Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2018/00607

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 101/ШШ2017/03699 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Мандах консалтинг ХХК, Д.Пүрэвсүрэн нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 20 959 306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Оюунчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Алтангадас

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ганзул

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дөлгөөн би Налайх дүүрэг дэх Мандах консалтинг ХХК-ийн Горхи family resort амралтын газрын үйлчилгээний барилгын өргөтгөлийн барилгад 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс туслах ажилтнаар ажилласан. Өргөтгөлийн барилгын ажлыг Д.Далайбаяр захирлын төрсөн ах Д.Пүрэвсүрэн хариуцаж байсан бөгөөд компаниас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 өдрийн цалин гэж 105 000 төгрөгийг олгосон. Цалин олгосны маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагийн орчимд барилгын талбай дээр байсан хөөсөнцөрүүд салхинд хийсч, барилгын ажилчид хөөсөнцөрүүдийг цуглуулах, хийсэх гэж байгааг нь даруулах зэргээр ажилласан. Би хөөсөнцөрүүдийг салхинд хийсгэхгүй тогтоож байтал хөөсөнцөрийг хийсгэхгүй гэж дарж тавьсан төмөр бэлдэцийн тайрсан хэсэг салхинд хийсч би нүүрээрээ цохигдон маш ихээр өвдөж их хэмжээний цус гарсан. Энэ үед Д.Пүрэвсүрэн дарга эмнэлгийн түргэн тусламж дуудаж, өөрийн автомашиндаа намайг суулган түргэний автомашиныг тосч, замдаа түргэний автомашинтай тааралдаж, эмч нь надад тариа хийгээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачих үед би ухаан алдаж, Улаанбаатар хотод Баянгол дүүрэгт байдаг Монгол хьюндай эмнэлэгт ухаан орсон. Эрүүл мэндийн төвийнхөн намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хүргэж тэндээс Монгол хьюндай эмнэлэгт аваачиж, яаралтай мэс засал хийлгэснээр амь нас минь аврагдсан. Монгол хьюндай эмнэлэгт 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 20-ны өдрийг хүртэл, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 13, 2016 оны 06 дугаар сарын 16-наас 21-ний өдрийг хүртэл тус тус хэвтэж эмчлүүлж яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ болон нулимсны хиймэл суваг суулгуулах зэрэг мэс заслуудыг хийлгэсэн. Цаашид нүүрэнд суулгасан ялтас, хадаас болон нулимсны хиймэл сувгийг авахуулах, нүдний ухархайд хиймэл нум тавиулах, хараа тэнцвэржүүлэх, нүүрний дүр төрхийг нөхөн сэргээх, их хэмжээгээр алдагдсан цусыг төлжүүлэх зэрэг хагалгаа, яаралтай хийлгэх шаардлагатай байгаа боловч төлбөрийн чадваргүйгээс өнөөдрийг хүртэл хойшлогдож, тэр хугацаагаар эрүүл мэнд маань хохирсоор байна.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актанд ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1, 2.1.6, 3.2-т заасан үйлдвэрлэлийн осол болох-ьг тогтоосон байдаг бөгөөд Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 11 дүгээр 24-ний өдрийн 112120 дугаартай шийдвэр болон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Өнгөрсөн хугацаанд мэс засал болон мэс заслын дараах эмчилгээнд 16 694 916 зарцуулагдсанаас 10 000 000 төгрөгийг Мандах консалтинг ХХК-иас гаргасан.

