төлөхөө тогтвортой илэрхийлсэн. Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нартайгаа ярилцаад, 800.000.000 төгрөгийг төлөх тухай хэлсэн. Гэвч яагаад 800.000.000 төгрөгийн хохирол төлөх тухай үндэслэлээ тодорхой гаргаж өгөөгүй. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 8 сар хүртэл 2 сарын хугацаанд уурхай үйл ажиллагаа явуулахдаа Н.Б-т ноогдох 2,2 килограмм алтыг шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгийг 2.800.000.000 төгрөгөөс Н.Б сайн дураараа хасуулсан. Учир нь, энэ бол гэмт хэрэг. Би ашиг хүртэхгүй, хохирсон. Иймд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоос хасаж тооцож өгнө үү гэсэн. Шүүх тус агуулгаар шийдсэн. Эрүүгийн хуулийг Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 538 дугаар тайлбараас зөрүүтэй тайлбарласан зүйл байхгүй. Ц.У нь эрүүгийн хуулийн нуух, хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах гэх гурван үндсэн шинжийг хангасан.

Процессын хуулийг ноцтой зөрчсөн гэх ойлголтын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын саналыг дараа мөрдөн шалгах ажиллагааны хугацааг сунгасан гэдэг нь хэргийн шийдэлд нөлөөлөхүйц процессын ноцтой зөрчил биш. Өөрөөр хэлбэл, уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

“И” ХХК-ийн лицензтэй холбоотой мөнгө орж ирсэн тухай мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Н.Б-с орж ирсэн мөнгийг хэрхэн, юунд, ямар байдлаар зарцуулсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоосон. Үргэлжилсэн үйлдлээр, 2021 он 05 дугаар сарын 28-ны өдрөөс , 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2.809.000.000 төгрөгийг шилжүүлж авсан үйлдэлдээ маргадаггүй. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 500.000.000 төгрөгийг Ц.У 1 жилийн хугацаатайгаар зээлж байна, барьцаанд дараах зүйлийг барьцаалъя гэсэн боловч барьцааны зүйлс бодитой биш байсан. Барьцаалах боломжгүй байсан. Хаан банканд барьцаалсан хөрөнгийг надад барьцаална гэж амлалт өгөөд, мөнгийг шилжүүлж авсан. Мөнгийг шилжүүлж авсны дараа барьцааны гэрээ болон зээлийн гэрээг байгуулаагүй. Энэ үйл баримтууд мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогддог. Тухайн гэрээний дагуу 3 хувийн хүүтэйгээр, 500.000.000 төгрөгөөс 58.000.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Энэ нь хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн. Зээлийн үйл баримттай холбоотойгоор анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн тайлбартай нийцсэн байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.У-г хамтран ажиллах гэрээгээр халхавчлан бусдыг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тухайн гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаа, хамтран ажиллах гэрээнээс үүсэлтэй, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой, хохирогч Н.Б-н дарамтад орж гэрээг байгуулсан гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө буюу уг гэрээнд гарын үсэг зурагдахаас өмнө шүүгдэгч 400.000.000 төгрөгийг авсан байдаг. Гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа үлдэгдэл 200.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгууд болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон. Өнөөдрийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б нь шүүгдэгч Ц.У-г танихгүй. Шүүгдэгч Ц.У-д уурхайн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад мөнгө шаардлагатай байсан учраас н.Бүжинлхам гэх хүнээр дамжуулан Н.Б-тай холбогдсон талаар ярьсан. Аливаа гэрээ нь хоёр талын хүсэл сонирхлыг эрх тэгш хангасан байх ёстой. Н.Б нь тухайн гэрээнээс ашиг олох зорилготой. Харин Ц.У нь үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготой. Шүүгдэгч Ц.У нь 600.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд өгнө. Мөн 5 жилийн турш гарсан металл бүрээс 10 хувийг өгье гэх татгалзахын аргагүй санал тавьсан. Шүүгдэгч нь уурхайн үйл ажиллагааг олон жил явуулсан хүн. 2 сарын хугацаанд 600.000.000 төгрөгийн 2 хувааж, өгөх боломжгүй гэдгийг мэдсээр байж уг гэрээг байгуулсан. Хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан мэдүүлэг, тухайн компанийн нягтлан н.Мя “...гэрээг 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хохирогч Н.Б-с үйл ажиллагаагаа явуулахын тулд мөнгө хэрэгтэй байна. Ийм ч түлшний мөнгө хэрэгтэй, тийм ч мөнгө хэрэгтэй..” гэж мөнгө авдаг байсан талаар хэмээн мэдүүлдэг. Энэ мэт авсаар байгаад 1.200.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд авсан байсан. Шүүгдэгч нь 7 сараас 8 сарын хооронд 2 удаа алт өгсөн гэдэг. Тухайн цаг хугацаанаас гадна өмнө нь тодорхой хэмжээний алт олборлоод “....танд 0.04 грамм  алт гарах гээд байна, та хоёрын хооронд юмаар яадаг юм бэ, би дараа нь танд нөхөөд өгье..” гэх байдлаар үйл ажиллагааг явуулж, анхнаасаа тухайн гэрээг биелүүлэх санаа зорилгогүй байсан гэдэг нь тухайн үг, хэллэгээс нь харагддаг. Шүүгдэгч нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 500.000.000 төгрөг шаардлагатай байна гэхэд хохирогч эрсдэлээ бодоод, барьцаа авна гэх шаардлагыг тавихад “...би танд 2 үл хөдлөх хөрөнгө, ийм ийм тээврийн хэрэгслүүдийг барьцаалъя..” гэж хэлнэ дахин хуурсан. Тухайн эд зүйлийг барьцаалаагүй. Анхан шатны шүүх хуралдаан хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан. Гэвч хохирол төлөгдөөгүй орж ирсэн. Тухайн үед барьцаалах ёстой байсан зуслангийн газрыг хохиролд өгье гэх шаардлагыг тавьсан байсан. Хохирогч нь өмнө надад шилжүүлж өгөх ёстой байсан, барьцаалаагүй эд хөрөнгөөр миний хохирлыг төлнө гэж намайг дахин нэг залилах гэж байна хэмээн зөвшөөрөөгүй. Улмаар хохирол төлөгдөөгүй орж ирсэн. Дахин тэрбум төгрөг шаардлагатай байна гэхэд нь 250.000.000 төгрөгийг нэг өгөөд, дараа нь нэмж 50.000.000 төгрөгийг өгч, нийт 300.000.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сард авсан. Ийнхүү авахдаа “...би танд алтны лицензийнхээ эх хувийг өгье..”гэж хэлдэг. Гэвч өгөөгүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын яриад байгаа уурхайн 60 хувийг надад шилжүүлж өг гэж ярьсан тухай баримт хэрэгт байхгүй. Энэ харилцаа үүсэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.У-с үүдэлтэй. Шүүгдэгч Ц.У анх хүсэлт гаргасан. Ц.У-н хүсэлт дээр үндэслэж, гэрээ байгуулагдсан. Үүний улмаас хохирогчид 2 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан.

Харилцан эрсдэлээ хүлээж гэрээ байгуулсан. Шүүгдэгч нь би өөртөө аваагүй. “И” ХХК-д авсан гэх асуудлыг ярьдаг. Ц.У нь тухайн компанийн 100 хувьцаа эзэмшигч. Уг компаниас олсон ашиг орлого зөвхөн энэ хүнийх юм. “...Компанийн үйл ажиллагааг ингэж явуулъя, эрсдэлээ хоёулаа даая, та надад хөрөнгө оруулчих, би танд металлынхаа тэдэн хувийг өгье...” гэж үнэхээр тохирсон юм бол яагаад байгууллагын нягтлан хамтран ажиллах гэрээг огт мэдэхгүй байгаа юм бэ, 2021 оны 05 дугаар сард гэрээ байгуулаад, хохирогч Н.Б-ас Ц.У 600.000.000 төгрөгийг авсан гэдгийг н.М гэх нягтлан 2021 оны 12 дугаар сард буюу жилийн эцсийн тайлан тооцоо гарах үеэр мэдсэн. Үнэхээр тухайн мөнгийг компанидаа оруулаад, олсон орлогоос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлье гэж бодож байсан бол яагаад нягтландаа хэлээгүй юм бэ, энэ бүхнээс үндэслэн хамтран ажиллах гэрээгээр халхавчилсан, залилах гэмт хэрэг үйлдэгдсэн  гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Нэмж хэлэхэд мөрдөн байцаалтын хугацаа сунгасан тогтоол нь урдуур нь, мөрдөгчийн санал нь хойгуур нь байсан гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааг прокурор удирдан явуулдаг гэдэг нь мөрдөн байцаалтын хугацаа дууссан тохиолдолд прокурор санаачилгаараа дээд шатын прокурорт саналаа танилцуулж, мөрдөн байцаалтын хугацааг сунгасан нөхцөл байдал байгаа юм. Түүний ардаас мөрдөгч өөрийн саналыг нөхөж хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан байгаа баримтуудыг үгүйсгэх хэмжээний процессын зөрчил гэж үзэхгүй байна.