Мандах консалтинг ХХК 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил хийж олох боломжтой байсан 7 630 000 төгрөгийн орлогыг хариуцан төлөх ёстой. Өнгөрсөн 2016 оны ажлын 244 хоногийг 12 сараар тооцоход 1 сард 20.3 ажлын хоног ногдохоор байгаа бөгөөд 1 сарын дундаж ажлын 20 хоногийг 1 өдөрт олгож байсан 35 000 төгрөгийн цалин хөлс болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан 9 сараар тооцоход ажил олгогч Мандах консалтинг ХХК нь 6 300 000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүргийг хүлээж байгаа учраас энэ нөхөн төлбөрийг гаргуулна. Иймд Мандах консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайбаяраас мэс засал болон мэс заслын дараах эмчилгээнд зарцуулаад байгаа зардлын үлдэгдэл 6 694 916 төгрөг, хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан гарсан зардал 122 900 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил хийж олох боломжтой байсан орлого болох 7 630 000 төгрөг, 6 300 000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 20 959 306 төгрөгийг гаргуулж Б.Дөлгөөн надад учруулсан гэм хорыг арилгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мандах консалтинг ХХК-ийн төлөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мандал консалтинг ХХК-ийн барилга дээр 14 цаг буюу цайны цагийн үеэр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй салхи гарсаны улмаас Б.Дөлгөөний эрүүл мэндэд хохирол учирсан. Өөрөөр хэлбэл Мандах консалтинг ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмтээгүй байх тул гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй. Мөн хэдэн төгрөг нэхэж байгаа нь тодорхой биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 14 цагт ажилчид цайндаа орж байхад гэмтэл авсан. Мөн   Монгол хьюндай эмнэлгийн тодорхойлолтод 16 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж мэс засал хийгдсэн. Одоо үлдэгдэл 6 сая төгрөгийн ялтас солиулах эмчилгээ хийгдэнэ гэсэн байгаа нь ойгомжгүй байна. Мөн хууль зүйн туслалцаатай холбоотой мөнгө бол хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь өмгөөлөгч нь үнэгүй өмгөөлж байгаа гэж тайлбар хийсэн хирнээ хууль зүйн туслалцааны зардал гэж оруулж байгаа нь зөрүүтэй байна. Ажил хийж олох байсан гэсэн төлбөрийн тухайд бол тухайн ажил нь урт хугацааны ажил биш байсан. Гэтэл байнгын тасрлалтгүй ажлын байранд ажиллаж байсан мэт тайлбарласан нь үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч Мандах консалтинг ХХК-иас 6 586 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дөлгөөнд олгож, нэхэмжлэлээс 14 372 646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Дөлгөөн, хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Мандах консалтанг ХХК-иас 120 336 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: ...Мандах консалтинг ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, 6 300 000.00 төгрөгийн нөхөн төлбөрийг өөрийн компаний ажилтан Б.Дөлгөөнд олгох ёстой. Б.Дөлгөөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдвэрлэлийн осолд ороогүй, эрүүл мэндээрээ хохироогүй, эрэмдэг зэрэмдэг болоогүй тохиолдолд гэр бүлийн амжиргаагаа залгуулах ажил, хөдөлмөрийг үргэлжлүүлэн эрхлэх нь ойлгомжтой бөгөөд тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хамгийн багаар тооцоход 7 630 000 төгрөгийн орлогыг хангалттай олох боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх Б.Дөлгөөнийг нэг ч төгрөгийн орлого олох боломжгүй, чадваргүй нэгэн байсан мэтээр дүгнэж, шийдвэр гаргасанд туйлын ихээр харамсаж байна. Иймд Б.Дөлгөөний хууль зүйн туслалцаа авах, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахтай холбогдуулан зарцуулсан зардал 122 900 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд олох боломжтой байсан орлого 7 630 000 төгрөг, ажил олгогчийн хариуцах нөхөн төлбөр 6 300 000 төгрөг, нийт 14 052 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Дөлгөөн хариуцагч "Мандах Консалтинг" ХХК нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан болон бодит үндэслэлгүй дүгнэлт болсон. "Мандах Консалтинг" ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амралтын газрын өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Д.Пүрэвсүрэнтэй 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан бөгөөд өргөтгөл гэх ажил нь контейнеруудыг нийлүүлж гагнан байшинг өргөтгөх ажил байсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч Д.Пүрэвсүрэн барилгын ажлыг 45 хоногийн хугацаанд гүйцэтгэж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу гүйцэтгэгч Д.Пүрэвсүрэн барилгын ажлыг ажилчид хөлслөн ажиллуулж хийлгэж байсан бөгөөд цалин хөлсийг нь ажиллуулагч Д.Пүрэвсүрэн өгч байсан болох нь хэрэгт авагдсан Б.Дөлгөөн, гэрч н.Александр болон Д.Пүрэвсүрэн нарын тайлбараар нотлогддог. Гэтэл "Мандах Консалтинг" ХХК болон Б.Дөлгөөн нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, цалинг "Мандах Консалтинг" ХХК олгосон гэж талуудын хоорондын харилцааг шүүх буруу тодорхойлсон.