Монгол банкны веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж яриад байна. Үзлэг хийх гэж байгаа тохиолдолд эзэмшигчийг байлцуулна гэж байгаа. Гэтэл Монгол банкны веб сайтад буюу олон нийтэд нээлттэй веб сайтад үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулах боломжгүй. Хөндлөнгийн гэрч байлцуулах ёстой байсан тухай ярьсан. Хөндлөнгийн гэрчийг байлцуулж болно эсхүл “...тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ..” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 хэсэгт заасан. Веб сайтад хийсэн үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.

2021 оны 05 дугаар сараас 600.000.000 төгрөгийн эхлэлтэй, нийтдээ 2.000.000.000 хүртэл хэмжээний хохирлыг 2022 оны 01 сар хүртэлх хугацаанд бий болгосон. Хохирлыг нотлох баримтыг шинжлэн судлаад, талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүх тогтоож болно. Шүүх тогтоохдоо тооцоо нийлсэн актыг үндэслэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тооцоо нийлсэн актыг шүүгдэгч Ц.У-н зүгээс гаргаж өгсөн. Тухайн актыг үйлдсэн өдрөөс хойш хохирогчоос Ц.У-д өгсөн мөнгө байхгүй. Ц.У-с хохирогчид өгсөн мөнгө байхгүй. 2022 оны 2 сард гаргасан тооцоо нийлсэн акт нь тухайн эрх зүйн харилцааг төгсгөл болгосон акт учраас үүнийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.У нь “И” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Н.Б-г хуурч “Төв аймгийн Заамар суманд алтны лиценз, зөвшөөрөлтэй энэ компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас 600,000,000 төгрөг өгөөч, тэгвэл хамтарч ажиллаж болно. Таны мөнгийг ашиг хэлбэрээр 2 сарын хугацаанд буцааж өгөөд түүнээс цааш олборлосон металлынхаа 10 хувийг 5 жилийн хугацаатай өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүгээр халхавч хийж, уг гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ба иргэн Н.Б-т гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүй атлаа 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,286,225,638 төгрөгийг авч, иргэн Н.Б-т их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н “...У нөхөр А гэдэг залуутай ирээд би “И” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Би Төв аймгийн Заамар суманд алтны лиценз, зөвшөөрөлтэй энэ компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас 600,000,000 төгрөг өгөөч тэгвэл хамтарч ажиллаж болно. Таны мөнгийг ашиг хэлбэрээр 2 сарын хугацаанд буцааж өгөөд түүнээс цааш олборлосон металлын 10 хувийг 5 жилийн хугацаатай өгнө гэж хэлсэн. Би бодож байгаад хариу хэлнэ гэж хэлсэн чинь та яаралтай хариугаа хэлээрэй гэж хэлсэн. Ингээд орой 20 цагийн үед У залгаад бид нар компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг эх хувиар нь танд хадгалуулчихмаар байна гэж хэлэхээр нь би гэртээ байна гэж хэлсэн чинь гэрийн гадаа ирчихлээ гээд дахиад залгасан. У-н тавьсан саналыг хүлээж аваад хамтарч ажиллахаар тохироод салцгаасан. У 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичиг баримтаа авч ирж өгөөд гэрээ байгуулахаар болоод явсан. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр У над руу залгаад та нөгөө мөнгө яаралтай хийгээд өгөөч, ажилчид маань цалингаа авмаар байна гээд байна, цалинг нь өгөхгүй бол өөр уурхай руу явах гээд байна гэж хэлэхээр нь би хөдөө явж байна гэж хэлсэн чинь одоо яаралтай хэрэгтэй байна гэж хэлээд намайг шавдуулаад байсан. Би тэр үед би Төв аймгийн Угтаал цайдам суманд явж байсан болохоор У-н над руу мессежээр явуулсан Голомт банкны ********** тоот данс руу би өөрийнхөө ******* тоот данснаас 2 хувааж, нийт 600,000,000 төгрөг шилжүүлсэн... 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр У-тай хамтарч ажиллах гэрээг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаанд байрлалтай **** хоршоонд байгуулсан, би гэрээ байгуулахдаа У-с гэрчилгээг хадгалах юу болсон бэ гээд асуусан чинь манай компани дээр аудитын шалгалт ирсэн байгаа. Энэ шалгалт дуусахаар танд аваад ирье гэж хэлсэн... 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр У над руу утсаар яриад таны өгсөн мөнгө дууссан, түлш байвал яг ажил эхлэх гээд байна, түлшний мөнгийг 2 хоногийн дотор гаргаад өг гэж хэлэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би өөрийнхөө данснаас “И” ХХК-ийн түлш авсан “М” ХХК-ийн 5031041127 тоот данс руу 55.833.000 төгрөгийг шилжүүлсэн... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр У миний эхнэр Б-н дугаар луу залгаад уурхайн ажил эхлэх гэсэн чинь усан буу маань томдоод байна, жижиг буу авах хэрэгтэй байна гэж хэлээд эхнэрээс маань 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр усан буу авах гэж байгаа хүний данс гээд 5037302254 тоот данс руу 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг... 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-аас авсан түлшийг “И” ХХК-ийн уурхайд хүргэж өгсөн түлшний тээврийн хөлс гэж 1,200,000 төгрөгийг, “М” ХХК-ийн жолооч танайх тээвэрлэлтийн мөнгийг өгнө гэж хэлсэн гээд надаас мөнгө нэхэхээр нь би тухайн жолоочийн данс болох ***** тоот Хаан банкны данс руу 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн юм... 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өмнөх авсан түлш дуусчихлаа, ахиад түлш хэрэгтэй байна. Та шийдээд өгөөч гэхээр нь би “М” ХХК-аас 92,759,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 5,014,000 төгрөгийг өгөөд “И” ХХК-д хүргүүлсэн. Тээвэрлэлтийн хөлс гэж жолоочийн ******** тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн энэ өдрөө том усан буу эвдэрсэн, Эрдэнэтэд хямдхан төмөр олчихлоо, энийг авах гэсэн юм гэж хэлэхээр нь би У-н данс руу 14,480,000 төгрөг, тээврийн хөлсөнд нь 700,000 төгрөгийг нийт 15,180,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилчдын цалин өгөх гэсэн юм гээд над руу цалингийн хүснэгт явуулаад 136,124,544 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би У-н данс руу **** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хотхоноос шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр У дахиж холбогдоод Синчи-Ойл ХХК-иас зээлээр түлш аваад барьцаанд нь тавьсан байсан оффисын байрыг маань хямдхан зарах гээд байна, төлөх ёстой мөнгийг нь төлөөд өгөөч гэхээр нь би хэдэн төгрөг юм бэ гээд асуусан чинь 300,000,000 төгрөг гэж хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг замын цагдаагийн зүүн талд ********давхарт байрлалтай оффисын байрыг 150,000,000 төгрөгөөр бодож аваад “С” ХХК руу 300,000,000 төгрөгийг Голомт банкны данс pyy нь шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө, борлуулсны шимтгэл гээд 3,000,000 төгрөгийг эхнэр Б-н *********** тоот данснаас шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр У над руу залгаад тоног төхөөрөмж эвдрээд ашиг муу байна. Түрээсээр ажиллаж байгаа Хово маркийн авто машиныг манайд аваад өгөөч, тэгвэл олборлолт хурдан явах гээд байна гэж ярихаар нь би 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Н ХХК-ийн Голомт банкны ******* данс руу ******* гэсэн утга бичиж 85,000,000 төгрөг шилжүүлж, тухайн автомашиныг ийнхүү “Иг” ХХК-д авч өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр У түлшний мөнгө байхгүй байна гэж хэлэхээр надад мөнгө байхгүй байсан учраас 08 дугаар сарын 10-ны өдөр би Б гээд түлш зардаг хүнээс 92,543,500 төгрөгийн данс руу шилжүүлсэн. Тээврийн хөлс нь 1,500,000 төгрөгийг мөн адил шилжүүлсэн. Экскаватор эвдэрсэн шинэ экскаватор авах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 08 дугаар сарын 25-ны өдөр И ХХК-ийн 1415116791 тоот данс руу 263,247,138 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 08 дугаар сарын 27-ны өдөр уурхайд ажиллаж байгаа машин эвдэрсэн учир засах шаардлагатай байна гээд 17,500,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр түлшгүй болсон гээд иргэн Б-с 87,586,200 төгрөгийн түлш авч өгсөн. 09 дүгээр сарын 10-ны өдөр ногдол ашиг гэж 82,000,000 төгрөг буцааж өгсөн. 09 дүгээр сарын 22-ны өдөр түлш хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Б-с 87,586,200 төгрөгийн түлш аваад У-д өгч явуулсан. Буцаагаад 09 дүгээр сарын 27-ны өдөр 87,586,200 төгрөг өгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б-с 88,475,400 төгрөгийн түлш аваад 10 дугаар сарын 10-ны өдөр 88,475,400 төгрөгийн түлш өгөөд буцааж миний данс руу наян сая төгрөгийг шилжүүлж өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр У надтай уулзаад уурхай олигтой ажиллахгүй байсаар байгаад уурхай буусан, цалин өгөх хэрэгтэй байна, 500,000,000 төгрөг хэрэгтэй байна. Танд оронд нь 2 зуслангийн байшин болон 5 автомашиныг барьцаанд өгнө гэж хэлэхээр нь би Г гэдэг хүнээс 500,000,000 төгрөг зээлж аваад У-н данс руу 500,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Тэгтэл тэр өдрөө миний данс руу 56,000,000 төгрөгийг хүү гэсэн утгатай шилжүүлсэн байхаар нь би У руу залгаад энэ юун мөнгө ороод ирсэн бэ?, барьцаагаа барьцаалаагүй учраас хүний мөнгө түрүүлээд хийчихье удахгүй барьцаагаа өгнө гэж хэлсэн. Би энэ явдлаас хойш барьцаагаа өгөөч гэж хэлсэн чинь надаас зөрүүлж 300,000,000 төгрөг байвал өгөөч тэгвэл барьцааны гэрээ хийнэ гэж хэлэхээр нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 250,000,000 төгрөгийг “И” ХХК-ийн нягтлан бодогч М-н Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн. Би У-с барьцааны гэрээ хий гэж шаардсан боловч байгууллагаасаа албан бичиг өгөөд бичигт дурдсан байгаа тээврийн хэрэгслүүдийг барьцаална гэж хэлээд надаас 50,000,000 төгрөгийг У-н данс руу, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийнхөө данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг өөрийнхөө амьдарч байгаа гэрээсээ данс руу шилжүүлсэн. Би 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 11 удаагийн гүйлгээгээр 2,609,144,838 төгрөг шилжүүлээд надад буцааж өгсөн нь 32,919,206 төгрөг, үлдэгдэл 2,286,225,638 төгрөг авах дутуу байгаа. Барьцаанд шилжүүлнэ гэж байсан 8 автомашин 2 зуслангийн байшин маань сүүлд надаас авсан 800,000,000 төгрөгийн оронд барьцаанд өгнө гэж хэлж байсан. Надад ямар нэгэн гэрчилгээ үзүүлээгүй. Өөрөө хэлэхдээ 100 хувь хувьцаа эзэмшдэг гэж хэлж байсан...” /1хх 23/,