Мөн шүүх "Мандах Консалтинг" ХХК болон Д.Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэхүү үндэслэлээ шийдвэртээ заагаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Д.Пүрэвсүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь "...туслах ажилтнаар өдрийн 30 000 төгрөгөөр ажиллаж байсан, 3 өдрийн ажлын хөлсөнд 105 000 төгрөг өгч, авсан, түүнчлэн Б.Дөлгөөн болон Д.Пүрэвсүрэн нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан" гэдгээ хүлээн зөвшөөрч байхад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Д.Пүрэвсүрэн хохирлыг хариуцахгүй үндэслэлгүй гэж сайн дураар татгалзсан юм.

Мөн шүүх талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлж Иргэний хуульд заасан зөрчлийн улмаас үүсэх гэм хор болон гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан гэм хорын зохицуулалтыг хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгох ба энэхүү хохирлыг хариуцах этгээд нь гэмт хэрэг үйлдээгүй ч, тус гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч Б.Дөлгөөний эрүүл мэндэд учруулсан гэмтэл, хохиролд "Мандах Консалтинг" ХХК болон Д.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг учир дээрх хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь бодит байдал дээр ослын газар очиж ажиллаагүй бөгөөд Б.Дөлгөөний аман тайлбараар л акт үйлдсэн байдаг ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн аль заалтыг зөрчсөн, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан зөрчлийг тогтоосон, хариуцлага тооцсон асуудал байхгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Мандах консалтинг ХХК, Д.Пүрэвсүрэн нарт холбогдуулан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд 6 694 916 төгрөг, олох байсан орлого 7 630 000 төгрөг, нөхөн төлбөрт 6 300 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүсэнтэй холбоотой гарсан зардал 122 900 төгрөг, нийт 20 959 306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Мандах консалтинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, хариуцагч биш гэж маргаж байх боловч 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0112120 тоот Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт-аар нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Мандах консалтинг ХХК-д барилгын туслах ажилтнаар ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан үйл баримт тогтоогдож байна. /хх 9-11/

Хэргийн 8 дугаар талд авагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-д ажил олгогч буюу хариуцагч Мандах консалтинг ХХК-ийг ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл байдлыг бүрдүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар тусгасан, уг акттай холбоотойгоор хариуцагч компани гомдол гаргаагүй байна. Иймд хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зааснаар хууль бус эс үйлдлээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ. Хэргийн 14-224 дүгээр талд авагдсан баримтаар эмчилгээний зардалд 6 586 660 төгрөг гарсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид уг хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдсэн нь зөв болжээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас 7 630 000 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх орлогыг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн болно. Учир нь нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн осолд орсны дараа барилгыг хариуцан ажиллаж байсан Д.Пүрэвсүрэнгээс 3 хоног ажилласан цалин 105 000 төгрөгийг түүнд нөхөн олгосон буюу 1 өдрийн 35 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллаж байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь тогтмол нэг байгууллагад ажиллаж цалин хөлс авдаггүй байсан нь түүнийг цалин хөлстэй тэнцэх орлого олдоггүй байсан гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осол гарсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 7 630 000 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогын хэмжээгээр хохирлыг тодорхойлох боломжтой гэж үзэв.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-ыг үндэслэн нэхэмжлэгч Б.Дөлгөөн нь хариуцагч Мандах консалтинг ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаанд орж ажил гүйцэтгэж байсан гэж шууд дүгнэх боломжгүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хувьд ажилтныхаа өмнө хүлээх нөхөн төлбөрийн үүрэг үүсээгүй байх тул 6 300 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүсэнтэй холбоотой гарсан зардал 122 900 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 101/ШШ2017/03699 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мандах консалтинг ХХК-иас 14 216 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дөлгөөнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 422 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 120 336 төгрөг гэснийг 229 033 төгрөг гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Мандах консалтинг ХХК-ийн төлсөн 120 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Д.ЦОГТСАЙХАН