дахин өгсөн "... “Би И” ХХК-ийн захирал Ц.У гэж хүнтэй 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Хамтран ажиллах тухай гэрээ" байгуулж байна. Энэ гэрээний агуулга нь Ц.У нь манай S4 уурхай дампуураад үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихлоо 600,000,000 төгрөг өгөөч, энэ мөнгөний оронд “И” ХХК-ийн Төв аймаг Заамар суманд байрлах уурхайн алтыг ухаж дуустал олборлосон алтны 10 хувийг нь өгье гэж тохирч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2021 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд олборлосон алтны 10 хувь гээд надад өгч байсан. Энэ талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ тусгасан байгаа. “И” ХХК-ийн захирал Ц.У бид хоёрын хувьд тооцоон дээр ямар нэгэн маргаан байхгүй. Надаас авсан мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрдөг юм. Миний хувьд ч ялгаагүй хоёр талаас тооцоо нийлсэн актаар таарсан мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ц.У-н хувьд цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татчих танаас авсан мөнгийг хүү алдангийн хамт төлье гэж хэлдэг. Миний хувьд Ц.У гэж хүнтэй анхнаасаа хүү алданги тохирсон зүйл байхгүй. Тухайн үед гэрээний төслийг Ц.У боловсруулаад надад танилцуулсан. Тэгэхээр нь миний хувьд түүний авчирсан гэрээтэй танилцаад гэрээ байгуулж 600,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Миний хувьд бол хохирол болох 2,286,225,638 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөн дүнгээс Ц.У-с авсан алтны мөнгөн дүн ороогүй, учир нь Ц.У-н надад өгсөн алт нь байгалиараа байсан юм. Тухайн алтыг нь хайлуулахаар хорогдол гардаг, мөн цэвэр алт руу шилжүүлсэн дүнгээр тооцож хоёр талаас тохирсны дараа үндсэн үнийн дүнгээс хасаж тооцно. Би өөрийн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан Хаан банкнаас 3,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлсэн мөнгөний үндсэн зээлийг нь ерөөсөө төлөөгүй, зээлийн хүүг нь cap болгон төлөөд явж байна. Анх бол Ц.У гэж хүн надтай 600,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Ингээд надаас зээлсэн мөнгөний оронд 200,000,000 гаран төгрөгийн алт өгөөд өвөл болоод уурхайн үйл ажиллагаа зогссон. Тэгээд надтай Ц.У уулзаад цувуулж авсаар байгаад 1,4 тэрбум орчим төгрөгийг авсан байдаг. Тэгээд хавар ажил эхлэхээр олборлосон алтны 30 хувийг өгье гэхээр нь би тийм зүйл гэж байдаггүй юм. Миний хувьд чамд өгсөн мөнгөө авмаар байна гэсэн шаардлага тавьсан. Үндсэндээ миний хувьд анх оруулсан хөрөнгө оруулалтаа авах буцаан авах зорилгоор мөнгө нэмж өгөөд энэ хүнд залилуулчхаад яваад байна” /2хх 182/,

дахин өгсөн “...Ц.У нь 2021 оны 12 дугаар сард 500,000,000 төгрөгийг зээлж зээлийн барьцаанд 2 зуслангийн газар, 4 тээврийн хэрэгсэл, 1 авто ачигч зэргийг 500,000,000 төгрөг авъя гэж хэлээд “И” ХХК-ийн албан бланк дээр барьцаалах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн улсын дугаар, бүртгэлийн дугаарын жагсаалтыг барьцаалж байна гэсэн албан бичиг явуулсан. Тэгээд намайг амралтаас очихоор барьцааны гэрээг байгуулж нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Тэгэхээр нь ямар ч байсан барьцаа хөрөнгөтэй юм байна гэж бодоод гэрээгээ байгуулчих юм байна гэж ойлгоод тухайн мөнгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн байдаг. Ингээд амралтаас ирээд У-тай холбогдоод зээлсэн мөнгөний барьцаа хөрөнгийн гэрээ бүртгүүлэх талаар хэлсэн. Тэгэхэд компанийн жилийн эцсийн тайлан гарах гэж байна, тэгэхээр зээл хөөцөлдөхөд компани хөрөнгөгүй байж болохгүй байна. Тийм учраас тайлан гарсны дараа шилжүүлж өгье гэсэн. Тэгэхээр тайлан гарсны дараа барьцааны гэрээ байгуулаарай гэсэн боловч ямар нэгэн шалтаг хэлсээр гэрээ байгуулаагүй. Гэтэл сүүлд нь надад шилжүүлж өгнө гэсэн, барьцаанд тавина гэсэн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээ Хас банкны барьцаанд тавиад зээл авсан гэдгийг мэдсэн. Тийм учраас энэ хүн миний мөнгийг өгөх нь худлаа юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөн техникүүдийг бусдад зарж борлуулаад одоо байхгүй болсон байсан. Энэ мэтээр алхам тутамдаа намайг залилаад хохирол учруулаад яваад байна...” /3хх 203, 4хх 61/,

дахин өгсөн “...Ц.У нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 251,5 грамм, 09 дүгээр сарын 06-ны өдөр 187,059 грамм, 10 дугаар сарын 15-ны өдөр 614,038 грамм, 11 дүгээр сарын 01-ний өдөр 244,24 грамм, 11 дүгээр сарын 09-ний өдөр 260,62 грамм, 11 дүгээр сарын 17-ны өдөр 135,03 грамм, 11 дүгээр сарын 30-ны өдөр 186,069 грамм, нийт 1898,02 грамм байгалийн алтыг надад өгсөн байдаг. Надад өгсөн байгалийн алтыг цэвэршүүлэхээр хайлалтын хорогдол болон уг металлын сорьцоор үржүүлэн бодоход 1558,84 грамм болж байгаа юм. Ингээд хайлуулсны эцэст 1558,84 грамм алтыг Монгол банкнаас зарласан тухайн ханшаар бодож авч байсан. Надад Ц.У нь 1558,84 грамм буюу 277,349,000 төгрөгийн алт өгсөн байдаг. Энэ алтыг нэхэмжилж байгаа хохирлоос хасаж тооцно. Тухайн үед бол 300,000,000 төгрөгөөр 1 удаа, 500,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 800,000,000 төгрөгийг зээлсэн. Энэ үедээ үл хөдлөх хөрөнгө, техникийг барьцаална гэж албан бичгийн зураг дараад явуулсан боловч уг албан бичгээ эх хувиар нь өгөөгүй, зээлсэн мөнгөний барьцаа хөрөнгийг надад шилжүүлээгүй залилсан үзэж байгаа юм. Ц.У нь 600,000,000 төгрөгийг тухайн үед надтай хамтран ажиллана. Уурхайгаас олборлосон алтны 10 хувийг өгнө гэж хэлсэн. Ингээд надад алт өгч миний итгэлийг олоод өгсөн алтнаасаа илүү мөнгийг алт өгсөн өдөр болгондоо буюу маргааш нь надаас аваад байсан. Энэ мөнгийг Ц.У болон нягтлан нь мэдэж байгаа. Ингэж хугацаа хожиж байгаа нь залилан хийсэн гэдгээ улам баталгаажуулж өгч байна гэж үзэж байна” /4хх 166, 5хх 25/,

гэрч О.Б- "... У нөхрийнхөө хамтаар нөхөр бид 2 дээр ирээд Төв аймгийн Заамар суманд алтны уурхай ажиллуулдаг. Ажил зогссон байгаа учраас ажилчдынхаа цалин хөлс, түрээсийн техникийнхээ мөнгийг өгч чадахгүй байна гээд ажил маань зогссон, бид нарт 600,000, 000 төгрөг хэрэгтэй байна. Бид нар уурхайгаа ажиллуулаад 600,000,000 төгрөгийг чинь 300,000,000 төгрөг, 300,000,000 төгрөгөөр 2 хуваагаад буцааж өгөөд гарч байгаа материалаасаа 10 хувийг өгнө гэсэн санал тавьсан. Нөхөр бид 2 ярилцаж үзээд эргээд хариу хэлнэ гэж хэлээд салцгаасан. Ингээд тэр өдрөө У манай гэрийн гадаа ирээд мөнгө яаралтай өгч болох уу, ажилчид маань цалингаа өгөхгүй бол явах гээд байна. Ажилчидгүй болох гээд байна гэж хэлээд нөхөр бид хоёртой уулзсан. Нөхөр бид 2 ярилцаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Б өөрийнхөө Хаан банкны ******* тоот данснаас У-н Голомт банкны ******* тоот данс руу 400,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр У-н хэлсэн данс руу үлдэгдэл 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ асуудалд миний нөхөр Утай ярилцаад мөнгө шилжүүлээд байсан. Нөхөр маань 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд У гэдэг хүний данс болон бусад зардалтай холбоотой асуудлаар нийт 2,609,145,138 төгрөг шилжүүлээд энэ мөнгөнөөс буцааж аваагүй байгаа нь 2,286,425,638 төгрөг аваагүй байгаа. 2022 оны 02 дугаар сард У-с мөнгөө авмаар байна гэхээр мөнгийг чинь өгнө гэж хэлээд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд байдаг. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр У 500,000,000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь бид нар бэлэн мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Барьцаанд 8 автомашин болон зуслангийн 2 байшин барьцаална гэж хэлэхээр нь У-д итгээд 500,000,000 төгрөгийг У-н данс руу шилжүүлж өгсөн. Гэтэл тухайн тээврийн хэрэгслүүд болон зуслангийн байшингуудыг одоо болтол барьцаалж бид нарт өгөөгүй. Асуухаар ББСБ-д байгаа, нэг бол ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлээд яваад байдаг...” /1хх 32, 2хх 183, 4хх 89/,

гэрч Ө.М-н "... 2021 оны 12 дугаар сард У, Б гэдэг хүнээс 600,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Би яаж мэдсэн бэ гэхээр 12 дугаар сард жилийн эцсийн тайлан тооцоог гаргах гэсэн чинь У надад хэлэхдээ Б гэдэг хүнээс 600,000,000 төгрөг зээлж авсан гэж хэлээд би У-г Б-с мөнгө зээлж авсан байна гэдгийг мэдээд У-н хэлснээр тооцоо гаргасан. Б гэдэг хүн У-ын Голомт банкны ****** тоот данс руу, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 700,000 төгрөг, 06 дугаар сарын 23-ны өдөр 136,125,000 төгрөг, 08 дугаар сарын 27-ны өдөр 17,500,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус орсон байсан. Харин бусад зардалд бол түлш аваад тухайн түлш ачсан автомашин нь шууд уурхай дээр очсон байсан. Би үүнийг яаж мэдсэн бэ гэхээр нярваас мэдээ тооцоо гаргасан. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 55,833,000 төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 97,773,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 92,543,500 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 87,586,200 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр 87,586,200 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 88,475,400 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 88,475,400 төгрөг, түлшний тээврийн зардалд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,200,000 төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг тээврийн зардалд, бусад оффисын зарсан мөнгөний зөрүү 48,000,000 төгрөгийг Б-т өгөх ёстой. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15,600,000 төгрөг бол Дархан-Уул аймгаас төмөр худалдаж авсан мөнгө, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хово маркийн автомашиныг худалдаж аваад тухайн төлбөрийг зарж байгаа газарт нь 85,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 263,247,138 төгрөгийг Экскаваторын урьдчилгаа мөнгө гэж захиалж авч байгаа газрын данс руу шилжүүлж өгсөн байсан. Энэ мөнгийг манайх бас өгөх ёстой гэсэн тооцоо гаргасан. Ингээд манай компани Б гэдэг хүнд үлдэгдэл өгөх ёстой мөнгө гэх юм бол 1,929,735,000 төгрөг байгаа. Б, У 2-ыг ямар гэрээ байгуулж ажилласан талаар мэдэхгүй байна. 2021 оны 05 дугаар сард Б, У 2 гэрээ байгуулсан байсныг нь би 2021 оны 12 дугаар сард мэдсэн. У, Б 2 холбоотой байж байгаад мөнгө зээлснээс гадна бусад түлш, Хово маркийн автомашин, экскаваторыг худалдаж авах гэж байгаа зүйлийг У Б эгчид хэлээд тэр мөнгийг манай компанийн дансаар шилжүүлэхгүйгээр захиалга авч байгаа байгууллага, хувь хүний данс руу шилжүүлдэг байсан. Мөнгөний хэрэг гарахаар У эгч Б-тай ярилцаад шийдээд байдаг байсан байх. Б, Б хоёрт бэлэн мөнгөөр нь биш алтаар тухайн өдөр бүр тооцож өгч байсан юм шиг байна лээ. Б өөрөө ирж авдаггүй. Б-н өөрийнх нь хяналтын ажилтан тэнд байрлаж тухайн гарсан алтнаас ногдол ашиг болох 10 хувийг аваад Б-т өгдөг байсан. Бүх зүйл ил тод байдаг байсан. Сүүлд 2021 оны 12 дугаар сард нэгтгэсэн тооцоо гаргаад Б луу явуулахад тооцоо нийлж байна гэж хэлж байсан..." /1хх 38, 2хх 188/ гэсэн мэдүүлгүүд,

Яллагдагч Ц.У-н Голомт банкны ********* дугаартай дансны хуулга /2хх 3-10/,

Хохирогч Н.Б-н Хаан банкны ******** дугаартай дансны хуулга /1хх 113-136/,

Хохирогч Н.Б-н Хас банкны ********** дугаартай дансны хуулга /1хх 135/,

Ө.М-н Голомт банкны ******* дугаартай дансны хуулга /2хх 11-16/,

“И” ХХК-ийн Голомт банкны *******дугаартай дансны хуулга /2хх 206-207/,

Иргэн Н.Б, “И” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах тухай” гэрээ /1хх 140/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 106/,

Н.Б, О.Б нарын Хаан банкнаас авсан зээлийн гэрээ /3хх 74-81/

“И” ХХК-ийн Монголын татварын албаны тодорхойлолт /3хх 97-98/,

Монгол банкны вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 173/, тооцоо нийлсэн баримт /2хх 195/, чатны хуулбар /4хх 63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Ц.У-н бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.У-г залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.У-г 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нараас “... анхан шатны шүүх  залилан гэж үзсэн нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хохирлыг бүрэн тогтоож чадаагүй тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй, анхнаасаа бодит биш биелэгдэх боломжгүй хэлцлийг шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б-г хуурч байгуулсан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.У-г залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх ба бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилгоор үйлдлээ хэрэгжүүлж эхэлдэг нийгмийн хор уршиг ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б-с их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан үйл баримттай маргаагүй хэдий ч хохирогч Н.Б түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан авах талаар гомдол саналыг 2021-2025 онуудад гаргасаар байхад буцаан төлөөгүй нөхцөл байдал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, шүүгдэгч Ц.У нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэрээгээр халхавчилж, бодит нөхцөл байдлыг нуух замаар тодорхой хэмжээний алтыг хохирогчид өгч, итгэлийг олоод дахин түүнээс өгсөн алтнаасаа илүү хэмжээний мөнгө гаргуулж авах байдлаар үйлдлээ хэрэгжүүлж байсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ талаар болон хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.У-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.У-н 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-н цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